Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал
- 2020-11-24
- Нийтлэл
- 0
Сүүлийн үед коронавирусын халдварыг Монгол улс дотооддоо алдсан цагаас хойш энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр асар их өөр хоорондоо зөрүүтэй мэдээлэл тархаад байна.Эдгээрийг цэгцлэхэд нэмэр болох үүднээс ХБНГУ-д коронавирустай тэмцэж байгаа сүүлийн 7-8 сарын арга хэмжээнүүдийн жишээнд тулгуурлан Монголынхаа иргэд болон шийдвэр гаргагчидад тус дэм болох болов уу гэсэн сэтгэлээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.
Манай улс коронавирусийг дотооддоо алдаад байгаа энэ цаг мөч цар тахлын нэгдүгээр давалгаа бус хоёрдугаар давалгааны үед таарч байна. Нэгдүгээр давалгаанаас хойш хоёрдугаар давалгаа эхэлтэл өнгөрсөн хэдэн сарын турш манай улс бусад орнуудын адилаар коронавирустай тэмцэх тодорхой туршлага хуримтлуулсан байгаа. Ялангуяа өндөр хөгжилтэй улс орнууд энэ хугацаанд коронавирустай холбоотой олон асуудлыг шинжлэх ухаанчаар судалж тодорхой үр дүнд хүрлээ. Жишээлбэл ХБНГУ 2 -р давалгаатай бодлоготой, төлөвлөгөөтэй тэмцэж байна. Үүний дүнд ХБНГУ-д нэгдүгээр давалгааны үед коронавирусын халдвар авсан хүмүүсийн 4,7% нь нас барж байсан бол хоёрдугаар давалгааны эхэн буюу 10 сард энэ тоо дунджаар 0,4% болж буурлаа. Энэ хэдэн сарын хугацаанд тус орны мэргэжлийн байгууллагууд шинжлэх ухаанч судалгааны ажлуудыг их явуулсан бөгөөд эдгээр материалын ихэнх нь интернет орчинд нээлттэй байгаа бөгөөд бидэнд гарын авлага болохоор юм.
Дүгнэж хэлбэл хоёрдугаар давалгааны үед ухаанаа уралдуулж шинжлэх ухаанчаар тэмцэж чадвал цар тахлыг хохирол багатай давах боломж бидэнд нээлттэй байна. Шинжлэх ухаанчаар коронавирустай тэмцэхийн тулд доор өгүүлсэн цөөн асуудлуудад юуны түрүүн нийгэмээрээ нэгдсэн зөв ойлголттой болох шаардлага байна.
Нэг. Коронавирус ба ковид-19. Коронавирусын халдвартай хүн бүрийг өвчтөн гэж нэрлэх нь ташаа бөгөөд тэд бол халдвар тээгчид юм. Коронавирус хүний биед ороод зарим тохиолдолд, ялангуяа дархлаа султай биед нэвтэрч уушигны хүнд өвчин үүсгэж байгааг нь ковид-19 өвчин гэж нэрлэдэг. Коронавирус ба ковид-19 гэдэг ойлголтыг хооронд нь хольсноос үүдээд халдвар тээгч бүрийг заавал эмнэлгийн орчинд эмчлүүлэх хэрэгтэй өвчтөн гэдэг ташаа ойлголт яваад байна. Үүний зэрэгцээ өвчний ямар ч шинж тэмдэггүй халдвар тээгчийг хүртэл хүнд өвчтөн мэт тооцоод байгаа нь буруу ташаа ойлголт юм. Энэ нь иргэдийн хооронд үл ойлголцол бий болгох, даамжирвал үзэн ядалт уруу хөтлөх юм. Коронавирусын халдварын тархалтын хурд нь ханиад томууны улиралд эрс ихэсдэг бөгөөд хүний биед өвчин өдөөх, сэдрээх аюул нь нэмэгдсэнээр тухайн орон нутаг дахь эмнэлгийн хүний болон багаж төхөөрөмжийн нөөцийг шавхах эрсдэлд хүргэдэг. Үүнийг хүн төрөлхтөн Ковид-19 ийн хор уршиг цар тахлын хэмжээнд хүрлээ гэж дүгнэдэг.
