“Covid-19”-ийн вакцин цар тахлын төгсгөл биш

ОХУ “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө нийслэл Москва хотын клиникүүдэд албан ёсоор эхлүүллээ. Вакцинжуулалтад ОХУ-ын эрдэмтдийн гарган авсан, энэ оны наймдугаар сард бүртгэсэн “Спутник V”-ыг ашиглаж байгаа юм. “Спутник V”-ыг гарган авсан судлаачдын мэдээлснээр, вакцин 95 хувийн үр дүнтэй бөгөөд ноцтой гаж нөлөө үзүүлээгүй байна. Гэвч уг вакцины өргөн хүрээг хамарсан туршилт үргэлжилсээр байгаа юм.

Олон мянган хүн хоёр тарилгын эхнийхийг хийлгэхээр хэдийнэ бүртгүүлсэн боловч ОХУ хэдий хэмжээний тун вакцин үйлдвэрлэх боломжтой нь одоогоор тодор­хойгүй байна. Вакцин үйлдвэрлэгчид энэ оны эцэс гэхэд дөнгөж хоёр сая тун вакцин үйлдвэрлэх төлөвтэй байгаа ажээ. Москва хотын захирагч Сергей Собянин энэ долоо хоногийн эхээр вакцинжуулалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх үеэрээ нийслэл хотын сургууль, эмнэлгийн байгууллага, олон нийттэй харилцах газруудад ажилладаг хүмүүст вакцин хийлгэхийг санал болгожээ. “Вакцины хүртээмж нэмэгдэх үед хөтөлбөрт хамрагдах хүмүүсийн жагсаалтыг өргөтгөнө” гэж С.Собянин мэдээлсэн байна. ОХУ-д коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор дэлхийн хүн амын талаас илүү хувийг бүрдүүлдэг 40 гаруй орон Оросын коронавирусийн эсрэг вакциныг сонирхож байгаагаа илэрхийлжээ. Гамалея хүрээлэнгийн эрдэмтэд урьдчилсан захиалга 1.2 гаруй тэрбум тунд хүрсэн талаар өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн. Дэлхий даяар 45 мянган хүнийг хамруулсан туршилтын үр дүнд “Спутник V”-ын хоёр тунг тариулсан хүмүүсийн 95 хувьд нь вирусийн дархлаа үүсэж буй нь судалгаагаар баталсан. Унгар, Венесуэль, АНЭУ, Энэтхэг зэрэг хэд хэдэн улсад туршилт хийх зорилгоор нэлээд хэдэн сая тунг хэдийнэ экспортлоод байгаа аж. ОХУ өнгөрсөн наймдугаар сард коронавирусийн эсрэг вакциныг бүтээсэн дэлхийн анхны улс болсноо зарласан билээ. Түүнчлэн шинээр гарган авсан вакцинуудын дархлаа тогтоох хугацаа хэр урт байхыг одоогоор хэн ч мэдэхгүй байгаа нь асуудал болж байна.

Тухайлбал, вакцин тариулсан ч үйлчилгээ нь түргэн дуусчихвал дахин халдвар авах аюул байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар ДЭМБ-ын яаралтай тусламжийн мэргэжилтэн Майк Райн “Вакцин насан туршийн баталгаа өгч чадахгүй. Энэ бол том асуудал. Вакцин бол цар тахлын төгсгөл биш” хэмээн хэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт “Pfizer” компанийн бүтээсэн вакцинд Нэгдсэн Вант улс зөвшөөрөл олгосон бөгөөд ард түмнээ энэ долоо хоногоос вакцинжуулж эхлэх гэж байна. Харин АНУын Засгийн газар “Pfizer”, “Moderna” компанийн вакцинуудад зөвшөөрөл олгох эсэхээ энэ сарын 10, 17-нд хуралдаж, шийдэх юм.

Хэрвээ АНУ-ын Засгийн газар вакцинуудад зөвшөөрөл олговол 2021 оны хоёрдугаар сарын сүүл гэхэд 100 сая хүнийг вакцинжуулсан байх төлөвлөгөө бий. Харин БНХАУ дөрвөн ч вакцин боловсруулж, түүнийгээ яаралтай тусламжийн хөтөлбөрийн дагуу сая гаруй хүнд тарьсан билээ.

 

Ц.Даваасамбуу

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай