Бөхчүүдийн багийн халз барилдаан боллоо

Багануур дүүргийн ГҮН ГАЛУУТАЙ үндэсний бөхийн холбооноос санаачлан зохион байгуулсан бөхчүүдийн багийн халз барилдаан 10-р сарын 17-ны өдөр Уурхайчин спорт цогцолборт боллоо. Бөхийн барилдааны нээлтэнд Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал, Гүн галуутай бөхийн холбооны тэргүүн Э.Номинчулуун, дэд тэргүүн аймгийн начин Б.Баатарзоригт, тэргүүлэгч Ж.Мөнгөнбаяр, МУ-ын өсөх идэр начин Ч.Батчулуун, Улсын начин Б.Баянмөнх, Аймгийн хурц арслан Д.Шархүү нар оролцов.

Энэ удаагийн багийн халз барилдаанд Монгол улсын харцага Ю.Бадарч дасгалжуулагчтай Төв аймгийн Дүнжингарав дэвжээний бөхчүүд, аймгийн начин Б.Мөнхбаатар дасгалжуулагчтай Багануурын Гүн галуутай бөхийн холбоо, Нүүрэнтэйн хүчтэн дэвжээний бөхчүүдтэй уран мэхийг уралдуулан барилдлаа. Найман бөхийн бүрэлдэхүүнтэй багийн халз барилдаанд 35 даваатайгаар Дүнжингарав дэвжээний бөхчүүд тэргүүлж, 30 даваагаар Гүн галуут дэвжээний бөхчүүд удаалсан.

Мөн өдөр зохион байгуулагдсан хаалтын 32 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Монгол улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Дорноговь аймгийн харъяат аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ.

Бөхчүүд, бөх сонирхогч үзэгчдийн дунд бооцоот сээр цохих тэмцээн зохион байгуулж, азтай үзэгч шалгаруулсан нь тухайн өдрийн арга хэмжээг улам сонирхолтой болгож байв.

Гүн галуутай бөхийн холбооноос улирал бүр бөхчүүдийн багийн халз барилдааныг зохион байгуулна. Энэ нь Багануурын бөхчүүдийн бэлтгэл сургуулилтанд өндөр ач холбогдолтой хэмээн бөхийн холбооны тэргүүлэгчид ярьлаа. /гэрэл зургийг Б.Баярсайхан/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)