Хоёр. Эрсдэлийг тогтоох шалгуур. Ямар үед хөл хориог хатуу тогтоох юм, хэдийд нь үүнийг сулруулах юм гэдгийг тогтоодог математикийн стастикт суурилсан тоон хэмжүүрүүдийг гаргаж хэрэглэх шаардлага байна. ХБНГУ-д аливаа хот суурин газрын 100.000 хүн тутамд долоо хоногт 50 иас олон халдварын тохиолдол бүртгэгдэж байвал тухайн хот суурин газарт эмнэлгийн ачаалал хүндэрнэ гэж үзээд хөл хориог тодорхой зэрэглэлд хийдэг. Үүнтэй төстэй хэмжүүр тоог гарган авахдаа тухайн улс орон, хотод байгаа эмнэлгийн тоо, түүнд байгаа эмч сувилагчийн болоод техник төхөөрөмжийн нөөцөд суурилуулах юм. Энэ хэмжүүр дээр нэмээд нөхөн (дахин) үржихүүн тоо гэсэн бас нэг шалгуурыг хэрэглэдэг. Уг тоо нь нэг халдвар тээгч хүн дунджаар хэдэн хүнд вирусыг тараасныг илэрхийлдэг. Энэ тоог халдварын талаар цугларсан тоон өгөгдлийг магадлалын онолоор боловсруулах замаар гарган авах бөгөөд энэ тоо 1-тэй тэнцүү үед халдвар авсан хүний тоо өөрчлөгдөөгүй, 1-ээс дээш гарвал халдварын тоо нэмэгдсэнийг харуулна. Харин уг тоо 1-ээс бага тэг үрүү тэмүүлж байвал халдварын тоо буурч байгаа бөгөөд ямар хурдтайгаар энэ тоо буурч байгаагаар коронагийн эсрэг явуулж байгаа тухайн арга хэмжээг хэр зэрэг үр дүнтэй байгааг дүгнэж болдог. Мөн энэ тоо нэгээс бага үед хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үздэг. Энд өгүүлсэнтэй төстэй шинжлэх ухаанд суурилсан, тооцоо судалгаагаар гарган авсан шалгуур хэмжүүртэй байх нь шийдвэр гаргагчидын ажилд ач холбогдол өндөртэй. Үүн дээр нэмээд ХБНГУ-д коронавирусны халдвартай гэж бүртгэгдсэн хүмүүсийн хэдэн хувь нас барсан гэдгийг харуулсан тоо байдаг ба энэ талаар дээр цухас өгүүлсэн. Уг тоо мөн л хөл хорио тогтоох шаардлага үүссэн үед хэрэглэдэг хэмжүүр болдог. Иймэрхүү тоон хэмжүүр бодож олоход их дээд сургуулийн математикчид ухаанаа уралдуулах хэрэгтэй.
Гурав. Оношлогооны багаж. Оношлогооны багажны тоо хүрэлцээ, хүчин чадал, хурд, чанар нь дэлхийн жишигтэй харьцуулбал ямар байгаа талаар мэдээлэл нийтэд ил байвал зүйтэй. Хэрэв хүн амдаа харьцуулбал хангалттай хэмжээний оношлуурын хүчин чадалтай байвал сэжиг илэрсэн орон нутагт иргэдийг нийтээр нь оношлогоонд хамааруулж халдвар тээгчдийг эрт үед нь хугацаа алдалгүй тогтооно. Ийм арга нь бидний одоо хэрэглээд байгаа хавьтал нэг бүрийг мөрдөн хайх аргатай харьцуулбал цаг алдахгүй хавьгүй өгөөжтэй арга.
Судлаач Доктор.Д.Нямбаяр хэвлэл мэдээлэлд монголчуудтайгаа баг болж бүтээсэн оношлогооны нарийвчлал өндөртэй, хурдтай алсдаа өөр төрлийн вирусны оношлогоонд хэрэглэж болохоор универсал хэрэглээтэй багаж бүтээснээ удаа дараа мэдэгдлээ. Хэрэв тэднийг санхүүжүүлээд өгвөл Монгол улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өөрийн оношлууртай улсын тоонд орох боломж нээлттэйг төсөл санаачлагчид хэлсэн байгаа.
