Б.Баттогтох: Монгол улсаа нүүр бардам төлөөлөхийн тулд хичээж байна
- 2020-11-20
- Үнэн
- 3
“Эх дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй гоо бүсгүй Б.БАТТОГТОХТОЙ онлайнаар холбогдлоо.
-Та Монгол Улсын нэрийн өмнөөс Эх дэлхийн миссийн тэмцээнд оролцож байна. Дэлхийн улс орнуудын сайхан бүсгүйчүүд өрсөлддөг тэмцээнд хувийн бэлтгэлээ хэр базаав?
-Миний хувьд урьд нь Б.Гантогоо эгчийнхээ “Мисс Монголиа туризм” холбооноос хэд хэдэн тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай орж байсан туршлагатай. Тиймээс ч энэ жилийн Эх дэлхийн миссийн тэмцээнд орох шалгаруулалтад түрүүлж, Монгол Улсаа төлөөлөх эрхээ авсан. 17-тойгоосоо гадаадад амьдарч байгаа болохоор хаана ч явсан, ажлаа зохицуулаад шуурхай амжуулчихдаг зантай. Англиар чөлөөтэй ярьдаг маань ч их тус болдог. Бас загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг телевизэд продюссерээр ажилласан туршлага маань энэ тэмцээнд бусдаас өвөрмөц криатив бичлэгүүд богино хугацаанд бэлтгэн явуулахад их нэмэр болж байна.
-Энэхүү тэмцээнийг цахим хэлбэрээр зохион байгуулж буй нь танд ямар санагдаж байна. Бэрхшээлтэй зүйл тулгарч байна уу?
-Цахим хэлбэрээр явагдаж байгаа нь надад их сонирхолтой санагдсан. Үнэндээ ганц тохиох түүхэн явдал шүү дээ. Цар тахал дэгдэж, дэлхий нийтээрээ түгшүүрийн байдалтай байгаа үед улс орноо төлөөлж олон улсад сурталчлах, бас эерэг мессэжийг нийгэмд түгээх нь маш чухал гэж бодож байна. Тиймээс ч манай баг шинэлэг, бусдаас өвөрмөц маш өндөр зэрэглэлийн 14 бичлэгийг Италийн Ром хотоос хоёр долоо хоногийн дотор бэлтгэж явуулсан. Энэ хугацаанд Итали улсад цар тахлаар өвчлөгсдийн тоо олноор нэмэгдэж, хөл хорио тогтоож эхэлсэн нь зураг авалтад нэлээд хүндрэл учруулсан ч санаа нийлсэн мэргэжлийн багаа бүрдүүлж чадсан тул төлөвлөсөн хугацаандаа амжууллаа. Шанхайд хамт загвар өмсдөг байсан итали найз охин Chiara маань ч их тус болж, зураг авалт хийх газрууд болон хамтарч ажиллах даашинзны болон гоёл чимэглэлийн брэндүүдтэй гэрээ хийхэд тусалсанд маш их талархаж байна. Найз маань миний зураг авалтдаа зүүсэн ээмэг зүүлтүүдийг хувийн бие хамгаалагчтайгаа авчирсан. Түүнийг ирэхэд би Chiara руу гайхшран харахад “Бритта, чи минь “Мiss Earth Mongolia 2020” шүү дээ. Би Ромын түүхэн үнэт эдлэлийн дэлгүүр болох Gisci-гийн 130 жилийн настай алмазан гоёл чимэглэлийг чиний бүх зураг авалтад хэрэглүүлэхээр зохицуулчихсан” гэсэн. Ийм чухал үед сэтгэлээрээ тусална гэдэг хүний нутагт байгаа надад сайхан санагдсан.
-“Эх дэлхийн мисс” тэмцээний шалгаруулалт хэрхэн үргэлжилж байгаа вэ?
