“Сүмбэр Алтайн дуулал” буюу Лувсангийн Гаваа
- 2020-12-21
- Үнэн
- 0
“Үндэсний соёлын зам” сэтгүүлийн 1933 оны нэгэн дугаарт “13 настай бяцхан зураач” гэдэг мэдээ хэвлэгджээ. Уг мэдээнд “13 настай залуу уран зураач Гаваа хувьсгалт Монгол ард улсын хүч, гэгээн хүмүүжил, боловсрол, үндэсний уран сайхныг өргөн чөлөөтэйгөөр гүйцэлдүүлэн баатарлагч шинэ өсвөр бээр төрөн гарсан нь уран гарын урчууд алхам алхмаар боловсрон хөгжих болтугай” хэмээсэн байна. Ийнхүү арав гаруйхан насандаа зураачийн алдрыг хүртсэн тэр жаахан хүү хожмын их зураач Лувсангийн Гаваа байлаа.
Их зураач хэмээхийн учрыг дор чадан ядан өгүүлсү. Наймхан насандаа эхээсээ өнчрөн ахтайгаа хоёулхнаа үлдсэн балчир хөвгүүнийг сайн санаат хүмүүс Улаанбаатар хотноо дагуулж ирсэн нь ёстой л цаашдын амьдралынх нь зам мөрийг зааж тэгшитгэсэн, ерөөлтэй сайхан хэрэг байв. Нийслэл хүрээ, Богдын хүрээ хэмээн сураг төдий сонсож байсан тэрхүү олны хөлийн газарт ирээд сайхан сэтгэлт хүмүүсийн тус, дэмээр Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн бага сургуульд элсэн оржээ. Тэндээ жил хэртэй суралцаад нас хараахан балчир тул Үлгэр жишээ бага сургуульд шилжсэн байна.
Зүүн гар талаас нэрт найруулагч Л.Ванган, Ардын зураач Л.Гаваа, Н.Цүлтэм нар
Говь мэргэн вангийн хошууны Задгайтын хийд, Таван модны хурлын хооронд хөл нүцгэн таваргаж, айлаас гуйж олсон ааруул, ээзгийхнээр амь зогоож явсан өнчин хүүг шинэ Монголын дүрслэх урлагийн анхны шанг татах аз завшаан, гайхамшигтай хувь тохиол хүлээж байсан аж. Үлгэр жишээ сургуулийн сурагч арваадхан настай хүү Улсын хэвлэх үйлдвэрт алдарт зураач “Марзан” хэмээх Балдуугийн Шаравын туслахаар ажиллах болсон нь авьяас билгээрээ их хүнд тоогдсоных биз ээ. Тэгж байтал 1933 он гарав. Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөг хийхээр Монголд ирээд байсан Оросын мэргэжилтэн К.И.Померанцев Гаваа хүүг өөрийн дагалдангаар авчээ. Ийнхүү түүний зураач болох зам нь шуудрав. Энэ тухай Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Н.Цүлтэм “Померанцев бол Гаваагийн багш юм. Померанцевын эхнэр Вера Шаршуна гэж авгай байв. Тэр хоёр Сүхбаатарын хөшөөг хийх гэж Монголд ирсэн. Тэд Гавааг авьяастайг мэдээд, дагалдуулж туслуулж, зургийн анхны мэдэгдэхүүн олгосон” хэмээн дурссан нь бий. “13 настай бяцхан зураач” хэмээн төвийн хэвлэлд магтагдаж байсныг бодоход түүний төрөлхийн авьяас билиг, ур чадвар тэгэхэд тодорч байсан ажээ. Намтрынх нь хэсгээс сонирхоход, Гаваа хүү 1934 онд Багшийн сургуулийн үүдэнд төмөр утасны модон дээр наасан зарлалын дагуу тэндхийн сурагчдын “Зургийн үзэсгэлэн”-г үзэх гэж гол хаалгаар сэм орж очжээ. Тэнд олон сонирхолтой зураг дэлгэгдсэн байж. Шохоорхон үзэж явтал сайн танил Д.