Үнэнээр овоглогч, үгээр цэцлэгч

“Үнэн” хэмээх үнэнийг өгүүлэгч, эрдмийн их далай, Монгол орныг хүн ардтай нь тэр аяар нь соён гэгээрүүлэгч, түүчээ нь болсон үндэсний ууган хэвлэл. “Үнэн” сонин, туулж ирсэн 100-н жилийнхээ түүхэнд манай улсын хамгийн шилдэг сор нь болсон сэтгүүлчдээр халуун ам бүлээ бүрдүүлж, гал голомтоо бадрааж ирсэн, бахархалт түүхтэй эрдмийн их өргөө, сурах мэдэхийн их сургууль бөлгөө. Энэхүү туулсан зузаан түүхтэй сонины маань үе үеийн ам бүл, эс ширхгийн нэгэн амьд архив болсон, уншигч түмний дотно танил Даг.Жамъянтай би бээр өргөө гэрт нь хуучилж суунам… Олны танил энэхүү эрхэм Завхан аймгийн Дөрвөлжин сумын Завхан голын хөвөө, Бургастайн Цагаан дэрс гэдэг газар аймаг, сумандаа нэлээд баянд тооцогддог, Дагва хэмээх арван хүүхэдтэй айлын зургаа дахь нь болон төрж өсчээ.

Хүүхэд ахуй насаа эцэг эхийн гар дээр мал маллаж байхдаа багийн нэгэн хурал болж, малчид фронтод сайн дураараа мал бэлэглэх үүрэг амлалт авч байхыг харж суусан 13-хан настай жаал хүү үснийх нь үргээлгэнд мялааж байсан өөрийн мэдлийн өмч, хамгаас хайртай цоохор морио “Би морь бэлэглэе” гээд өгөхөд нь “Чамд морь бэлэглэх эрх байгаа юм уу?” хэмээн хуралд цугласан олон хүмүүс шуугилдахад “Жзэн нь юмаа мэдээд, энэ морио фронтод өгч байна” хэмээн хээв нэг хэлээд томчуудын өхөөрдлийг хүлээж явсан аж. 17 настайдаа Дотоод яамны сургуульд үе тэнгийн 10-аад нөхрийн хамт орж суралцаад ахлах дэслэгч цолтой, 20 настай төгсөөд уг яамандаа Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга болж, Сумъяа гэдэг том даргын туслахаар үүдний нь өрөөнд сууж бичиг баримт, илтгэл мэдээлэл, тогтоол шийдвэр боловсруулж дээд газарт явуулдаг, жинхэнэ бичгийн хүн болж, мэргэшин дадлага практиктай нэгэн болжээ.

Гэтэл Эвлэлийн төв хороонд хөдөө орон нутаг хариуцсан зохион байгуулагчаар ажиллах гурван хүний орон тоо гарч, шалгаруулалтад нь тэнцээд мөнөөх зохион байгуулагч нар хөдөөгийн 18 аймгийг зургаа зургаагаар нь хариуцан ажилладаг болсон байна. Энэ ажлаа нэг жил хариуцлагатай сайн хашиж байтал Улаанбаатар хотын намын хорооны I нарийн бичгийн дарга бөгөөд намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ц.Дүгэрсүрэн дарга дуудаад, чи миний дэргэд нэг жил ажил хий гэж тушаасан юм.

