М.Золзаяа: Дэлхийн философийн өдөр “Ковид-19 цар тахал” сэдвийг онцолж байна
- 2020-11-19
- Топ сэдэв
- 0
ЮНЕСКО жил бүрийн 11 дүгээр сард Дэлхийн философийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг манай улсад хэрхэн тэмдэглэж ирсэн болон энэ жилийн онцлогийн талаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Золзаяатай ярилцлаа.
-Дэлхийн философийн өдрийг тэмдэглэхийн ач холбогдол юу вэ?
-Уншигчдадаа Дэлхийн философийн өдрийн мэнд хүргэе. ЮНЕСКО-ийн санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт дэлхийн философийн өдрийг тэмдэглэж байна. ЮНЕСКО-ийн Ерөнхий чуулганаар философи нь хүүхэд залууст шүүн шинжилсэн үзэл бодол, ухаалаг, бүтээлч чадварыг төлөвшүүлдэг бөгөөд хүлээцтэй байдал, энх тайвныг хөхиүлэн дэмждэг салбар гэж үнэлсэн байдаг. Философи сэтгэлгээ бол цаг үеийн сорилтуудыг даван туулах, ялангуяа нийгмийн ёс суртахууны төлөвшлийг сайжруулах, шударга ёсыг тогтоох талаар үзэл санааг түгээнэ гэж үздэг. Энэ өдөр философийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой. ЮНЕСКО-оос Парист “Цар тахлын хэл”, “Эрүүл мэнд философийн асуудал болох нь”, “Цар тахын үед хамтдаа байх” сэдэвт дугуй ширээний ярилцлагууд, “COVID-19: шинэ ертөнц рүү” номын нээлт гэх мэт арга хэмээг зохион байгуулж байна.
-Танай хүрээлэн ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан бэ?
-Хүрээлэн 2012 оноос хойш ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисстой хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ирсэн. Энэ жил “Монголын нийгэм дэх цахим орчны нөлөөлөл: философи асуудлууд” гэсэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Цар тахлын хөл хорионы дэглэмтэй ч бид хурлын эмхэтгэлийг хэвлүүлээд байна. Эмхэтгэлд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Монголын Философийн Холбооны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр нарын мэндчилгээ, Монгол, Оросын 29 судлаачийн “Технологийн метафизик ба цахим ертөнц”, “КОВИД-19 цар тахал ба биофилософийн өөрчлөлт”, “КОВИД-19 цар тахлын үеийн нийгмийн сэтгэлзүй цахим орчинд”, “Хиймэл оюуны ёс зүйн зарим асуудлууд”, “Хиймэл оюун ухаан ба криминологийн хөгжлийн чиг хандлага” гэх зэрэг сэдэвтэй 17 илтгэл хэвлэгдсэн. Хурлын сэдэв, илтгэлүүд цаг үеийн асуудлыг авч үзсэнээрээ ач холбогдолтой боллоо. Эмхэтгэлийг ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгээр хэвлэж байгаа юм.
-Дэлхийн философийн өдрийн үйл ажиллагаанд бусад байгууллагуудын оролцоо ямар байдаг вэ?
-“Монголын нийгэм дэх цахим орчны нөлөөлөл: философи асуудлууд” эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Философийн Холбоо, МУИС, ХААИС, Боловсролын Хүрээлэн, ШУА-ийн Математик, Тоон Технологийн Хүрээлэн, СУИС, АШУҮИС, Дотоод Хэргийн Их Сургууль, “Томүжин алтернатив” сургууль зэрэг байгууллагын багш, эрдэм шинжилгээний ажилтнууд илтгэлээ ирүүлсэн. Судалгааны чиглэлээрээ бол философи, математик, биологи, генетик, хууль зүй, сэтгэл зүй, боловсрол судлал, соёл судлалын салбарын багш, судлаачид байна. Мөн Үндэсний номын сан 1990 оноос хойш философийн бүтээлүүдийн онлайн үзэсгэлэн толилуулж байна. МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим “Гэр бүлийн ёс зүйн асуудал” сэдэвт илтгэлийн эмхэтгэл хэвлүүлнэ, мөн “Ёс зүй бол амьдрах урлаг мөн” сэдвээр оюутнуудынхаа дунд эсээ бичлэгийн уралдаан зарласан байна лээ. Нийгмийн сүлжээгээр философи сонирхогчид философийн асуудлаар мэдээлэл түгээж хуваалцаж байна.
-Философийн судалгаа эрхэлдэг манай эрдэмтэд ямар шинэ сонин бүтээл гаргаж байна вэ?
-Философийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Даш-Ёндон Гегелийн “Философийн түүхийг шинжихүйн оршил” бүтээлийг орчуулсан. Энд философи философи бол эрин цагийн сэтгэлгээ болох нь, хөгжлийн тухай ойлголт, философи ба шашны хоорондын ялгаа зэрэг асуудлыг тайлбарласан байдаг. Дашрамд хэлэхэд, энэ жил Гегелийн мэндэлсний 250 жилийн ой тохиож байгаа юм. МУБИС-ийн багш Ж.Отгонбаяр «Софило» гэж цувралаар орчуулгын бүтээлүүд гаргадаг. Энэ онд Макс Шелерийн “Философийн хүн судлал” (Ред. Б.Ганбат), Мирча Элиадегийн “Домог зүйн сэтгэлгээ” бүтээлийг орос хэлнээс орчуулан хэвлүүлсэн байна. Философийн эх зохиол орчуулахаас гадна, Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Ч.Ган-Өлзий “Орчлонгийн нууцыг тайлахуй (Компаратив философийн судалгаа)” гэж физикийн философийн агуулгатай нэг сэдэвт бүтээл гарсан. МУИС-ийн багш Д.Оюунгэрэл, ХААИС-ийн багш Ч.Баярчимэг, миний бие хамтраад “Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе” бүтээл хэвлүүлсэн. Амьтдын биед хүнд халдварлах 850 мянга орчим вирус бий гэж эрдэмтэд үзэж байна. Тэгэхээр бид хүн амьтан хоорондын харилцаа, амьтны жам ёсны эрх, амьтан хамгаалах ёс зүйн талаар өгүүлсэн нь бас л КОВИД-19 цар тахлын үеийн чухал асуудал хөндлөө гэсэн үг. Энэ жил хорио цээрийн дэглэмтэй, цахимаар голдуу ажиллаж байгаа ч философийн салбарынхан олон сайхан бүтээл гаргалаа гэж бодож байна.
-Философийн хүрээлэнгээс “Монголын философичдын өв” цуврал гаргаж байгаа юм байна. Энэ бүтээлийн талаар тодруулна уу?
-Ийм нэртэй цувралын 2 боть 9, 10-р сард хэвлэгдсэн. Нэгдүгээр ботийг эрдэмтэн Д.Дашжамцын багшийн 1968-2009 оны хооронд туурвисан Монголын ёс зүй, нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн судалгааны ач холбогдолтой, одоо олдохгүй болоод байгаа ном товхимлыг дахин эмхэтгэж хэвлүүлсэн. Хоёрдугаар ботийг философийн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Норовсамбуугийн (1930-2008) мэндэлсний 90 жилийн ойд зориулан хэвлүүлсэн. Өв гэдэг өргөн хүрээтэй ойлголт. Тэгэхээр хоёрдугаар ботид академич агсаны бүтээл болон түүний шавь нар, гэр бүлийнхний дурсамж, ойд зориулсан хурлын илтгэлүүдийг эмхэтгэсэн.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.