Аялал жуулчлалын салбар 2024 он хүртэл сэргэхгүй

Цар тахлын дэгдэлтээс үүдэн бизнесийн салбарт хийсэн судалгаа мэдээллээс харахад аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол, худалдаа үйлчилгээний салбар хамгийн их хохирол амсаад байна. Дэлхийн олон орны аялал жуулчлалын салбар жуулчид хамгийн ихээр ирдэг оргил үеэ зуны улирал гэж тодорхойлсон байдаг.

Тиймээс зарим улс амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих эрүүл ахуйн дүрмээ сайн баримталбал жуулчид хүлээж авахаа мэдэгдээд байна. Харин халдварт өвчин голомтлон гарч буй зарим улс орон он дуустал жуулчин хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, болгоомжилсон хэвээр байна. Гэхдээ хүмүүс аялж зугаалах, амрах газраа цахим ертөнцөөс хайсаар байгаа юм. Сошиал ертөнцөд идэвхтэй суугаа хүмүүсийн судалгаа, хайлтын үзүүлэлтээс харахад ирэх онд хүмүүсийн хамгийн ихээр аялах орноор Арабын Нэгдсэн Эмират улсыг нэрлэжээ. “Lonely Planet” сэтгүүлд мэдээлснээр Швейцарын томоохон аялал жуулчлалын компани интернэтийн хайлтын сүлжээг ашиглан 2021 онд жуулчдын аялахыг хамгийн хүсэж буй газруудыг нэрлэсэн байна. Ингэхдээ нийт 131 орны хэрэглэгчдийн хайлтад дүн шинжилгээ хийжээ.

Тухайлбал, америкчууд болон канадууд Японд очих сонирхолтой байна. Харин оросууд Мексикт аялахыг хүсчээ. Европчууд Мальдив руу аялахаар хүлээж байгаа бол өмнөд америкчуудын аялах дуртай газар нь Перу аж. Австраличуудын сонирхлыг Фижи татжээ. Хамгийн сонирхолтой аяллын чиглэлд Катар, Канад, АНУ, Египет зэрэг багтсан байна. “COVID-19” цар тахал, эдийн засгийн хямрал аялал жуулчлалын салбарынхныг ажилгүй, орлогогүй болгож мэдэхээр байгаа учраас эрүүл ахуйн дүрмийг сайн мөрдсөн жуулчдад үүдээ нээж болно гэдгийг зарим орны удирдагчид хэлэлцээд байна. 

 

Тухайлбал, жуулчдын очих дуртай газруудын нэг Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газраас долоодугаар сард гадаадын жуулчид Дубайд зочилж болно гэдгээ мэдэгдсэн. Харин ирэхдээ анхаарах зүйлс нь, жуулчид коронавирусийн шинжилгээ өгснөө батлах баримттай байх эсвэл нисэх буудалд “COVID-19”-ийн халдварыг оношлуулахад бэлэн байх ёстой хэмээсэн билээ.

 

 

Азийн орнуудаас Японд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Засгийн газраас боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. “Go to trav­el” нэртэй энэ хөтөлбөрт аялал жуулчлалтай холбоотой зардлуудад хөнгөлөлт зарлаж, жуулчид ихээр очдог дурсгалт газрууд, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд ашиглах тусгай купоныг олгохоор тусгажээ.

Мөн цар тахлын уршгаар ихээхэн хохирол амссан зочид буудал, аяллын компаниудад нөхөн төлбөр олгох юм байна. Гэхдээ энэ хөтөлбөрт коронавирусийн халдвар их тархсан Токио хотын оршин суугчид одоогоор хамрагдах боломжгүй юм. Судлаачдын үзэж буйгаар аялал жуулчлалын салбар 2024 он хүртэл сэргэхгүй аж.

 

Ц.Даваасамбуу

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)