Эрдсийн зах тойрсон эерэг мэдээнүүд

Манай улсын экспортын 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнийн таамаглал, судалгаа, тоймыг “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсээс долоо хоног бүр шинэчлэн хүргэж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт таваарын зах зээл ямархуу өнгөтэй байсныг тоймлон хүргэе.



CITIGROUP: АЛТНЫ ХАНШ ИРЭХ ЖИЛ 2000 АМ.ДОЛЛАР ДАВНА

Өнгөрсөн долоо хоногт алтны ханш 1.789.14 ам.доллараас 1838.86 ам.долларт хүрч өсчээ. Ханш ингэж өсөхөд ам.долларын ханшийн уналт зонхилж нөлөөлсөн гэж “Голомт капитал”-ын шинжээчид дүгнэжээ. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтэд хүрээгүй, мөн эдийн засгийг идэвхжүүлэх сангийн тэлэх багцыг хэрэгжүүлэх яриа эргэн сэргэсэн зэрэг нь ам.доллар сулрахад нөлөөлж алтны ханш өсөхөд хүргэсэн аж. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены БНХАУ-тай байгуулсан ФАЗ1 хэлэлцээрээс гарч, асуудлыг илүү өргөн хүрээнд бүрэн хэмжээний бодлоготойгоор хэрэгжүүлнэ гэх мэдэгдлийг ч шинжээчид онцолжээ. Citigroup-ийн таамаглалыг ч тэд таваарын зах зээлийн долоо хоногийн тоймдоо тодотгосон байна. Алтны ханш 2021 онд эргээд 2000 ам.долларын босгыг давна гэсэн таамгийг Citigroup-ийн шинжээчид гаргажээ. Алтны ханш ингэж өсөхөд мөнгөний зөөлөн бодлого нөлөөлнө гэж тайлбарласан байна. Улсын өрийг санхүүжүүлэх үед ам.долларын ханш унах эрсдэлтэй гэнэ. Citigroup алтны ирэх гурван сарын хугацааны дундаж ханшийг 1850 гэж таамаглаж байгаа юм байна.

Харин ирэх оны 6-12 дугаар сарын ханшийг 2100 ам.доллар гэж тооцоолжээ. Мөн ирэх оны эхний хагаст ханшийн дундаж 1900 ам.доллар орчимд хэлбэлзэж, хоёрдугаар хагасаас буурах таамаглалыг дэвшүүлээд байгаа аж. Харин UBS-ийн хувьд алтны ирэх оны эхний улирлын ханшийн таамаглалыг 2000-аас 1950 ам.доллар болгон бууруулжээ.

КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ЭЕРЭГ МЭДЭЭ ГАЗРЫН ТОСНЫ ХАНШИЙГ ӨСГӨВ