Гэтэл холбогдох яам агентлагууд нь яагаад энэ асуудлыг шалгаад анхаарлаа хандуулахгүй таг чиг байна вэ? Тэгсэн хэрнээ саявтархан олон нийтийн тв-ээр шинжлэх ухааны академи эсрэг биетийн оношлгооны багаж бүтээнэ, түүгээрээ ирээдүйд гарах коронавирусны вакцины үйлчилгээг танадаж хянана гээд мэдээлсэн. Гэтэл эсрэг биетийн оношлогооны ижил багажийг ХБНГУ-д Рош компани өнгөрдөг 5 сараас зах зээлд сар тутам 3 саяыг нийлүүлнэ гэсэн төсөл сүртэй эхлээд сураггүй болсон. Энэ юуг өгүүлнэ вэ. Одоо оройтойгүй байгаа тул өөрсдөө оношлогооны багажтай болох талаар ухаанаа уралдуулмаар байна. Энэ асуудал ач холбогдлоороо вакцин худалдаж авахаас хамаагүй өмнө эрэмбэлэгдэх юм.
Дөрөв. Халдвар тээгч болон тусгаарлах орчин. Ер нь коронавирусын халдвар тээгч хүн ямар хугацаанд дамжуулагч болдог, ямар хугацааны дараа аюулгүй зөвхөн тээгч болдог, халдварыг хүн давтан авч болох уу, тэгвэл тэр хүн зөвхөн тээгч үү эсвэл дамжуулагч уу гэм мэтийн асуудлуудад вирус судлаачид цэгцтэй тайлбар өгөх нь иргэдэд асуудлыг зөв ойлгоход тустай.Тэгвэл шийдвэр гаргагчидад ч тустай болно.
ХБНГУ-д оношлогоогоор коронавирустай нь нотлогдсон хэдий ч аливаа зовиур, өвчний шинж тэмдэггүй иргэдийг гэрийн хорионд 14 хоногийн хугацаанд байлгаад давтан шинжилгээнд хамруулж сөрөг гарвал эргээд ажил сургуульд нь явахыг зөвшөөрдөг. Энэ аргаар тэмцэхийн урьдчилсан нөхцөл нь оношлогооны багажны чанар нарийвчлал өндөртэй байх хэрэгтэй болно.Гэрийн хорионы давуу тал нь өвчний шинж тэмдэггүй халдвар тээгчийг эмнэлэгт аваачиж хурц хэлбэрийн өвчинүүдтэй холихоос сэргийлдэг үр дүнтэй арга юм. Харин гэрийн хорионы дэглэмийг санаатай зөрчсөн хүнд өндөр мөнгөн торгууль ноогдуулж хяналтаа тогтоож тэмцдэг.
Тав. Ариутгал. Бага насны хүүхдийн гарыг шингэн савангаар уу тосон гаралтай хатуу савангаар угаалгах уу, савандаад угаасан гарыг ариутгагч бодисоор нэмж ариутгах нь зөв үү, мөн хэт халуун усаар угаах нь гарны арьсыг хэрхэн гэмтээж болох, гэртээ байхдаа хэт олон давтамжтай гараа угаах нь зөв үү гэдэг асуултуудад мэргэжилтэнүүд сайн цэгцтэй мэдээлэл иргэддээ өгөх хэрэгтэй байна.
Түүний зэрэгцээ манай улсад гар ариутгагч бодисуудыг хаанаас нийлүүлж байна, тэдний чанарын баталгаа болон арьс гэмтээхгүй гэдэг эрүүл ахуйн баталгааг ямар албанаас хянаж байгаа талаар цэгцтэй мэдээлэл дутагдаж байна. Мөн ямар тохиолдолд өрөө тасалгааны ариутгал шаардлагатай вэ, коронавирус аливаа гадаргуугаар дамждаг нь батлагдсан уу, Улаанбаатарт телевизийнхэн студиэ өдөр бүр ариутгуулж байгаа нь зөв үү, гэтэл яагаад Германд тасалгааны цонхоо 30 мин тутамд нээж 5 минутаар нэвт салхилуулах замаар өрөө тасалгаагаа ариутгахыг мэргэжилтэнүүд зөвлөөд байна гэдэг асуултуудад мэргэжилтэнүүд цэгцтэй зөвлөгөө өгөх хэрэгтэй байна.
Өөр нэгэн чухал зүйл бол аяга тавгийг өндөр температуртай усанд ариутгах цаашлаад сав угаагч машинд уураар угааж ариутгахыг хоолны үйлчилгээ явуулдаг газрууд мөн сурагчдынхаа өдрийн хоол цайг бэлтгэж байгаа сургуулиуд стандарт болгон хэвшүүлбэл коронавирус төдийгүй халдвартай олон төрлийн бусад вирус бактерийг устгахад хэтдээ хэрэгтэй юм. Энэ асуудал албан тасалгааг химийн бодисоор шүршиж ариутгахаас эрэмбээрээ хавьгүй өмнө нь явах учиртай.
