БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ
- 2020-11-23
- Дэлхий
- 0
Хятадын авлигатай тэмцэх байгууллагаас тус улсын засгийн газрыг АНУ-д амьдарч буй тэрс үзэлтнүүдийг намнаж байна гэсэн гүтгэлгийг няцаажээ.
АНУ-ын сүүлийн үед хэрэгжүүлж буй арга хэмжээ нь БНХАУ-ын эсрэг улс төрийн зорилготой бөгөөд авлигатай тэмцэх, оргодлыг олж илрүүлэх, алдагдсан хөрөнгийг эргүүлэн авах Хятадын үйл ажиллагаанд саад учруулах зорилготой байгаа талаар тус улсын Үндэсний Хяналтын Хорооны цахим хуудсанд 11 дүгээр сарын 18-ний өдөр мэдэгдэв.
Шү Жин болон түүний эхнэр Лиу Фан нар нь авлигын хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж буй хэрэгтнүүд юм. Тэд 2011 онд хуурамч бичиг баримт ашиглан АНУ-руу зугтсан талаар мөн энэхүү мэдэгдэлд тусгажээ.
Америк Хятадын хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй тул гадаад улсыг төлөөлж тодорхой албан тушаалтан Америкийн Ерөнхий Прокурорын газарт бүртгүүлж, мэдэгдэх шаардлагатай байдаг байна. Иймд АНУ нь авлигач албан тушаалтнуудын зугтах дуртай улсын нэг болдог талаар Хятадын авлигатай тэмцэх байгууллагаас мэдээлжээ.
Үндэсний хяналтын хороо нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Хятадын Коммунист намын Ёс зүйн төв хороотой хариуцлага, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байдлаар ажилладаг байна. Тус хорооноос 11 дүгээр сарын 09-ний өдөр Хятад улс авлигын эсрэг олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй сурталчилж, дэлхийн өнцөг булан бүрээс оргодол, алдагдсан хөрөнгийг олж илрүүлж буй талаар мэдэгджээ.
2014 оноос 2020 оны 06 дугаар сарын хооронд 120 гаруй улсаас 7831 оргодлыг баривчилж Хятад Улсад эргүүлэн авчирч, 3 тэрбум гаруй ам.долларын хууль бус хөрөнгийг хураасан байна. 11 дүгээр сарын 11-ний өдөр холбогдох байгууллагаас Хятад улс нь оргодол шилжүүлэх, шүүхийн туслалцаа үзүүлэх, хөрөнгө буцаан авах зэрэг хэлэлцээрийг нийт 81 улстай байгуулсан талаар мэдэгдэв.
Шү Жин нь Хубэй мужийн Ухань хотын Хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байжээ. Тэрээр өөрийн эрх мэдлийг урвуулан ашигласан мөн хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Хятадын Засгийн газрын мэдээлснээр 2010 онд Шү Жин нь хуурамч бичиг баримт ашиглаж АНУ-ын ногоон карт авсан бөгөөд 2011 онд эхнэрийн хамт зугтсан байна. Түүний эхнэр Лиу Фан нь Чайна Лайф Даатгал корпорацийн Хубэй муж дэх салбарын дэд захирлаар ажиллаж байсан ба мөн адил авлигын гэмт хэрэгт сэжиглэгдэж байна.
2012 оноос хойш Хятадын эрх баригчид АНУ-ын талд эрүүгийн шүүхийн туслалцаа хүссэн гурван хүсэлт гаргаж, Шү Жин, Лиу Фан нарын сэжиглэгдэж буй авлигын гэмт хэргийн мэдээлэл, нотлох баримтаас гадна хууль бус мөнгө шилжүүлсэн үйлдэл болон цагаачлалын бичиг баримт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй үйлдлийн талаар мэдээлэл хүргүүлсэн байна. Гэвч АНУ-ын тал шаардлагатай дэмжлэг үзүүлээгүй талаар мэдэгдэлд тусгажээ.
АНУ нь хэдийгээр энэхүү гэр бүлийн үйлдсэн гэмт хэргийн талаар бүрэн мэдээлэлтэй байгаа боловч Хятад Улсыг “тэрс үзэлтэн” намнаж байна хэмээн буруутгаж байна. Мөн одоогоор 20 оргодол АНУ-д орогнож байгаа бөгөөд АНУ-ыг олон улсын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж амлалтаа биелүүлэхийг уриалж байгаа талаар нэмж мэдэгджээ.
Эх сурвалж: news.cgtn.com
Сэтгэгдэл (0)