“Монголын үнэн” сонинтой 70 жил нөхөрлөсөн өвөө

Би 1950 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын бага сургууль төгсөхөд манай аав ээж, эмээ гурав ганц хүүхдээ сургуульд явуулахгүй гээд хөдөө малчин болгов. Тэгэхэд би 15 настай байлаа. Миний ээж багийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч гээд “Монголын үнэн” сонин захиалдаг байв. Аймаг, сумаас алслагдсан хөдөөгийнхөнд унших ном хэвлэл ховор учир “Үнэн” сониноо уншдаг, тийм зүйл бичигдсэн байна гээд хүмүүст хэлэхэд “Завтай үедээ зарим зүйлийг уншаад өгөөч” гээд уншуулна. Түүнд нь урамшаад сонинд гарсан бүх материалыг уншдаг байлаа. 1950 оны хавар 15 нас хүрээд Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүнд элссэн юм.

Өвөл арванхоёрдугаар сард ХЗЭ-ийн гишүүдийн арав хоногийн семинарт суух зар ирж, төгсөөд ХЗЭ-ийн үүрийн тайлан сонгуулийн хурал хийж, би хоёрдугаар багийн залуучуудын ахлагч болов. Хурал семинараас ирээд байтал багийн ахлах ухуулагч Ш.Дэмбэрэл гуай манайд ирээд “Пүрэвийг намын хэсгийн ухуулагч болгосон. Намын үнэн сонин захиал” гээд “Үнэн” сонин захиалуулав. 1951 оны хавар манайх аавын дүү Дашгаадан ахынхантай айл буулаа. Дашгаадан ах 1930-1940 оны үед сумын дарга, намын үүрийн даргаар олон жил ажилласан, намын ахмад гишүүн хүн байв. Дашгаадан ах “Үнэн” сонины тэргүүн нүүрийг бүрэн уншчихаад дараах нийтлэлүүдийг гарчиглаад гол гол зүйлийг уншсан байхад мөн ч их зүйл олж авна шүү дээ. Орой ажил дууссаны дараа сонин уншлага хийж байя” гээд орой болгон нэг гэртээ цуглаад сонингоо уншдаг байлаа. Энэ үеэс одоог хүртэл 70 жил “Монголын үнэн” сониноо захиалан уншиж яваа түүхийн амьд гэрчийн хувьд өнгөрсөн дурсамжаасаа уншигч олонтойгоо хуваалцаж байна. 1950-аад оны үед манай сумын шуудан хүргэгч Балжирдорж /бидний бага сургуульд байх үеийн багш/ морь, тэмээ хөлөглөн долоо хоног бүр хариуцсан өрхийн хэвлэл авчирч өгнө. Түүнийг нь шөнө өөхөн дэнгийн гэрэлд, өдөр хонинд явахдаа авч явж уншдаг байлаа. Тэр үед хэсгийн ухуулагчийг арван гэрийн ухуулагч гэнэ. Хариуцсан ойр хавийн арав гаруй айлын хэвлэлийг тарааж өгдөг. Сонингоо уншаад гол зүйлээс нь товчлол, тэмдэглэл хийж ухуулгад ашигладаг байв. 1954 онд сумын намын үүрээс намайг Өөшийн гуравдугаар багт ахлах ухуулагчаар томилж, багийн ахлагч Л.Самдангаас оны эхнээс дугаараар нь үдсэн “Үнэн” сонин, багийн өрх, айлуудыг хэсгийн ухуулагч нарт хуваарилсан нэрс хоёр хүлээлгэж өгөв. Ингэж аяга цайны цалинтай арван гэрийн ухуулагчаас сарын 50 төгрөгийн цалинтай багийн ахлах ухуулагч болоход тухай үедээ том л албанд дэвших шиг болж байв. Багийн ахлах ухуулагчаар зургаан сар гаруй ажиллаад 1955 оны нэгдүгээр сард Гучин-Ус сумын ХЗЭ-ийн үүрийн даргаар томилогдож, төрийн албан хаагчийн анхны гараагаа эхэлж, хоёр жил ажиллаад 1957 онд аймгийн Намын хорооны шийдвэрээр Улаанбаатарт ХАА-н нэгдлийн дарга нарын гурван сарын курст суралцаж, Төгрөг сумын “Ялалт” нэгдлийн даргаар томилогдон ажилласнаас хойш, нам төрийн даалгавраар нэгдлийн дарга, нягтлан бодогчоор 30 гаруй жил ажиллахдаа “Монголын үнэн” сониноо байнга захиалж уншиж мэдлэг, боловсролоо дээшлүүлж, ажил амьдралдаа байнга хэрэглэдэг миний байнгын туслагч байлаа.

