Эзэн хаанаа элгэндээ тээж цар тахлыг давъя
- 2020-11-16
- Нийтлэл
- 0
Монгол бахархлын өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж буй юм. МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, эл өдрийг "Монгол бахархлын өдөр" болгожээ. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал,үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнээ МУ-ын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнадаг. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, хүчит бөхийн барилдаан болдог.
2020 оны төмөр хулгана жилд Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой тохиож байна. Мэдээж амь дүйсэн эрсдэлтэй цар тахлын ийм хүнд үед иргэд бид эх орон, эзэн хаанаа элгэндээ тээн, давын өмнө төр засгийнхаа тавьж буй шаардлага, эмч нарынхаа мэдлэг, мэдээллийн дор аюулт цар тахлын эсрэг орон алгасан тэмцэх бус орон гэрээсээ нэгэн санаагаар тэмцэн давж гарах болно. Энд өнөөгийн монгол бахархал оршино.
Их хааны мэндэлсэн ойг дээр тогтоосон он сараар нь хөөж үзвэл яах ч аргагүй 1162 онд төрсөн болж таарч байгаа юм. Эзэн Чингис хаан 1162 оны өвлийн эхэн сарын шинийн нэгний энэ өдөр мэндэлсний ойг орон даяар үндэсний хэмжээний баяр болгон тэмдэглэж эхэлснээр “Монгол бахархал” хэмээн урд өмнө төдийлөн бахархаж |хэрэглэж| байгаагүй төр, нийгмийн хэмжээний том ойлголт нэгэнт буй болжээ. Зарим эрдэмтэд, түүхчдийн тогтоож буйгаар бол их хааны төрсөн өдөр арай өөр 1155 оны гахай жилийн зун төрж, 1228 оны өвөл мөн гахай жил бие барсан гэж бий. Энэ огноогоор гахай жил бол эзэн хааны мэндэлсэн бус, бие барсан жил байж болох. Гол нь бид улс орныхоо хэмжээнд их хаанаа дурсан, үнэт сургаалыг нь ядаж жилдээ ганц удаа ч гэсэн эргэн санах нэгэн өдөртөй болсон нь олзуурхууштэй.
Төрийн бодлогоор соёолсон энэ санаачлага жилийн жилд улам өргөжин мэдээллийн хэрэгслүүд өргөн олон, өсвөр үеэ хамруулж буй нь тун сайшаалтай. Бахархал бол олон янз л даа. Эх орноороо, эзэн хаанаасаа эхлээд улс үндэстнээрээ, төрж өссөн нутгаараа, айл болгонд, хүн бүрт бахархах зүйл багагүй бий. Эцэг эхэээрээ, энхрий ханиараа, эрэлхэг дайчдаараа, алдар цуутнуудаараа, аргамаг хүлэг морьдоороо ... гэх мэт.
Харин “Монгол бахархал” гэвээс өргөжин тэлж улс үндэсний хэмжээний болж байгаа юм. Энд хаан төрийн сүлд, тусгаар улс эх орны маань аюулгүй байдал, улс үндэстэн, өв соёл, нэр төр, мэргэн зохиолчийн маань хэлснээр бол бид өөрсдөө хэл, хил, мал гуравтайгаа багтаж буй. Агуулга нь найр наадам хийгээд мартахдаа бус үргэлж санаж явахдаа байх. Баяр цэнгэл, шагнал болж, уриа хашгирах бол нэг хэрэг.
Бид аливаа үйлийг хийхдээ гадна өнгөн талаас нь бус, дотоод утга агуууллагад нь ач холбогдол өгч түүндээ тууштай байвал сая мөн чанараа олж төр засаг энэ хэмжээнд байваасажил үйл нь төгөлдөр болно. Аливаад мөн чанарыг нь олж сурах бол том ойлголт.
