Монгол давлагаа

1990-ээд оны эхэн хүртэл монголчууд Японы үндэсний бөх болох сүмогийн талаар огт мэддэггүй байлаа. Одоогоос 28 жилийн тэртээ Монгол орон ардчилсан зах зээл нийгэмд шилжээд удаагүй байв. Энэ хүнд үед зургаан монгол хөвүүн сүмо бөх барилдахаар арлын Японыг зорьж байсан түүх бий. Тэднийг аав ээж, ойр дотны хүмүүс нь л мэдэж байсан гэдэг. Хожим нь энэ хүүхдүүдээс улбаалан Японы мэргэжлийн сүмо бөхийн ертөнцийг донсолгосон “Монгол давалгаа” улам хүчээ авсаар өнөөдөр монгол залуус сүмо бөхийн ноён оргилд гарч дэлхий нийт биднийг мэддэг болжээ. “1995 онд Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас “Д.Батбаяр макүшита зиндаанд түрүүллээ” гэсэн мэдээ факсаар ирснийг спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ дурсамж номдоо өгүүлсэн байдаг. Тэрбээр “Тухайн үед макүшита гэдэг нь юу болохыг бүгд гайхан асууж, сүмогийн тухайд бол, өчүүхэн жижиг дэвжээн дээр эв хавгүй хоёр бүдүүн эр түлхэлцдэг л гэсэн төсөөлөлтэй байсан сан” хэмээн дурсчээ.

Тийм ээ, тэр үед үнэхээр ийм л ойлголт, төсөөлөлтэй байсан. Гэхдээ зөвхөн спорт сонирхогч цөөн хэдхэн хүн л ингэж гадарладаг төдий байсан гэхэд болно. Японы мэргэжлийн сүмо бөхийн “Оошима” дэвжээний багш Оошима ояката 1992 онд Монгол Улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж, шалгаруулалт явуулан амжилт гаргасан зургаан хөвгүүнийг сонгосон нь Б.Энхбат, Д.Батбаяр, Н.Цэвэгням, Ц.Батжаргал, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл нар байлаа. Тэднээс гурав нь тэвчээр зааж бэлтгэлээ үргэлжлүүлснээр монгол залуусын залгамж халааг эхлүүлсэн нь маргашгүй үнэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл мэргэжлийн сүмод Монголоос олон аавын хүү арлын орныг зорьж, монгол эрчүүдийн чадал, ид хавыг гайхуулж явна. Сүмогийн алтан хараацайнуудын тавьсан зам мөрийн ачаар монголчууд дөрвөн аваргатай болсон бөгөөд өнөөдөр тэднээс хоёр нь зодог тайлжээ. Харин их аварга Хакүхо, 71 дэх аварга Какүрюү нар Японы иргэншил авч дэвжээ өвлөх бэлтгэлээ хангаж байна. Тэд өнөөдөр биш ч магадгүй 1-2 жилийн дараа зодог тайлах нь дамжиггүй. Тэгвэл тэдний залгамж халааг ид барилдаж буй бөхчүүдээс хэн үргэлжлүүлэх бол гэдэг нь сүмо сонирхогчдын анхаарлыг татсаар. Тиймээс өнөө цагт мэргэжлийн сүмод амжилттай яваа зарим бөхийг онцлон, товч мэдээлэл хүргэе.

 

ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ

 

Яг өнөөдөр шинэ үеийн залуусаас хамгийн өндөр амжилттай яваа нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ. Өдгөө 29 настай түүнд сүмод идэвхтэй барилдах дор хаяж таван жилийн хугацаа байна. 2015 оны долдугаар сард озэки цол тэрбээр хүнд бэртэл гэмтлийн улмаас жонидан зиндаа хүртэл доошилсон бөгөөд 2019 оны гуравдугаар сараас цоо шинэ карьераа эхлүүлсэн. Ердөө 1.5 жилийн дотор дээд зиндаанд дэвшээд зогсохгүй сэкивакэ цолонд хүрлээ. Озэки цолоо эргүүлэн авч дахин хэд хэдэн түрүү авах зорилготойгоо ярьсан Тэрүнофүжи “Энэ хүртэл маш их хөлс асгарууллаа. Амжилтаа хадгалаад зогсохгүй улам ахиулахын төлөө хичээх болно. Хэдийгээр бэртэл бүрэн эдгэрээгүй ч удахгүй бүх зүйл хэвэндээ орно. Би зогсолтгүй зүтгэнэ” хэмээн ярьж байсан юм. Тэр бол яах аргагүй аваргуудыг залгамжлах монгол хүчтэн.