Миний ажиллаж байсан социалист бүтээн байгуулалтын 40 жилд “Монголын үнэн” сонин тэргүүн нүүрэндээ нам, төр, засгийн бодлого шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх арга зам, тохиолдож болох саад бэрхшээлийг даван туулах арга ухааныг тодорхой зааж бичдэг байсан. Дараагийн нүүрүүдэд Намын их, бага, бүгд хурал, АИХ-ын чуулган, хуралдааны илтгэл, тогтоол, хэлсэн үг, НТХ, СнЗ-ийн тогтоол зэргийг бүрэн эхээр нь нийтэлж, Монголын бүх ард иргэд нам, төр, засгийнхаа бодлого шийдвэрийг бүрэн гүйцэд судалж мэдэх боломжтой байсан юм. Тэргүүн туршлагын буланд улс, ардын аж ахуйн бүх салбарын шилдэг тэргүүний хүмүүсийн ажлын арга туршлагаас тодорхой бичдэг. Бас зарим байгууллага, хүний алдаа дутагдлыг шүүмжлэн бичдэг байсан юм. “Үнэн” сонины нийтлэлийн мөрөөр удирдах дээд газруудаас дор бүрд нь үзэж шалгаад тэргүүн туршлага, шинэ санаачилгуудыг сурталчилж нийтийн хүртээл болгох, алдаа дутагдал гаргасан байгууллага, хүмүүс дээр цаг тухай бүрд нь хариуцлагын арга хэмжээ авч, алдаа дутагдлыг засуулдаг байлаа. 1956 онд “Монголын үнэн” сонины Өвөрхангай дахь сурвалжлагч Норовжанчив гуай надад орон тооны бус сурвалжлагч гэсэн үнэмлэх олгож, сум, орон нутгаас мэдээ, сурвалжилга явуулж байх талаар заавар, зөвлөгөө өгч байснаас өнөө хүртэл 50 гаруй жил, “Монголын үнэн” сонинд мэдээ, сурвалжилга, нийтлэл явуулж уншигч олонтойгоо санаа бодлоо хуваалцаж суудаг юм. Ер нь сонинд бичсэн мэдээ сурвалжилга бол хүний ажилд ихээхэн урам зориг, эрч хүч өгдөг юм. Би 1966 онд Төгрөг суманд ажиллаж байхдаа 13 настайдаа дөрөвдүгээр анги төгсөөд ээж, өвөө хоёртойгоо нэгдлийг 100 гаруй ямаа авч маллаад амжилт гаргасан Пунцагийн тухай “Монголын үнэн” сонинд “Ажилсаг залуугийн амжилт” гэсэн мэдээ бичсэний мөрөөр улс, аймгаас ирж судлаад 1968 онд “Ямаачин Пунцагийн туршлага” гэсэн ном гаргаж, аймгийн хэмжээнд тэргүүн болгож нэвтрүүлж байв.

