Д.Магсаржав: Бурхнаас заяасан авьяасынхаа ачаар ард түмэндээ хайрлагдаж яваа, би баян хүн
- 2020-12-24
- Үнэн
- 0
Бидний дуулах, сонсох дуртай “Зүүдэн бороо”, “Ээжийн чанасан цай”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Насны намар”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүрхний уяа”, “Сүүн далай ээж” гээд олон сайхан дууны аяыг зохиосон хөгжмийн зохиолч Б.МАГСАРЖАВЫГ зочноор урилаа. Тэрбээр “Коронавирус биднийг хөдөлмөрлөхөд, нэгийг бодоход асар том нөлөө үзүүллээ. Хөл хорио тогтоосноос хойш онгод ороод бараг 30-аад шинэ бүтээлтэй болчихоод сууж байна шүү” гэсээр угтав. Үүнээс гадна өнгөрсөн сард тоглолтоо хийхээр товлосон ч хөл хорионы улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та нэлээд удаан хугацаанд нам гүм байлаа. Тэгэхээр уран бүтээл, ахуй амьдрал гээд сонин сайхан ихтэй байгаа болов уу. Ярилцлагаа сүүлийн үеийн сонин, шинэ уран бүтээлээс эхлэх үү?
-Баярлалаа. Уран бүтээл арвин байна аа. Яруу найрагч Ж.Ганчимэгтэй хамтраад “Хаврын дуу” гэж сайхан бүтээл хийлээ. Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар олны хүртээл болгож байгаа юм. Үүнээс гадна “Насны намар” дуугаа найман бүлэгтэй симфони болгож байна. Хамгийн хайртай бүтээл минь учраас их нандигнаж байгаа. Мөнжүжигчин, дуучинЛ.Сөрөлт “Сэтгэлюмхойно”гээд дууг минь удахгүй сонсогчдын хүртээл болгоно. Ер нь уран бүтээлдээ идэвхтэй орсноос хойш хайрын сэдэвтэй дуу их зохиолоо.
-Ярилцлага эхлэхээс өмнө “Богино хугацаанд олон бүтээл туурвилаа. Энэ хорио цээрийн дэглэм биднийг ухааруулж байна” гэж ярьсан даа. Ундраад л байна уу?
-Уран бүтээлч хүн ийм нөхцөлд өөрийгөө хурцалж, биеэ их шахдаг юм байна. Өмнө нь нэг л назгайрсан, задгай байлаа. Намайг өнөөдрийн хорио цээрийн дэглэм асар их хурцаллаа. “Би дийлнэ, чадна” гэсэн дайчин чанар минь давамгайлж байдаг шүү. Сүүлийн гурван сарын хугацаанд 30-аад шинэ бүтээл туурвилаа, бүгд дайчин. Миний өмнөх дуунуудыг та бүхэн мэднэ дээ, их уянгын халилтай, зөөлөн байж.
Ардын жүжигчин Ө.Баярмагнай, Гавьяат жүжигчин хөгжмийн зохиолч Г.Тэрбиш нарын хамт
-Саяхан нутагтаа очоод ирсэн байна билээ. Сайхан байсан биз. Амрах гэж очив уу, эсвэл тодорхой зорилготой очоод ирэв үү?
-Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид миний тухай хөрөг нэвтрүүлэг хийж байгаа юм. Тэр нэвтрүүлгийн зураг авалт хийх далимаар өнгөрсөн аравдугаар сард нутагтаа очоод ирлээ. Нутаг усныхан маань их сайхан хүлээж авсан. Очихдоо бас зүгээр байсангүй. “Магсаржавын дууг хэн сайн дуулах вэ” сэдвийн дор дууны уралдаан зарлалаа. Сайн мэддэг юм билээ. Миний хийсэн бүтээлийн багагүй хувийг Гавьяат жүжигчин С.Жавхлан дуулсан байдаг. Тэр хэрээр Жавхлангийн дууг хүмүүс хамгийн их дуулж байна. Сайхан сайхан дуулдаг залуучууд их байсан шүү. Нэвтрүүлгийн далимаар нутагтаа очоод гоё байлаа. Нэвтрүүлэг маань өнөө, маргаашгүй гарах дөхсөн байх шүү.
-Найман жилийн өмнө таны уран бүтээлийн тайлан тоглолт болж байлаа. Удаан төлөвлөсний эцэст өнгөрсөн сард тоглолтынхоо товыг зарлатал хорионд ордог байна шүү. Тоглолтын бэлтгэл ажил хангагдсан байсан уу?
