Т.Хөвсгөлдалай: Хувь хүний ухамсрыг дээшлүүлэх нь коронавирусээс сэргийлэх хамгийн энгийн арга юм

Бeрлин хотын Эрүүл мэндийн хамгийн том концeрн болох дэлхийд тэргүүлэгч “VivantesCharite” эмнэлгийн сувилагч Т.ХӨВСГӨЛДАЛАЙТАЙ ярилцлаа. Тус эмнэлэг өнгөрсөн гуравдугаар сараас хойш коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авч эмчилж байгаа ажээ. Халдвар авсан өвчтөн тутмын дөрөвний гурвыг эмчилж буйгаараа тус эмнэлэг Германд толгой цохиж явна. Германы чадварлаг мэргэжилтнүүдтэй гар нийлэн ажиллаж байгаа монгол бүсгүйтэй онлайнаар ярилцсанаа хүргэе.

-Урилга хүлээн авсанд баярлалаа. Хоёулаа ярилцлагаа Герман дахь нөхцөл байдал ямар байгаа талаар товч мэдээлэл өгөөд эхлүүлэх үү. Нэг хэсэг цар тахал тогтворжиж байсан ч буцаад хүндэрч эхэлсэн гэдэг мэдээ харлаа?

 -Нөхцөл байдал сайнгүй байна. Шинэ тохиолдол харьцангуй тогтвортой болсон ч нас баралт нэмэгдсэн. Товчхондоо ийм байна.

 

-Коронавирус анх дэгдэж эхлэхэд германчууд ямар дэглэм барьж байв. Одоо бол хоёр дахь давлагаа нэлээд эрчимтэй үргэлжилж байна. Яг энэ цаг үед ямар арга хэмжээ авч байна вэ?

 

-Эхний давлагааны үеэр германчууд хөл хориог өндөр түвшинд хэрэгжүүлсэн. Дэлгүүр хоршоо, ресторан гээд үйлчилгээний бүхий л газрыг хааж байлаа. Гэтэл хоёрдугаар давлагаа илүү далайцтай болж байхад хөл хорихоос илүүтэй Германы эдийн засгийг сэргээхэд анхаарч эхэлсэн. Нэг ёсондоо иргэдийн амьжиргаанд чиглэсэн арга хэмжээ авч байна. Эдийн засгаа уналтад оруулахгүй, бизнес эрхлэгчдээ мухардалд хүргэхгүй, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримталж байгаа юм. Гэхдээ ресторан, кофе шоп гэхэд хүн суулгахгүй. Худалдан авсан бүтээгдэхүүнээ савлаад авч явах зохицуулалттай. Томоохон супермаркет, худалдааны төвүүд нээлттэй ч 25 ам метр талбайд 2-3 хүн л орох боломжтой. Энэ нь иргэдээс өндөр үнэлгээ авч байна. Нэг ёсондоо ард түмэн рүү чиглэсэн, эдийн засгийн хохирол багатайгаар хоёрдугаар давлагааг давах бодлого баримталж байна. Канцлер коронавирусийн үеийн эдийн засгийн хямрал нь дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн хямрал руу дөхөж байна гэдгийг онцолж байгаа юм. Тиймээс эдийн засгаа хумих бус сөрөх арга хэмжээ авч байгаа юм билээ.

 

-Монгол дахь нөхцөл байдлын талаарх мэдээллийг та өдөр бүр авч байгаа байх. Тэгвэл Монгол, Германы коронавирустэй тэмцэж байгаа арга барилыг харьцуулбал ямар байна вэ. Таны бодлоор ямар ялгаа байгаа бол?

