Хэнтий аймагт хулгайн замаар очсон хоёр хүнээс covid-19 илэрч, хатуу хөл хорио тогтоолоо

Улаанбаатараас Хэнтий аймагт очсон иргэдийн шинжилгээ эерэг гарсан талаар тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ. Тэрбээр "Энэ хүмүүс нь 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар гарсан байна. Тэднийг Цэнхэрмандалын постноос буцаахад голынхоо урдуур Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар дайран, аймгийн урд талын шатахуун түгээх станцаар үйлчлүүлээд, Хэнтий аймгийн төвөөс 70-аад км Заан ширээ гэдэг газарт гэртээ байгаа гэсэн эхний өгүүлэмж байна. 

Сумын эрүүл мэндийн төвөөс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гараад байна. Тиймээс аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаад зарим шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг хааж байна. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлчилгээний байгууллагыг түр зогсоох, аймгийн төвийн гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хаах шийдвэрийг гаргаж байна. Аймгийн төвд явж байгаа бүх хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Иргэд аймгийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх учиртай. 

Улаанбаатараас ирсэн нөхдийн маршрут, хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байна. Эхний хэмжээнд өймгийн хэмжээнд хоёр газарт шинжилгээний цэг ажиллуулж эхлээд байна. Баянхутаг сум болон аймгийн төвд хоёр хавьтал байх магадлалтай учраас шинжилгээ хийж байгаа. Энэ шинжилгээнүүдийг түргэвчилсэн оношлуураар аваад, Дорнод аймгийн бүсийн эмчилгээ, оношлогооны төв рүү PCR шинжилгээнд явуулна. Энэ шинжилгээний хариуг гарах хүртэл 24 цагийн хугацаанд хөл хориог үргэлжлүүлж, тандалт хийхээр болж байна" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)