Ч.Отгочулуу: Засгийн газрын тодорхойгүй байдал лангуу түрээслэгчид, жижиг дунд бизнесийнхнийг шоконд оруулчихлаа
- 2020-12-04
- Эдийн засаг
- 1
Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Төгрөгийн ханш сулрах бодит эрсдэлүүдээр ярилцлагаа эхлэх үү?
-Төгрөгийн ханшийг доллартай харьцуулбал эрсдэл нь харьцангуй гайгүй харагдаж байна, өнөөхөндөө. Орос, Хятад хоёр доллараас татгалзчихлаа. Оронд нь евро, юанийг ашиглаж байна. Дээр нь долларын ханш сулраад байна л даа. Тэр утгаараа өнөө маргаашдаа доллар ба төгрөгийн ханш харьцангуй гайгүй болов уу. Юанийн эсрэг бол төгрөг суларч байна. Хэд хэдэн шалтгаан бий. Төсвөө нэлээд алдагдалтай баталчихлаа. Алдагдалтай төсөв маань төгрөг үнэгүйдэх нь, инфляци өсөх нь гэсэн дохио болчихож байгаа юм. Наад захын жишээ гэхэд л хүмүүс юаниар хадгаламж нээлгэдэг болж байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгууль угтаад өнгөрсөн сонгууль шиг болсон болоогүй дэмий санхүүжилтийг төсвөөс хийж таарна. Аймаг, сумын төвүүд дээр хэрэгтэй хэрэггүй баахан объект ашиглалтад оруулах нь тов тодорхой. Төсвийн хөрөнгө оруулалтын 40-50 хувь нь шууд импорт болоод байгаа. Импортыг дэмжээд байгаа учраас төгрөгийн хомсдол үүсгээд юанийн хэрэглээг өсгөчихөөд байна л даа.
-Импорт агшсан ийм үед юанийн ханш өсөөд байгаагийн уг шалтгаан нь юундаа байна вэ?
-Миний хувийн таамгаар бол иргэд төгрөгт итгэхгүй байх шиг байна. Ирээдүйд юань илүү хүчтэй валют болно гэж хараад хүмүүс мөнгөө юань руу шилжүүлээд байх өндөр магадлалтай. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн юм яваад байх шиг. Ер нь мөнгөтэй хүмүүс улс төрийг уншиж суугаа. Дээхнэ Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Монголбанкны ерөнхийлөгчийг дуудаж авчраад загнана лээ. Энгийнээр зүйрлэвэл, ЗГХЭГ-ын хэвлэлийн албаны дарга танай сонины эрхлэгчийг дуудаж авчраад загнаж байгаагаас ялгаагүй. Ингэж болохгүй нь хэтэрхий ойлгомжтой асуудал шүү дээ. Ингээд харахаар макро эдийн засагт ийм авирлал бүр байж болохгүй. Ерөнхий сайд төв банкны ерөнхийлөгчийг дуудаж авчраад загнаж болохгүй. Үндсэн хуулиараа төрийн мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлнэ гэчихсэн. Монголбанк хараат бус, бие даасан статустай байх ёстой. Гэтэл Засгийн газар ийм газрыг агентлагийн төвшинд хараад байна. Ингэх нь Монголбанкинд хохиролтой. Ийм шалтгаанаар төгрөгийн ханш суларч, төгрөгт итгэх итгэл унаж байж магадгүй.
-Засгийн газар саявтар тахлын үеийн эдийн засгийг дэмжих хорь гаруй шийдэл гаргалаа. Ээдийн засгаа бодит утгаар нь дэмжсэн шийдлүүд болж чадав уу, та юу гэж бодож байна?
-Лангуу ажиллуулж өдөр хоногийн амь зуулгаа зогоож байгаа иргэд, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхэлж чадлаараа зүтгэж яваа хүмүүс рүү чиглэсэн ямар ч шийдэл харагдсангүй. Засгийн газрын ийм тодорхойгүй байдал хүмүүсийг шоконд оруулаад байна л даа. Сэтгэл зүйн, нийгмийн уур амьсгалын эффект яваад байна гэсэн үг.