 

 -Миний хэлэх үг бага зэрэг хатуудаж магадгүй. Гэхдээ Монголд аливаа бүхэн хоцрогдож очоод байгаа юм шиг санагддаг. Жишээ нь, Германы нэгдүгээр давлагаан дээр авч байсан арга хэмжээг монголчууд хоёрдугаар давлагаанд хэрэгжүүлж байна. Яагаад гэвэл монголчууд нэгдүгээр давлагааг бараг мэдрээгүй. Шууд хоёрдугаар давлагаанд оногдлоо. Тэр утгаараа авч байгаа арга хэмжээ нь хоцрогдсон байх магадлалтай. Яг одоо Монголд хэрэгжүүлж буй арга хэмжээг Германд долоон сарын өмнө хэрэгжүүлсэн. Коронавирусийн байгаа байдал нь хувь хүний л хариуцлага. Монголчууд хэнэггүй зантай учраас даруулга хэрэгтэй гэсэн үүднээс хөл хорио тогтоосон болов уу. Шулуухан хэлэхэд манайхан туршлагагүй байна. Шалтгаан нь нэгдүгээр давлагаанд оногдоогүйтэй холбоотой. Ерөөсөө нь хувь хүн ариун цэврээ сайтар сахиж, зайгаа бариад, амны хаалтаа зүүж, гэртээ тогтмол агаар оруулах гэсэн энгийн мөрдлөгийг л сайтар дагах хэрэгтэй. Монголчуудын дархлаагаа сэргээх хамгийн том хүчин зүйл нь цэвэр агаар. Гэтэл хөл хорио тогтоочихоор монгол хүний дархлаа унах эрсдэл өндөр болж байна. Германд хөл хорио тогтоосон ч зайгаа бариад, хүн багатай газар цэвэр агаарт гарч болно гэсэн зөвлөмжийг өгч байсан. Үүнийг л хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой юм.

 

-Манай Эрүүл мэндийн яам хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулахдаа ДЭМБ-ын нэрийг барьдаг. Тэдний өгсөн зөвлөмж гэж тайлбарладаг. Товчхондоо бол “хорь, хорь” гэсэн чиглэл өгч байгаа гэж хэлдэг. Тэгвэл энэ байгууллага германчуудад ямар зөвлөмж, чиглэл өгдөг юм бол?

 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Хорь, хорь” гэсэн чиглэл өгсөн бол Германд ч үүнийг хэрэгжүүлэх л байсан. Гэтэл ДЭМБ-ын чиг хандлага олон хүн цугласан газар аль болох очихгүй байх, зайлшгүй тохиолдолд амны хаалтаа заавал зүүх гэдгийг баримталж байна. Хэдий болтол хамгаалалтад байх вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Тиймээс коронавирусийг сөрөхөөс өөр арга байхгүй. Германы эрдэмтдийн судалгаагаар энэ вирус 2021 оны арванхоёрдугаар сар хүртэл намжихгүй. Коронавирусийн төгсгөл хэзээ ирэхийг бид таашгүй учраас сөрж амьдаръя, эсвэл зохицож амьдрах гэсэн чиглэлтэй байгаа юм билээ. Хамгийн гол нь хүн бүр хариуцлагаа ухамсарлах ёстой. Амны хаалтаа зүү, ариун цэврээ сахь. Коронавирусээс хамгаалах хамгийн сайн арга бол хувь хүний хариуцлага гэдгийг л дахин дахин хэлмээр байгаа юм. Түүнээс биш “хорь, хорь” гэдэг нь хоцрогдсон арга. Европт хавьталд орсон, эсвэл шинжилгээний хариу эерэг гарсан хүнийг л 14 хоногийн хугацаанд хорьж байна. Өөр тохиолдолд аль болох ажлыг нь хийлгэх, эдийн засгаа сэргээх бодлого баримталж байна.

 

-Германд коронавирусээр халдварласан хүмүүст ямар эмчилгээ хийж байна вэ?

 

-Манай эмнэлэгт эрдэс бодис агуулсан шингэн нөхөх дусал өдөрт нэг литрээр хоёр удаа, ампициллин, цус шингэлэх тариа хийдэг. Ер нь өвчтөний биеийн байдлаас шалтгаалж эмчилгээний зардал харилцан адилгүй гардаг.