Монгол бахархлын өдрийг санаачлан хэрэгжүүлж буй төр засаг маань өөрөө, эзэн Чингисийнхээ сургаал үгийг эргүүлэн санаж “Алд бие алдрахыг тэвчин, ахуй төрөө алдруулахгүй” байхыг ёсчлон хэрэгжүүлэх нь үеийн үе дэх монгол төрийн бодлогын ул суурь нь байх учиртай юм. Чингис хаан төр улсынхаа хэрэгт өндөр шаардлага тавьж өөрөө түүнийгээ хатуу баримтладаг зарчимтай байсан нь төрийн хүн өөрөө тавьсан шаардлагаасаа няцдаг байж үл болохын жишээ юм. Их хаан шударга хүнийг ихэд хүндэлж дэмжиж байжээ. Их хааны цэрэг 1202 онд тайчуудыг нэхэн байлдах үеэр Чингис хаан хүзүүндээ шархадсан бөлгөө.Тайчуудыг буулгаж авсны дараа |өөрөө шархадсанаа дайсанд мэдэгдэхгүйн тулд| Миний морины хүзүүг хэн харавсан бэ? хэмээн олзлогчдоос нэхэхэд нэгэн бэсүд эр морины хүзүүг бус Таны хүзүүг би харвасан бөлгөө гээд өгүүлрүүн: "Алъя гэвэл алд бие минь байна. Аваръя гэж санаад Амий минь соёрхвол Халд гэсэн газарт чинь харь дайсныг довтолж хаан чамд тусалъя гэхэд Чингис хаан түүнийг ихэд сайшаан хүлээн авч "Дайсны хvн дайсагнаж хорлож явснаа нууж худал хэлэх бүлгээ. Гэтэл чи дайсагнаж хорлосноо нуухгvй шударга хэлж байна. Ийм хvнтэй нөхөрлөж болно. Чиний Зургаадай нэрийг халж, морины минь хүзүүг зэвээр харвасан тул "Зэв" гэж нэр өгье. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв... хэмээн айлдав гэнэ л. Үүнээс хойш Зэв, Чингис хааны явуулсан бүх дайнуудад их цэргийг нь удирдан ялж дэлхийн бүх цаг үеийн хамгийн алдартай домогт жанжин болжээ. Эзэн Чингисийн эдгээр сургаал, шударга ёсоор цангаж буй өнгөөгийн иргэд бидний хувьд ч бодит утга агуулгаа алдаагүй хэвээр байгаа. Өнөө үед шудрага ёсыг амилуулагч нь шүүх, шүүхийн амь нь бие даасан байдал нь болох байх. Шүүх салаа хэлтэй байж үл болно. Гэмт хэрэгтнийг шүүх явцад нэгийг нь шүүн хэлэлцэх хугацаагаар гулгуулж, нөгөөг нь хонгилоор чирч үл болно. Хууль бүгдэд эрх тэгш, шударга үйлчлэх учиртай. Иймээс шудрага шүүх гэх тодотгол, шударга ёс хэдэн хувь гэж хувилж үл болох агаад шүүх шударга бус бол хуйвалдаан болно. Энэ бүхнийг халж төр улс маань бэхжин хөгжиж иргэд олны итгэлийг олж төр үндсэн үүргээ биелүүлэх болно. Энд Монгол төрийн бахархал оршино. Өнөөгийн ардчилсан Монгол улсад маань ардчиллын тоймтой хэдхэн үндсэн зарчмаас нь чухам юу, юу нь байна вэ гээд асууж болох юм. Сонгууль нь чөлөөт ардчилсан болж байна уу, Эрх зүйт төр нь ёс зүйтэй түшээдтэйгээ байна уу, Хууль нь тэгш үйлчилж байна уу, ард иргэдийнхээ эрхийг нь хангаж байна уу, эцсийн эцэст ард түмэн сонгож гаргасан төрдөө итгэж байна уу,.. гээд хуруугаа дарах гэвээс нугарч өгөхгүй, тийм гээд зоригтойхон хэлчих гэхээр л хэл нэг л эвэлж өгөхгүй юм.
