Х.Булгантуяа: Суурь зардлыг төр хариуцсанаар бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг болохоор байна

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯАТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газраас цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд гаргаж буй шийдвэртэй та санал нэгдэж байгаа юу. Хэрэгжүүлж буй тухайн арга хэмжээ үнэхээр дэмжлэг болж чадаж байна уу?

-Өнгөрсөн 4-10 дугаар сард хэрэгжүүлсэн арга хэмжээ их үр дүнтэй байсан тухай хувийн хэвшлийнхэн ярьж байна. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг тэглэсэн, ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажилтных нь тоогоор 200000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн зэрэг маш зоримог долоон арга хэмжээг авсан. Хоёр хоногийн өмнө Засгийн газраас ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийн суурь зардлыг төр хариуцах томоохон шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг болохоор байгааг тэд хэлж байна. Жишээлбэл, нэг жижиг хоолны газар долоодугаар сар хүртэл суурь төлбөр төлөхгүй байснаар 15 сая орчим төгрөгийн зардлаас чөлөөлөгдөж байна гэж байсан.

 

-Зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан. УИХын гишүүдийн дийлэнх нь хуулийн төслийг дэмжиж байгаа ч иргэдийн гарт хүрэхдээ үнэ нь нэмэгддэг асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан?

 

-Гаалийн татвараас гадна, импорт, дотоодын НӨАТ-ыг чөлөөлсөөр иргэдийн гарт эсрэгээрээ үнэ бууж очих ёстой. Бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт, тухайн үеийн импортын үнэ зэрэг олон хүчин зүйлээс хамаарч бас дотоод үнэ тогтоно. Эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг ОХУ-д үйлдвэрлэдэг, эсвэл тус улсаар дамжин импортолдог. Зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт тухайн улсдаа ч хүндрэлтэй, үнэ өдрөөс өдөрт өсөлттэй байгаа. Тиймээс бид гааль, НӨАТ-аас чөлөөлөх арга хэмжээг авсан.

 

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанк бодлогын хүүгээ хоёр нэгжээр бууруулж, зургаан хувь болгосон. Үүнээс өмнө мөн нэг нэгж хувиар бууруулсан. Ингэж бодлогын хүүг бууруулах нь богино болон урт хугацаандаа эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх вэ?

 

 -Бодлогын хүү гэдэг Төв болон арилжааны банк хоорондын зээл, хадгаламжийн хүүгийн суурь хүү юм. Энэ нь цаашаа банк болон аж ахуйн нэгж, иргэд хоорондын зээл, хадгаламж зэрэг хэлцлийн суурь хүү болдог. Бодлогын хүүг бууруулсны зорилго нь бизнесийн зээлийг аль болох эдийн засаг руу гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл, банкуудын нөөц Төв банкны үнэт цаасанд байрших таатай боломжийг бууруулж байгаа юм. Дэлхийн улс орнуудын төв банкууд зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, зээлийн зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг багасгах, банкны систем дэх төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих талаас олон төрлийн мөнгөний бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байнa. Дэлхийн 88 улс бодлогын хүүгээ бууруулсан байна. Зарим улс бүр 2-3 жил бага түвшинд барихаа ч зарласан. Мөн маш их тэлсэн төсвийн бодлого явуулж байна. Ингэж хоёр бодлогыг зэрэг явуулж байж энэ хүнд үед бизнес, эдийн засгаа авч үлдэнэ гэж тооцож байна. Монгол Улс ч мөн тийм бодлого баримталж байна.

 

 

 

Сүүлийн жилүүдэд бодлогын хүү ихээхэн өсөж, 2016 оны наймдугаар сард хамгийн өндөр буюу 15 хувьд хүрч байв. Мөн 2007 онд 6.4 хувь болж буурсан. Харин зургаан хувь нь түүхэн доод түвшинд тооцогдоно. Гэхдээ бодлогын хүүгийн үр нөлөө хамгийн багадаа 3-6 сарын дараа санхүүгийн зах зээлд гарч мэдрэгддэг.

 

 

 

–Та бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар уулзсан. Тэд ихэвчлэн ямар санал хэлж байна. Цар тахлын улмаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон энэ үед тухайн салбарт яг ямар дэмжлэг илүүтэй хэрэгтэй байна вэ?

