Л.Энхсайхан: Бүтээлч байдлаа нэмэгдүүлбэл дархлаа сайжирдаг

АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Л.ЭНХСАЙХАНТАЙ хүний дархлааны онцлогийн талаар ярилцлаа.

-Коронавирусийн халдвар хүн бүрийн сэтгэлийг түгшээж байна. Хүний сэтгэл түгшсэн байдал дархлаанд хэрхэн нөлөөлдөг юм бэ?

-Гадаад улс оронд коронавирусийн халдварын үед хүмүүсийн сэтгэл түгшлийн байдлыг судалсан 80 гаруй судалгаа хийжээ. Хүмүүсийн сэтгэл түгшил 2-77 хувьтай, янз бүр гарсан байна. Санхүүгийн бэрхшээл, халдварт өртөх айдас, ганцаардал, ар гэрийнхэндээ санаа зовох байдал зэрэг хүмүүсийн санаа зовох байдал харилцан адилгүй байжээ.

 

Ер нь айдас түгшүүр, сэтгэлийн хямрал дархлаа сөргөөр нөлөөлж, нойргүйдэл, сэтгэцийн хямралд хүргэдэг. Хэт их сөрөг мэдээлэл тархийг ихээр ядраадаг учир сөрөг мэдээллээс зайлсхийх, хорио цээрийн үед ирээдүйд хэрэгтэй бүтээлч зүйл хийх, шинэлэг санаа оноо гаргах, шинэ зүйлд суралцах зэргээр цагийг үр дүнтэй өнгөрөөх хэрэгтэй. Сэтгэл санаагаа зөв залах, бэрхшээлээс боломжийг олж харах, үр дүнтэй бүтээлч чадвараа хөгжүүлэхийг судлаачид зөвлөж байна.

 

 

-Гар утас, дэлгэцийн хэт их хамаарал хүний биед ямар хортой нөлөө үзүүлдэг вэ. Монголчууд бид яг ийм нөхцөлд дархлаандаа өдөр тутамд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

 

-Хүүхэд ээж, аав, асран хамгаалагчаа хамгийн их дуурайдаг. Тиймээс эцэг эх нь гар утсаа байнга оролдохоо больж, хүүхдүүдтэйгээ тоглох, харилцан ярилцах, биеийн ачаалалд тохирсон дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Унтахаас хоёр цагийн өмнө гар утас, компьютерийн хэрэглээг зогсоохыг зөвлөж байна. Өсвөр насны зарим хүүхэд шөнийн 3-4 цаг хүртэл Youtube бичлэгийг дэлгэц, гар утаснаас үзэж, унтахгүй байх нь хэвийн үзэгдэл болжээ. Энэ нь маш их хортой. Гар утасны цэнхэр гэрэл, LED дэлгэц нүдний торлог бүрхүүл, тархины эдэд гэмтэл учруулах нөлөөтэй байдаг. Харанхуйд гар утаснаас гарч буй цэнхэр гэрэл нүдийг бүр ч их гэмтээдэг. Мөн хоёр нас хүртэлх хүүхдийг гар утсаар тоглуулахгүй байх хэрэгтэй.

 

Гар утасны цэнхэр гэрлийн нөлөөгөөр нүдний торлог бүрхүүлд ретинал гэдэг бодис үүсэж, янз бүрийн химийн урвал идэвхтэй болдог. Энэ химийн урвал нь нүдний фоторецепторын эсэд сөрөг нөлөөтэй бөгөөд ихээхэн гэмтэл учруулна. Нүдний фоторецептор эсүүд үхвэл хэзээ ч эргэж сэргэхгүй. Мөн гар утас, лаптопын хэрэглээ нь нүд хуурайших эмгэгийг үүсгэдэг.

 

Тиймээс гар утас, компьютерийг хэрэглэж байхдаа үе үе нүдээ аних, холыг харах, нүдний дасгал хийх зэргээр нүдний булчинг суллаж байхыг эрдэмтэд зөвлөж байна.

Дэлгэцийн хэрэглээг багасгаж, нүдээ хамгаалахыг хүссэн хүмүүс, нүдний сөнөрөл өвчин үүсэх эрсдэлтэй хэн ч гэсэн нар жаргаснаас хойш гар утас, компьютер хэрэглэхгүй байвал үр дүнтэй ажээ.