Зургаа. Амны хаалт. Зуны дэлгэр цагт задгай агаарт алхахдаа амны хаалтыг заавал зүүх хэрэгтэй эсэх, энэ нь настай хүн бага насны хүүхдэд ямар сөрөг нөлөөтэй эсэх, хэрэв бид нийтийн унаа худалдаа үйлчилгээний газарт л иргэдээ амны хаалтыг нь хатуу хяналттай зүүлгүүлээд харин агаарт алхахдаа хаалтаа зүүх эсэхийг өөрсдөөр нь шийдүүлсэн бол иргэд хаалт зүүхээсээ тэгтэлээ залхах байсан уу гэдэгийг шийдвэр гаргагч нар анхаарах хэрэгтэй болов уу. Мөн бидний хэрэглэж байгаа гаднаас оруулж ирсэн амны хаалтны чанар эрүүл ахуйн шаардлагад хүрч байна уу, үүнийг хэн хянаж байгаа вэ гэдэгт хариуцдаг албад тайлагнаж байвал зүйтэй. Урт хугацаандаа бид нэг ашигладаг импортын хаалтнаас татгалзаж өөрсдөө үйлвэрлэсэн олон хэрэглэдэг хаалтыг хэрэглэж сурвал иргэдэд хэмнэлттэй, цаашлаад эрүүл ахуйн талаасаа ч илүү зөв шийдэл болно.
Долоо. Вакцин. АНУ зэрэг халдвар өвчлөл өндөр байгаа улсын хувьд аливаа вакциныг гаруут нь авах гэдэг бол ойлгож болох асуудал.Харин Монгол улсын хувьд бид нар гаруут яаран нь авч туршдаг нь зөв үү, яагаад бид чанар нь бусад улсуудад туршигдаад хүлээн зөвшөөрөгдөөд ирэх үед нь, үнэ нь буугаад хямд болохоор нь авч болохгүй гэж.Хэрэв үнэхээр авах шаардлага гарвал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг авахгүй бол ойрын ирээдүйд гадаадад зорчихын тулд хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хийлгэсэн байх болзол тавьдаг цаг айсуй.Вакцины сонголт, худалдан авалтыг хэн хариуцах естой вэ гэдэг асуудалд иргэд хяналтаа тавьж байх нь яг одоо ус агаар мэт хэрэгтэй байна. Ямар ч мундаг вакцин гарлаа коронавирус бүрмөсөн устаж алга болохгүй, хүн төрөлхтөний амьдралын нэг хэсэг болж үлдэнэ гэдгийг бид мартаж болохгүй.
Вакцин бол коронавирусны хор хөнөөлийг цар тахалд аваачихгүй барихад л тус болно. Иймд та бидний зорилго бол коронавирустай тэмцэхдээ ухаалаг, шинжлэх ухаанч байж ахуй амьдралдаа цаашлаад улс орныхоо эдийн засагтаа хохирол багатай давах гэдгийг хатуу ойлгох нь чухал.
Төгсгөл. Манай шийдвэр гаргагчид бүх зүйлийг зөвхөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын заавраар хийж байна гэж сүүлийн өдрүүдэд давтан давтан хэлэх боллоо. Тэд маань бие даасан бодлогогүй, зүгээр л бусадын заавраар ажлаа явуулаад, шийдвэрээ гаргаад байдаг хүмүүс юмуу гэдэг бодол төрөх боллоо. Эсвэл тэд алсдаа бусдад алдаагаа тохох арга мэхээ одооноос хайгаад байна уу гэдэгт хэрсүү иргэд минь анхааралаа тавих нь чухал шүү.
Хэрэв та хүсч байвал ХБНГУ-ын вирус судлаач эрдэмтдийн бичсэн ярьсан материал интернет орчинд нээлттэй байна. Тухайлбал вирус судлаач Доктор Дростен 1-р давалгааны хүнд цаг үед подкаст-аар өдөр бүр цуврал ярилцлага өгч нийгэмд үүссэн коронавирусыг тойрсон буруу ташаа ойлголтыг цаг алдахгүй залруулж байсан материал youtube-д байгаа. Ийм шинжлэх ухаанч мэдээлэл иргэдийг хий айдаснаас ангид байлгаж зөв мэдээллээр хангахад ус агаар адил тустай юм.
ХБНГУ-аас иргэн П.Давааням
Сэтгэгдэл (0)