Чойдогийн хөргийг хүрэн ягаан бэхээр сүүдэрлүүлэн зурсныг харж, маш гайхан улмаар өөрийнхөө зургуудыг түүнийг дуурайлган хар, хөх бэхээр сүүдэрлүүлэн зурдаг болсон хэмээн өөрөө дурссан байдаг. Ингээд 1938 онд Улсын хэвлэлийн хороонд дагалдан зураач болж алдарт зураач Б.Шарав, Д.Санжжав, Ш.Лувсаннамжил нараар заалган, зургийн эрдэмд суралцжээ. Л.Гаваа 1946-1952 онд 3ХУ-ын Ленинград хотын И.Репиний нэрэмжит Уран зургийн академид суралцан Монголын театрын тайз чимэглэлийн анхны дээд мэргэжилтэй зураач болон төгсөж ирсэн байна. Ленинградын академид суралцахаасаа өмнө “Цогт тайж” киноны ерөнхий зураачаар ажиллаж, 26-хан насандаа маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагнал хүртжээ. Хожмоо “XX зууны манлай кино” хэмээн ард түмэн нэгэн дуугаар нэрлэсэн энэхүү түүхэн киног бүтээхэд ерөнхий зураач Л.Гаваагийн авьяас билиг, ур ухаан үнэхээр тодрон гарсан гэдэг. Б.Ринчений зохиол, Ю.В.Таричийн найруулсан энэ алдартай түүхэн киноны зургийг Л.Гаваа ямар ч сургууль төгсөөгүй атлаа үнэхээр гарамгай, чадварлаг хийж гүйцэтгэсэн юм. Тэрбээр өмнө нь театрт ажиллаж байсан туршлагаараа уг киноны бүх зургийг гаргажээ. XVII зууны үеийн эх оронч, баатарлаг Цогт хунтайжийн амьдрал тэмцэл, тэр үеийн Төвөдийн Лхас хот, Далай ламын ордон, Манжийн хааны ордон, Цогт тайжийн цагаан ордон гээд тэр бүгдийг өөрөө сэтгэж, зохиож зурсан нь төрөлхийн авьяасаас гадна уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнх нь илрэл байв. “Цогт тайж” киног техник, технологи өндөр хөгжсөн өнөө цагийнхан үзэхэд шинэ, соргог хэвээрээ байдаг нь ерөнхий зураач Л.Гаваа болон түүний багийнхны авьяас чадварынх. Уг кинонд таван зураач ажилласан бөгөөд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойдог, Төрийн шагналт, Ардын зураач, XX зууны манлай зураач О.Цэвэгжав нар хувцасны зураачаар, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэм жижиг хэрэглэлийн зураачаар ажилласан түүхтэй. Ардын зураач Н.Цүлтэм 1940 онд театрт ирж, гурван жил Л.Гаваагийн дагалдан болж ажилласан аж. Тиймээс “Театрын зураг дүрслэлийн бүх анхны мэдэгдэхүүнийг Л.Гаваа багшаасаа авсан. Л.Гаваа бол манай театрын жүжигчдээр яривал Ардын жүжигчин Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, Дашзэвэгийн Ичинхорлоо гуай нар шиг тайз чимэглэлийн урлагт ганцаараа анхлан тодорч гарсан. Манай театр, киноны анхны зураач гэж түүхэнд тэмдэглэгдэх гавьяатай хүн юм” хэмээн өгүүлсэн биз ээ. Мөн тэрбээр “Хорьдугаар зууны 30-аад оноос эхлээд манай соёл урлаг ихээхэн хөгжсөн цаг хугацаа. Тэр дотроо дүрслэх урлаг, зураг урлаг маш их хөгжсөн. Үүний хамгийн нэртэй бөгөөд багш гэж болох төлөөлөгч бол Балдуугийн Шарав гуай, Лувсангийн Гаваа хоёр аргагүй мөн юм даа” хэмээжээ. Уран бүтээлийн их замын эхэнд багш, шавь бололцож, улмаар амьдралын турш анд нөхөд болж явсны хувьд Н.