В.Путин АНУ-ын тав дахь Ерөнхийлөгчтэй хамтран ажиллана

АНУ-ын Ерөнхийлөгч Жорж В.Буш 2000 онд Путинтэй анх уулзсаныхаа дараа “Би түүний нүднээс шулуун шударга, итгэмтгий хүн олж харсан” хэмээсэн байдаг. Бушийг Цагаан ордны тэргүүн байх үед Москва Чеченийг барьж дийлэхгүй үгүйтэй, эдийн засаг, цэрэг армийн хувьд ч сул байв. Харин Барак Обама Цагаан ордны тэргүүнээр сонгогдсоныхоо дараа Москватай харилцаагаа “дахин эхлүүлэх” нь түүний засаг захиргааны тэргүүлэх ажлын нэг хэмээж байсан юм.

Гэвч Путин Ойрхи Дорнод дахь Оросын нөлөөг сэргээж, Ираны цөмийн зэвсгийн бодлогыг дэмжиж, Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг аварсан нь Москва болон Вашингтоны харилцаа улам хүйтрэхэд хүргэсэн. Харин Байдены хувьд Путинтэй харьцсан АНУын тав дахь Ерөнхийлөгч болох бөгөөд Кремльтэй харилцаагаа сайжруулах нь зэгс шиг нимгэн гэдгийг ажиглагчид онцолж байна.

 

Тэрбээр ОХУ-ыг Америкийн аюулгүй байдалд хамгийн том аюул заналхийлэл учруулагч гэж үздэг. Байден Европын холбоотой харилцаагаа сайжруулахыг зорьж байгаа бөгөөд Путин шиг хүчирхэг хүмүүст үзүүлэх шахалтаа сэргээхээр шийдсэн гэдгийг геополитик судлаачид онцолж байна.

 

“Трампаас ялгаатай нь би ардчиллын үнэт зүйлсээ хамгаалж, Путин шиг автократын эсрэг зогсох болно” гэж Байден твиттертээ жиргэж байсан удаатай. Харин Москва АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн талаар өнөөг хүртэл ямар ч байр суурь илэрхийлээгүй хэвээр байна. Барууны ихэнх удирдагчид Байденд баярын мэндчилгээ дэвшүүлж байхад Путин эцсийн дүнг хүлээж байгаагаа мэдэгдэж байв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков арваннэгдүгээр сарын 9-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Сонгуулийн албан ёсны үр дүнг зарлахыг хүлээх нь зөв гэж бид үзэж байна” хэмээсэн. Трампын 2016 оны ялалтын дараа Кремль хэдхэн цагийн дотор мэндчилгээ дэвшүүлж байсан билээ.

Ж.БАЙДЕН ОХУ-Д ЯМАР ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ ВЭ Байден НАТО-г өргөжүүлж, магадгүй Украиныг элсүүлэхийг хүсэж байгаагаа удаа дараа хэлж байсан. Ийм алхам нь Донбасс дахь хурцадмал байдлыг өдөөж магадгүйг Украины геополотик судлаач Алексей Кушч “Al Jazeera” агентлагт ярьжээ. ОХУ-ын газрын тос, байгалийн хийн дамжуулалтад хориг тавих, Оросын банк, эрчим хүчний компаниудад олгох зээлийг хязгаарлах замаар шахалт үзүүлж магадгүйг ажиглагчид мөн онцолжээ. Түүнчлэн Оросын дээд албан тушаалтнуудад шийтгэл оногдуулж, хар жагсаалтыг өргөжүүлж магадгүй аж.

 

Ц.Даваасамбуу

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)