Ямаачин С.Пунцаг энэ амжилтаа улам ахиулж, 1969 онд АИХ-ын депутатаар сонгогдож, 1974 онд БНМАУ-ын Аварга малчин болж, 1989 онд Гавьяат нэгдэлчин цол хүртэж байлаа. Тухайн үед “Үнэн” сонинд бичсэн нийтлэлийн урамшуулал гэж сумын намын байгууллагаар дамжаад мөнгө ирдэг байлаа. Энэ бүгдэд урамшаад би өөрийнхөө санаа, бодол, мэдээ сурвалжилга зэргийг “Монголын үнэн” сонинд явуулдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хоёр нийтлэл, 2020 оны долоодугаар сард “Төрийн дээд эрхийг барих байгууллагатаа зөв хүнээ илгээе” гэсэн нийтлэл гарсан юм. 1970-1980-аад онд нэгдлийн бригад бүрд хэвлэл түгээгчийн орон тоотой болж, долоо хоногт хоёр удаа малчдын захиалсан хэвлэлийг хүргэж өгдөг байв. 1985-1990 онд би Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа малчдын суурь болгонд нэгдлээс “Үнэн” сонин захиалж өгдөг байлаа. Энэ үед манай улсад “Үнэн” сонин захиалан уншигчдын тоо 200 мянга хүрч байсан юм. Би малчин болж хөдөө гарсан ч одоо хүртэл “Үнэн” сониноо захиалан уншдаг. Хөдөөгийн суманд шуудан холбооны ганц хүнтэй, тэр нь долоо хоногийн хоёр өдөр аймаг явах унаанд сонингоо дайдаг. Хэвлэл захиалсан хүн холбоон дээрээс хэвлэлээ авдаг. Ийм байдлаар 30 жил болж байна. Энэ нь хөдөөгийн хэвлэл захиалахгүй гол шалтгаан болж байгаа юм. Төрийн дээд шагнал гурван одонгоороо чимсэн эгэл даруухан “Монголын үнэн” сонин өнгө будгаар алагласан, өдөр тутмын олон сонинтой мөр зэрэгцэн, утга чанар, ач холбогдлоо алдаагүй хэвээр 100 нас хүрч байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ахмад сэтгүүлч Х.Цэвлээ, доктор профессор Ц.Балхаажав, ахмад сэтгүүлч Ц.Ядамсүрэн, С.Ерөөлсүрэн, П.Адъяасүрэн нарын бичсэн утга төгөлдөр сайхан нийтлэлүүд, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл нарын төр, засгийн бодлого шийдвэрийн тухай тов тодорхой мэдээллүүд гаргадаг нь “Монголын үнэн” сонины сүр хүчийг улам нэмэгдүүлж байна. Мөн залуу сэтгүүлч С.Юмсүрэн, Д.Батмөнх, М.Өнөржаргал, М.Энхцэцэг нар төр, засгийн бодлого шийдвэрийг тухай бүрд нь цаг алдалгүй бичиж, нийтэлж байгаад “Монголын үнэн” сониныг захиалагч, уншигч бид талархаж байдаг билээ. “Монголын үнэн” сонин, МАН хоёр анх үүсэж байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл хамтран 100 жил үнэний төлөө явсан андууд билээ. “Монголын үнэн” сонинд намын мөрийн хөтөлбөр, хэдэн хүний товч намтар зэргээр хязгаарлаад өнгө будаг эрээлсэн гял цал сонин, сэтгүүл зурагт хуудсаар дарчихаар нь өнгө мөнгөнд нь болоод “Үнэн” сонингоо тоохоо байсан юм биш байгаа гэж бодоод сэтгэл дундуур л байх юм. Энэ нь нэг талаар “Үнэн сонины захиалга хомсодсонтой холбоотой байж таарна. Гэвч ухуулгынхаа зах хязгаарт тохируулаад сонины нүүрийн тоог тогтоогоод хэрэгцээт хэмжээгээр хэвлүүлээд тараавал элдэв эрээн мяраан зүйл нь багасаад “Үнэн”-ий материал нь нэмэгдээд харин ч ашигтай байж болмоор санагдах юм.

Ингээд хэдэн санал дэвшүүлж байна. 1.МАН “Монголын үнэн” сониноо өөд татаж сонины ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулж, сонины нийтлэлийн чанар, хүртээмжийг эрс сайжруулж, захиалагч, уншигчдын тоог нэмэгдүүлэх талаар эргэлт гаргахад жинхэнэ эзэн хүний ёсоор анхаарч, дэмжиж ажилламаар байна. 2.”Монголын үнэн” сонины захиалгыг орон нутгийн намын анхан шатны байгууллагууд гардан хариуцаж, баг хороонд намын хэсгийн ахлагч, идэвхтэн нэг хүн орон тооны бус ч гэсэн ажиллуулж, намын байгууллагаас “Монголын үнэн” сониныг захиалж өгч, баг хороодод сониноо захиалуулах, захиалсан хэвлэлийг нь хүргэж, тарааж өгөх ажлыг тэр хүнд хариуцуулах нь зүйтэй. 3.”Монголын үнэн” сониныг хагас, бүтэн жил, улирлаар гэж гурван янзаар захиалуулж байвал захиалагчийн тоо нэмэгдмээр байна. Одоо “Монголын үнэн” сонины захиалгын үнэ улиралд 15000 төгрөг, жилд 60.000 төгрөг болж байгаа нь хэт өндөр байгаа юм. Иймд захиалгын үнийг арай хямдруулаад захиалгыг нэмэгдүүлж болмоор байна. 4.”Монголын үнэн” сонин, орон тооны бус сурвалжлагч, идэвхтэн бичигчдийн тоог нэмэгдүүлэн, орон нутгийн мэдээ сурвалжилгуудыг өргөн нийтэлж байвал орон нутгийн захиалагчдын тоо нэмэгдэх боломж бүрдэнэ. “Монголын үнэн” сонин МАН, Ардын хувьсгал гурав хамт төрсөн ихэр билээ. Эдгээрээс “Монголын үнэн” сонин байнга жигүүрлэж байсны хувьд “Монголын үнэн” сонин байнга жигүүрлэж байсны хувьд 100 насныхаа ойг эхэнд нь тэмдэглэсэнд баярлаж байна

. “Монголын үнэн” сонины авьяаслаг бүтээлч хамт олон нийт захиалагч, уншигч хамт олондоо баярын мэнд дэвшүүлж, ажилд тань өндөр амжилт хүсье.

 Со.ПҮРЭВ

/Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ахмад настан, Гавьяат эдийн засагч/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)