Өнөөгийн Монголыг бүтээлцсэн өнөд дурсагдах гавьяатан

-МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД ҮЛЭМЖ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТНҮҮДИЙН НЭГ БОЛ Д.МОЛОМЖАМЦ МӨН-

Д.СОДНОМ /Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, гавьяат эдийн засагч, Чингис хааны одонт/

Хорьдугаар зуунд БНМАУын нам төрийн удирдах албанд хагас зуу гаруй жил цуцалтгүй хөдөлмөрлөж, Монгол Улсын хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсан гавьяат зүтгэлтнүүдийн нэг бол Дэмчигийн Моломжамц юм. Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн. Баруун Чойрын хийдэд найман жил шавилан сууж төвд ном заалгаж, монгол бичигт сурсан байна. Ю.Цэдэнбал гуайг Санхүүгийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан 1938 онд тус сургуульд орж суралцаж байгаад мөн Цэдэнбал гуайн шийдвэрийн дагуу Эрхүү хотод явуулж санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцуулсан арван хүүхдийн нэг болжээ. Энэ эрхэм хүн одоогийн ОХУын Эрхүү хотод Санхүү, эдийн засгийн дээд сургуульд 1940 онд элсэж дэлхийн хоёрдугаар дайны бүх жилүүдэд суралцаад 1946 онд улаан дипломтой төгсөж ирснээсээ хойш Монгол Улсын Засгийн газарт Сангийн яамны сайд, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын албан тушаалд 20 шахам жил, МАХН-ын удирдлагад Улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн даргын албанд санхүү, эдийн засгийн асуудлыг голлон хариуцаж тасралтгүй 25 жил ажилласан ажээ.

Монгол Улсын санхүүгийн дээд мэргэжил эзэмшсэн анхны хүний нэг, маршал Х.Чойбалсангийн даалгавраар хангай, говийн дөрвөн аймаг, 12 сум, олон арван малчин айлаар олон сарын хугацаанд явж, ажил амьдралыг нь судалж, улмаар маршалын томилолтоор Сангийн яамны орлогч болон сайдад томилогдон ажиллаж эхэлсэн юм билээ. Түүний хагас зууны ажил амьдралын түүх нь 1946–2000 оны Монгол Улсын амьдралын салшгүй нэг хэсэг мөн. Би 1950 онд Д.Моломжамц гуайтай танилцаж, түүний анхаарал халамжийн ачаар Сангийн яаманд 17 настай байхдаа ажил хийж эхэлсэн, санхүүгийн дээд мэргэжилтэй болж улмаар санхүү, эдийн засгийн байгууллагад өндөр хариуцлагатай албанд ажилласан бөгөөд 2006 он хүртэл хугацаанд ойр дотно харилцаатай байсан юм. Миний халамжлан хүмүүжүүлэгч, түмний ярьдгаар миний хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэж өгсөн хүн. Тэр буянтай хүний ач буяны тухай над шиг ярих санхүү, эдийн засгийн мэргэжил эзэмшиж амжилттай ажилласан хүмүүс олон бий. Д.Моломжамц даргын 85 насны ой 2005 онд тохиож, гавьяат эдийн засагч цолоор шагнагдахад нь түүний сургаж хүмүүжүүлсэн болон олон жил хамт ажилласан нөхөд, таньдаг мэддэг олон зуун хүн түүний гавьяат үйл ажлыг бахархан тэмдэглэж байж билээ. Энэ эрхэм хүний гавьяа, улс эх орныхоо төлөө хийсэн ажил, түүний эрхэм чанарын тухай би өөрийн “Амьдрал, бодол“ дурсамжийн ном, өөрийнх нь “Би ганцаараа бүтээсэн юм биш …“ номонд нь өгсөн нийтлэлдээ, мөн түүнийг нас барсны дараа сонинд өгсөн нийтлэл зэрэгт бичсэн. Энэ удаа зарим зүйлийг нэмж бичлээ.