 

ХООШЁОРЮҮ С.БЯМБАСҮРЭН

 

Монголчууд сүүлийн үед итгэл найдвар тавин харуулддаг өөр нэг бөхтэй болчихоод байгаа. Энэ бол их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн ач дүү Хоошёорюү С.Бямбасүрэн. Аса аваргын том ах Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэн “Тацүнами” дэвжээнд харьяалалтай бөгөөд мэргэжлийн сүмогийн дэвжээнд өрсөлдөж буй монгол бөхчүүдийн 35 дахь сектори болсон юм. Өдгөө 22 настай С.Бямбасүрэн хоёр жил гаруй өмнө арлын орныг зорьж байсан ба ямар амжилт гаргах нь цаг хугацааны асуудал. Өнгөрсөн башёд макүүчид дэвшин барилдахдаа маэгаширагийн 13 дугаарт эрэмбэлэгдсэн юм.

 

ХОКҮСЭЙХО Э.ДАВААНИНЖ

 

“Миягино” дэвжээний монгол бөх Хокүсэйхо Э.Даваанинж (18 настай. 158 кг жинтэй. 2 метр өндөр) өнгөрсөн башёд санданмэ зиндаанд долоон даваагаар түрүүлж, олны анхааралд өртсөн. Тэрбээр долоодугаар сард жонокүчид 7-0, есдүгээр сард жониданд 7-0 түрүүлж байлаа. Мэргэжлийн сүмод орсноосоо хойш нэг ч өвдөг шороодолгүй доод гурван зиндаанд түрүүлсэн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан юм. Түүний амжилт сүмогийн түүхэнд тавдугаар эрэмбэлэгдэх рекорд юм. Э.Даваанинж нэгдүгээр сард макүшитагийн дээд хэсэгт барилдах болно. Хэдий хугацаанд сэкитори цолтон болохыг цаг хугацаа харуулна. Ямартай ч сүмод цахиур хагалах монгол бөхчүүдийн нэг гэдэг нь тодорхой. Хокүсэйхо сэтгүүлчдэд “Тэмцээний өмнө үндсэн дасгалуудаа сайн давтаж, бэлтгэсэн. Их аварга Хакүхо надад “За энэ тэмцээнд ч гэсэн хичээнэ шүү” гэж хэлж байлаа. Түрүүлсэндээ их баяртай байна. 21 давлаа. Дараагийн зорилго сүмогийн рекорд 27 дараалан давсан амжилтыг эвдэх. Макүшитад хүчтэй, том биетэй бөхчүүдтэй барилдах тул сайхан санагдаж байна. Жонокүчид байхдаа өмнөө тавьсан нэг жилд сэкитори болох зорилго хэвээр байгаа” хэмээн ярьж байв.

 

ИЧИНОЖО А.ИЧИННОРОВ

 

Мэргэжлийн сүмогийн үлэмж биет, 27 настай сэкитори тэрбээр монгол сүмочдын залгамж халаа юм. 2014 онд анх мэргэжлийн сүмод барилдсан тэрбээр ердөө найман сарын дотор макүүчид дэвшсэн түүхтэй. Зургаан жилийн хугацаанд сэкивакэ цолонд хүрч байсныг сүмо сонирхогчид санаж байгаа биз. Өөрийгөө бүрэн дайчилбал макүүчид анхны түрүүгээ авах бүрэн боломжтой.

 

МИТОРЮҮ Б.ТӨРБОЛД

 

Монголчуудын бас нэгэн найдвар Миторюү Б.Төрболд юм. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул “Нишикидо” дэвжээний сүмоч тэрбээр жюүрёод барилдаж байна. Сонирхогчдын сүмогийн ДАШТ-ий хошой аварга, оюутны ёкозүна бөгөөд гадаадын анхны сонирхогчдын сүмогийн ёкозүна хэргэмтэй. 2017 оноос мэргэжлийн сүмод барилдсан тэрбээр дөрөвхөн тэмцээний дараа сэкитори цолонд хүрсэн. Миторюү 23 настай. 187 см өндөр, 182 кг жинтэй. Сүмогийн олон мэргэжилтнүүдээс өндөр үнэлэлт авсан гэнэ.

 

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн"сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)