Монгол улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан болов
- 2020-11-25
- Сурталчилгаа
- 0
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны V хуралдаан энэ оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдав.
Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахалж, хоёр талаас голлох төр, засгийн байгууллагын төлөөлөл оролцов.
Энэ удаагийн хуралдаан нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог бөгөөд хуралдааны үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэлийг хангах, хоёр улсын стратегийн яриа хэлэлцээний механизмыг бий болгож, тогтмолжуулах, салбарын яам, байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалтыг тасалдуулахгүй зохион байгуулах талаар ярилцав. Мөн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг дүгнэв.
БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдлыг дүгнэж, эрчимжүүлэхээр ярилцлаа. Тухайлбал, “Солонго 1”, “ Солонго 2” төсөл, “10 аймгийн төвийн дулааны станц барих” төсөл, “Аялал жуулчлалын нэгдсэн сургалтын төв” байгуулах зэрэг төслийн хэрэгжилтэд анхаарахаар болов.
Талуудын дээд, өндөр түвшинд тохирсон худалдаа, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны олон чухал тохиролцоог урагшлуулж, бодит ажил хэрэг болгох талаар санал солилцов. Энэ хүрээнд Солонгосын ухаалаг хот байгуулсан туршлагыг судлах, Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийн 3 дугаар шатны ажлыг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн стандартыг тохирох чиглэлээр ажлын түвшинд хамтран ажиллахаар тогтов.
Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсон нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт хоёр тал санал нэгдэв. Солонгосын тал хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаарх хамтарсан судалгааны ажил дээр үндэслэн тоо, баримтыг шинэчлэх чиглэлээр ажил хэргийн түвшинд үргэлжлүүлэн ажиллахыг санал болгов.
Талууд цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд ойр дотно түнш орнуудын хувьд үргэлжлүүлэн мэдээлэл, туршлага солилцож, нягт хамтран ажиллахаар ярилцав. Мөн цар тахлын улмаас хоёр улсын агаарын замын зорчих хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэхэд харилцан дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглэж, цаашид ч энэ чиглэлээр ойр дотно ажиллахаа нотлов.
Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Талууд дараагийн хуралдааныг ирэх онд Сөүл хотноо зохион байгуулахаар тогтов.
Сэтгэгдэл (0)