-Гоёлын даашинз, усны хувцас, фитнесс, спорт хувцасны төрлүүд одоогоор явагдчихсан. Төрөл бүрд оролцогч бичлэгийнхээ дараа шүүгчидтэй шууд ярилцлага хийдэг. Шүүгчид юу ч асууж болно. Миний хувьд асуулт бүхэнд өөрийнхөөрөө сэтгэл хангалуун хариулчихсан. Бас бичлэг бүрд шүүгч болон үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Монголчууд маань ч их бахархаж байгаа нь миний хувьд хамгийн өндөр оноо. Монголоо нүүр бардам төлөөлж, монголчуудынхаа дэмжлэгтэйгээр нэлээд дээгүүр явж байна.
-Тэмцээний экологийн чиглэлд ямар асуудал хөндөж, гаргалгааг нь хэрхэн хийж байна вэ?
-“Mонголын хийн холбоо” нэртэй гэр хорооллыг хийн хоолойгоор холбож, нүүрс түлэхгүйгээр гэрээ халааж, хоол ундаа хийх төсөл дээр сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний Eвропын том компани “Europa Grid”-тэй хамтарсан тул мэргэжлийн хүмүүс судалгаа, нарийн төлөвлөгөө гаргасан. Энэ төсөл маань утааны асуудлыг бууруулахад чиглэсэн бөгөөд шинээр маш олон ажлын байр бий болох юм. Тиймээс энэ байдлаас гаргалгаагаа хийж, Эх дэлхийн миссийн тэмцээний нэгэн шалгаруулалтад танилцуулсан.
-Энэ тэмцээний хувьд сайн үйлсийн ажил чухалд тооцогддог. Та ямар ажлыг “барьж авав”?
-Яг одоо Италийн Ром хотод ажиллаж, амьдарч байгаа тул эндээ хүмүүнлэгийн ажлаа хийнэ. Миний харж байгаагаар, энэ цар тахал жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Ялангуяа ресторан ажиллуулдаг хүмүүс үүд хаалгаа барихаас наахнуур хэцүү байдалтай байгаа. Хэчнээн хүн ажлаа алдаж, гэр бүл санхүүгийн хүнд байдалд орж байгаа билээ дээ. Тиймээс би хүмүүнлэгийн ажлыг хийхдээ эдгээр бизнесийг дэмжихэд анхаарна. Үүний тулд 5-6 хүүхэд хамруулсан жижигхэн загварын шоуг амралтын өдрүүдээр өөр өөр ресторанд хийхээр төлөвлөсөн. Хүүхдүүдэд нь шоу үзүүлж байхад эцэг эхчүүд нь өдрийн хоолоо тус ресторанд идэж, өөрсдөө ч өдрийг гоё өнгөрөөхөөс гадна тэдний бизнесийг багахан ч гэсэн дэмжих юм. Оролцож буй хүүхэд бүр нэг хайрцаг хувцас, хичээлийн хэрэгсэл, тоглоом зэргийг хандивлаад шоуны төгсгөлд хүлээж авах хүүхдэд өөрийн гараар захидал бичнэ. Тэд дэлхийн нөгөө өнцөгт байгаа монгол хүүхдүүдэд сэтгэлийн бэлгээ явуулснаар бага насных нь бас нэг алтан дурсамж болон үлдэх юм. Хүлээн авах хүүхдүүд ч хэрэгтэй зүйлсээ өөрт нь зориулсан захидалтай авна гэдэг илүү дотно байх гэж бодож байна. Нэг чингэлэг болтол энэхүү ажлаа хэдэн сар үргэлжлүүлээд Монгол руугаа явуулах болно. Тэр үед хил нээгдсэн байвал би өөрийн биеэр Монголдоо очно. Энэ мэдээг уншаад та бэлгийг хүүхдэдээ хүлээн авахыг хүсвэл миний фэйсбүүк рүү хувийн мессэж үлдээгээрэй. Хүүхэд тань хэдэн настай, бас хүйсийг зураг болон холбогдох утсаа үлдээснээр та бүртгэгдэх болно.
-Та энэ тэмцээнээс өмнө олон шалгаруулалтад оролцож байсан байх. Гэхдээ таны тухай мэдээлэл хомс юм. Тиймээс таныг багадаа гадаадад сурахаар яваад тэндээ ажиллаж байгаа болов уу гэж бодлоо?