Ингээд нэг жил Ц.Дүгэрсүрэн даргатай ажиллахдаа түрүүнд нь бичиг цаас боловсруулах ажилд нэлээд дадлагажиж байсны учир санал, сэтгэгдэл хэлж “Би таны хүчинд сонин хэвлэлд бага сага зүйл бичдэг боллоо. Нэг сонины газарт л ажилламаар байна” гэсэн аж. Энэ бол 1954 он. Ц.Дүгэрсүрэн дарга “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч байсан Г.Дэлэг гуай руу утасдаад “Танайд сурвалжлагчийн орон тоо юу байна. Миний хажууд ажилладаг Даг.Жамъян хэвлэл сонины газарт ажиллах дур сонирхолтой, овоо авьяаслаг залуу байгаа юм. Төвийн сонинуудад нэлээд мэдээ бичдэг болсон” гэх зэргээр ярихад нь “Хотод орон тоо байхгүй, Дорнод аймагт нэг сурвалжлагчийн орон тоо байна, над руу явуулчих” гэснээр очсон чинь Дорнод аймаг руу “Үнэн” сонины тусгай сурвалжлагчаар томилсон ба. Тэндээ нэг жил ажиллаад дараа нь Завхан, Ховд, Увс аймагт “Үнэн” сонины тусгай сурвалжлагч, мөн “Үнэн” сониныхоо газар сурвалжлагчаар нийтдээ 40-өөд жил ажилласан. Энэ хугацаанд шог зохиол, найрууллын төрөл, яруу найраг, дууны үг олон арвыг туурвилаа. “Матар” сэтгүүлд ч хоёр жил ажиллаж байв. Оросын зохиолч Валенчи Обечгим гэдэг хүнээс найруулал бичих ажилд багагүй суралцсан гэдэг. “Рэ багш, Ч.Чимэддорж, н.Шарав-Иш нар миний бичсэн найрууллыг уншаад “Сайхан болж, найруулал бичээд байгаарай” гэж урам өгдөг байлаа. Сэтгүүлч бидний дунд манай “Үнэн” сонины газар үе үе найрууллын уралдаан зохион байгуулдаг. Сэтгүүл зүйн олон төрөл “жанр”-аар бичүүлж бидний чадвар чансааг сорьж, их зүйл сургадаг байж дээ. Одоо сүүлийн үеийн залуу сэтгүүлчид ярилцлага гэдгээс өөр төрөл жанраар бичихгүй болжээ” гэх зэргээр ахмад туршлагатай сэтгүүлч өнгөрсөн, одоо, ирээдүйн сэтгүүл зүйн талаар авах гээхийн ухаанаар хуучилж суугаа нь бахархууштай.

Монголын зохиолчдын эвлэлийн байгууллагатай нас чацуу, өнгөрсөн онд МЗЭ-ийн 90 жилийн ойгоор төрийнхөө хайрыг хүртэж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан. Сэтгүүлчзохиолч, яруу найрагч өдгөө 91 насны босго алхсан энэ ахмад “Ц.Гайтав, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Д.Содномдорж, Ц.Хасбаатар бид МЗЭ-тэй нас чацуу, эдгээрээс надаас бусад нь бурхныхаа оронд морилсон байх юм даа хөөрхийс” гээд хоолой нь өөрийн эрхгүй зангирч, нүдэнд нь харууслын нулимас мэлтэрч байв. Өрөвдмөөр ч юм даа.

 

Тэрбээр 40 шахам жил “Үнэн” сонинтой ажил амьдралаа холбож, Монгол улсынхаа хөгжил, цэцэглэлт, алдаа оноо, амжилт бүтээл, нийгэм улсдаа хийсэн бүтээснээрээ манлайлагч, тэргүүлэгч, албан байгууллага, хүн зоноо “Үнэн” сониныхоо алтан хуудсанд мөнхжүүлэн магтан дуулсан хүн. Зөвхөн найруулал гэхэд л 1500 гаруйг олныхоо дунд түгээн дэлгэрүүлсэн, хүмүүсийн хаа сайгүй дуулах дуртай олон арван дууг бүтээсэн шилдэг уран бүтээлч, ахмад зүтгэлтэн маань одоо 108 шүлгээс бүрдсэн 50 дахь номоо хэвлэлтэд өгөхөд бэлэн болгоод, цэмбийтэл нямбайлан бэлтгэж бичгийнхээ ширээн дээр залсан байнам…

 

Даг.Жамъян танд улам урт насалж, уран бүтээлээ туурвин байхын ерөөлийг дэвшүүлье. Соёлын гавьяат зүтгэлтэн Даг. Жамъянгийн шүлэг. Туждаа хамт явах юмсан Төрсөн нутгийнхаа тал шиг Түвшин аавынхаа сэтгэлийг Түлсэн галынхаа дөл шиг Төөнөж дандаа явах юмсан. Урсгал голынхоо ус шиг Уяхан ээжийнхээ сэтгэлийг Уртын дууныхаа ая шиг Уярааж дандаа явах юмсан. Буурал хангайнхаа уул шиг Буянтай хоёрыгоо түшиглээд Тулгын гурван чулуу шиг Туждаа хамт явах юмсан.

 

Л.СҮХБААТАР /Ахмад сэтгүүлч, зохиолч/

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)