Цүлтэм гуайн энэ үг үнэн бөгөөд үнэ цэнтэй билээ. Л.Гаваа, Н.Цүлтэм, Л.Ванган гэх Монголын тайз, дэлгэцийн урлагийн сор болсон гурван их хүмүүн үе тэнгийнхэн төдийгүй үй зайгүй найзууд явжээ. Л.Гаваагаа Ленинградад сурч байхад тэд Петрийн хотод уулзацгаан Нева мөрний эргээр зугаалж, хожим туурвих уран бүтээлийнхээ тухай хүүрнэж, хөөрөлдөж явсан гэдэг. Л.Ванган гуай тухайн үед Москва хотноо ГИТС буюу Луначарскийн нэрэмжит театрын урлагийн дээд сургуульд суралцаж байжээ. Н.Цүлтэм гуай Ленинградын тэнгэр дор эрхэм нөхөртөө “Бөмбөгөр театрын хоёр зураач Нева мөрний эргээр алхаж явах ийм завшаантай юм байна даа” хэмээн хэлж байсан бол Л.Ванган гуай, “Насан өндөр болсон тэр цагт Нүднийхээ шилийг зүүгээд Найзынхаа бичсэн энэ мөрийг уншихдаа Намайгаа дахин нэг дурсаарай л …” хэмээн Л.Гаваа найзынхаа тэмдэглэлийн дэвтэрт тэртээ 1942 онд бичиж үлдээжээ. Зураач Л.Гаваа Ленинград хотын И.Репиний нэрэмжит Уран зургийн академид амжилттай суралцан алдарт Мусоргскийн элтлээ 150 гаруй тайз, дэлгэцийн бүтээлийн зураг зурсан нь нэг хүний амьдралд ахадсан гэмээр нөр их хөдөлмөр байв. Зөвхөн дэлгэцийн бүтээлийг нь тоолоход л Л.Гаваа гуай бие дааж 20-оод киноны зураачаар ажиллажээ. Хожим олон арван киноны зөвлөх зураачаар ч ажилласан байна. Ерөнхий зураачаар нь ажилласан кино гэвэл “Цогт тайж”, “Сүхбаатар”, “Алтан өргөө”, “Морьтой ч болоосой”, жүжгүүд нь “Сүрэг чоно”, “Шинэ хүн”, “Амарсанаа”, “Миний Баясгалан” гэх мэтээр үргэлжилнэ. Л.Гаваа гуай түүх, угсаатны зүйн өргөн мэдлэгтэй нь ажилласан бүх бүтээлээс нь харагддаг.
Тэрбээр зураачийн хувьд шаардлагатай бүх мэдлэгийг эзэмших гэж эрмэлздэг нэгэн байсныг мэргэжил нэгт нөхөд нь дурссан театр, кинонд ажилласан, амьдрал, уран бүтээлийн асар их баялаг туршлагатай хүн байлаа. Хоёр ангитай энэ түүхэн киноны тэр их олон тайз, тавилга, жижиг хэрэглэл, хувцас бүхэн Л.Гаваа гуайн уран гараар бүтээгдсэн гэж хэлж болно. Жишээлэхэд, Ховдын хэрмийн зургийг авах болоход бид бараг шинээр барьж байж зураг авсан гээд бодоход энэ их бүтээлч ажлын цар хүрээ бидэнд аргагүй мэдрэгддэг юм. Магсаржав, Дамдинсүрэн нарыг Богдын зарлигаар Хатанбаатар, Манлайбаатар цолоор шагнаж байгаа хэсгийн зурагт баруун хязгаарын олон үндэстэн ястны хувцсыг харуулах гэж Л.Гаваа гуай ёстой нойр хоолгүй зүтгэн ажилласныг одоо санахад үнэхээр бахархалтай сайхан байдаг юм. Би одоо санаж байна. Тухайн үед Ховдын зочид буудал бол бидний зураг авалтын үеэр нэг ёсондоо Л.Гаваа гуайн удирдлагаар тэр аяараа бүхэл бүтэн оёдлын үйлдвэр шиг ажиллаж байсан. Л.Гаваа зураач хэзээ язааны нөгөө л хөнгөн шаламгай, бүтээлч, ирмүүн цогтой амьдралынхаа хэмнэлээр кофе чанаж уучихаад л, тэр олон оёдолчноор энэ их нүсэр ажлыг гардан хийлгэж, удирдаж байсан. Одоо бол театр киноны ийм зураач олоход бэрх болсон цаг. Хамгийн гол нь Л.