Тахал дундах олимп

Яг долоон сарын дараа зуны спортын XXXII наадам Японы нийслэл Токио хотноо хөшгөө нээнэ. Гэхдээ энэ удаагийн олимп хүмүүсийн төсөөлж байснаас илүү хүнд, эрсдэлтэй нөхцөлд болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Энэ бүхэн дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахалтай шууд холбоотой. БНХАУын Ухань хотоос эхлэлтэй уг вирусийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг жилийн дотор дарах төлөвлөгөө боловсруулж байсан. Харамсалтай нь, шинэ төрлийн коронавирус дэгдэж, Европын орнуудыг жинхэнэ утгаар нь айдаст автуулав. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн Европын зарим оронд коронавирусийн халдварыг 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн намжина гэж тооцоолж байгаа юм. Хэдий тийм ч олимп болдгоороо болно гэдгийг албаныхан мэдээлж, бүхий л арга хэмжээг авч байгаагаа дуулгасан. Цар тахал дунд явагдах олимпын эргэн тойрны мэдээллээс багцлан хүргэе.

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД 120 САЯ ТУН ВАКЦИН ЗАХИАЛЖЭЭ

Коронавирусийн вакцин “Токио 2020” эхлэхээс хамгийн эртдээ дөрвөн сарын өмнө Японд хийгдэж эхлэх боломжтойг “Kyodo News” мэдээлжээ. Японы Засгийн газар АНУ-ын эм үйлдвэрлэгч “Pfizer” группээс 120 сая тун вакцин захиалсан байна. Энэ нь тус орны нийт хүн амын тал хувийг вакцинжуулахад хүрэлцэнэ. Японы Засгийн газар тус вакциныг албан ёсоор батлахаасаа өмнө үр дүн, сөрөг нөлөө, аюулгүй байдал зэргийг сайтар харгалзаж үзэхээ мэдэгдсэн. Одоогоор АНУ, Их Британи ард иргэдээ “Pfizer-BioNTech”-оор вакцинжуулж байгаа юм. Харин Японд хамгийн эртдээ ирэх оны гуравдугаар сараас вакцинжуулалтын ажил эхлэх боломжтой аж. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Вакцин гарлаа гээд санаа амарч, тайвширч болохгүй” гэж мэдэгдсэн. Гэхдээ хойшлогдсон “Токио 2020”-д итгэх олон нийтийн итгэл вакцинтай холбоотойгоор өсөн нэмэгдээд байна. Наадмын үеэр тамирчдыг 4-5 хоног тутамд шинжилгээнд хамруулахаас гадна тэмцээн нь дууссан бол Японд удаан байлгахгүйгээр зохион байгуулагчид төлөвлөжээ. Мөн Японд ирэхээс дор хаяж 72 цагийн өмнө  коронавирусийн шинжилгээ өгч, өвчлөөгүй гэдгээ нотлох ёстой юм байна.

 

ОЛИМП, ПАРАЛИМПЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД 15.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗАРДАЛ ГАРНА

 

 Ирэх онд болох олимпын болон паралимпын наадмыг зохион байгуулахад нийт 1.6 их наяд иен буюу 15.4 тэрбум ам.долларын зардал гарна. Зардлын дийлэнх хэсэг буюу 6.9 тэрбум орчим ам.долларыг “Токио-2020” наадмыг зохион байгуулах хороо даах аж. Үлдсэн зардал болох 6.7 тэрбум ам.долларыг Токио хотын эрх баригчид, 2.1 тэрбум ам.долларыг Японы Засгийн газар гаргана. Наадмыг нэг жилээр хойшлуулж, 2021 онд зохион байгуулахаар болсонтой холбоотойгоор үүссэн зардлын хэмжээ 2.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн наадмын үеэр коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд 929 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

 

ОЛИМПЫН БАМБАРЫН БУУХИАД АЛДАРТНУУД ОРОЛЦОХГҮЙ

Японы Засгийн газар коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Токиогийн зуны олимпын наадмын галт бамбарын буухианд оролцох хүмүүсийн жагсаалтаас алдартнуудыг хасах талаар хэлэлцэв. Буухиан замын дагуу хэт олон үзэгч цугларах эрсдэлийг багасгахын тулд эрх баригчид ийм алхам хийхээр төлөвлөжээ. Энэ нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлж, наадмын өмнө болон зохион байгуулах үеэр халдварын тархалтын байдалд нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа аж. Мөн ивээн тэтгэгчдэд өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг үзэгчдэд тараахыг хориглох асуудлыг хэлэлцэж байна. Харин олимпод оролцож байсан тамирчдыг оролцуулахыг зөвшөөрч байгаа боловч аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг авч, тодорхой хязгаарлалт тогтоосон нөхцөлд л зөвшөөрөх аж. Уг бодлого нь олимпыг нэг жилээр хойшлуулсны улмаас санхүүгийн хохирол амссан ивээн тэтгэгчид болон орон нутгийн эрх баригчдын шүүмжлэлтэй тулгарч магадгүй байна. Олимпын наадмын бамбарын буухиа ирэх оны гуравдугаар сарын 25-нд Фүкүшима мужаас эхэлнэ. Буухиа 121 хоног үргэлжлэх бөгөөд бамбарыг тус улсын 47 мужаар бүгдээр нь аялуулах юм.

 

“ТАМИРЧДЫН ХОТХОН”-Д ТАМИРЧДЫГ УДААН БАЙЛГАХГҮЙ

 Олон улсын олимпын хороо “COVID-19” тархах эрсдэлийг бууруулахын тулд тамирчдын хотхонд байрлахтай холбоотой шинэ дүрэм журам мөрдөнө. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын мэдээлснээр олимпод оролцох тамирчид тэмцээнээсээ таван өдрийн өмнө хотхонд ирж, хасагдсан юм уу тэмцээнээ дуусгаснаасаа хойш хоёр хоногийн дотор хотхоныг орхих шаардлагатай гэнэ. “Бид “COVID-19” тархах эрсдэлийг хамгийн бага хэмжээнд хүргэж бууруулахад олимпын хотхонд байрлагчдын тоог багасгах нь ихээхэн ач холбогдолтой хэмээн үзсэн” гэж Томас Бах мэдэгдсэн байна. Мөн тэмцээний бэлтгэл, наадмын нээлт, хаалтын ёслолд оролцох хүмүүсийн тоог ч гэсэн хязгаарлахыг эрмэлзэж байгаа ажээ. Олимп зохион байгуулахтай холбоотой нэмэлт удирдамжийг ирэх оны нэгдүгээр сард танилцуулна. Урьдчилсан байдлаар 11 мянга гаруй тамирчин зуны спортын XXXII наадамд хүчээ сорих юм.

 

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)