Б.Лхагвасүрэн: Банкууд 2.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна
- 2020-12-18
- Эдийн засаг
- 1
Засгийн газраас ипотек, банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан. Тус арга хэмжээг банк, санхүүгийн байгууллагууд энэ сарын 1-нээс, ирэх долоодугаар сарын 1 хүртэлх хугацаанд хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэж хойшлуулах, үлдэгдэл төлбөрийг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтыг хийж байгаа юм. Тухайлбал, банкууд иргэдээс ирүүлсэн ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийн 92 хувийг шийдвэрлэжээ. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах болсон нь эдийн засгийн хямралын үед иргэдэд нэн түрүүнд, шууд нөлөөлөх шийдвэр юм.
Энэ тухайд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Монгол Улсын санхүүгийн гол ачаалал банкны салбар дээр тогтсон. Энэ утгаараа өнөөгийн тулгарсан хүндрэл бэрхшээлийг зөөлрүүлэх шийдвэр гаргахад харилцагч, бизнесийн байгууллагуудын саналыг харгалзан үзэх нь зайлшгүй юм.Тиймээс цар тахлаас болж орлого нь хумигдсан өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний болон бизнесийн зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөхгүйгээр хугацааг сунгах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.
Ингэснээр санхүүгийн эрсдэл үүсэх дарамт, хүндрэлийг бууруулахад дэмжлэг болно гэж үзэж байна. Иргэн, байгууллагуудаас хүсэлтүүд ирж байна. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн хувьд энэ сарын 11-ний байдлаар 2.2 их наяд төгрөгийн 41.5 мянган иргэний хүсэлтийг банкууд хойшлуулсан байна. Энэ мэт бүх төрлийн зээл хойшлуулах ажлыг гүйцэтгэсээр байгаа юм. Эдийн засгийн хөдөлгөөн суларсан энэ үед иргэд зээлд төлөх мөнгөө хэрэглээндээ зарцуулж, өрхийн хэрэглээ огцом унахгүй байх нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, бизнесийн үйл ажиллагааг давхар дэмжих ач холбогдолтой.
Тиймээс Монголбанкны зүгээс аль болох зээлдэгчдийн төлбөрийн чадварыг нарийвчлан харгалзан үзэж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх талаар банкуудад чиглэл өгч ажиллаж байна. Энэ нь иргэн, бизнесийн байгууллага, санхүүгийн системийг бүхэлд нь харсан шийдвэр гэж ойлгож болно” гэв.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (1)
Зочин. (66.181.188.233)
Зээлийн хүүг зогсоолоо гээд яахын ард түмний нуруун дээр дахиад л өр нэмэгдсэн үндсэн зээл дээр нь хүү гээд маш их болж бна .Одоо 7 сараас эхлээд одоо бга зээлний хүү гээд бүр их болж бна.Зээл бүр арай их бна шүү Энэ их идэж уусан төрд гарсан гэнэт баяжсан юи үзээгүй юмнуудаас хураа ард ирэгдиын өрийг нэг удаа тэгоэж өгөөчээ.Эд нар яахаараа улсаас утас илүү хэрэглээгээ төлүүлэж бдаг юм .Тарийа албанд ажиллаж бга бүх хүмүүс тэгвэл эдгээр хөнгөлөлт эдлий тэгвэл .Хүний төлөө гэсэн нэг ч хүн алга бүгд идэж ууж баяжих санаатай гуйлагчингууд бна даа