Гаваа гуай хамтран ажиллахад элдэв муухай зан, зуршилгүй, их энгийн, маш өргөн мэдлэгтэй хүмүүсийн нэг байсан. Ийм хүний үйлс нь мөнхөрч, нэр алдар нь дурсагдан үлдэх ийм л ёстой юм даа…” Бичвэрийнхээ энэ хэсэг хүртэл бид Л.Гаваа гуайн театрын зураач болох тухайд, тайз, дэлгэцийн бүтээлүүдийнх нь талаар түлхүү дурдлаа. Монголын тайз, дэлгэцийн анхны мэргэжлийн зураачийн хувьд тэгэхээс ч аргагүй. Гэхдээ Л.Гаваа хэмээх энэ их хүмүүний бүтээл туурвилыг зөвхөн кино, жүжгээр хязгаарлавал алдас болно. Тэрбээр байгалийн гайхамшигтай зураач байв. Үүнийг нь түүний оргил бүтээлүүдийн нэг болох “Алтайн уулс” зургаас харж болно. Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Н.Цүлтэм уг бүтээлийг “Л.Гаваагийн “Алтайн уулс” зураг бол Алтайн тухай бүхэл бүтэн дуу, дууль юм. Их хүчтэй, олон хүний хоор дуулж байгаа юм шиг тийм ойлгоцтой, эчнээ сэтгэлтэй болчихсон хүн дээ. Тэр үедээ би мөнх цастай сүрлэг уул гэдэг чинь зөвхөн Төвөд оронд л байдаг мэтээр гэнэхэн ойлгож явсан юм” хэмээн нэгэнтээ шавь нартаа хуучилж байжээ. Ийнхүү их эрдэмтний хэлсэн үг түүнд хүчтэй нөлөөлж, Алтайд очих сон гэдэг бодол тээсээр багагүй хугацаа өнгөрчээ. Ленинградад сургуулиа дөнгөж төгсөж ирээд л мөрөөдлөө биелүүлж Алтайд очно гэж боджээ. Ингээд 1952 онд бүжиг дэглээч Ц.Раднаа, хөгжмийн зохиолч Т.Чимиддорж нартай хамт Алтайг анх зорьсон гэдэг. Тухайн үед томилолтын тоотой хэдэн хоногт хавчигдаад Алтайн их уулсын зах сэжүүрийг нь хараад л өнгөрч. Гэхдээ тэр их уулсад өөрийн эрхгүй сэтгэл татагдаж, Алтайн уулсын дэлгэмэл төрхөөс салаалуулан их уулсын тухай цуврал зураг бүтээх сэдэл санаа тэр үед төржээ. Түүнчлэн Алтайн ноён оргилд нь очиж гайхамшгийг нь биеэр мэдрэх сэн гэсэн хорхой оргилсоор буцсан тухайгаа Л.Гаваа гуай ярьсан нь бий. Алдарт “Алтайн уулс” бүтээл ийнхүү төржээ. Л.Гаваа гуай театрын зураач төдийгүй уран зураач гэдгээ “Алтайн уулс”-аас гадна олон сайхан бүтээлээрээ нотлон харуулсан юм. Тэрбээр байгалийн зураач байв. “Булган гол”, “Цэцэг нуур” зэрэг бүтээлүүд нь үүнийг гэрчилнэ. Түүний байгалийн зургууд нь Н.Цүлтэм гуайн хэлсэнчлэн маш сүрлэг, өргөн далайцтай байдгаараа онцлог. Зураач М.Амгалан “Сүмбэр Алтайн дуулал” тэмдэглэлдээ “Л.Гаваа багш уран бүтээлдээ, аливаа ажилд ер нь зоримог, ухаалаг, ажил хэрэгч хандаж уран бүтээлийнхээ байр суурин дээр бол ямагт хатуу зогсож чаддаг үлгэрлэгч, бүтээлч хүн байсан. Уран бүтээлч хүн уран бүтээлийнхээ төлөө зүрх сэтгэлээрээ яаж зовж, шатаж бас жаргаж, хэрхэн шаналж явдгийг Л.