 

-Монголд дотоодын халдвар 300 гаруй бүртгэгдлээ. Нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

 

-Анхны халдварын тохиолдол хаанаас эхтэй вэ гэдэг нь одоо болтол тодорхойгүй. Таамаг төдий л байгаа шүү дээ. Энэ нь ноцтой үр дагавар дагуулж мэднэ. Үүнийгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. Германд аюултай бүс нутгаас аялаад ирсэн хүмүүсээс голдуу илэрч байсан. Яагаад гэвэл тархалт өндөртэй орнуудаас ирсэн иргэдээс заавал шинжилгээ авдаг. Үүнээс гадна аяллаар яваад ирсэн хүн бүр өөрийн санаачилгаар шинжилгээ өгч байлаа. Гэтэл Монголд Герман шиг нээлттэй биш байна. Сайн дурын шинжилгээнд хойрго ханддаг дүр зураг ажиглагдсан. Олон нийттэй харьцдаг хүмүүстээ гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгж байж коронавирусийн халдварыг хяналтдаа байлгаж чадна. Товчхондоо хувь хүний ухамсрыг дээшлүүлмээр байгаа юм.

 

-Коронавирусээр өвчилсөн хүмүүс эдгэрээд дахин тусах тохиолдол гараад байна. Германд ийм тохиолдол хэр гарч байна вэ?

 

-Байлгүй яах вэ. Зөвхөн миний ээлж дээр л гэхэд эдгэрсэн мөртлөө дахин халдвар авсан 10 гаруй тохиолдол гарлаа. Сүүлийн үед коронавирусийн илэрц анхаарал татаж байгаа. Анх халдвар авсан хүнээс гурван удаа шинжилгээ авахад бүгдэд нь эерэг гардаг байлаа. Гэтэл хоёрдугаар давлагаан дээр гурван шинжилгээний хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарах тохиолдол байна. Эхний шинжилгээ эерэг, хоёр дахь нь сөрөг болсон атлаа гурав дахь дээрээ дахин эерэг гараад байгаа юм.

 

-Монголд коронавирус туссан хүмүүсийн явсан маршрут, ажил мэргэжлийг нь олон нийтэд нээлттэй зарлаж байна. Германд үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?

 

-Монгол, Герман хүмүүсийн хооронд асар том ялгаа бий. Цэвэр хүмүүжлээс шалтгаалж байна. Явсан маршрут, ажил мэргэжлийг нь зарлана гэдэг чинь аргаа барсан хүний л үйлдэл. Германд бүх зүйл эмх цэгцтэй, ёс зүйтэй байдаг. Нэг иргэн шинжилгээ өгөөд хариу нь эерэг гарсан бол гэр бүл рүүгээ утасдаж үнэнээ хэлдэг. Тэр даруй тухайн иргэний гэр бүл, ойрын хавьтагч нар нь сайн дураараа ирж шинжилгээ өгч байна. Хүмүүс нь дор бүрдээ маш хариуцлагатай, худлаа ярьдаггүй, нууж хаадаггүй. Уг нь бол өвчтөний нэр, хаяг, явсан маршрут, мэргэжлийг зарлаж болохгүй. Хувь хүний нууц юм. Гэтэл Монголд аргаа барсандаа олон нийтэд зарлаад, ирж шинжилгээ өгөхийг уриалж байна. Монголчууд илэн далангүй, нээлттэй биш учраас аргаа барахдаа зарласан байх. Дээрээс нь намайг муулна, ад үзнэ гэдгээс айсан тул маршрутаа үнэн зөвөөр хэлж чаддаггүй. Заавал дутуу хэлнэ, энэ бол санаатай үйлдэл. Үүний цаана ямар эрсдэл байгааг огт боддоггүй. Товчхондоо монголчуудад өөрийгөө бодсон, хувиа хичээсэн хандлага их байдаг. Коронагийн үед энэ хандлагаа гаргаж болохгүй. Өөрийгөө бодсоноос улбаалж ямар их эрсдэл гарахыг тооцож чаддаг баймаар байна. Коронагийн шинжилгээ эерэг гарсан хүн гартаа бөмбөг атгаад, түүнийг очсон газар бүрдээ тэслээд яваад байна гэсэн үг. Коронаг санаатайгаар нуун дарагдуулж, маршрутаа худал мэдээлсэн тохиолдолд захиргааны арга хэмжээ авах ёстой. Түүнээс биш тухайн хүн үнэнээ хэлэхгүй бол нэр усыг зарлах нь зөв юм.

