Хөл хориог хэсэгчлэн сунгах, зэрэглэл бууруулах талаар судалж байна
- 2020-11-27
- Топ сэдэв
- 0
УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг 10 хоногт зохицуулах журмын талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Орон нутагт очсон иргэдийг хянах бүтэц хэр найдвартай ажиллах вэ?
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Аймаг, сум руу зорчих иргэдийг тухайн орон нутгийн онцгой комисс хянана. Тухай бүрт нь УОК-ын Шуурхай штаб мэдээллээр хангана. Өөрийгөө 14 хоног тусгаарлах үед халдварын шинж тэмдэг илэрвэл яаралтай байр бэлдэж тусгаарлахыг журмаар зохицуулсан.
-Автобусанд 2 хүний суудалд нэг хүн суувал, иргэдийн зардал 2 дахин нэмэгдэх үү? Сум руугаа яаж харих вэ? Өмнө сайн дураар өгсөн шинжилгээ хүчингүй юу? Өөрийгөө тусгаарлахад гэр бүлийн гишүүд гадуур явахгүй, цуг тусгаарлагдах уу?
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд: Хот хооронд зөвхөн том оврын автобус явна. Үнэ нэмэхгүй, тогтсон тарифаар зорчино. Онгоц, автобусны тээвэр ялгаагүй нэг агаараар амьсгална. Иймд суудлыг 70-75 хувиар дүүргэнэ. Замд явж байхад халуурах зэргээр бие нь тавгүйтсэн хүнийг автобусанд тусгаарлахаар суудал бэлдсэн. Зорчих хөдөлгөөний талаар www.119.mn сайтаар захиалга авахдаа хаягийг нарийн бүртгэж байгаа. Улаанбаатараас аймагт очиж, сумруу очих бол хувийн тээврийн хэрэгслээр зорчино. Хүсвэл аймгаас сум руу шуудан тээвэр явуулна. Захиалгадаа үүнийг тодорхой бичсэний үндсэн дээр зохицуулна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал: Цар тахал тархсан энэ үед иргэн бүр хариуцлагатай байхыг хүсэж байна. Илүү гэр гэхчлэн аль болох боломжит бүх нөхцөлөөр өөрийгөө тусгаарлана. Өмнө нь сайн дураар шинжилгээ өгсөн байсан ч зорчих үед 48 цагийн дотор өгсөн шинжилгээний хариуг хүчинтэйд тооцно.
-Уулын мухарт очсон малчин малдаа явна, хянахад хэцүү. ДЭМБ түргэвчилсэн оношлуур хэрэглэхийг болиулж байгааг ”Оном” сангийн эрдэмтэд хэлсэн. Ер нь хөл хорио сунгах уу?
Г.Ариунбуян: УОК иргэдийн аюулгүй байдлыг хангах, халдвар тархаагүй бүс нутаг руу иргэдийг очиход онцгой анхаарч, тодорхой хугацааны эрэмбэ дараатай хөдөлгөөнийг зохицуулна. Албан ажил, эмчилгээ зэрэг шалтгаанаар хотод ирсэн иргэдээ буцаах юм. Хөл хориог хэсэгчлэн сунгах, зэрэглэл бууруулах талаар эрдэмтэн, судлаач, холбогдох мэргэжлийн байгууллага судалж байна. 12 дугаар сарын 1-нээс өмнө тодорхой шийдвэр гарна. Сум багт очсон иргэнд хяналт тавих боломжтой. Тухайн сум, багийн засаг дарга нар, айл саахалт, ахан дүүс ч хяналт тавина. Шаардлагатай бол аймаг, суманд асуудал үүсвэл ажлын хэсэг томилж хянана.
Я.Амаржаргал: ДЭМБ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах нь буруу гээгүй. Олон хүн шинжилгээнд хамруулах тохиолдолд түргэвчилсэн оношлуур хэрэглэдэг. Энэ оношлуур 98 хувийн мэдрэг чанартай. “Оном” сангийн эрдэмтдийн гаргасан мэдээллээр 80-84 хувийн мэдрэг чанартай гэж байгаа. Дэлхий нийтэд хэрэглэж байгаа жишгээр явж байна.
-Аймаг хооронд зорчиж болох уу?
Г.Ариунбуян: Аймаг хооронд зорчих нь ялгаагүй адил журмаар явна. Хөл хорионы үед орж гарах хөдөлгөөн байхгүй. Дархан-Уул аймагт өрхийн хамгийн их хөдөлгөөнд ордог нэг иргэнийг сонгоод шинжилгээ хийж байна. Одоогоор 18 000 өрх хамрагдсан. Маргааш 10 мянган өрхийг хамруулна. Сэлэнгэ аймагт мөн адил бүх өрхийг хамруулна. Шинжилгээний үр дүнгээс хамаараад 12 дугаар сарын 7-ноос халдвар илэрсэн аймгийн иргэдийн зорчих хөдөлгөөн зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
-Нийслэл рүү ирэх хөдөлгөөнийг яаж зохицуулах вэ, шинжилгээнд хамрагдах уу? Голомтот бүсэд нийслэлийн хэчнээн иргэн байна вэ? Бага насны хүүхдийн мэдээллийг 119 сайтад яаж бүртгэх вэ?
С.Батболд: Энэ зохицуулалт иргэнд нэг л удаа үйлчилнэ. Улаанбаатараас яваад хөдөө орон нутагт очих нэг удаад үйлчилнэ. www.119.mn сайтад нэг удаа бүртгээд явуулсан бол дахиж мэдээлэл бүртгэхгүй. Хорио цээрийн дэглэм цуцалтал хөдөлгөөнд дахиж оролцохгүй. Орон нутгаас ирэх иргэд нийслэлээс гарах иргэдтэй яг адилаар шинжилгээнд хамрагдана. Нийтийн тээвэр орон нутгаас нийслэл рүү гарна. Хөл хорионд саатсан, Улаанбаатарт ирэх хүсэлтэй 5300 хүн байгаа.
Я.Амаржаргал: Хүүхдийг сайтад бүртгүүлээд шинжилгээ өгөх боломжтой.
Эх сурвалж: montsame.mn
Сэтгэгдэл (0)