Эрдоган тооцоо бодох цаг ирлээ
- 2020-12-23
- Дэлхий
- 0
АНУ-ын Батлан хамгаалахын сайдын албыг 2006-2011 онд хашиж байсан Роберт М.Гейтсийн шинэ хүйтэн дайны тухай нийтлэлээ “НьюЙорк Таймс” сонинд хэвлүүлжээ. Тэрбээр Бүгд найрамдах намын Жорж Буш, Ардчилагч Барак Обама нарын үед Пентагоныг удирдаж байсан юм. Гейтс геополитикийн өрсөлдөгчдөд биш, харин ойрын холбоотнуудад дарамт шахалт үзүүлэх шаардлагатайг дурджээ. Мөн тэрбээр хэтэрхий биеэ тоох болсон хоёр улсыг онцлон анхаарал хандуулжээ. Энэ бол Герман, Турк улс. Гейтс Анкарагийн эсрэг авсан хориг арга хэмжээг “сайн эхлэл” гэж үзсэн. Анкарагийн эрх баригчид агаарын довтолгооноос хамгаалах Оросын С-400 системийг худалдаж авсан нь хориг тавих шалтгаан болжээ.
Энэ бол Анкарагийн хувьд хүнд цохилт юм. Учир нь, хар жагсаалтад орсон Туркийн Батлан хамгаалах аж үйлдвэрийн сайд Исмаил Демир бол Ерөнхийлөгч Режип Тайип Эрдоганы ойрын хамтрагчдын нэг аж. Туркийн цэрэг, аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэхэд Эрдоган ихээхэн хүчин чармайлт гаргасан бөгөөд энэ нь барууны орнуудтай хамтын ажиллагаа, лиценз, бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлүүлэлтээс хамааралтай байдаг. Гэхдээ Анкарад анхааруулах хонх дуугарсаар удаж байна. Олон сарын турш Туркийн цэргийн T129 нисдэг тэрэг экспортлох тухай Пакистан улстай байгуулсан гэрээ бүтэлгүйтсэн нь АНУ хөдөлгүүрийн лицензээ цуцалсантай холбоотой. Мөн Канадын тал “Байрактар ТБ2” нисгэгчгүй онгоцнуудад ашигладаг цахилгаан оптик системүүдийнхээ хангамжийг зогсоосон байна. “Алтай” танк үйлдвэрлэхэд шаардлагатай хүчилтөрөгчийн нийлүүлэлтээ зогсоосон Германы эрх баригчдыг гэрээний үүргээ зөрчсөн гэж Анкара буруутгасан. Энэ мэтчилэн Исмаил Демирийн эсрэг авсан хориг арга хэмжээ салбарын хүндрэлийг улам бүр дордуулах нь дамжиггүй. Үүнээс ч дор зүйл бол С-400 системийг худалдаж авах тохиролцоо.
Роберт М.Гейтс нийтлэлдээ “НАТО холбоотнуудын ашиг сонирхолд харшлахаас гадна энхтайванд хүрэх хүчин чармайлтыг төвөгтэй болгосон. Ливи, Газар дундын тэнгис, Сирид хийсэн үйлдлийнхээ төлөө Турк улс хариуцлага хүлээх ёстой”гэжээ. Туркийн Засгийн газар Вашингтон болон барууны түншүүдтэйгээ нэг дор санал зөрөлдөөн, маргаан үүсгэжээ. Тэд ч Эрдоганы эсрэг нэгдсэн довтолгоог эхлүүлээд байна. Цагаан ордны шинэ засаг захиргаа ардчилагчдын хувьд Эрдоганы эсрэг тэмцэл цэвэр прагматизм, чухал ач холбогдолтой асуудал юм. Сахилга батыг сэргээхийн тулд тэдэнд эмх цэгцтэй байдлын сайн жишээ хэрэгтэй. Турк бол энэ утгаараа хамгийн тохиромжтой зорилт. Мэдээж Ерөнхийлөгч Эрдоган Вашингтонд буулт хийх нь ямар ч үр ашиггүй болохыг мэддэг. АНУ-ын хориг арга хэмжээ нь түүний улсын Оростой байгуулсан С-400-ийн гэрээнд нөлөөлөхгүйг Исмаил Демирийн мэдэгдэл баталж байна.
Турк улсад олон талаас нэгэн зэрэг шахалт үзүүлэх нь эдийн засгийн сорилтоос илүү Эрдоган Өрнөдтэй сөргөлдөхдөө тусламж хүсч болох геополитикийн хүчний тухай асуултыг хөндөнө. АНУ Туркийн эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Владимир Путин сэтгүүлчидтэй уулзаж Орос, Туркийн харилцааны талаар тайлбар хийжээ. Тэрбээр Эрдоганыг “хэлсэндээ хүрдэг” хэмээн эергээр тодорхойлсон.
Анкара Өрнөдөөс холдож, Оростой харилцаа холбоогоо бэхжүүлсэн нь их гүрнүүдийн ашиг сонирхлын тэнцвэрийг алдагдуулж байна. ГЕОПОЛИТИКИЙН ДАХИН ХУВААРИЛАЛТ БА АНКАРА Дэлхийн геополитикийн дахин хуваарилалт эхэлж, уламжлалт цэрэг улс төрийн холбоотны харилцаа тодорхойгүй болсон. Тухайлбал, НАТО-ийн гишүүд олон улсын аюулгүй байдлын зарим асуудлаар АНУ-тай санал зөрөх, өөр байр суурь баримталж эхэлжээ. Казахстан, Беларусь зэрэг ОХУын уламжлалт ойрын түнш улсууд ч зарим үед Москвагийн таалалд төдийлөн нийцэхгүй мэдэгдэл хийх, байр сууриа илэрхийлэх зэргээр холбоотны харилцаа хэврэгшиж буйг харуулж байна. Европын интеграцын хямрал, хөгжиж буй орнуудаар зогсохгүй өндөр хөгжилтэй орнуудад хүртэл улам газар авч буй салан тусгаарлах хөдөлгөөнүүд (Испанийн Каталони, хойд Итали зэрэг), АНУ оройлж эхлээд буй худалдааны протекционизм, Европын орнуудад идэвхжиж буй соёлын протекционизм зэрэг үзэгдэл зүй тогтлын хэмжээнд хүрэв.
Хүйтэн дайны үеэс эрс ялгаатай нь “Өрнөдийн” НАТО, “Дорнодын” ШХАБ, БРИКС-ийн хооронд хатуу тогтоосон гишүүнчлэлийн зааг ялгаа үүсэлгүй, нөлөө бүхий зарим улс аль аль бүтцэд хамаарал бүхий тоглогч байх эрмэлзэлтэй байгаа нь энэ цаг үеийн шинэ хандлага болж байна. Үүний тод жишээ нь, Турк улс бөгөөд гадаад бодлогодоо ЕвроАтлантын, Ойрх Дорнодын болон Еврази-Энэтхэг-Номхон далайн гэсэн гурван чиглэлд тэнцвэртэй хандлага баримтлах болжээ. Анкарагийн гадаад бодлогод сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа нэг онцлог бол ОХУ, БНХАУ-ын гишүүн болсон хамтын ажиллагааны байгууллагуудад элсэх явдал.
Өөрөөр хэлбэл, энэ хоёр улстай харилцаагаа тэлэхийг илүүд үзэж байна. Османы эзэнт гүрнээс хойш хийгээгүйгээр байр сууриа хамгаалах болсноор Туркийг бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөө бүхий тоглогч болсныг их гүрнүүд хүлээн зөвшөөрөх цаг иржээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)