Чадах юмаа хийж, том байхын жишээ

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод ажиллаж, амьдраад 10 гаруй жилийг ардаа үдсэн трак / ачаа тээврийн том оврын/ машины жолооч залуу Т.Тэгш-Өлзий өөрийн ажлын хөлснөөс 1000 ам.долларыг зохих байгууллагаар нь дамжуулан хандивласан тухай itoim.mn сайтаас уншиж сууна. Аль телевизийнхийг нь би мэдэхгүй, ямартай ч “хүн чанар” гэдэг нэвтрүүлгийн багтай холбогдож, гэр хороололд амьдарч, бичиг баримтаа барьцаалан хүнсний бараа бүтээгдэхүүний зээл авч, “өрийн дэвтэр”-т нэр нь бичигдсэн хүмүүсийг “чөлөөлөх” санаагаар дээрх мөнгийг хандивласан юм байна. Энэ дагуу 37 айл өрхийн хүнсний дэлгүүрт тавьсан өрийг тэглүүлж, худалдагчид нь мөнгийг өгч байгаагаа видео бичлэгээр баталгаажуулж, Т.Тэгш-Өлзийд харуулжээ.

Тиймээс түүний хандивласан мөнгө эзэндээ хүрч, төдий тооны айл өрхийнхөн нойр бүтэн хонож байгаад туйлын баяртай байгаагаа жолооч залуу илэрхийлсэн байсан.

Дотоод, гадаадаас өгөх хандив, тусламжийн мөнгөөр амьдраад сурчихсан манай иргэдийн хувьд “Баярлалаа” гэх ганц үгээр зулгуйдаад л өнгөрнө. Маргааш нь дахиад 00-ээс эхэлсэн өр зээлээ тавьж, “хар данс”-д бичүүлээд эхлэх биз. Хамгийн гол нь, хүн өөрийн хийж байгаа ажил хөдөлмөрөөрөө бахархах, түүний үнэ цэнийг ойлгох, тэр нь баталгаатай байх нь л чухал байдаг юм байна. Манайд сүүлийн үед нэвтэрч эхэлсэн, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад аль эрт хөгжлийн оргилдоо хүрчихсэн ачаа тээврийн нэгдсэн сүлжээ /ложистик/-нд байр сууриа олчихсон тээврийн машины жолооч, “Трак зогсвол Америкийн эдийн засаг саармагжина.

Тиймээс бид ажилгүйдэлд орохгүй” гэж ам бардам хэлж чадаж байгаа нь л бидний ойлгож, мэдэж суралцах, туршлага, сургамж биш гэж үү. Жолооч залуугийн хэлсэн энэ үг 40-өөд айлыг дэлгүүрийн өрнөөс “чөлөөлсөн” 1000 ам.доллараас илүүтэй баталгаат ажлын байр, зам тээвэр, ложистикоо хөгжүүлээсэй гэж шийдвэр гаргагчдад өгсөн сануулга гэлтэй сонсогдож байна.

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)