АНУ-д тавтай морил: Жо Байден цагаачлалын бодлогыг өөрчлөх үү

АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч албан тушаалаа өгөхдөө өөрийн онцлогтой улс төрийн өв үлдээдэг. Энэ нь ихэвчлэн материаллаг хэлбэртэй байдаг. Дональд Трампын эрин үеийн хөшөө дурсгал бол яах аргагүй АНУ, Мексикийн хил дээр барьсан хана. Цагаан ордны 45 дахь эзний хувьд гүнзгий бэлгэдэлтэй энэ ханыг “Трампын цагаан хэрэм” гэж нэрлэх болсон. Ерөнхийлөгч Трампын төлөвлөгөөний дагуу 1609 километр урт хана барих төсөл Жорж Бушаас эхлэлтэй. АНУ, Мексик улсын хилийн урт 3100 километр байдаг. Трампын төлөвлөгөөнд нарийн төвөгтэй бүтээн байгуулалтын ажлаас гадна судалгаа хийх, газар худалдаж авах, нэвтрэх зам барих болон бусад дэд бүтцийг багтаасан.

Мөн хананд мэдрэгчтэй хяналтын төхөөрөмж суурилуулах шаардлагатай. Хана барих шийдвэрийг Мексикийн эрх баригчид буруушааж, санхүүжилт гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн АНУ-ын ардчилагчид хана хэрэм босгох нь Америкийн үнэт зүйлтэй харшилж байгааг онцолжээ. Хана барих нь хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулж, ургамлыг сүйтгэж, амьтдын байгалийн шилжилт хөдөлгөөнд саад учруулж байгаа тул байгаль орчныхон ч эсэргүүцсэн юм. Хэдийгээр цагаачлалын бодлогын хүрээнээс гадуур байсан ч Мексикийн хана Д.Трампын засаг захиргааны улс төрийн үнэт зүйлийг тодорхойлдог. Харин түүнийг залгамжлагч Жозеф Байдены үед АНУ-ын цагаачлалын бодлого хэрхэн өөрчлөгдөх бол. Жо Байден сонгогчдын төлөөлөлтэй уулзахаас өмнө “Би бичиг баримтгүй 11 сая иргэний харьяалал хүссэн өргөдлийг шийдвэрлэнэ. Аажлаа авсан эхний 100 хоногт хэнийг ч албадан гаргахгүй” гэжээ. Мөн АНУ-д хууль бусаар ирсэн 650 мянга орчим хүн болон тэдний гэр бүлд иргэншил олгохоо амлажээ. Мөн исламын шашинт улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хязгаарласан Трампын хоригийг цуцлах юм. Хоригт Киргизстан тэргүүтэй 13 улс багтдаг. Ардчилсан намын хөтөлбөр нь Трампын бодлогыг шүүмжилж, улс орноо цагаачдад дахин нээхэд чиглэсэн юм. Гэхдээ Байдены амлалтад татвар төлөгчдөд олон тэрбум ам.долларын хохирол учруулсан “Трампын хана” хамааралгүйг ажиглагчид онцолж байна. Тухайлбал, “Нью-Йорк таймс” сонины тоймч “Хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийн ихэнх нь албан ёсны шалган нэвтрүүлэх боомтоор дамждаг. Өнөөдөр АНУ-д оршин сууж буй бичиг баримтгүй хүмүүсийн тал хувь нь визийн хугацаа хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл тэд хилээр хууль бусаар нэвтрээгүй” гэжээ.

 

АМЕРИКТ ШИНЭ ХЯМРАЛ НҮҮРЛЭЖ МАГАДГҮЙ

Д.Трамп Цагаан ордныг орхитлоо цагаачлалын бодлогоо үргэлжлүүлэн чангатгаж байна. Тэрбээр улс төрийн орогнол олгох шинэ дүрмээ энэ сарын 11-нд танилцуулсан. Хууль зүйн яамны илгээлтэд дурдсанчлан энэхүү санаачилга нь Орогнол хүссэн өргөдлийг хэлэлцэх журмыг шинэчлэн боловсронгуй болгох зорилготой юм. Ялангуяа Вашингтоны эрх баригчдад бичиг баримтгүй иргэдээс хялбархан салах боломж олгохыг зорьжээ. Д.Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд цагаачдын эсрэг үг хэлж, албадан гаргах бодлого баримталсан. Гэхдээ Барак Обамагийн үе шиг өндөр үзүүлэлтэд хүрээгүйг “Вашингтон пост” сонинд онцолжээ. Б.Обамагийн засаг захиргаа эхний жилдээ 1.18 сая хүнийг нутаг буцаасан бол Дональд Трампын удирдлага дор 800 мянган хүнийг албадан гаргасан байна. Жо Байден Обамагийн засаг захиргааны үед дэд Ерөнхийлөгч байхдаа буюу 2009-2017 онд гурван сая орчим хүнийг АНУ-аас албадан гаргах ажилд гар бие оролцжээ. Тэрбээр сонгуульд нэр дэвшсэн өдрөөсөө цагаачлалын асуудалд шинэчлэл хийж, дүрвэгсдийн квотыг найм дахин (жилд 125 мянган хүн) нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Харамсалтай нь, түүний засаг захиргаа Вашингтоны хүнд суртал, Конгрессын эсэргүүцэлтэй тулгарч магадгүй. Барак Обамагийн үед Гааль, хилийн хяналтын алба цагаачдын орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх, угсаатны бүлэглэлийг саармагжуулах, хууль бус цагаачдыг баривчлахад анхаарал хандуулдаг байсан. Харин Дональд Трампын засаг захиргаа уг байгууллагын эрх мэдлийг тэлж, бичиг баримтгүй иргэдийг “агнаж” эхэлсэн.

Сүүлийн жилүүдэд өрнөсөн цагаачлалын дуулиан шуугиан ихэнх нь Гааль, хилийн хяналтынхантай салшгүй холбоотой. Тиймээс хүний эрхийн идэвхтнүүд энэ байгууллагыг татан буулгахыг удаа дараа шаарджээ. Байдены захиргаа Гааль, хилийн хяналтын албыг татан буулгахгүй ч эрх мэдлийг хязгаарлаж магадгүй. Хэдийгээр Дональд Трамп “Мексикийн хананы зардлыг төлнө” гэж амласан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй бололтой. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны хоёрдугаар сард улсынхаа өмнөд хилд онц байдал тогтоож, хана барих зардлыг Пентагоны төсвөөс найман тэрбум ам.доллар гаргуулсан. Харин Жо Байден сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хилийн онц байдлыг цуцалж, төслийн санхүүжилтийг эргүүлэн татахаа амласан юм. Гэхдээ хэд хэдэн муж улсын нутаг дэвсгэрийг дамжсан 660 гаруй километр урт хана хэрэм түүх болон үлднэ. Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн шинжээч Жессика Болтер “Мексикийн хана төслийг зогсоосон ч Байдены засаг захиргаа үүнд тодорхой хэмжээний санхүүжилт гаргана” гэж үзжээ. Нэмж дурдахад, шинэ удирдлагаас гадна эдийн засгийн хямрал, цар тахлын улмаас Америк цагаачдын шинэ хямралтай нүүр тулж магадгүй. Жишээлбэл, 2019 оны нэгдүгээр сараас хойш АНУ-ын өмнөд хилийн албаныхан орогнол хүсэгчдийг байрлуулж эхэлсэн. Харин энэ тогтоолыг хүчингүй болгосноор хилийн боомтын урсгал огцом нэмэгдэж, цар тахлын нөхцөл байдлыг хүндрүүлж магадгүй.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)