 

 

Д.Моломжамц гуай бол Монгол Улсын дөчөөд оны хоцрогдолын үеэс хойших социализмын үеийн хөгжлийн бүх түүхэн бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулахад идэвх зүтгэл, үр бүтээлтэй оролцож, гавьяа байгуулсан ховор хүний нэг. Ард иргэдийг бичиг үсэг мэддэг болгох төдийгүй бүх хүүхдийг бүрэн дунд болон арван жилийн боловсролтой болгох, үндэсний боловсон хүчнийг бэлтгэж улс ардын аж ахуйн бүр салбарт шаардлагатай мэргэжилтнүүдтэй болгох, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж эрүүл иргэдтэй болох, Монгол Улсыг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хөгжилтэй орон болгох зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүхэн ололт амжилтыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан хүний нэг.

 

Д.Моломжамц гуай Монгол Улсад санхүү эдийн засгийн мэргэжилтэй боловсон хүчнийг сургуульд сургах болон ажиллуулах, дадлагажуулах уран аргаар бэлтгэж өгсөн гавьяатай хүн. Сангийн яамны сайдаар ажиллаж байхдаа яамныхаа харьяалж байсан Санхүүгийн техникумд суралцсан залуучуудыг яамандаа болон аймгуудын санхүүгийн хэлтэст ажиллуулж ажлын туршлагатай болгоод, хэлний бэлтгэлтэй хэсгийг нь тэр үеийн ЗХУ-ын Санхүү, эдийн засгийн дээд сургуульд явуулж, дадлагын ажлыг Монголдоо хийлгээд төгсөөд ирэхэд нь яамандаа болон аймаг, хотын санхүүгийн хэлтэст ажиллуулдаг байсан. ЗХУ-ын Сангийн сайд Зверев гэдэг хүнтэй ярилцан тохирч, Эрхүү хотын санхүү эдийн засгийн дээд сургуульд олон зуун залуучуудыг суралцуулсан байдаг. Энэ хүний туршлагаар ма­най яам, тусгай газрууд хариуцсан салбартаа одоо ба ирээдүйд шаардлагатай мэргэжлээр яамныхаа захиалгаар дотоод гадаадын их, дээд сургуульд залуучуудыг элсүүлж суралцуулаад, төгсөж ирэхэд нь мэргэжлээр нь ажиллуулдаг болмоор байдаг. Д.Моломжамц гуай орос хэлний мэдлэгээр үлгэрлэж байсан. Хоёр жишээ дурдъя. Сангийн сайд байхдаа Ардын Их Хурлын чуулганд хийх Улсын төсвийн тухай илтгэлээ заавал монгол, орос хэл дээр бэлтгэдэг байсан. Ингэж хоёр хэл дээр илтгэлээ бичихэд утга агуулга, үг найруулгын алдаа согог засагддаг гэж ярьдаг байж билээ. Мөн ЗХУ-ын Засгийн газартай далаад оны үед эрүүлийг хамгаалахад хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцээрийг тохиролцоод гарын үсэг зурахын өмнө дахин хянаж байхдаа зардлын санхүүжүүлэлтийн тухай заалтад ганц үг өөрчлөгдсөн байсныг олж үзээд засуулсан. Хэрэв тэр ганц үгийг анзаарч засуулаагүй бол нөгөө талын хариуцахаар тохирсон их хэмжээний зардлыг манай тал хариуцах болж өөрчлөгдөх байсан тухай ярьж байсан. Өөрөөр хэлбэл гадаад хэл, түүний утга учрыг сайн мэддэг байх, асуудалд хянамгай, хариуцлагатай хандаж байхын ач тусын тухай ярьж байсан юм. Энэ хүний туршлагаар залуучуудын гадаад хэлний мэдлэгийн чанарт анхаармаар байгаа юм. Одоо манай залуучууд англи, япон, хятад хэлийг сонирхож сурахыг хичээж байна. Аль нэг хэлийг нь онцолж чанартай сурах, унших ярих төдийгүй, сонгосон мэргэжлээрээ илтгэл бэлдэх, мэргэжлийн орчуулга хийх, гэрээ хэлэлцээрийн гадаад хэл дээрх хувийг хянаж боловсруулахдаа ашиглах чадвартай болсон байх нь чухал. НҮБ-ын хэрэглэдэг хэлний нэг орос хэлийг сурах ёстой. Хэл сайн мэддэг хүн бол баян хүн. “Эрхэм баян эрдэм“ гэдэг. Д.Моломжамц гуай манай нам, төрийн алдарт зүтгэлтэн Ю.Цэдэнбал гуайтай 1946 оноос дөч шахам жил хамт ажилласан, бие биеэ хүндэлдэг, үнэлдэг байсан. Нам, төрөөс гаргах шийдвэр, олон улсын гэрээ хэлэлцээрийн төслийг Цэдэнбал гуай хянаж байхдаа Д.Моломжамцад үзүүлж санал авсан уу гэж асууж байхыг би олон удаа ажигласан бөгөөд түүний итгэлийг хүлээсэн дотнын хүний нь нэг юм байна даа гэж боддог байсан. Д.Моломжамц гуай бол жинхэнэ хүний мөс чанартай, Монголоо алдаагүй эрхэм хүний үлгэр жишээ байсан нь 1984 онд Ю.Цэдэнбал гуайг бүх албан тушаалаас нь чөлөөлж, тэтгэвэрт гаргах асуудлыг шийдэж байхад хэрхэн оролцож байснаас харагддаг. Ж.Батмөнх гуай дурсамжийн номдоо ЗХУ-ын Коммунист намын Төв хороонд 1984 оны наймдугаар сард болсон уулзалт дээр Цэдэнбал гуайг эрүүл мэндийн шалтгаанаар бүх албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагатай болоод байгааг, энэ асуудлыг монголчууд өөрсдөө нэн даруй шийдвэрлэхийг Зөвлөлтийн нөхөд зөвлөж байхад Д.Моломжамц гуай нөхөр Ю.Цэдэнбалыг бүх ажлаас нь гэнэт өөрчилбөл энэ хүн ажилгүй байж үзээгүй учир бүр хүнд байдалд орно. Тийм учраас зохих шатаар ажлыг нь хөнгөлвөл яасан юм гэж байсан.

Түүний ажлыг гэнэт өөрчлөхөд манай ард иргэд, намын гишүүд ойлгохгүй байж болно шүү дээ гэж ч хэлж байсан юм билээ. Олон арван жил хамт ажиллаж, зовлон жаргалаа хуваалцаж амьдарсан хүндэтгэдэг удирдагчаа гэнэт ажилгүй болгох асуудлыг зөвшөөрч чадахгүй байсныгаа илэрхийлж л байсан юм. Ю.Цэдэнбал гуайн гавьяа шагналуудыг хурааж авсан нь буруу, буцааж олгох хэрэгтэй гэсэн саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид бичиж байсан, түүний гэргий А.И.Филатоваг халамжилж байх хүн томилох, мөнгөн тусламж үзүүлж байх саналыг ч Ерөнхийлөгчид хэлж бичиж байсан юм билээ.

Хүний мөс чанар гэдэг энэ. Монгол Улсын хорьдугаар зууны удирдагчид болох Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, тэдний журмын нөхөр, хамтран зүтгэгчдийн нэг нь болох Д.Моломжамц нар мал маллаж, зам тавьж, тоосго өрж барилга барьж байгаагүй, харин феодалын нийгмийн үеийн хоцрогдсон буюу дундажаар дөч орчим жил насалдаг, бичиг үсэг мэддэг хүн ховор, зөвхөн мал маллаж амьдардаг 600 орчим мянган хүн амтай байсан Монгол Улсыг бүх талаар хөгжсөн улс болгох арга замыг бодож сэтгэж, оновчтой бодлого төлөвлөгөө боловсруулан, ард түмнийхээ хүчийг нэгтгэн хэрэгжүүлж байсны ачаар өнөөдөр Монгол Улс дундажаар 79 насалдаг, гурван сая гаруй эрүүл, боловсролтой иргэдтэй, хөгжлийн орчин үеийн түвшний үндэс суурийг бүрдүүлж, улсынхаа тусгаар тогтнолыг баталгаатай болгон хойд үедээ өвлүүлсэн гавьяатай хүмүүс. Зөв сэтгэж бодох, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай, ариун сэтгэлтэй хүмүүс байжээ. Дилав хутагт Жамсранжав “ариун сэтгэл авралын үндэс“ гэж хэлсэн байдаг. Дэмчигийн Моломжамц гэдэг эрдэм чадвартай, ариун сэтгэлтэй эрхэм хүнийг Монголын ард түмэн хүндэтгэн дурсаж байх болно.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)