Өнгөрөгч долоо хоногт “West Texas Intermedi­ate (WTI)” газрын тосны ханш нэг баррель нь 45.24 ам.доллартaй эхлэн, оргил үедээ 46.66 ам. долларт хүрч, эцэстээ 45.10 ам. доллар дээр тогтжээ. “Brent” газрын тосны ханшийн хувьд нэг баррель нь 47.85 ам.доллараар эхлэн, оргил үедээ 49.75 ам.долларт хүрч эцэстээ 49.04 ам.доллар дээр тогтсон байна. Ханшийн хөдөлгөөнд хэд хэдэн компани коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн нь амжилттай байгаа талаар мэдэгдсэн нь нөлөөлжээ. Вакцин тойрсон эерэг мэдээний нөлөөгөөр худалдан авалт нэмэгдсэн гэнэ. Өнгөрсөн долоо хоногт, жилийн эцсээр нийлүүлэхээр төлөвлөж байсан вакцины хэмжээ хоёр дахин буурсан ч хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өндөр хэвээр байгаа аж. Ханшийн өөрчлөлт нөлөөлсөн хоёр дахь шалтгаан нь ОПЕК болон бусад газрын тос олборлогч орнуудын 12 дахь сайд нарын уулзалт юм байна. Тус уулзалт арванхоёрдугаар сарын 3-нд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан юм. Уг хурлаар нийлүүлэлт хязгаарлах гэрээний дагуу 2021 оны нэгдүгээр сараас өдрийн 8 сая баррелиас 6 сая баррель хүртэл бууруулах төлөвтэй байсан ч өөр шийдвэр гарсан билээ. Хурлын үеэр энэхүү шийдвэрийг цуцалж, нэгдүгээр сараас нийлүүлэлтийн хэмжээг өдрийн 500.000 баррелиар нэмэгдүүлэх, цаашид сар бүрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар тохиролцжээ. Энэ өөрчлөлтийг зах зээл эерэгээр хүлээн авч, газрын тосны ханш эргэн сэргэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж “Голомт капитал”-ын шинжээчид онцолсон байна. “Голомт капитал”-ын үнийн тоймд “Зах зээлд оролцогчдын дараагийн томоохон хүлээлт нь АНУ-ын Засгийн газраас батлах зах зээлийг дэмжих хөтөлбөрийн үр дүн. Шинжээчдийн таамаглалаар “West Tex­as Intermediate(WTI)” ханш оны эцэст нэг баррель 50 ам.доллар, “Brent” газрын тосны ханш өнгөрөгч долоо хоногийн түвшнээсээ улам бүр өсөх хандлагатай байна” хэмээн тодотгожээ.

ЗЭСИЙН ХАНШ СҮҮЛИЙН ЕСӨН САРЫН ТУРШ ТАСРАЛТГҮЙ ӨСЧ БАЙНА

Зэсийн ханш сүүлийн есөн сарын турш тасралтгүй өссөн нь сүүлийн 10 жилд тохиолдоогүй үзэгдэл гэж “Голомт капитал”-ын шинжээчид онцолжээ. Тэд таваарын зах зээлийн үнийн тоймдоо “Австрали болон Хятад улсуудын хооронд улс төрийн үл ойлголцлоос үүдсэн худалдааны дайн өрнөж, хориг тавигдсанаар асар их хэмжээний зэсийн хүдэр ачсан усан онгоцнууд Хятадын усан боомтууд дээр гацаад байна. Хэдийгээр Хятадын компаниуд нэгэнт төлбөрөө төлсөн ч хилээр нэвтрүүлэхгүй байгаа аж. Зэсийн номер нэг олборлогч Чили, номер хоёр олборлогч Перу улсуудад коронавирусын халдвар авч буй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Чили улс коронавирусийн халдвар авсан хүний тоогоор дэлхийд 22-т жагссан бол Перу улс дэлхийд 15-т жагсаад байна. Тухайн улсууд нь ядуу, буурай орон тул олон хүн халдвар авах, их, бага хэмжээгээр хөл хорио бүсчлэн тогтоож байгаа нь эдийн засагт нь маш хүнд цохилт болоод байна. Түүгээр ч зогсохгүй зэсийн олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааг асар ихээр удаашруулсаар байгаа юм” хэмээн онцолжээ. Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны шинжээчид 2021 онд зэсийн ханш 1762 ам.доллараар өсч 9500 ам.долларт хүрнэ гэж таамагласныг “Голомт капитал”-ын шинжээчид онцолсон байна. Gold­man Sachs-ийн ханшийн таамаглалаа өсгөсөн шалтгаан нь Хятад, АНУ болон Европын холбооны улсууд ногоон эрчим хүчний чиглэл рүү ирэх жил асар их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаатай холбоотой аж. Салхи, ус, нарны эрчим хүчний тоног төхөөрөмж, эд ангиудыг үйлдвэрлэхэд их хэмжээний зэс ордог юм. Зэсийн ханшид нөлөөлж болох хэд хэдэн хүчин зүйл байгаа гэнэ. Хятад, Австралийн улс төрийн үл ойлголцол дуусч, Хятад улс Австралиас импортолж эхэлбэл зэсийн ханшид сөргөөр нөлөөлөх магадлалтай гэнэ. Дараагийн нөлөөлөл нь Чили болон Перу улстай холбоотой юм байна. Эдгээр улс Хятадаас коронавирусийн эсрэг вакциныг худалдаж авах гэж байгаа. Ойрын хугацаанд ард түмнээ вакцинжуулалтад хамруулан, дотооддоо үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэлээс гарвал зэсийн олборлолт, экспорт өсөж, ханшид сөргөөр нөлөөлөх магадлал бий гэж шинжээчид үзжээ.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХАНШ ӨНГӨРСӨН САРААС ХОЙШ ТОГТМОЛ ӨСЧЭЭ

Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн сарын сүүлээс хойш тогтмол өссөөр байгаа шалтгааны нэг нь нүүрсний зах зээлийн голлох тоглогч Австралитай холбоотой аж. “Голомт капитал”-ын шинжээчид “БНХАУ Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо цуцлах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй хэвээр байна.

Харин Монгол Улсын хувьд коронавирусийн дотоодын халдвар ихэсч, хяналт чангарсантай холбоотой нүүрсний экспорт уналтад ороод байгаа. Тодруулбал, дунджаар 700-1000 гаруй автомашинаар нүүрс тээвэрлэдэг байсан бол арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар 120 гаруй автомашин нүүрс тээвэрлэжээ. Энэ мэт шалтгаануудын улмаас БНХАУ-д коксжих нүүрсний ханш өсч, Далианы таваарын биржийн 12 сарын коксжих нүүрсний ханш арваннэгдүгээр сарын 20-ны сүүлийн уналтаас буюу 1310-аас тогтмол өсч 1564 юаньд хүрээд байна” хэмээн онцолжээ. БНХАУ-ын гангийн зах зээлийн PMI (Purchasing Managers Index) тавдугаар сараас хойш уналтад ороод байсан бол өнгөрсөн сараас 3.5 хувиар өсч 49.3-т хүрсэн аж. Тус индекс нь тавдугаар сард 50.9 байсан бол есдүгээр сард 43.9 хувь хүртэл унасан удаатай. Гангийн PMI индекс нь БНХАУ-ын гангийн салбарын нөхцөл байдлыг тодорхойлогч индекс юм. Уг индекс өсөлт үзүүлж байгаа нь гангийн салбар, цаашлаад коксжих нүүрсний эрэлт өсч буйг илэрхийлж байна гэж шинжээчид тодотгожээ.

VALE-Н МЭДЭЭЛЭЛ ТӨМРИЙН ХҮДРИЙН ЗАХ ЗЭЭЛД НӨЛӨӨЛЖЭЭ

Төмрийн хүдрийн зах зээл ч өнгөлөг байна. “Голомт капитал”-ын шинжээчид шалтгааныг нь “Дэлхийн хамгийн том төмрийн хүдэр үйлдвэрлэгч Vale тэргүүлэгч байр сууриа алдах төлөвтөй байна. Тодруулбал, тус байгууллага 2020 онд хамгийн багадаа 310 сая тонн төмрийн хүдэр боловсруулах төлөвлөгөөтөй байсан бол тэдний олборлолт нь 300-305 сая тоннд хүрэх төлөвтэй болчихлоо. Мөн 2021 онд төмрийн хүдрийн гарцаа 315-335 сая тоннд хүрэх төлөвтэйгөө мэдэгджээ. Харин Rio Tinto-ийн хувьд 2020 онд 324-334 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэхээр байна. Vale-н өгсөн мэдээлэл төмрийн хүдрийн нийлүүлэлт дэлхийн хамгийн том импортлогч орон болох БНХАУ-ын эрэлтийг хангаж чадах уу гэдэг асуултыг дахин тавихад хүргэж байна. Азийн захыг хаасны дараа мэдэгдсэн тус мэдээлэл нь ханшийг огцом өсгөхөд хүргэсэн.

Энэ өсөлт БНХАУ-ын эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр болон Австралийн дараахь дэлхийн томоохон экспортлогч Бразил болон Өмнөд Африкийн олборлолт буурсантай холбоотой байгаа талаар mining.com сайтаас мэдээллээ” хэмээн тайлбарлажээ.

Ц.Баасансүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)