Ирэх онд Монголын эдийн засаг таваас доошгүй хувиар өснө гэж төсөөлжээ

Дэлхий дахиныг хамарсан “COVID-19” вирусийн халдварыг дотоодод алдсанаас хойш Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл улам дордож эхэллээ. Манай улсын хандивлагч, хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын нэг Азийн хөгжлийн банк /АХБ/-наас “Монголын эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 1.9 хувиар агшина” хэмээн төсөөлж байсан ч энэ оны дөрөвдүгээр сард 2.1 хувиар буурсан байсан юм. Тиймээс есдүгээр сард “Азийн хөгжлийн төлөв-2020” төсөөллөө дахин шинэчилж, Монголын эдийн засгийн хямрал энэ онд гүнзгийрснээр 2.6 хувиар агших ч ирэх жилээс сэргэж, 2021 онд эдийн засаг 5.1 хувиар өсөх өөдрөг хандлагыг илэрхийлжээ.

АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “Цар тахлын улмаас хязгаарлалтын арга хэмжээ авсантай уялдан эдийн засгийн болон бодлогын зардал зайлшгүй гарна. Гадаад орны нэн сөрөг нөлөө нь дотоодын эдийн засгийг огцом агшааж, макро эдийн засгийн суурь үзүүлэлтийг илүү ухаалаг, болгоомжтой удирдах шаардлагыг бий болгож байна. Энэ нь цар тахлын дараа эдийн засгийг сэргээхэд зайлшгүй, чухал нөхцөл болно” гэж онцлон тэмдэглэсэн байна. “COVID-19” вирусийн цар тахлын улмаас экспорт, гадаад валютын орох урсгал татарч, ДНБ оны эхний хагаст 9.7, гуравдугаар улирлын байдлаар 12.4 хувиар агшлаа.

 

Өнгөрсөн оны эхний хагаст 7.1 хувьтай байсан инфляцын дундаж түвшин энэ жилийн мөн үед 6.1 хувьтай болсон. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт харьцангуй тогтворжсон, дотоодын эрэлт буурсан, тээврийн болон амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ буурсантай холбоотой байлаа. Дотоод эрэлт багассантай уялдаж, инфляц өмнөх төсөөллөөс буурах харин нийт эрэлт нэмэгдэж, импортлогдох инфляц өсөхтэй холбоотойгоор ирэх онд дээшлэх төлөвтэй байгаа гэж АХБ тооцоолжээ.

 

 

Сүүлийн үед БНХАУ-ын эдийн засагт сэргэлтийн шинж тэмдэг ажиглагдаж, дэлхийн зах зээлл дээр алт, зэсийн үнэ мэдэгдэхүйц өсөж байгаа нь уул уурхайн салбарын үйлдвэрлэл сайжрахад нөлөөлж байна. Гэхдээ эдийн засгийг идэвхжүүлэх төсвийн бодлогын орон зай энэ онд хязгаарлагдмал байгаа бөгөөд төлбөрийн тэнцэл, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид учирч буй дарамт нь мөнгөний бодлогын төлөвийг цаашид сулруулах боломжид сөргөөр нөлөөлж болзошгүй юм гэж судлаачид үзжээ. АХБ-ны есдүгээр сард гаргасан “Азийн хөгжлийн төлөв-2020” шинэчилсэн төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэл Монгол Улсад цөөнгүй байгааг уг баримт бичигт тусгасан нь цар тахлыг хязгаарлаж, хяналтад оруулахад илүү их цаг хугацаа шаардагдаж, дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг сэргэх цаг хойшлох, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх, гадаад, дотоод санхүүжилт тогтворгүй болох, макро эдийн засгийн бодлого харилцан уялдаагүй байвал төлбөрийн тэнцэлд нэмэлт дарамт учруулах зэрэг үйл явц байлаа. Үүнээс хойш манай улс цар тахлын халдварыг дотооддоо алдсан төдийгүй эдийн засгийн гол бүс нутагт хэд хэдэн голомт бий болж, улмаар нийслэлд хүрээгээ тэлж байгаа нь АХБ-наас төсөөллөө дахин шинэчлэхэд хүргэж ч болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж магадгүй юм.

Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмрийг байнга үзүүлдэг, донор байгууллагын нэг Дэлхийн банк энэ оны аравдугаар сард гаргасан Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайландаа “COVID-19” вирусийн цар тахал энэ бүс нутагт гурван сувгаар нөлөөлж байгааг онцолсон байна. Тухайлбал, цар тахлын сөрөг нөлөө, хорио цээрээс эхтэй эдийн засгийн муу үр дагавар, хямралаас үүдэлтэй эдийн засгийн уналт зэрэг нь бүс нутгийн бүх улс оронд нөлөөлж байна гэж үзжээ. “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт энэхүү тайланд Монгол Улсын эдийн засгийг энэ онд 2.4 хувиар агшина гэж төсөөлсөн нь 2009 оны их хямралаас хойш тохиох хамгийн доод үзүүлэлт болж байна. Үүнд “COVID-19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь уул уурхай, үйлчилгээ зэрэг эдийн засгийн голлох салбарт сорилт тулгахаас гадна гадаад эрэлт сулрахтай холбоотой юм. Үүнээс гадна одоогоор сул байгаа глобал эдийн засгаас манай улс шууд хамааралтай байдаг нь өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлалтайг анхааруулжээ.

Тодруулбал, Хятадын хувьд дотоод эрэлт сул байгаа ч улсын секторын хөрөнгө оруулалт болон экспорт нэмэгдэж, гуравдугаар сараас хойш халдварын дотоодын тархалт харьцангуй хязгаарлагдмал болж, үйлдвэрлэл үйлчилгээний салбар ажиллаж эхэлснээр эдийн засаг нь оны эцэст хоёр хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Гэвч энэ нь бүс нутгийн эдийн засагт томоохон нөлөө болж чадахгүйн улмаас бүс нутгийн орнуудын эдийн засаг дунджаар гурван хувь, харин Монгол Улсынх 2.4 хувиар агшина гэж төсөөлсөн байна. Ирэх онд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг нэлэнхүйдээ сэргэх хандлагатай болж дунджаар 5.1 хувиар өсөх бол Хятадынх 7.9 хувиар нэмэгдэнэ гэж өөдрөгөөр төсөөлжээ. Үүнийг дагаад Монгол Улсын эдийн засаг таваас дээш хувиар өсөх бөгөөд үүнд уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний идэвхжил илүүтэй нөлөөлөх магадлалтай юм байна. “Уул уурхайн салбар нь тус улсын өнөөгийн эдийн засгийн тулгуур болж байгаа ч хүний болон институцийн хөгжил нь улс орны ирээдүйн хөгжлийн гол хөдөлгөгч хүч байх учиртай. Уул уурхайгаас хэт хамаарсан Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн загвар нь эргэлзээтэй бөгөөд харин ч зогсонги байдалд хүргэх эрсдэлтэй” гэх дүгнэлт бүхий Дэлхий банкнаас энэ оны есдүгээр сард гаргасан “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгаа” сонирхолтой санагдлаа.

Уг судалгаанд дурдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл /яг үнэндээ газраас ухаж, машинд ачиж хилээр гаргах/-ээс олсон орлогын нэг ам.доллар тутмын дөнгөж нэг центийг дотооддоо хуримтлуулдаг аж. Гэхдээ л манай улс нийгмийн халамжийн өгөөмөр тогтолцоог бүрдүүлж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, “COVID-19” цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгжид чиглэсэн хөнгөлөлт, чөлөөлөлтийг уул уурхайн салбараас олсон орлогоос санхүүжүүлж, Ирээдүй өв санд анх удаа нэг их наяд төгрөгийн хуримтлалтай болоод байна. Сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн менежмент сайжирч, нэлээд ахиц гарсан нь шинээр байгуулагдсан Засгийн газарт шинэчлэлийн бодлого үргэлжлүүлэх боломжийг олгохоор байгааг Дэлхийн банкны тайланд дурджээ.

 

 

Тухайлбал, сүүлийн гурван жилд төсвийн тэнцэл ашигтай гарч, ДНБ-д эзлэх улсын өрийн хэмжээ буурсны дээр төсвийн Тогтворжуулалтын болон Ирээдүй өв санд жил бүр ДНБий 2.5 хувиас илүү багагүй хэмжээний хуримтлалыг бий болгосон нь Монгол Улсын макро эдийн засгийн удирдлагын алдаа оноотой түүхэнд гарсан том ололт амжилт болсныг онцолсон байна.

 

 

Хамгийн сонирхолтой нь, дээрх үр дүнд өнөөгийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар хүрсэн явдал бөгөөд улс төрийн зөв хүсэл эрмэлзэл, тогтвортой удирдлага байвал мөнгө, ханшийн бодлого, санхүүгийн салбар, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээл болон бусад чиглэлээр амжилтад хүрч болохыг харуулж байна гэж дүгнэжээ.

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж:  "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)