 

-Германд коронавирусийн халдвар авснаа нуусан тохиолдол гарч байв уу. Хэрвээ санаатай нуусан тохиолдолд авдаг арга хэмжээ бий юү?

 

-Тийм тохиолдол байхгүй. Угаасаа хуульчлагдсан байдаг учраас нуун дарагдуулах боломжгүй. Халдварт өвчин туссан бол Эрүүл мэндийн яаманд заавал мэдэгдэх ёстой. Худлаа яривал торгуулна. Хэн нэгэн халдвараа бусдад санаатайгаар халдаавал халдвар авсан хүний эрүүл мэндийн байдал, хэчнээн хүн өвчилсөн, хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэсэн зэргээс шалтгаалаад хохирол барагдуулах шийтгэл оногдуулдаг. Түүнээс биш тогтсон мөнгөн дүн хэлэх боломжгүй.

 

-Монголчууд коронавирусийг хүндээр хүлээж авч байна. Тэгвэл германчууд хэрхэн хүлээж авдаг вэ?

 

 -Хүмүүс ангайж, шоконд ордог, үнэмшдэггүй. Дахин, дахин асууна. “Та дахиад хараад ир” гээд явуулдаг. Сэтгэлзүйн хувьд бэлэн биш байдаг. Тэгээд хаанаас авснаа мэддэггүй. Коронавирусийн шинжилгээ эерэг гарвал сэтгэл гутралд ордог, үхнэ гэж ойлгодог. Яагаад гэвэл коронавирус хувь хүний эрүүл мэндээс шалтгаалан олон төрлийн шинж тэмдэг илэрдэг. Ялангуяа ямар ч шинж тэмдэггүй хүмүүс хариу нь эерэг гарахаар хүнд цохилтод ордог. Коронавирус “эдгэрлээ” гэдэг үг энэ өвчинд огт тохиромжгүй. Тиймээс “сөрөг боллоо” гэж хэлдэг. Бүрэн эдгэрснийг нотлох боломжгүй учраас “сөрөг” гэсэн үг ашиглаж байна. Яагаад гэвэл коронавирус эдгэрдэг, үгүйг дэлхийн эрдэмтэд одоо хүртэл сайн тогтоож чадаагүй. Нэг ёсондоо мэдэхгүй байна гэсэн үг. Үүнээс гадна корона тусаад сөрөг болсон хүмүүс дараа нь байнга ядардаг болдог. Толгой өвдөнө, байнгын зовуурьтай болно, амтлах мэдрэмж нь алга болно, үнэрлэж чадахгүй болдог, ярьж байсан зүйлээ мартана. Иймэрхүү шинж тэмдэг илэрдэг учраас корона туссан хүмүүс сэтгэлзүйн хүнд цохилтод ордог. Корона хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг учраас халдвар авсан хүн зөнөглөх өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй гэсэн таамаглал байна. Мөн уур уцаартай, амархан стресстэх, сэтгэл гутралд орох зэрэг нь бүгд коронагийн дараах шинж тэмдэг юм. Энэ бол хэзээ арилах нь тодорхойгүй гаж нөлөө. Бас корона туссан хүмүүсийн нас богиносох магадлалтайг эрдэмтэд ярьж байна. Энэ бүгдээс харахад коронаг эдгэрсэн гэхээс илүүтэй энэ халдварт өвчнийг авахгүй байхын тулд хувь хүний хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Монголчууд хандлагаас харахад коронавирусийг хүндхэн ханиад гэж хүлээж авах нь их байна. Тэгвэл коронавирус бол хүндхэн ханиад биш цар тахал. Хүн төрөлхтнийг цочирдуулж байгаа маш хүнд хэлбэрийн тахал юм. Тиймээс хүн бүр хариуцлагатай, өөртөө болон өрөөлд хайртай байя гэж уриалмаар байна.

