С.Оюун: Төр засаг, хувийн хэвшлээ дэмжиж байж цар тахлыг хохирол багатай даван туулна
- 2020-11-23
- Эдийн засаг
- 0
Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын голомтод манай улс татагдан орж, хатуу хөл хорио тогтооход хүрсэн. Энэ нөхцөлд эдийн засагт ямар арга механизм, хөдөлгүүрийг ашиглаж болох талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор /Ph.D/ С.ОЮУНТАЙ цахимаар ярилцлаа.
-Манай улсад цар тахлын халдвар илэрснээс хойш 10-аад хонож байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа. Ийм нөхцөлд эдийн засгаа яаж “зогсоочихгүй” байх вэ. Энэ талаар та өөрийн санал бодлоо хуваалцана уу?
-Ийм зүйл бүү болоосой гэж монгол хүн бүхэн залбирч байсан байх. Гэвч нэгэнт цар тахлыг дотооддоо алдаж, улам даамжруулахгүйн тулд өндөржүүлсэн бэлэн байдлыг хатуу хөл хорионы дэглэмд шилжүүллээ. Ингэхээс өөр аргагүй ч үүний уршгаар бизнесийн болон бусад үйл ажиллагаа зогссон нь маш муу үр дагавартай байх болно. Өнөөдөр нийгмийн хөдөлмөрийн хуваарь гүнзгийрсэн болохоор бүх юм хоорондоо уялдаа холбоотой, өөрөөр хэлбэл гинжин хэлхээнд орсон. Энэ гинжин хэлхээний нэг гогцоо тасрахад л бүх зүйл доголдоно. Тэгэхээр дээрх хэлхээ холбоог таслахгүй байхыг л хичээх хэрэгтэй болж байна. Энд ганцхан жишээ дурдъя. АНУ-ын эдийн засаг хямралд орсон үед төрийн зүгээс автомашин үйлдвэрлэлийн салбартаа 400 сая ам.доллар зарцуулж, ажилчдаа цомхотгохгүй байхыг даалгасан байдаг. Ажил олгогчид энэ мөнгөөр ажиллагсдынхаа цалин хөлсийг тавьж, үйлдвэрлэл нь хэвийн явагдаж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байжээ. Үйлдвэрийн ажилчид цалин мөнгөтэй болохоор худалдан авалт хийж, энэ нь худалдаа, үйлчилгээний салбарынхаа борлуулалтыг дэмжсэн байж таарна. Энэ маягаар эдийн засаг дахь гинжин хэлхээ үргэлжилж, хямралыг хохирол багатай даван туулсан байдаг. Одоо Хятадад яг ийм бодлого баримталж, эдийн засаг нь сэргэж эхэлж байна. Манайд ч энэ мэт аргыг хэрэглэж, эдийн засгийн гинжин хэлхээний нэг ч гогцоог гацааж, царцааж болохгүй гэж хэлэх гэсэн юм.
-Тэгэхээр та хэрэглээг аль болох дэмжих хэрэгтэй гэж үзэж байна уу?
-Тийм. Ер нь эдийн засаг бол хүний хэрэглээнд зориулагдаж ажилладаг “машин” шүү дээ. Иргэдэд зориулан үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь борлуулалттай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэглээ, эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт гэх механизм хөдөлж байх учиртай юм. Хүний хэрэгцээ шаардлагад үл нийцэх юм уу эрэлтгүй бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эсвэл хэрэгцээт хүндээ хүрч чадахгүй бараа бүтээгдэхүүн нь тухайн аж ахуйн нэгжийг дампууралд хүргэх нь микро эдийн засгийн асуудал боловч иргэд мөнгө, орлогогүйгээс борлуулалт саарвал энэ нь макро эдийн засгийн сөрөг үр дагавар авчрах магадлалтай болж ирнэ.
-Одоогоор Засгийн газар, УОК-оос зарим нэг зөөллөх арга хэмжээ зарласан ч хатуу хөл хорионы дэглэмийг барьсаар байна. Нийгмийн зарим хэсэг хатуу дэглэм дор үйлдвэрлэл, үйлчилгээг явуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?
-Нэгэнт халдварыг дотооддоо алдаж, цар хүрээ нь тэлж байгаа учраас хатуу хөл хорио тогтоохоос аргагүй. Гагцхүү энэ хооронд иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар бодолцох хэрэгтэй байх. Ер нь аливаа нэг огцом өөрчлөлт /жишээ нь, цар тахал/-ийн үед олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл учирч, ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн процесст шинэчлэл хийхийг шаарддаг. Үүнийг давуу тал болгон ашиглаж чадсан нь л “амьд” үлддэг хатуу хуультай юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үүний дотор 200 мянгыг бэлнээр олгож, 800 мянгад нь хүнс, бараа бүтээгдэхүүний ваучер олгох санаачилга гаргасан ч УИХ-аас дэмжлэг авч чадсангүй. Үүнд та хэрхэн үнэлэлт дүгнэлт өгөв?
-Уг санаа нь зөв боловч явцгүй үйлдэл байлаа. Учир нь, нийгмийн олонход хүртээж байгаа бэлэн мөнгөний тэтгэмж дэмжлэг ер багадаагүй.
Манай улсын нийт иргэний 80-90 хувь нь ямар нэг тэтгэмж, халамжид хамрагддаг гэх тоо баримт байна. Ваучерийг ашиглаж болно. Гэхдээ түүнд хамруулах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг сайтар бодолцож, нийт массад хүртэхийг нь сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол “ар өврийн хаалга”, танил тал, улс төр, бизнесийн бүлэглэлээ ашиглаж зөвхөн ойр тойрныхноо дэмжих үйлдэл гарч болзошгүй юм.
-Цаашид айл өрхийн амьжиргаа, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, улс орны эдийн засгийг дэмжихийн тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Миний зүгээс хувийн хэвшил, аж ахуйн нэгжид мөнгө өгөх хэрэгтэй гэсэн саналтай байгаа. Гэхдээ аж ахуйн нэгжид мөнгө өгөхдөө борлуулалтыг нь баталгаажуулах шаардлагатай. Үүнийг тодорхойлох нь тийм хэцүү ажил биш. Тэгээд маш бага хүүтэй мөнгө олгож болно. Эсвэл үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх бодит санаа оноотой, түүнийхээ үр ашгийг тооцоолчихсон байвал зээл өгсөн ч болохгүй гэж газаргүй. Товчхондоо, зээлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн нийгэм дэх бодит хэрэгцээ шаардлага, зориулалтыг судалж үзэх нь чухал юм.
Ерөнхийдөө мөнгө өгөх, гэхдээ эргэж төлөгдөх магадлалыг нь үнэн зөв тооцох л шаардлагатай. Зээлийн шинжилгээг арилжааны банкуудын мэргэшсэн санхүүгийн шинжээчид сайн хийдэг ч эрсдэлээс болгоомжлоод мөнгөө хав дараад байж болохгүй л дээ. Нөгөө талаар иргэд, аж ахуйн нэгжүүд амаа ангайгаад хэн нэгнээс тусламж гуйж, хүлээгээд сууж байж таарахгүй.
Төр, засаг хэдийгээр хичээж байгаа ч засаж сайжруулмаар зүйл цөөнгүй байгаад манай эдийн засагч, судлаачид санал бодлоо нэмэрлэх байх гэж найдаж байна. Солонгосын хөгжлийн нууц нь ажиллаж чадаж байгаагаа төр засаг, олон нийт нь сайтар дэмжиж ирсэнд л оршдог юм билээ. Бид ч ингэж л байж улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргааг авч гарна.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин