Архи зарах уу, эс зарах уу...

Нэг шил виски, 2 шил архи, 23 шил шар айраг зарж байгаад баригдсан залуус зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан намтартай боллоо. Энэ ч яахав, зүгээр би энийг том шагчид жижиг шагчдаа хязгаарлаж байгаа үйлдэл гэж харах боломжтой гэж бодлоо.

Амьд байх

Хүн төрөнгүүт амьсгалах, идэх, баах шээх хэрэгцээнүүд үүснэ. Аль нэгийг нь хийхгүй бол үхнэ. Үхэхгүй л байвал болоо гэх нь өнөөдрийн дэлхий дээр даанч хэзээ ч тохирохгүй. Тиймээс ч хүнийг шийтгэх хамгийн оргил шийтгэл нь дээрх гурвыг л үлдээх буюу гянданд хорьдог. Ийм хоригдлууд цаазлаад өгөхийг гуйдаг гэж байгаа. Амьдрахаас үхэхийг илүүд үзнэ гэхээр зөвхөн амьд байх нь хүний хэрэгцээ биш юм байна гэдгийг харуулж байна. Тэгэхээр ухамсар суусан хүний амьдралаас амьсгалах, идэх, биз засахгурвыг “хэрэгцээ” гэж нэрлэхгүй байсан ч болохоор санагдана. Харин одоо жинхэнэ хэрэгцээний тухай ярий. 

Хэрэгцээ

Ер нь хүн төрөлхтөн түүхэндээ бий болгоод, тэр нь хэдэн мянган жил шалгараад ирсэн бүх зүйлс хүнд хэрэгтэй л зүйл. Гэхдээ бусдад садаа болдог ба болдоггүй гэж ялгаад садаа болдгийг нь бүх нийтээрээ зөвшиж байгаад хориглохыг оролддог. Дайн, шашны хэнээрхэл, цуврал алуурчид, хар тамхи гэх мэт. Гэхдээ л нөгөө талд хэрэгцээгээ хангах гэсэн хэмжээлшгүй их хүсэл байхад хориглох боломжгүй учраас хүч хэрэглэдэг болж цагдаа, хууль хүчнийхэн үүссэн байна. 

Гэсэн ч энэ тэмцэл хэзээ ч дуусахгүй, хүн төрөлхтөнтэй л хамт устаж үгүй болно. Ингээд тодорхой зааг гаргаад заримыг нь хүчээр хорьж, заримыг нь орхисон. Тухайлбал зодож болохгүй загнаж болно. Зэвсэгийг хаа сайгүй зарж болохгүй памперс зарж болно, хар тамхи хэрэглэж болохгүй алкохоль болно, гүтгэж болохгүй харин цаад үнэнийг мөшгин судалж болно гэх мэт. 

Энэ бол бас л хэдэн мянганы амьдралаас гарч ирсэн амьдрал ба хэрэгцээг хангах шилдэг загвар. Ямар ч ухаантан бодож олж чадаагүй, амьдрал өөрөө бий болгосон хил зааг юм. Энэ жаахан л өөрчлөгдвөл эмх замбараагүй байдал үүсч залруулж болохгүй алдаа гарна. Жишээ нь зэвсэг памперс хоёр нэг лангуун дээр тавигдаж, зодох ба загнах явдал заавал хамт байх учиртай гээд эхэлбэл юу болох вэ? 

За одоо эндээс бид сэдвийн дагуу “хар тамхи хэрэглэж болохгүй алкохоль болно” гэсэн хэсгийг сугалж аваад цаашаа ярий. 

Алкохолийг хориод амжилтанд хүрсэн түүхүүд

Уучлаарай худлаа гарчиг тавьчихлаа. Учир нь ийм түүх байхгүй. Бүх ийм оролдлогууд гэмт хэрэгтнүүдийг хэдэн зуугаар үржүүлж, муу цагдаа нарыг төрүүлж, хортой архи ууж үхсэн хүмүүсийн бүртгэлийг зузаатгасан. Арабын Эмират архины жирийн дэлгүүр байхгүй. Гэхдээ хамгийн аймар хуультай энэ оронд энэтхэг пакистанууд архи шаглаж дөнгөөд л байгаа юм. Гэртээ уудаггүй ч гараад уудаг олон ислам хүнийг би таньдаг байлаа. Алкохол уух хүсэл нь хүний сайхан хоол идэх, хошиг шог сонсох, магтаалд умбах, секс хийхтэй яг адил хэрэгцээ юм. Хориод амжилтанд хүрсэн нэг ч түүх байхгүй байгаа нь үүнийг гэрчилнэ. Харин ч уруудаж, баларч, өөр олон асуудал үүсч, шийдвэр гаргагчид нь мунхаг байснаа хүлээн зөвшөөрч буцсан байдаг.

Тэгвэл манай оронд юу болох вэ. Хөл хорионы хүрээнд бүх алкохольтой ундаа хориглосоны маргааш л гар дээрээс зарах зарууд интернэтэд гараад ирсэн. Цагдаа “хөөе!” гэсэн, тэр дороо нуугдсан. Өдгөө зарах зарууд алга болж авах зарууд үлдсэн. Авна гэнгүүт л “зары шүү” гээ л ороод ирж байна. Өдийд бараг таньдаг цагдаатайгаа нийлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Цагдаагийн байгууллагыг биш цагдаа нар дотор янз бүрийн хүн байдаг тухай хэлж байна. Дэлхий даяар, бүх түүхийн туршид байсаар ч ирсэн, байх ч болно. Ингээд мафия үүсч байгаа юм. Бөөн гэмт хэрэгтнүүд төрөн гарлаа. Баяр хүргэе!

Санал болгож байгаа гол зүйл

Хөл хорио цаашаа сунгагдах магадлал өндөр байна. Яг энэ хэвээрээ үргэлжлэх юм бол асуудал энэ алкохоль хорьсноос бол хүндэрнэ шүү. Зөөлөн градустай буюу 18 градусаас доош алкохольт ундааг зарах зөвшөөрөл нээе. Тоог нь хязгаарласан ч болно. Нэг хүнд 2 шил дарс, 5 шил шар айраг гэх мэт. 

Сүүлийн мөнгөөрөө пиав авч уугаад үр хүүхдээ зовооно шдээ гэсэн өнцөг явж байна. Сүүлийн мөнгөөрөө пиав авдаг хүн юм бол аль хэдийнэ нэг юм олоод уучихсан л байгаа. Хүмүүсийн ухамсрыг тэгшитгэх аргагүй. Муугийн сагсанд сайнуудыг нь хийх, сайны сагсанд мууг нь багтааж болохгүй. Нэг ч эрсдэл, сүүдэргүй арга хэмжээ ч гэж байдаггүй. Энэ тохиолдолд зөөлөн градустай уух юмыг зөвшөөрөх нь алсдаа бүр ч том асуудлыг эхэнд нь залруулсан хэрэг болно. Хаашдаа л хоногтоо хэдэн зуугаараа эрүүлжүүлэгдсээр л байна шүү дээ. Олж авч уусаар л байна. Хуурамч архи дарс хийгдэх, зарагдах цаг аль хэдийнэ болсон байх. Гарцан, зарагдаж ч байгаа байх. Ахиад Азийн чонын түүх эргэлээ. Насанд хүрсэн, эрүүл саруул ухаантай бүх хүн энийг ойлгоно. Эсвэл.. хэн нэг даргын траума, өш хонзонгоос үүдэлтэй шийдвэр юм болуу ч гэж бодогдож байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)