Улс орнууд хүнсний болон ажиллах хүчний дутагдалд ороод байна

Дэлхий нийтээрээ хөл хорионы дэглэмд шилжиж, бүхий л салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа билээ. Улс орнууд хөл хорио тогтоож, экспорт, импортоо бууруулснаас хүнс үйлдвэрлэгчид нөөцөө хаягдал болгохоос өөр аргагүйд хүрээд байгаа юм. BBC агентлаг коронавирус дэлхийн хүнсний бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлж буйг онцолжээ.

ОЛОН ТОНН СҮҮ УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ РУУ УРСАЖ БАЙНА

Хөл хорио тогтоож, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоон, кофе шопууд хаалгаа барьснаас үүдэж, дэлхийн олон оронд сүүний илүүдэл тулгамдаж буй асуудал нь болоод байна. АНУ-ын хамгийн том сүү сүүн бүтээгдэхүүний хоршооллоос явуулсан судалгаагаар, томоохон фермерүүд өдөрт дунджаар 3.7 сая галлон буюу 14 сая литр сүү асгаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Зөвхөн АНУд бус Их Британид мөн л өдөрт олон сая литр сүү асгахаас өөр аргагүйд хүрч байгаа учраас фермерүүд нь Засгийн газраасаа тусламж хүсэх болсон байна.

 

ҮР ТАРИАНЫ ХАНШ ТОГТВОРГҮЙ БОЛОВ

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр хамгийн тогтворгүй байна. Тухайлбал, АНУаас сонгино импортлох орон байхгүй болсонтой холбоотойгоор олон сая тонн сонгиныг устгахаас өөр аргагүйд хүрчээ. Гэтэл зарим оронд сонгинын нөөц дундарч, экспортоо зогсоож байна. Түүнчлэн Энэтхэгийн цайны экспорт буурч алдарт “Даржээлин” цайны ургац мөн л хог болохоор байгаа аж.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ДУТАГДАЛ

Зарим улсад хүнсний бүтээгдэхүүн, үр тариагаа экспортолж чадахгүйд хүрч, олон сая тонноор нь устгаж байхад нэг хэсэг нь ажиллах хүчний дутагдалд орж, ард иргэдээ ч хүнсээр хангаж чадахгүйд хүрээд байна. ХБНГУ-д ажиллаж байсан олон мянган Польш, Румыны цагаач ажилчин нутаг буцсантай холбоотойгоор тус улсад хаврын ургац хураалт хүндхэн байдалд ороод байгаа аж. Түүнчлэн БНСУ энэ жил гадаадаас улирлын ажилчид авч чадаагүй улмаас 2020 оны газар тариаланд ажиллах хүчин дутаж дотоодын цэргийн хүчийг дайчилж ажиллуулахад хүрчээ.

 

ХУДАЛДАН АВАЛТЫН ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДӨВ

Хүмүүсийн худалдан авч буй бүтээгдэхүүний сонголтод ихээхэн өөрчлөлт оржээ. Их Британид хүмүүс гурил их хэмжээгээр худалдаж авч байгаа бол, Францад органик бүтээгдэхүүний худалдан авалт өссөн байна.

 

ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭРЭЛТ ӨСЧЭЭ

АНУ-д жүржийн эрэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хувиар өсчээ. Жүржээс гадна дархлаа дэмждэг бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, “Тропикана” тэргүүтэй жүүс, ундаа үйлдвэрлэгчид ашигтай ажиллаж, Бразил, Флорида жүржийн экспортоо нэмэхэд хүрсэн байна. Мөн махны эрэлт нэмэгдээд байгаа аж. Учир нь, АНУ-ын томоохон гахайн мах нийлүүлэгч “Smithfield” компанийн 240 гаруй ажилтнаас коронавирусийн халдвар илэрснээс тус компани тодорхойгүй хугацаанд үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргаад буй. АНУын Өмнөд Дакота мужид байрлах, нийт 3700 орчим ажилтантай “Smithfield” компани нь АНУын нийт махны эрэлтийн 45 хувийг дангаараа бүрдүүлдэг.

 

Ц.Даваасамбуу

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)