Т.Бадрал: Монгол, Хятадын худалдаа эргэлтийг ирэх онд 10 тэрбум ам.доллар хүргэх боломжтой

“COVID-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дэлхийн бүхий л улс оронд эдийн засгийн хүндрэл бэрхшээл тулгараад байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд цар тахлын нөлөөллөөр үүсээд буй эдийн засгийн болон бусад хүндрэлийг хохирол багатайгаар даван туулах, иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах хэд хэдэн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Цаашид эдийн засгийг сэргээх чиглэлд анхаарч байгаа юм.

Энэ хүнд цаг үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь эдийн засгаа дэмжих бас нэг чухал арга хэмжээ болно гэдгийг албаныхан төдийгүй эдийн засагчид ч хэлж буй. Тэгвэл Монгол, Хятад хоёр улсын хөрөнгө оруулалтын тухайд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрбээр “Хоёр орны худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг зургаан жилийн өмнө тохиролцсон ч түүнээс хойш хоёр улсын хооронд хийж байсан худалдааны хэмжээ дөрөв дахин өсчихөөд байна.

Цар тахал дэлхий нийтийг хамарч, хил боомтоо хаагаад тодорхой хэмжээний хязгаарлалт тавьсны улмаас энэ ондоо дээрх зорилтод хараахан хүрэх боломжгүй болчихлоо. Түүнээс гадна дотоод болон гадаадад дэгдсэн халдвартай холбоотой манай улс ч, БНХАУ ч хил, гаальдаа тодорхой хэмжээнд хязгаарлалтууд тавьж байна. Энэ хязгаарлалтуудаас болж бид гадаад худалдааны эргэлтийн хэмжээг зорьсон хэмжээндээ хүргэж чадахгүй болж таарч байх шиг байна. Гэхдээ бид ирэх онд хоёр улсын хооронд хил боомтын асуудлыг халдвараас урьдчилан сэргийлэх бүх нөхцөлүүдийг бүрдүүлээд, хэвийн ажиллах тохиолдолд түрүүний хэлсэн 10 тэрбум ам.долларт хүргэх боломжтой. Сүүлийн 20-оод жилийн хугацаанд манай улсад БНХАУ-аас 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна.

БНХАУ-аас Монгол Улсад оруулж буй ихэнх хөрөнгө оруулалт нь уул уурхайн салбарт байсан бол, сүүлийн 2-3 жилийн хугацаанд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байна” гэжээ.

 

М.Энх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)