 

-Цар тахлын хөл хорио хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид төр, засгийнхнаас тодруулах, шийдвэрлүүлэх олон асуудал байсан. Манай тойрог Баянзүрх дүүрэг бас их онцлогтой. Хамгийн олон зах, худалдааны төвтэй, маш олон жижиг дунд бизнес эрхлэгчидтэй. Цахим уулзалтад Баянзүрх гэлтгүй бусад дүүрэг, орон нутгаас нийт 80 гаруй бизнес эрхлэгч оролцсон. Тэд олон асуудал хөндөж, маш ажил хэрэгч шийдлийг ч санал болгож байсан. Тухайлбал, тусгай зөвшөөрөл цахимаар олголт хүндрэлтэй, СӨХ-ноос орон орон сууцны төлбөр төлөлт эрс буурсан, гэтэл алданги торгууль нэхэгдэж байгаа, ложистик тээвэр энэ цаг үед сайн хөгжсөн байсан бол өдийд бүх төрлийн борлуулалтыг онлайнаар явуулах боломжтой, НДШ хөнгөлж байсан нь ажлын байр хадгалахад маш их нэмэр болдог тул үүнийг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа гэх мэт олон асуудлыг хөндсөн. Уулзалт зохион байгуулсан тэр өдөр УИХ-ын байнгын хороодын дарга нар, УОК-ын оролцдог Түр хорооны хуралд сайд, хариуцсан дарга нараас лавлаж, албаны зарим хүний хүсэлтийн дагуу холбогдох хүмүүстэй нь утсаар ярьж бүх асуултад хариулт авсан. Үүнийгээ өөрийн фэйсбүүкээр мөн асуулт, хариулт болгон нийтэлсэн. Ус, цахилгаан зэрэг хэрэглээний суурь төлбөр, QR код гэх мэт олон асуудлыг шийдэж байгаад бизнес эрхлэгчид баяртай байна. Бүх зүйл урьдынх шигээ сайхан болчихоогүй ч бид тодорхой хэмжээний аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааг нээж, хэвийн байдалд оруулахаар УОК шийдвэрлэсэн.

 

-Цар тахал ирэх онд ч гэсэн тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх төлөвтэй буйг олон улсын холбогдох байгууллагууд анхааруулсаар байна. Тиймээс цаашид нийгэм, эдийн засгийг дэмжих чиглэлд бодлогын ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж харж байна вэ?

 

-Ер нь 2021 оны эхний хагас жилд дэлхийн ихэнх улс орон “COVID-19”-тэй зэрэгцэн амьдрах, эдийн засгаа авч явах хүндхэн сорилттой тулж байна. Үүний дараа эрчимтэй сэргэнэ гэсэн тооцоолол байна. Бид тэгэхээр хоёр янзын эдийн засгийн бодлоготой байхгүй бол болохгүй. Цар тахалтай үеийн буюу 2021 оны хагас жил орчмын болон цар тахлын дараах эдийн засгийн бодлого. Олон улсын байгууллагуудын цар тахлын дараах эдийн засгийг төсөөлж байгааг харахад улс орнууд дотоод, гадаад аялал жуулчлал эрчимтэй хөгжинө.

Үйлдвэрлэл, хүний шилжих хөдөлгөөн цар тахлын үед эрс багассан тул орчин цагийн үйлдвэрлэл хөгжиж эхэлснээс хойш байгаагүйгээр байгаль дэлхий цэвэршиж байна. Тиймээс, ялангуяа хөгжиж буй улс орнуудаас цар тахлын дараа байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засагт эрчимтэй шилжих арга хэмжээ авч байна. Саяхан Япон, Солонгос гээд Азийн том улс орнууд ногоон эдийн засгийг хүчтэй дэмжих амлалтыг өглөө. Эдийн засгаа улам төрөлжүүлэх ёстойг улс орнууд энэ цаг үед онцлон мэдэрсэн. Жишээлбэл, Хавай, өмнөд Азийн Фижи зэрэг нь аялал жуулчлалаас хэт хамааралтай тул эдийн засгийн гүн хямралд орсон. Энэ цаг үед хүмүүс том хот руу шигж амьдрах хүсэл багасах байх, компаниуд эдийн засгийн хүндрэлд орсон тул судалгаа, инновацид хийх хөрөнгө оруулалт багасна гэж тооцжээ. Харин цахим шилжилт урьд өмнө байгаагүй эрчимтэй явагдаж байна. Цаашид ч эдгээр компанийн хувьцаа, ашиг орлого өсөх байх. Жижиг дунд бизнесүүд хамгийн хүнд байх дүр зураг ажиглагдаж байна. Жишээ нь, АНУ-ын жижиг дунд бизнесүүд 27 хоногийн үйл ажиллагааны зардалтай тэнцэх хэмжээний хуримтлалтай байдаг юм байна. Гэтэл аль хэдийнэ долоон сар эрэлт, нийлүүлэлт хүндэрсэн тул 25-36 хувь нь үүд хаалгаа хаахаар байгаа тухай “Маккензи” компани судалгаандаа дурдсан байна. Дэлхийн улс орнууд гадаад худалдаа, гадаад харилцаанаас илүү дотоодын асуудалдаа чиглэсэн, магад бүр нэлээд амиа хичээсэн бодлого ч явуулахаар байна. Энэ нь манай улсын хувьд зарим улс орноос ирдэг зээл, тусламж багасах үр дагавартай.