-Сангийн сайд хүүхдийн мөнгө шууд утгаараа бодит дэмжлэг гэсэн үг унагана лээ. Хүүхдийн мөнгө тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг өрхийн түвшинд саармагжуулсан үр дүнтэй арга гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хүүхэдгүй, ганц бие хүмүүс өчнөөн байгаа шүү дээ. Хүүхэдгүй, хүүхдүүд нь насанд хүрсэн айл өрх ч олон бий. Хүүхдийн мөнгө гэдэг зүйлээр ам хаагаад сууж болохгүй.
-Лангуу түрээсэлж хоолоо олж иддэг, жижиг, дунд бизнес эрхэлж амьдралаа болгодог иргэд хэцүү байна гэж та түрүүн хэллээ. Том, дунд компаниудын хувьд ямар эрсдэлтэй нүүр тулаад байна вэ, тэдэнд чиглэсэн дэмжлэгийг засгаас үзүүлж чадаж байгаа болов уу?
-Миний хувьд энэ хэсэгтээ засгаас анхаарахгүй байна гэж хэлнэ. Банкуудаас зээлийг нь хойшлуулахаас өөр арга шийдэл, дэмжлэг алга байна шүү дээ. Сонинуудаар жишээлье л дээ. Орлогогүй болсон компаниуд реклам сурталчилгаагаа нийтлүүлэхээ багасгана. Реклам сурталчилгааны орлого багасахаар сэтгүүлчдийнхээ цалинг багасгах ч юм уу, бүр хэцүүдвэл халах тушаал гаргахаас аргагүйд хүрнэ. Ганц сонин ч биш бүгд адилхан.
Бүх компани ийм байдалтай нүүр тулчихсан. Хувийн жижиг эмнэлгийн эзэд лав үгээ барж байна. Хүн орж ирэхээ больчихлоо, яах вэ гэцгээж байна. Жижиг дэлгүүрүүд хүнд байгаа. Шуудхан хэлэхэд, тэдний орлогын гол эх үүсвэр нь архи, шар айраг, мах. Талх, нарийн боов, сүү гэх мэт хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн өрсөлдөөн ихтэй, гудамж болгонд зарж байгаа учраас ашиг хийх боломж багатай. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд, төрөөс нөөцийн мах гэж шууруулаад өнөө дэлгүүрүүдийнхээ орлогоос бас хумсалчихаж байгаа юм. Ресторан, зоогийн газрууд бүгд хаагдлаа. Тогооч нар ажилгүй болж байна. Жижиг цайны газрууд үүдээ хааж эхэллээ. Эдэнд зориулсан ямар ч бодлого алга. Банкны зээлийг нь хойшлууллаа л гэж байна. Зээл нь хойшиллоо гэхэд үүдээ барьчихсан тэр газрууд хүмүүсийнхээ цалинг яаж тавих вэ.
Ийм шалтгаанаар жижиг дунд компаниуд хүмүүсээ маш олноор нь цомхотгож байна.
-Манайх шиг зах зээлийн замаар яваа улс орнууд, тухайлбал баруунд жижиг, дунд бизнесээ яаж дэмжиж байна вэ?
-Хүүгүй барьцаагүй зээл өгч байна.
-Гэтэл Сангийн сайд бизнес агшсан үед зээл өгөөд яах юм гэсэн байр суурь илэрхийлчихсэн…?
-Маш ойлгомжгүй байр суурь. Миний бодлоор бол ажлын байруудаа хадгалж үлдэхийн тулд зээл өгөх нь зөв. Энэ олон ажлын байрууд нэг л уствал эргэж сэргэхэд маш их хугацаа шаардана. Наад зах нь таван жил алдана.
-Төсвийн тодотголыг ойрын үед лав хийхгүй янз анзаарагдаж байна. Тодотгол хийхгүй бол ямар эрсдэлтэй нүүр тулах бол, бид?