Гар утасны хэт их хэрэглээ хүний араг яс, булчингийн хөдөлгөөнийг багасгадаг. Ялангуяа дал, хүзүү, нуруу, гуяны булчин хөшиж чангарах шалтгаан болно. Эдгээр булчинг суллах дасгал тогтмол хийх нь чухал. Нуруу, гуяны булчингийн хүч суларснаас өвдөгний үеэр өвдөх зовиурыг зарим хүн хэлдэг. Өөрийн биеийн онцлог, жин, нас, хүйсэнд тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, хөлсөө гаргах нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, дархлаа тогтолцооны үйл ажиллагааг дэмждэг. Цэгэн иллэг, иога, булчин суллах дасгал, найм ба 16 тоот дасгал, бясалгал хийх, 108 мөргөх зэргээс алийг нь ч хийж болно. Эхлээд бие халаах дасгал хийсний дараа сунгалтын дасгал хийвэл үр дүн сайтай байдаг. Бие халаалтгүйгээр дасгал, хөдөлгөөн хийвэл шөрмөс, булчин гэмтэх аюултай.

 

-Хүүхэд ч гэсэн гэртээ удаан цагаар байх нь дархлаанд сөргөөр нөлөөлөх үү. Энэ үед хүүхдүүд дэлгэцэнд донтож, нойр нь солигдоод байна гэж хүмүүс ярьж байна?

 

-Гэрт удаан цагаар хөдөлгөөн багатай байх нь дархлааны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Хүүхдийг цагийн хуваарьт дасгал, хөдөлгөөний дэглэмд оруулж, нас биед тохирсон дасгал, сунгалтын дасгал хийлгэх, гэрийн ажилд туслуулах нь зүйтэй. Хиймэл гэрэлтүүлэг, гар утас, электроникийн багаж хэрэгсэл нь нойрны хямрал үүсгэх магадлалтай. Гар утас, компьютерийн дэлгэцээс ялгарах цэнхэр гэрэл нь тархинд өдрийн цаг болж байна гэдэг хуурамч дохиог дамжуулдаг. Олон судалгааны дүнгээс үзэхэд, цэнхэр гэрэл нойрны хэвийн горимыг алдагдуулж, хүнийг эрүүл мэндийг хямраадаг байна. Нойрны хямрал нь мэдрэл, зүрх судас, сэтгэл гутрал, сэтгэл түгшил, чихрийн шижин, таргалалт өвчинд хүргэдэг. Өнгөрсөн зуунтай харьцуулахад хүмүүс бага унтаж, нойрны чанар муудсан гэдэг. Тиймээс тодорхой цагийн хуваарь гаргаж, хичээл хийх, ажиллаж, амрах, унтаж, хооллох цагийг тохируулбал үр дүнтэй. Унтахаас өмнө кофеин агуулсан хүнс, согтууруулах ундаа хэрэглэх, хэт халуун усанд орох нь зохимжгүй. Шөнийн 20:00-05:00 цагийн хооронд унтаж амрахад тархи, бие махбод хамгийн их амарч, шинэ зүйл бүтээх эрч хүч нэмэгддэг байна. Шинэ тараг бага зэрэг уухад нойронд сайнаар нөлөөлдөг.

 

-Иргэд энэ цаг үед дархлаа дэмжих витамин амин дэмийг их судалж байна. Ер нь ямар нэг витамин ууснаар дархлаа дэмжигдэх боломжтой гэж шинжлэх ухаан үздэг вэ?

 

-Эрүүл хүмүүст зориулсан, дархлааг шууд дэмждэг эмийн бэлдмэл одоогоор байхгүй. Ядарсан бол унтаж амар, ажлаа зохицуул, хоол унд, нойрны зөв дэглэм баримтал, ажиллаж хөдөлмөрлө, бүтээлч байдлаа нэмэгдүүл, ингэж гэмээнэ дархлаа сайжирдаг.

Харин зарим төрлийн эрдэс бодис, витамин дутагдахад дархлаанд сөргөөр нөлөөлдөг талаар олон судалгаа бий. Жишээлбэл цайр дутагдсан хүүхэд амьсгал, хоол боловсруулах замын эмгэг, арьсны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг. Д аминдэмийн дутагдлын шинж илэрвэл Монгол Улсад хэрэгждэг “Хүүхдийн өвчний цогц менежмент”-д зөвлөсний дагуу витаминжуулах арга хэмжээ авдаг. Д аминдэм нь залгиур эсэд нийлэгждэг кателицидин уургийн ялгарлыг дэмжсэнээр халдвараас хамгаалахад эерэг нөлөө үзүүлдэг. Мөн Д аминдэм нь үрэвслийн урвалыг бууруулах, дархлааг дэмжих, амьсгалын замын халдвараас сэргийлэх нөлөөтэй байдаг.

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)