 

-Ирэх оны төсвийг тодотгох ёстой гэдэг асуудлыг эдийн засагчид хөндөж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

 

 -2021 оны төсвийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үед хатуу хөл хорио тогтоогоогүй, эсрэгээрээ сургууль, цэцэрлэгүүд, үйлчилгээний байгууллагууд, бар, ресторан ч хэвийн ажиллаж байсан. Хуулиараа эхний нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээр УИХ гол өөрчлөлтүүдийг хийх боломжтой. Үүний дараа гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт өмнөх хэлэлцүүлгээр гаргасан саналыг дэмжих дэмжихгүй гэдэг л санал хураалт явдаг. Тиймээс цахимаар хуралдаж гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг хийхэд хөл хорионд орсон, өөрчилье гэхэд процесс, цаг хугацааны хувьд хэт оройтсон байсан. Төсвийн тухай хуулийн 6.2.3-т Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсхүл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлэх гэж заасан байдаг. Гэхдээ төсвийн тодотгол хийхэд улсын төсөвт бүх байгууллагууд бүх хүчин чадлаараа ажиллах болдог. Энэ бол өөрсдийн төлөвлөсөн ажлаасаа ирэх жил аль нь чухал гэдгийг эрэмбэлж хасна гэсэн үг.

 

 

 

Төсвийн санхүүжилт бүрийн цаана төлөвлөсөн ажил байдаг. Жишээлбэл, Сангийн яам хүнс, хөдөө аж ахуйн салбарын урсгал зардлаас дур мэдэн хаслаа гэхэд магад энэ жил хамгийн чухал асуудлыг хасчихсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс үүнийг салбарын яам нь эрэмбэлэх, хасах хэрэгтэй. Хуулийн дагуу Засгийн газар төсвийн тодотгол хийхэд бэлэн байх ёстой.

 

 

 

 -Ер нь ирэх оны улсын төсөв хэр зэрэг чамбай болсон бэ. Өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой төсөв болов?

 

-Он бүрийн төсөв тусгайлсан нэг салбар чиглэл рүү хандаж боловсруулагдаж ирсэн. 2017 оны төсөв өр дарах, төсвийн алдагдлыг эрчимтэй бууруулах, 2018 оны төсөв боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, 2019 онд соёлын салбарын томоохон барилга байгууламж шинэчлэх ажлыг эхлүүлсэн төсөв болсон. Өнгөрсөн дөрвөн жилд ашиглалтад оруулсан 200 сургууль, 200 гаруй цэцэрлэгийн бэлтгэл ажлыг 2017 онд хангаад 2018 онд эхлүүлсэн байдаг. 2020 оны төсөв бол цар тахлын төсөв боллоо. Энэ оны эхний зургаадугаар сарын байдлаар орлого 1.2 их наядаар буурч, тодотгол хийх шаардлага үүссэн. Тодотголоор орлогыг 2.2 их наядаар, зарлагыг 705 тэрбумаар багасгасан. 2021 оны хувьд эрүүл мэндийн салбарт реформ хийх төсөв боллоо. 2019 онтой харьцуулахад эрүүл мэндийн салбарын санхүүжилт хагас их наядаар нэмэгдсэн. Энэ реформыг хийх судалгаа, бэлтгэл ажлыг сүүлийн дөрвөн жилд хангасан байдаг. Эрүүл мэндийн даатгалын тухай гээд холбогдох хуульд нь өөрчлөлт оруулж эрүүл мэндийн үйлчилгээг иргэн төвтэй болгосон. Төсвийн хөрөнгө оруулалтууд дээр ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт шинээр нэмэгдсэн. Сургууль, цэцэрлэгийн нэг ангид ногдох хүүхдийн тоо их байх нь эрсдэл нэмдэг, мөн хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг харгалзан үүнийг хийхээс өөр аргагүй.