-Төсвийн тодотгол хийхгүй гэдгийг би огт ойлгоогүй. Наад зах нь Хэнтийд таван цогболбор, Улаанбаатарт хоёр музей байна. Ямар ч хэрэггүй бүтээн байгуулалтууд. Эднийг царцаахад л 200 тэрбум төгрөг гараад ирчихнэ. Хэмнэсэн 200 тэрбумаа жижиг, дундууддаа зээл өгвөл өчнөөн мянган ажлын байрыг аварч үлдэж чадна.
-Цар тахлын үед зайлшгүй чухал, үйл ажиллагаа нь тасалдах ёсгүй 13 салбар гээд нэр заачихлаа л даа. Гэтэл эдийн засгийг авч яваа хамгийн том салбар уул уурхай энэ жагсаалтад харагдсангүй…?
-Уул уурхайн салбарын экспорт нам зогсвол жинхэнэ том эрсдэл болно. Энэ утгаараа уул уурхай, уул уурхайд ханган нийлүүлэлт хийдэг компаниудыг таны сая хэлсэн жагсаалтад оруулах хэрэгтэй. Төсвийн орлогын гол цөм нь нүүрс, зэс хоёр гэдэг нь хэнд ч тодорхой асуудал шүү дээ.
-Улсын онцгой комиссын байр суурь шиг санагдаж байна, уул уурхайн ямар нэгэн төслийн талбай дээр ковидын халдвар илэрвэл шууд зогсоох арга хэмжээ авна гэж. Жишээ нь Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой дээр ийм эрсдэл үүсвэл яах вэ, ер нь цар тахлын үеэр уул уурхайн том төслүүд дээрээ ямар шийдэл гаргаж ажиллах ёстой юм бол?
-Стратегийн ордууд гэж бий. Ийм ордууд дээр арай онцгой, илүү өөр шаардлага тавих ёстой. Жишээ нь, төслийн талбай дээр ковидоор өвчилсөн хүн илэрлээ гэхэд өнөө хүнээ тусгаарлаад оронд нь өөр хүн ажиллуулах гэх мэт зохицуулалт хийх хэрэгтэй болов уу. Товчхондоо стратегийн ордуудын үйл ажиллагаа юу ч болж байсан тасралтгүй үргэлжлэх ёстой.
-Уул уурхай гэснээс төгрөгийн сулралаас сэргийлэх гол шалтгааны нэг нь алт. Алтны салбарт ямар бодлого дэмжлэг хэрэгтэй гэж та харж байна вэ?
-Алт төгрөгийн ханш тогтвортой байхын гол баталгаа яах аргагүй мөн. Монголд эхэлж хөрөнгө оруулах гол баталгаа нь алт. Тэгэхээр алтны эрэл хайгуулыг маш сайн дэмжих хэрэгтэй. Даанч ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай учраас улс төрийнхөө эрсдэлээс болгоомжлоод алтны салбараа нэг их дэмжихгүй л болов уу. Алтны салбарыг даажигнасан поп бодлого явуулж байж л массаас дэмжлэг авна. Тэгэхээр улс төрөө л харах байх аа даа. Уг нь макро эдийн засгаа харвал алтны салбараа дэмжих ёстой. Монголбанкны алт худалдан авалтыг дэмжихийн тулд алтны роялтийг буцаагаад 2.5 болгочиход болохгүй юм байхгүй.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэхээр Оюу толгойгоос өөр олигтой төсөл байхгүй, одоо бүр сурагггүй болчихлоо л доо. Гадаадын шууд хөрөнгө оруулалтгүй тохиолдолд төгрөгийн ханш тогтворжино гэж хэтээсээ байхгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн долларын том сувгийг нээх санаа шийдлийг яг өдийд гаргах ёстой байх, тийм үү?