 

-Сэтгэлзүйн байдал нь тогтворгүй байдаг тухай та хэллээ. Тэгвэл өвчтөнүүдийг сэтгэлзүйг дэмжих, өргөх тал дээр ямар арга хэмжээ авдаг юм бол?

 

-Германчууд коронавирусийн талаар харьцангуй мэдлэгтэй болсон байна. Нэгдүгээр давлагааны үед сэтгэл санаа нь үнэхээр хүнд байсан. Эмчилгээ хийх гээд өрөөнд нь оронгуут “Чи муу корона” гэж хашгирна, эсвэл уйлна. “Та яагаад ийм хувцастай орж ирэв. Би хорт бодис болсон юм уу. Би тэсрэх бөмбөг үү. Би хүн биш болсон уу, яагаад ийм өндөр хамгаалалттай надтай харьцаж байна вэ” зэрэг хандлага үзүүлдэг байлаа. Өөрсдийгөө хүлээн зөвшөөрч чадахгүйгээсээ болж уйламтгай, амиа хорлоно гээд л дайрдаг. Тиймээс бид аль болох коронавирусээс өөр зүйл ярьж тайтгаруулдаг. Өвчтэй гэдгийг мартуулахын тулд ажил мэргэжлийнх нь талаар ярилцана. Нэг өвчтөнд 30 орчим минутыг зарцуулж, тэднийг сонсож, тайвшруулах ярилцлага хийдэг байсан. Гэтэл сүүлийн үед өвчтөний өрөөнд 15 минутаас илүү хугацаанд байж болохгүй гэсэн зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнийг Монголд халдварын голомтод ажиллаж байгаа мэргэжил нэгтнүүд маань ч хэрэгжүүлэх хэрэгтэй. Хамгаалалтын хувцастай байсан ч 15 минутаас удаан байвал өвчлөл авах магадлалтай.

 

-Халдварын голомт дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

 

 -Бид цалингаа авахаас гадна коронагийн тасагт ажиллаж буй сувилагч, эмч мэргэжилтнүүдэд тодорхой хэмжээний нэмэлт урамшуулал өгч байсан. Үүнээс гадна ирэх сард Герман даяар коронавирусийн голомтод ажиллаж эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд урамшуулал болгож 2.2 сая евро төсөвлөсөн байна билээ. Мөн бидэнд коронагийн тасагт ажилладгийг нотлох нэрийн хуудсаар дамжуулах томоохон дэлгүүр, ресторан, шатахуун түгээх станцууд хөнгөлөлт үзүүлдэг. -Дэлхий даяараа хорионд ороход германчууд хэрхэн хүлээж авч байв? -Германчууд цаг наргүй ажилладаг учраас гэр хориог баяртайгаар хүлээж авсан. Яагаад гэвэл тэдэнд гэр бүлдээ зарцуулах цаг зав гарч байна. Бас маш их цаг хэмнэж байна гэж ярихыг олон хүнээс сонссон. Коронагийн хөл хорионы үед 15-30 насныхан хамгийн их стресст орж, сэтгэл санаагаар унаж байгааг судалгаагаар харуулсан. Энэ тал дээр сэтгэлзүйчид ч анхаарал хандуулж, маш их ачаалалтай ажилласан.

 

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Баярлалаа. Монголчууд минь хувь хүний хариуцлагаа өндөржүүлж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүйн төлөө хичээгээрэй.

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)