-Харин тийм ээ. Өнгөрсөн сарын 27-нд тоглолтынхоо товыг зарлаж, бэлтгэлээ чамбайруулсан байлаа. Бэлтгэл ажил бараг 90 хувьтай байсан байх шүү. Тасалбар хүртэл худалдаанд гарчихсан байж. Гэтэл улс даяар хорио тогтоосон болохоор тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн дээ. Гэхдээ амьд байгаа хойно яараад яах вэ гэж бодох юм. Цаг сайхан болохоор түмэн олонтойгоо баяр хөөртэйгөөр уулзана даа л гэж бодож сууна. Олон хүн хүлээж байх шиг байна. Надтай уулзсан хүн бүр тоглолтын талаар л ярьдаг болсон. Энэ талаар ярихаар л худлаа хэлсэн мэт эвгүй мэдрэмж төрөөд. Гэхдээ удахгүй бүх зүйл хэвийн байдалдаа орох байх. Тэр үед нь хуучны болон шинэ уран бүтээлүүдээ нийлүүлсэн янзын гоё тоглолт хийнэ дээ. Үзэгчид гэлтгүй би өөрөө хүртэл энэ тоглолтоо маш их хүлээсээр. Хүслээр болдог бол өнөө, маргааш хийсэн ч бэлэн байна. Сайхан цаг ирэхээр сайхан тоглолтоор уулзана аа.
-Хүмүүс таныг дуугаар нь мэднэ. Харин бага насыг тань бараг мэдэхгүй. Тиймээс бага насныхаа тухай, яаж яваад урлагийн хүн болсон талаараа ярьж өгөөч?
-Би Увс аймгийн Давст суманд төрсөн. Гэтэл Тэс сумын хоёр хүн намайг өргөж авчээ. Миний өргөмөл ээжийг Ширнэн гэдэг. Энэ хүн л миний авьяасыг тодруулсан даа. Радиогоор хөгжим явахад яг тэр хөгжмийнх нь хэмнэлээр би хөлөө хөдөлгөдөг байсан юм билээ. Хурдан бол хурдан, удаан бол удаан. Тухайн үед би нэг настай байж, улмаар дөрвөн настайдаа “Баян хуур”ын Найдан гэж хүнд шавь орсноор урлагийн хүн болох замнал минь эхэлсэн түүхтэй. Долоодугаар ангиа төгсөөд шууд Багшийн сургуулийн хөгжмийн ангид суралцахаар болсон. Оролцсон тэмцээнээсээ алтан медаль авдаг, онц сурлагатай, багш нарынхаа хүндлэлийг хүлээсэн, Увс аймагтаа л “од” сурагч байв. Бага нас минь товчхондоо ийм. Багшийн сургуульд ирээд удалгүй “Сүүн далай ээж”ийн аяыг зохиосон. Тэгэхэд би 15 настай байсан юм. Ц.Гайтав гуайн шүлгэнд ая хийсэн. Түүн дээр очоод “Сүүн далай ээж”-ийгээ өгөөч гэхэд намайг бага гэж гололгүй өгсөн. Үүнээс хойш 500 гаруй дуунд ая зохиосон байна, ах нь.
-Энэ дууг анх олны хүртээл болгосон дуучин нь хэн бэ?
-Гавьяат жүжигчин Ц.ӨлзийОрших гуай. Саяхан нэг телевизэд ярилцлага өгөхдөө “Сүүн далай ээж”- ийг гурван сая орчим удаа дуулсан байх” гэж ярина билээ. Тэгсэн атлаа радиод нэг ч удаа бичүүлж байгаагүй гэхээр сонин байгаа биз. Хөдөөгүүр л дуулаад яваад байсан гэсэн. Дараа нь Дарханы дуучин Б.Энхбат гавьяат олны хүртээл болгосон. Хамгийн сүүлд 2012 онд болсон миний тоглолтын үеэр 15 настай охин “Сүүн далай ээж” дуугаа надад өгөөч. Би дуулах гэсэн юм” гээд хадаг бариад тайзан дээр гарч ирсэн. Би дуугаа 15-тайдаа зохиосон бэлгэшээлээ бодож, баярлаад шууд өгсөн. Тэр нь залуу дуучин Б.Аззаяа шүү дээ. Тэр охин дуулж эхэлснээр 31 жилийн дараа “Сүүн далай ээж” дахин хит боллоо.
-Орчин цагийн хөгжмийн зохиолчдын дууг сонсохоор нэг ая дээр бөөндсөн мэт ижилхэн аялгуутай байх юм. Гэтэл таны болон таны үеийнхний зохиосон дуу өөр сонсогддог. Үүнд ямар ялгаа байдаг юм бол?