 

 -Төсвийн зарлагыг боломжит хэмжээнд бууруулж, танаж чадсан уу?

 

-Энэ цаг үед дэлхийн бараг улс орон бүр зардлаа маш их нэмсэн, алдагдалтай төсөв баталж байна. Мөнгөний бодлогын хувьд ч маш их тэлсэн бодлого барьж байна. Уул уурхайгаас хамааралтай улсын төсвийн алдагдал ДНБ-ий 10 орчим хувь байгаа бол Монгол Улсынх 5.1 хувь байгаа. Гэхдээ үүнийг танах, орлогоо дайчлах боломж бий. Ялангуяа очих ёстой хүндээ хүрч чадахгүй байгаа халамжийг цэгцлэх хэрэгтэй. Хариуцсан сайд нь хүртэл “Халамжаа аваад жийпэндээ суугаад явж байгаа хүмүүс байна” гэж ярьж байсан. Халамжийн зардал 2021 оны төсвийн хамгийн том зардал. Мөн энэ үрэлгэн, алдагдалтай ажилладаг ТӨХК-уудыг дайчлах хэрэгтэй байна. Зарим нь өнөөдрийн хүнд нөхцөлд хэрэгтэй хэрэггүй маш олон хөрөнгө оруулалт авна гэж төлөвлөсөн байна билээ. Уг нь улсын төсвийн хөрөнгө оруулалт сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нэн шаардлагатай бүтээн байгуулалтад зарцуулагдах ёстой.

 

-Та зарим ТӨХК-ын удирдлагуудын төсвийн зарцуулалтад нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Тансаглалыг нь танавал төсвийн алдагдал байтугай мөнгө гарч ирнэ гэдгийг хэлж байсан. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар гарц, шийдэл байж болох вэ?

 

-ТӨХК-уудыг улс төрөөс ангид байлгахаас л эхлэх ёстой. Мөн эдгээр компанын толгой удирдлага болсон Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын газрыг маш чадварлаг, хүчирхэг болгох хэрэгтэй. Тэнд ТӨХК-уудын төсвийг хатуу хянадаг, засаглалыг сайжруулдаг, цаашлаад эдгээр компаныг ер нь хөрөнгийн биржид гаргаж олон нийтэд ил болгох ёстой. Улсын төсөвт байгууллагуудаас их мөнгө, орон тоог далд цөөхөн хүн мэддэг, тансагладаг байдлыг зогсоох хэрэгтэй. ТӨХКиудын төлөөлөн удирдах зөвлөл / ТУЗ/-д маш чадварлаг хүмүүс байх ёстой. ТӨХК-ийн ТУЗ-д өндөр цалин авч суудаг, компани болгон нь ашиггүй ажилладаг байдлыг зогсоох хэрэгтэй. Гадаадад хэрвээ өмнөх компани нь ашиггүй ажилласан бол дараагийн компанийн ТУЗ-д сонгогдоно гэж байхгүй.

 

-Коронавирусийн эсрэг вакциныг татан авах мөнгийг ирэх оны төсөвт суулгасан, суулгаагүй гэдэг зөрүүтэй асуудал гарах боллоо. Энэ тухайд та тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-2020-2021 оны төсөвт 50 гаруй тэрбум төгрөгийг вакцинд төсөвлөсөн. Мөн Эрүүл мэндийн сангийн эрсдэлийн сангаас гаргах боломж байгаа ч түүндээ гар хүрэхгүй байхыг эрмэлзэж байна. Вакциныг хэрхэн хурдан оруулж ирэх талаар судалж, хоёр ч ажлын хэсэг яг энэ асуудлаар идэвхтэй ажиллаж байна. Бид Дэлхийн банкны COVAX хөтөлбөрт хамрагдаж байгаа гол зорилго нь хүн ам цөөтэй, хөгжиж буй улс орнууд нэгдэн томоохон худалдан авагч болж нэгдсэн журмаар манайхаар бол очер дайрч худалдан авалт хийхийг эрмэлзэж байгаа юм. Вакцин үйлдвэрлэгчид бүгд хувийн хэвшил. Эдгээр компани эхлээд ихээр авах, томоохон улс орнуудыг хангаж дуусаад дараа нь манайх шиг цөөн хүн амтай улсад худалдан авалт хийхээр байна. Бид нэгдсэн хөтөлбөртэй болсноор арай эрт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээн зөвшөөрсөн хамгийн сайн вакцинаас авах боломж бүрдэнэ.

 

–УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, ямар нэгэн хэлбэрээр тусламж дэмжлэг үзүүлж байна. Та тойрогтоо хэрхэн ажиллаж байна. Сонгогчид ямар асуудлыг танд уламжилж байна вэ?

 

-Сонгогдсон тойргийнхоо УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нартай хамтран зорилтот бүлгийн иргэдэд хүнс, түлшний тусламж үзүүлээд байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, олон улсын байгууллагуудтай хамтран тойргийнхоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 120 өрхөд хүнсний тусламж үзүүлж байна. Хүнсний тусламжийн хажуугаар миний хамгийн сэтгэл зовниж явдаг зүйл бол боловсролын хүртээмжийн асуудал. “COVID-19” цар тахлын үед теле хичээл орж байгаа ч хичээлийн хоцрогдол боловсролын чанарын асуудал ихээр үүсэж байна. Хичээл үзэж байгаа хүүхэд хүртэл хичээлийн хоцрогдолд орж байхад тэрийг үзэх, сонсох мэдээллийн хэрэгсэлгүй айлууд маш олон байгаад нь эмзэглэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тойргийнхоо зарим сурлага сайтай, эрмэлзэлтэй, амьдралын боломж тааруугаас теле хичээлээ үзэх боломжгүй хэд хэдэн айлд зурагт бэлэглэсэн. Энэ ажлыг цаашид аян болгож байгаа. Та бүхэнд ашигладаггүй суурин болон зөөврийн компьютер, зурагт, таблет гэх мэт теле, цахим хичээл хийх цахилгаан хэрэгсэл байвал манай ажлын албатай холбогдон ахлах ангийн сурч мэдэхээр эрмэлзэж буй хүүхдүүдэд хандивлаарай. Цар тахлын хөл хорио ахлах, төгсөх ангийн хүүхдүүдэд их хүнд тусаж байна. Тэдний сурах, боловсрох хүсэл эрмэлзэлд сөргөөр нөлөөлөх вий гэдэгт би их санаа зовж байна.

 

-Ирэх онд танай тойрогт томоохон ямар бүтээн байгуулалт өрнөх вэ?

 

-Би боловсролыг чухалчилж үздэг. Манай Баянзүрх дүүрэг хүн ам болон сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн тоон үзүүлэлтээрээ хамгийн өндөрт ордог боловч хүрэлцээ хангалтгүй байдаг. Тиймээс тойргийн хэмжээнд СӨБ, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн судалгааг гаргаж, эхний ээлжид XII хороонд 200 ор, XXIII хороонд 280 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүүлэх, тоног төхөөрөмж, их засварын ажлын төсвийг улсын төсөвт суулгалаа. Мөн XXVII, XXVIII хороонд гудамж тохижуулах жишиг ажлыг эхлүүлэх гэж байна. Тухайн гудамжны авто болон явган хүний зам, гэрэл, камер, замын хажуугийн айл өрхийн хашаа гээд бүгд нэгэн жигд байх юм. Цаашдаа бол Баянзүрх дүүргийн хороонд нэг жишиг баримталж, түүний дагуу ажлыг хийнэ. Ахмад настан, хүүхэд, залуусын амрах, ая тухтай чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд III хорооны 50 дугаар цэцэрлэг болон XX хороонд иж бүрэн тоглоомын талбайн тохижилт хийнэ. Нэмж хэлэхэд IX, XVII, XIX, XXII, XXIV хороонд гэрэлтүүлэг, зам засвар, хөрсний бохирдлыг бууруулах ажил хийж байгаа. Гүйцэтгэгч компани болон Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвтэй хамтарсан ажлын хэсэг байгуулан ажлын явцтай танилцаж гүйцэтгэгч талаас ирэх онд барилгын ажлыг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

 

 -Та өнгөрсөн хугацаанд ямар хууль, тогтоомж дээр голлон ажиллав. Цаашид ямар асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

 

-Би УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд ажиллаж байгаа. Тиймээс өөрийн мэргэжил, туршлагад үндэслэн төсөв санхүү болон эдийн засгийн чиглэлээр ажиллаж байна. Ажлын хэсгүүд болон хуулиудад оролцож байна. Сонгогдсоноосоо хойш төсөв санхүүтэй холбоотой нийт 11 ажлын хэсэгт орж ажиллаж, дөрвөн ажлын хэсэг ахалж ажиллаад байна. Гурван хууль хамтран санаачилж, батлуулсан. Тухайлбал, Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай тогтоолын төсөл дээр ажилласан. Одоогоор шинэ нэг хуулийн төсөл дээр ажиллаж байна.

 

 

C.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)