Гаваа багшийн уран бүтээлийн замнал тодорхой үе шатуудад харуулж өгсөн. Уран бүтээлийнхээ хувь заяаны төлөө, түүнийг туурвихын төлөө хэрхэн чармайж, эр зориг гаргаж явсныг нь олон зураач, уран бүтээлч шавь нар нь мэднэ” хэмээн дурсчээ. Монголын театрын анхны зураач Лувсангйин Гаваа хэмээх энэ эрхэм уран бүтээлч амьдралынхаа сүүлийн жилүүдэд “Хаваншин” дуурийн зургаар дипломоо онц хамгаалан ирэхдээ 32-хон настай байв. Уран бүтээлчийн ир бяр, ид хав жинхэнэ оргилж байсан нь мэдээж. Хэзээний туршлагатай уран бүтээлч болчихсон, “Цогт тайж” киноны ерөнхий зураачаар ажиллаж арвин их туршлага хуримтлуулсан, өрнийн урлагийн өргөн их мэдлэг, боловсрол эзэмшсэн ийм залуухан уран бүтээлч театрын зураач мэргэжилтэй анхны монгол хүн болж эх орондоо хөл тавьжээ. Тэр цагаас хойш насан байдаг. Угсаатны зүйн чиглэлээр маш нарийн судалгаа хийж, олон үндэстэн, ястны хувцас, дээл, малгай, бусад хэрэгслийн зургийг гаргаж байсан гэдэг. Мөн бүтээлдээ гаргах хүний нүүрний хөдөлгөөнийг ихэд анхаарч, тусгайлан нарийвчлан судалдаг байсан аж. Ийм нөр их хөдөлмөр, уйгагүй судалгааны дүнд бүтсэн ажлуудынх нь нэг “Хатанбаатар” кино байв. Уг киноны найруулагч, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн Л.Гаваа гуайн тухай ийн дурсчээ. “…Хатанбаатар киног бид маш шахуу давчуу хугацаанд бүтээсэн. Энд манай алдартай зураач Л.Гаваа гуайн асар их хөдөлмөрч чанар, нөр хичээнгүй бүтээлч зүтгэл их хэрэг болсон гэж би боддог юм. Энэ хүн бол насаараа тийм нүргээнтэй, маш сүрлэг, томруун бүтээл” хэмээн үнэлжээ. Л.Гаваа гуай “Би говьд төрсөн хүн. Говийнхоо тухай зурах бүтээх өртэй хүн. Гэвч уулсын цаана уулс байдаг гэдгийг ойлгосон болоод ч тэр юм уу, нэг л мэдэхэд ууланд хайртай болсон. Бүр 1945 онд “Цогт тайж” киног хийж дуусгаж байхад Б.Ринчен гуай үзчихээд “Ай даа, Далай ламын ордныг үзүүлэхдээ Монгол Алтайнхаа нэгээхэн хэсгийг боловч аль нэгэн газар нь хавчуулчихдаг байж дээ. Тэгсэн бол Цастын оронд болж байгаа үйл явдал гэдэг нь улам ч үнэмшилтэй болох байсан санж” гэж халаглаж байхыг хараад би их гайхаж, Монгол Алтай гэдэг гайхамшигтай сүрлэг уул манай Монголд байдгийг мэдэрсэн тэр мөчөөс эхлээд л Алтайн ууландаа Театрын музейг байгуулах ажилд эрдэмтэн, зохиолч Э.Оюун, Д.Гүрдорж нарын хамт хичээн зүтгэж, идэвхийлэн ажилласан гэдэг. Өөрийнх нь хүсэж мөрөөдөж явсан Театрын музей 1991 оны гуравдугаар сарын 28- нд Олон улсын театрын өдрөөр үүдээ нээхээс өмнөхөн их зураач бээр тэнгэрт хальж, номын агаар сэлгэжээ. Түүний багын анд, уран бүтээлийн нөхөр Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Н.Цүлтэмийн “Л.Гаваа Монголын орчин үеийн дүрслэх урлаг түүний дотроос театрын урлаг, театрын тайз чимэглэлийн урлагт зүйрлэшгүй гавьяатай мөнхөрч үлдэх тийм хүн. Тиймээс Л.Гаваагаа их зураач гэж би зүрхэлж хэлье” хэмээсэн үгээр энэхүү бичвэрээ өндөрлөе.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)