-Тийм ээ. 17-тойдоо нийслэлийн лаборатори нэгдүгээр сургуулийг төгсөөд Шанхай хот руу их сургуульд сурахаар явсан. Тэндээ долоон жил ажиллаж амьдраад үргэлжлүүлэн Америкийн загварын телевиз “Fashion One”-д продюссерээр ажиллахаар Филиппин улс руу нүүсэн. Ажлынхаа шугамаар маш олон орноор явжээ. Энэ хугацаанд сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурлуудад хүлээн авалт зохион байгуулагчаар ажиллах боломж гарсан тул сүүлийн гурван жил энэ салбарт ажиллаж, Сэргээгдэх эрчим хүчний сангаа бас байгуулаад амжсан.
-Аливаа тэмцээнд гадаад хэлний мэдлэгтэй байх нь чухал. Харин та италиас гадна хятад, англи хэлний мэдлэгтэй. Хятад хэлийг хаана сурав?
-Хятад хэлийг анх Шанхайд сургуульд очиж сурахдаа англи хэлтэй давхар судалсан. Хэлний ангийн номнууд бүгд англи орчуулгатай тул давхар орчуулаад гадаад хэлийг хамтад нь сурчихсан.
-Олон газарт ажиллажээ. Ер нь та ямар мэргэжил эзэмшсэн юм бэ?
-Олон улсын худалдаа харилцааны мэргэжилтэй. Би ер нь байнга шинийг сурч, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой. Тэр ч талаасаа маш олон дамжаа сургалтад ажлынхаа хажуугаар хамрагддаг. Өнгөрсөн жил гэхэд л Италийн мэргэжлийн тогоочийн “Italian Chef Academy”-д сурсан мэргэжлийн тогоочийн үнэмлэхтэй. Багаасаа хоол хийх сонирхолтой байсан бөгөөд эмээ маань эмнэлгийн тогооч мэргэжилтэй, олноор хүрээлүүлсэн сайхан эмэгтэй байсан юм. Эмээгийнхээ дурсгалд зориулаад амьдарч аялсан орнуудынхаа хоолыг бэлтгэдэг рестораныг Улаанбаатарт нээнэ гэж боддог. Би ирэх есдүгээр сараас Харвардын их сургуулийн Дэлхийн дулаарал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх онлайн курсэд хамрагдана. Миний хийж буй ажилтай маш чухал уялдаатай тул энэ курс маань их мэдээлэл өгөх байх.
-Одоо аль байгууллагад ямар чиглэлээр ажиллаж байна вэ?
-Өөрийнхөө байгуулсан “Ирээдүйн энерги” сан болон “Монголын хийн холбоо” компанийнхаа төслүүд дээр ажиллаж байгаа. Манай багийнхан дэлхийн өнцөг булан бүрд байдаг болохоор виртуалаар ихэнх ажлаа амжуулдаг.
-Таны цахим хаягаар орж, гэрэл зургуудыг харлаа. Аз сорьсон, экстрим зүйлд дуртай юу?
-Тийм ээ. Ер нь спортод их сонирхолтой маань сүүлийн хэдэн жилд бүр экстрим чиглэл рүү хандаад байгаа. Энэ оны эхээр төрсөн өдрөөрөө ээжтэйгээ цуг Дубайд Скай дайвинг буюу онгоцноос шүхэртэй 4000 метрийн өндрөөс 193 км/цаг хурдтайгаар хамтдаа үсэрсэн. Ээж маань физикийн багш болохоор өөрийн биеэр бүх хурд, салхи, адрэналинийг мэдрээд их баярласан. Надаас түрүүлээд үсэрчихсэн зоригтой эмэгтэй.
-Хамгийн их гүн сэтгэгдэл үлдээсэн улс, орныг нэрлэвэл?
-Филиппин улсыг нэрлэнэ. Маш гоё эерэг энергитэй. Байгаа жаахан зүйлдээ ч талархаж амьдралыг өөдрөгөөр хардаг хүмүүс. Өглөө гараад алхахад бүх хүн урдаас инээгээд танихгүй ч мэндлээд өнгөрдөг нь тэр өдрийг тэр чигээр нь гэрэлтүүлчихдэг. Би чинь бүр Филиппиний усан спортын улсынх нь аварга болсон. Тэгэхээр богинохон ганц жил байсан ч гэсэн маш гоё дурсамжтай өнгөрөөсөн.