-Чамайг ингэж асуугаасай гэж бодож байлаа. Шуудхан хэлэхэд, шүлэгч яруу найрагчидтай холбоотой юм. Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Ш.Дулмаа гээд л мундагуудын бичсэн дууны үгийн хайрцаг нь тэс өөр. Гэтэл одоо дуртай нэг нь шүлэг бичдэг болжээ. Хайрцаглаж болдоггүй, санаанд орсноо л дураараа бичээд байна. Дууны шүлэг гэдэг чинь хайрцаглагдаж байх ёстой юм. Одоогийн дуунууд эмх замбараагүй болж байгаагийн гол хүчин зүйл нь хайрцгаа барьж бичдэг яруу найрагч эрс цөөрснийх.
-Та нэг дуун дээр жишээ аваач?
-Тэгье л дээ. “Насны намар” дээр жишээ авъя. Энэ дууны шүлгийг армийн хошууч Д.Амгалан гэж хүн зохиосон. Алдартай яруу найрагч биш. “Саа мөнгөн Хэрлэн”, “Насны намар” хоёрыг л бичсэн. “Үсний минь сор мөнгөрөх тусмаа
Үгүйлэн санах юм өөрийн нутгаа
Уулзаж амжаагүй ээжээ бодохоор
Уугуул нутаг минь хагсраад байх юмаа
Насны намар гадаа ирэхэд
Нартын жамыг ухаарах юм даа хө”
Дуулахад маш эвтэйхэн байгаа биз. Ая нь ч амархан орж ирсэн. Ердөө 20 минутад зохиосон дуу.
Харин олон түмэнд цацах гэж бараг нэг жил болсон. Соёлын яам, Монголын зохиолчдын хороо, Хөгжмийн зохиолчдын холбоо зэрэг байгууллагаас зөвшөөрөл авах гэж нэлээд хөөцөлдөж явсан. Эцэст нь зөвшөөрлөө аваад Н.Төмөрхуяг дуулж, 1989 оны “Морин хуур” наадмаас шагнал авч байлаа. Одоо Улсын Филармонийн захирлаар ажиллаж байгаа С.Баттулгын дуулдаг “Зүрхний уяа”-г л гэхэд барилгачин хүн зохиосон юм шүү дээ. Би чамд дахиад нэг зүйл хэлэх үү. Тэгээд асуусан асуултад тань гүйцэд хариу өгье.
-Тэг л дээ, юу юм?
Нот мэддэггүй хүн дууны хөгжим зохиож байна, өнөөдөр. Орчин цагт техник технологийн давуу талыг ашиглаад л дууны ая зохиодог. Өөрөөр хэлбэл, зарим хөгжмийн зохиолч автомат машин дээр ажиллаад байна гэсэн үг. Түүнийг нь нот мэддэггүй дуучид авч дуулаад л… Энэ чинь эмгэнэл. Ийм байхад дууны ая хоорондоо адилхан байх нь аргагүй. Шүлэг бичдэг нь ч тэр, ая зохиодог нь ч тэр. Тархи нь задрахгүй байна. Нэг ёсондоо урлагийн салбарт эмгэнэл болж байна. 1990 оноос өмнө Соёлын яам гэж байлаа. Энэ яамыг татан буулгаснаас хойш урлагийнхан гудамжинд гарсан. Бид яамтай байхад аавтай хүүхэд шиг байлаа. Яамгүй болоод нэг хэсэг эцэггүй хүүхэд шиг явлаа шүү дээ. Гэтэл У.Хүрэлсүх сайд Соёлын яамыг дахин сэргээлээ. Би үүнд уран бүтээлчийн хувьд маш их баяртай байгаа. Яам байхад бүх урлагийн байгууллагынхан цуглаж алдаа, оноогоо ярилцана. Одоогийн Соёлын яам яг л хуучны жишгээр ажиллаасай гэж бодож сууна. Шинээр гарч буй уран бүтээлүүдэд шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Хэдийгээр ардчилсан нийгэмд амьдарч, хэн, юу зохиох нь дурын хэрэг болсон ч цензур тавих ёстой юм. Тэгж байж сайн бүтээлүүд