Төрийн түшээд нь ёс зүйн хэм хэмжээ алдаж, сонгууль нь будлиантай, хууль нь ялгавартай үйлчилдэг, ард түмнийх нь амьдрал ядуу болсон байна. Монгол бахарлын өдрөөр ийм юм ярих нь зохисгүй гэвч үнэнийг хэлэхийг зорьсон буй.
Уул нь бид энэ сайхан монгол оронд хүн болж төрснөөрөө бахархдаг байхсан. Монгол улс бол байршлийн хувьд үнэхээр онцгой, өргөн уудам нутагтай, асар олон мал сүрэгтэй, арвин их баялагтай, яаж ч бодсон ядуу байхын учиргүй, амьдралд ээл түшигтэй орон юм. Энд байгалийн онцгой аймшигт аюулаас хол, дайн дажин, далайн хар шуурга, цунами, их үер, газар хөдлөлтийн гамшиг болдоггүй, илэрхий дайсан, алан хядагчид, байхгүй эргэн тойрондоо хоёр хүчирхэг гүрэн дунд дажгүй л амьдарч байнаа бид. Өвөлдөө өвөлжөөндөө, хавартаа хаваржаандаа.. гэх мэтээр жилийн дөрвөн улиралд иргэд нь чөлөөтөй нутаг сэлгэн амьдардаг орон Монголоос өөр хаана ч байхгүй. Энэ сайн байршил, нөхцлөө ашиглан бид хөгжилд хүрэх боломж байсаар атал олигтой урагшилж чадсангүй дээ бид. Түймэр, хүн, малын халдварт өвчин, утаа болон ждү-чид, оффшорчдоос салж ард иргэдээ ядуурлаас гаргах төрийн шийдэл хэрэгтэй байна. Энэ бүх шийд нь төрийн эрхэнд, улс дотроо, бидний гар дор байгаа зүйл шүү дээ. Тероризм хийгээд иргэний дайн элдэв аюулд автаж буй бусад газар оронд ямар байгааг бид бэлээхэн харж байгаа. Хүн гэдэг амьтан цаг үеийг сонгож төрдөггүй, тохиосон цаг үе, орон зайд төрөөд өөрийн боломжоор хөдөлмөрлөн үр хүүхдээ өсгөн амьдарч байгаад хорвоог орхидог жамтай. Иймээс бид эл таатай нөхцөлд төрж амьдрах хугацаандаа эв найртай байцгааж, бүтээлч хөдөлмөрөөрөө улсаа орноо хөгжүүлж сайн сайхан амьдралд хүргэн үр удамдаа үлдээх учиртай юм. Энэ бол ийм байршил, ийм цаг үед амьдарч буй бидэнд эзэн Чингисийн гэрээслэн үлдээж буй өв хөрөнгө,, энэ оронд монгол хүн болж төрсний хувь тавилан юм. Энэ бүхнийг хэрэгжүүлж чадвал монгол хүний бахархал болно. Эвгүй, эзэнгүй овог хэрхэн эзлэгдэж буйг бид түүхээс мэдэх билээ.
Хөгжлийн хөдөлгөгч хүч болсон залуусаараа бид бахархдаг. Хөгжье гэвэл бид хар ажлаар бус мэдлэг боловсролоороо амьдрах ухаанаараа өрсөлдөх ёстой. Өсвөр хойч үеэ бид мэдлэг боловсролтой, бүтээлч, хүч чадалтай болгохын зэрэгцээ эх оронч хүмүүжилтэй, шударга, ёс жудагтай монгол иргэн болгож амьдралд гаргах учиртай юм. Хотыг нь харлуулж, халаасыг хоосолж байгаад бэлдэж гаргасан боловсон хүчнээ гадаадад хар ажил хийлгэхээр илгээх нь гуравхан сая хүн амтай бид цаашдаа газрын баялаг, ой модоо дуусган экологийн болоод нөхөн үржихүйн сүйрэлд орохгүй тулд анхаарах цаг тулсан байна. Дөнгөж мэргэжил эзэмшээд гарч буй залуус мэргэжлээрээ ажиллаж чадахгүй он жилийг өнгөрөөнө гэдэг бол цаашид хөрөнгө цаг зарж олсон үнэт зүйлээ орхих аюулд хүргэдэг. Энэ бол өргөн утгаараа улс нийгмийн хэмжээний асар том хохирол юм. Иймээс мэргэжил эзэмшин анх ажилд очиж буй сэхээтэн залуусаа орон сууц, ажлын байраар хангах үүргийг төр хуулиар хүлээж бусад хөнгөлөлт үзүүлэх нь монгол төрийн оновчтой бодлого зөв шийдэл болно. Энэ бол ижил тэгш халамж бус амьдралд анх хөл тавьж буй залууст боломж олгох тухай ойлголт юм.