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалтгүйгээр төгрөгийн ханш тогтвортой байна гэж хэзээ ч байхгүй л дээ. Зэс, газрын ховор элементийн салбартаа хайгуулын лиценз өгөх хэрэгтэй. Хоёрт аль нэг аймгийн төвөө татваргүй, халдваргүй оффшор бүс гэж зарлах хэрэгтэй. Гадны мөнгөтэй хүмүүсийг тусгай онгоцоор авчирдаг, Орос, Хятад руу зах зээлээ гаргах боломжийг нь өгчих хэрэгтэй. Банк санхүүгийн салбар хамгийн найдвартай нь гэж харж байна. Хоёрт, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг маш хурдан ашиглалтад оруулаад чөлөөт бүс болгочихмоор байгаа юм. Хятад, Солонгос чөлөөт бүсээрээ л босч ирсэн. Тэгвэл маш том боломж нээгдэнэ. Төмөр зам найдваргүй болчихсон учраас хурдан мууддаг үнэ цэнэтэй барааг онгоцоор тээвэрлэх нь ихэссэн. Япон, Солонгос, Герман, Франц гэх мэт том улсуудыг хамгийн ойрхон холбодог газар нь Монгол гэсэн давуу тал бидэнд бий. Бүр цаашлуулж яривал казино байгуулсан ч болохгүй юмгүй. Турк, Макао, Сингапур “Манайд жуулчлаач” л гээд байгаа. Жишээ нь, Сингапурын эдийн засаг нь маш чөлөөтэй байна. Гэсэн хэр нь сүүлийн 100 гаруй хоногт шинэ халдвар тархаагүй. Халдвартай хүмүүсээ бүгдийг нь олчихсон. Иргэдийнхээ гар утсанд аппликэйшн суулгачихсан учраас халдвартай хүн ойртоод ирвэл бүх байгууллага, бүх хүмүүст дохио дуугарч сануулга өгдөг болсон. Хүмүүс байгууллага руу орохдоо утсаа уншуулахад л болчихож байна. Үүнийг Монголд нэвтрүүлэх боломжтой. Даанч манай сайд нарт ашиггүй учраас явахгүй байна л даа. Халдвар гарлаа гэхэд тухайн хүмүүсээ л тусгаарлачихна, бусад нь амьдралаа хөөгөөд явж байна. Гэтэл бид бухал өвснөөс зүү хайх маягаар ажиллаж харанхуй дунд тэмтчээд байна. Өвдөөгүй хүмүүсээ хүртэл өлсөж үхэх аюул руу нь түлхчихэж байна. Харин Солонгос, Тайвань, Сингапурт өөр аргаар үзэж байгаа. Маш сайн гэрэл тусгаж байна. Хэн халдвартай нь тодорхой, халдвараа яг тэр бүсэд нь хязгаарлаад бусад нь хэвийн ажиллаж амьдарцгааж байгаа шүү дээ.
-Ирэх оны долдугаар сар хүртэл цар тахлын эрсдэл хэвээр үргэлжилнэ гэсэн багцаа гаргачихлаа л даа, засаг. Тэгэхээр Засгийн газар одоо гаргасан шийдлээрээ хагас жилийн хугацаанд бүсээ чангал гэж хэлж мэдэх эрсдэл бий. Хэрвээ ийм байдал үүсвэл долларын ханш төгрөгийн эсрэг огцом өсөх эрсдэлтэй нүүр тулах нь ээ?
-Төсөөлөхөд төвөгтэй. Хэцүү байдал үүсэх нь ойлгомжтой.
-Монголбанкны хувьд улс төрөөс хараат байдалд ажиллахаас аргагүй болчихов уу?
-Богино хугацааны сонгуулийн улс төрөөс хараат болчихоод байна. Зарим эрх мэдэлтнийг хэдэн тэрбумаар хэмжигдэх хадгаламжтай гэж мэдээлдэг. Тэрбум гаруй төгрөгийн хадгаламжтай эрх мэдэлтний хадгаламжийн сарын хүүг тооцоод үзэхэд л бараг 20 сая төгрөг болж байгаа юм. Ийм хүмүүс жирийн хүмүүсийн амьдралыг ойлгохгүй л дээ.
Ц.Баасансүрэн
Сэтгэгдэл (1)
(64.119.16.17)
ЧИ ДАНДАА ХУДАЛ ЯРИХ ЮМАА