төрөн гарна. Кино, дуу, хөгжим яг адилхан. Хэт задгай байснаас болж дуу, дуучны нэр хүнд өнөөдөр унаж байна. Хүмүүс дуучдаар, дууны шүлгээр, аяар нь тохуурхаж байна шүү дээ. Өөрийнхөө бүтээл дээр жишээ авъя. “Насны намар”ын шүлгийг эхлээд Зохиолчдын хороогоор батлуулна. Батлахгүй гэвэл ая зохиож болохгүй. Харин батлаад, тамгаа дарвал ая хийх эрхээ авч байгаа нь тэр. Аяыг Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав гуай батална. Баталсан бол Монголын радиод бичүүлэх эрх нээгдэнэ гэсэн үг. “Насны намар” маань хэзээ олонд хүрэх бол гэж нулимстай явсан үе надад олон. Зовж байж бүтсэн бүтээл маань өнөөдөр хит дуу хэвээр байгаад өөрөөрөө бахархдаг юм. “Зүүдэн бороо” байна. Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуайтай галт тэргэнд хамт явж байгаад бүтсэн дуу. Бас л 20-хон минутад шүлгийг нь бичиж, аяыг нь зохиосон. Тэгсэн атлаа олны хүртээл болгох гэж бүтэн жил тойрсон. Радиод бичигдсэний дараа “Хүсэлтийн хариу” нэвтрүүлэгт 800 гаруй захиа ирсэн байдаг юм, “Зүүдэн бороо”г явуулж өгөөч гэсэн. Сайхан дуу, сайхан шүлэг, сайхан дуучин ингэж төрдөг байлаа. Гэтэл өнөөдөр бүх зүйл амархан болжээ, ямар ч хяналт байхгүй. Нэг студи дээр очоод дэвшилтэт техник технологи ашиглаж, бичээд л болно.
-Зохиосон дуугаа олны хүртээл болгохын тулд “арын хаалгадаж” байгаагүй юу. Одоогийнхоор бол найраа?
-Тийм зүйл байхгүй. Мөнгө сарвайх л юм бол “Чиний мөнгөөр би дутахгүй” гээд хөөдөг байлаа. “Өөрийнхөө ирээдүйг балладаг яасан тэнэг, хамуурсан толгойтой нөхөр вэ. Гар чи” гээд загнана. Нэг удаа Ш.Дулмаа гуайтай хамт хөдөө тоглолтоор явж байтал Хилийн заставын хар нүдэн бүсгүй Хээр талын хээнцэрхэн сарнай Хэний ч хүүгийн хайрыг булаасан Хэнзхэн соёолох ганган сарнай гээд гоё шүлэг надад зориулж бичиж өгөхдөө “Чи авьяастай шүү. Үүнд чи л гоё ая хийж чадна” гэсэн юм. Би баярлахдаа халаасанд байсан 10 төгрөгөө өгтөл шууд баздаг юм байна. Тэгснээ “Би чиний 10 төгрөгөөр дутаагүй. Үүнийгээ өөртөө зориул, өөрөө юм авч ид” гээд миний халаас руу буцааж хийж байлаа. Гэтэл одоо бүхнийг мөнгөөр хэмжиж, тэр хэрээр чанар нь муудсан.
Арван цаастай бол Соёлын тэргүүний ажилтнаа аваад зүүчихдэг цөвүүн цаг ирж. Гэтэл би 2000 онд Соёлын тэргүүний ажилтны тэмдэг, үнэмлэхээ авахдаа уйлж байсан шүү дээ. Асар их үнээр ирсэн учраас хамгийн нэр хүндтэй, хамгийн том шагнал минь юм.
Харин цайллагыг нь “Хөх нуруут”-д хийж байхдаа тэмдэг, үнэмлэхээ хулгайд алдсан.
-Өнөөдөр хөгжмийн зохиолч, дуучид уран бүтээлээрээ хоолоо олж, сайхан амьдарч байна. Уран бүтээлчийн үнэлгээ ч өндөр болсон. Тэр хэрээр сайхан амьдарч чадаж байна. Харин таны амьдрал ямар байна вэ. Өөрийгөө хэр үнэлдэг вэ?
