Төрийн албан хаагчийн Ерөнхий шалгалтанд 21 иргэн тэнцлээ
- 2020-11-10
- Орон нутаг
- 0
2020 оны 11 сарын 6-ны өдөр Төрийн албаны Ерөнхий шалгалтыг ариутгал халдваргүйжүүлэлтийн өндөр дэглэмийн дор амжилттай зохион байгууллаа.
Тус шалгалтад 94 иргэн оролцохоор бүртгүүлснээс 79 иргэн оролцож 21 иргэн тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн юм.
Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагын захиалгын дагуу, болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж төрийн албаны шалгалт зохион байгуулдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхийг хүссэн дээд боловсрол эзэмшсэн, Монгол улсын иргэдийг мэргэжил, ттуршлага харгалзахгүйгээр бүртгэн Төрийн албаны Ерөнхий шалгалтад хамруулдаг болжээ.
Үүнд Ерөнхий шалгалт, Монгол хэл бичгийн чадварын шалгалт, Дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэн бодох чадамжийг шалгах гэсэн 3 шалгалт авдаг бөгөөд шалгалтын даалгавар нь цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөг тул хүн тус бүрд өөр байдаг байна. Мөн шалгалтын турш дуу дүрсний камераар бичлэг хийж Төрийн албаны зөвлөлөөс хянадаг тул Төрийн албаны шалгалтын дүнд эргэлзэх шаардлагагүй юм.
Төрийн албаны Ерөнхий шалгалтад тэнцсэн иргэд нөөцөд бүртгэгдэж, тухайн мэргэжлээр нь ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд тусгай шалгалтад орж тэнцсэнээр төрийн албанд ажиллах боломжтой болох юм.
Сэтгэгдэл (0)