Хөдөөд ажиллах залуусаа бид төрийн мэдлийн их, дээд сургуулиуддаа сургалтын төлбөргүйгээр мэргэжил боловсролтой болгоё. ТМс-үүдээ сэргээе. Чанаргүй хувийн сургууль цөөрч оюутнууд эцэг эхийнхээ мөнгийг хэмнэх болно. Энэ бол боловсролын системийн жинхэнэ реформ болно.
Манай хүн амын ихэнх нь зөвхөн нийслэл хотоо бараадан амьдарч байна. Яагаад гэвэл хөдөө нутагт байгалийн бэрхшээл, элдэв халдвартай улаан гараараа тулж ядарсан малчид үр хүүхдүүдээ “Бидний зовлонг бүү үзтүгэй” хэмээн хотод тэмүүлж байна. Сумдууд нь хөгжилд хүрэхгүй хоосорч иргэд нь ажил, орлогогүй болжээ. Тэнд дэлгүүр, гуанз хоёроос өөр орлого олж буй нь ихэнхдээ алга байна. Энэ бол нэгэн зуурын үзэгдэл бус хөдөөгийн ихэнх сумдад өнөөдөр ийм л байна. Иймээс бид үр хүүхдүүдээ аж амьдралынх нь найдвартай баталгаа болох хөдөө аж ахуй эрхлэн амьдрах боломжоос нь хөндийрүүлж байгаа юм.
Үр дагавар нь монголчууд өргөн уудам нутагтаа тархан суурьших боломжгүй байдал үүсч тэр орон зай гадны хүмүүсийн эдлэн болох эрсдэл бодит байдлаар үүслээ. Нийслэлээс хөдөөд гарах асуудлыг хуулиар бус төрийн зөв бодлогоор хэрэгжүүлж болно. Энд орон нутгийн хөгжлийг бүхий л талаар дэмжих төрийн тууштай бодлого хэрэгтэй. Татвар, хөнгөлттэй зээл, аж амьдралын эх үүсвэрийг бий болгох боломж бүрдүүлж өгөх. Залуус мэргэжил эзэмшин орон нутагтаа ирж өөрсдөө ажлын байртай болж мөн нэмж бусдад бий болгосноор бидний дуртай дуунд гардаг боловч хэзээ ч хэрэгжиж байгаагүй “хүний хэрэгцээ цөм багтсан” биш ч гэсэн ядаж жирийн хүн ажил хийгээд амьдарч болох гол хэрэгцээ бүхий амьд тосгон бий болгох учиртай юм.
Энэ бол орон нутагт тогтвортой суурьших боломж. Мэргэжил боловсролтой залуус орон нутгаа өөрсдийнхөө олж эзэмшсэн мэргэжил, оюуны чадавхаараа хөгжүүлж буй нь монгол бахархал болно. Энэ бол төгсөлтийн найр биш энэ бол хөгжил. Энэ бүхний ард Монгол бахархал гэдэг ойлголт бат суурьтай цаашид орших болно. Хэрэв бид бахархах зүйлээ дуусгаваас өөрсдөө дуусах болно... хэмээн хэлсэн ухаант, яруу найрагч хүний үг, бахархах эх оронгүй болно гэсэнтэй амь нэгтэй юм даа.
Найдансүрэнгийн Бадарч
Сэтгэгдэл (0)