-Ах нь “Москва” хороололд амьдардаг. Дуучид хөгжмийн зохиолчоос авсан дуугаараа сайхан амьдарч, тансаг машин унаж байна. Хэн нэгэн дуучин миний зохиосон “Насны намар” дууг арга хэмжээн дээр дууллаа гэж бодъё. Ямар үнэ ханшаар дуулж байгаагаас шалтгаалаад надад хувь өгөх ёстой. Би өөр дээрээ жишээ авч байгаа болохоос бүх хөгжмийн зохиолч адилхан. Үүнийг хэлж байгаа нь би ч бүх хөгжмийн зохиолч надтай санал нийлэх болов уу. Шударга байх хэрэгтэй биз дээ. Дууны шүлэг бичсэн яруу найрагч бол бүр хоосон хоцордог. Яруу найрагчид ч гэсэн хувь хүртээх ёстой юм. Ингэж оюуны өмчийн шударга тогтолцоо бий болно. Караоке ч мөн адил. Караоке бидний дуугаар ашиг олдог хэрнээ бидэнд нэг ч төгрөг өгч үзээгүй. Өмнө нь хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг караокеноос тодорхой хэмжээний хувь авч бидэнд хүртээдэг байлаа. Энэ бол шударга ёс. Бага гэлтгүй хөгжмийн зохиолч, яруу найрагчид хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна шүү дээ. Гэтэл одоо бүр байхгүй болсон. Энэ тухай хүмүүс ярьдаггүй юм. Тиймээс хөгжмийн зохиолчдын өмнөөс, тэднийг төлөөлөөд би хэлье. Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын эрх ашгийг хамгаалж хөөцөлддөг хүн алга. Тийм учраас бид хохирч үлдэж байгаа. Гэтэл Хятадын хөгжмийн зохиолчид маш баян. Өвөрмонголын дуучин, хөгжмийн зохиолч Тэнгэрийг хар. Хувийн онгоцоор явж байна. Харин “Насны намар”-ыг зохиосон Магсаржавт “Приус” ч алга. Хятадын хөгжмийн зохиолчид надаас “Та Монголын хэд дэх баян нь вэ” гэж асуухад надад хариулт олддоггүй. Би бодож байгаад “Маш баян хүн. 21 аймагтай баян хүн шүү. Хаана ч очсон Монголын ард түмэн надад хамгийн сайхныг нь барьдаг юм” гэж хэлсэн. “Насны намар”-ын Маагаа манайд ирлээ гээд л хамаг өнгөтэй өөдтэй, шимтэйг нь дэлгэдэг юм. Өвөрмонголчууд ёс суртахуунтай шүү. Над руу хааяа утас цохино. “Маагаа багшаа таны дууг тэнд нэг залуу дуучин дуулж байна, энд нэг хүн дууллаа. Та зөвшөөрөл өгсөн юм уу. Зөвшөөрөлгүй ингэж дураараа дуулж болдог юм уу” гээд л ярьдаг. Бурхнаас харамгүй заяасан авьяасынхаа ачаар ард түмэндээ хайрлагдаж, тэднийхээ хайранд бөмбөрч яваа хүнийг баян гэхгүй бол өөр хэнийг баян гэх билээ.
-Зөвшөөрөл гэснээс таны зохиосон дууг өнөөдөр олон залуу дуучин дуулах болжээ. Тэд таниас зөвшөөрөл авдаг юмуу. Төлбөрийг нь төлдөг юмуу?
-Шударга л хэлье. Нэг саяыг өгөөд 10 саяыг олж байна, дуучид. Зарим нь бол бүр байхгүй, шууд л аваад дуулна. Зөвшөөрөл ч байхгүй. Миний дууг зөвшөөрөлгүй дуулаад нэрд гарсан хүн ч бий. Тааралдахаараа “Та энэ дуугаар нэрд гарсан хүн. Тиймээс дууг тань би дахин сэргээж, олны хүртээл болгож байна. Ингэж хойч үедээ таниулах ёстой юм” гээд ам тагладаг. Нэг хэсэг нь бор дарс бариад ирнэ. Дуучид хөгжмийн зохиолчдоо нэг удаа сая төгрөг өгөөд үүнээс 10 дахин их ашиг олж ч байх шиг. Энэ бол зүгээр л жишээ шүү.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн олз омог арвин байх болтугай. Сүүлийн хормыг танд үлдээе?
-Маш их баярлалаа. Хөл хоригдлоо гээд зүгээр сууж болохгүй. Цаг хугацааг үр дүнтэйгээр ашиглаж байна. Зарим дуугаа шинэчилж, бас яг одоо хэд хэдэн шинэ бүтээл дээр ажиллаж байгаа. Дээр хэлсэнчлэн хөл хорио намайг улам л дайчин болгож байна. Цагийг их зөв ашиглаж сурч байгаа шүү. Удахгүй гарах шинэ ондоо түмэн олон минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байгаарай. Сайн цаг ирэхээр шинэ, хуучин нийлсэн олон сайхан бүтээлээрээ та бүхэнтэйгээ тайзан дээр уулзана аа. Хөл хорионы үед бүгд дэглэмээ сайн барьж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайн биелүүлээрэй гэж хэлье.
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)