-Боловсролоос гадна биеийн галбир, эрүүл мэнддээ их анхаарал хандуулдаг юм шиг санагдлаа. Усан спортоор хичээллэдэг үү?
-Аль болох амин дэмтэй зөв хооллодог, бас өдөр тутам витамин ууж хэвшсэн. Спортоор чөлөөт цагаараа байнга хичээллэдэг болохоор биеийн жингээ барьчихдаг. Филиппинд амьдарч байхдаа усан спортоор нэлээд хичээллэсэн учраас хаана ч явсан устай холбоотой Спортын төвийг олоод оччихдог. Ус хүнд их гоё энерги өгдөг болохоор улам татагдаад байх шиг санагддаг.
-Тай бокс эмэгтэй хүний хувьд тийм ч амаргүй спортын төрөл. Харин та энэ спортоор хичээллэж байжээ?
-Өнгөрсөн зун дүү охинтойгоо Тайландын тай боксын сургуульд нэг сар хичээллэсэн. Яг л хагас цэрэгжилтийн байдалтай байлаа. Үүрийн гэгээ орохоос эхлээд бэлтгэлд гарч өглөөний цайгаа уучихаад жаахан амраад өдөр дахин бэлтгэл хийнэ. Бие хамгаалах урлаг гэдэг үүднээс сурсан болохоор охин дүүд маань ч их таалагдсан. Боломж гарвал ирээдүйд дахин явна. Тай боксын мэргэжлийн багштай одоо ч хичээллэсээр байна.
-Эцэст нь, Эх дэлхийн миссийн тэмцээнээр асуултаа өндөрлүүлье. Таныг тэмцээний ялагч болоход хүмүүс хэрхэн дэмжих боломжтой вэ?
-Miss Earth болон Miss Earth Mongolia фэйсбүүк хуудсыг дагаж, тэр хуудсанд тавигдсан миний зураг бичлэгүүдэд лайк дарах, бас коммент хэсэгт Mongolia гэсэн үг орсон дэмжлэгийн өгүүлбэр бичих эсвэл #WeloveMongolia #MissEarthMongolia2020 #WeSupportMongolia гэх хаштагуудыг бичсэнээр зохион байгуулагчид хэр их дэмжлэг авч байгааг ерөнхий оноонд оруулж тооцох болно. Бас цааш нь шейрлэж монголчуудаа уриалаарай. Энэ сарын 19-ний орой 20:00 цагт үндэсний хувцастай шалгаруулалт маань шууд цацагдана. Та бүхэн лайв орж үзэж байхдаа доор коммент хэсэг дээр тултал нь Mongolia is the best гэдэг ч юмуу өөрөө найруулаад дэмждэгээ бичсэнээр шүүлтийн оноог нэмэх боломжтой. Богинохон хугацаанд бичлэгээ бэлтгэсэн учраас Монголоос үндэсний хувцсаа шуудангаар авах боломжгүй байсан тул биен дээрээ боди пайнтинг хийлгэсэн. Монгол гэрийн хана, унины хэвийг гаргасан нь бидний өсөж төрсөн гэрийг харуулсан бөгөөд эмэгтэй хүн хүн төрөлхтний анхны үүссэн “гэр” нь учраас өөрийн бие дээр ийнхүү илтгэсэн. Зураг авалтаа 2021 онд Гиннесийн номонд бичигдэхээр бэлтгэж буй дэлхийн уран бүтээлчдийн 900 уран зурагны өмнө Монголын төлөөлөл болж гарч ирээд төгсгөлд нь буцаад тэрхүү хана руугаа уусан орж байгаагаар хийсэн нь бусдаас онцлог, урлаг талаасаа харагдаж илүү оноо авах байх аа.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (3)
S (139.5.217.218)
Super jinhene Miss Earth 2020 bnaa. Amjilt uzuuleed ug ohin min
Цээгий (66.181.191.216)
Үндэсний хувцас хэр үнэлэгдсэн бэ?
туяа (202.179.4.230)
өндөр боловсролтой гоё охин байна амжилт хүсье