БНХАУ хог хаягдлын импортоо зогсооно
- 2020-12-25
- Дэлхий
- 0
Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчноо хамгаалах нь БНХАУ-ын тэргүүлэх чиглэл болжээ. Тус улсын дарга Ши Жиньпин 2030 онд CO2 ялгаруулалтын хэмжээг бууруулахаа амласан. Бээжингийн эрх баригчид амлалтаа бодит ажил болгон, чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, 2025 он гэхэд задралд ордоггүй хуванцарын хэрэглээг халж, эко бүтээгдэхүүнээр орлуулах томоохон хөтөлбөрийг энэ оны эхээр танилцуулсан. Энэхүү баримт бичиг нь хүрээлэн буй орчныг хамгаалах, “цагаан” бохирдолтой (хуванцар хог хаягдлал) тэмцэх зорилготой юм. Гэтэл Бээжингийн энэ зорилгыг “Грийнпис” тэргүүтэй байгаль орчны мэргэжилтнүүд шүүмжилж байна. Тэд нэг төрлийн хуванцарыг нөгөөгөөр нь солих нь “цагаан” бохирдлыг шийдвэрлэхгүй бөгөөд биологийн задардаг материалыг дахин боловсруулахад тодорхой нөхцөл шаардагддаг гэжээ. “Грийнпис”-ийн дүгнэлт хуванцар хог хаягдлыг халах зорилгыг улам хурцатгаж байгаа юм. БНХАУ задралд ордоггүй хуванцарын хязгаарлалтыг 2007 онд нэвтрүүлж супермаркет, захын үйлчлүүлэгчдэд гялгар уут үнэгүй өгөхийг хориглосон. Задралд ордоггүй хуванцрыг шинэ композит материалаар солих хөтөлбөрийн хүрээнд Бээжин зэрэг том хотын дэлгүүр, ресторан, эмийн сан болон олон нийтийн үйлчилгээний газрууд 2021 онд гялгар уутнаас бүрэн татгалзах ёстой. Бусад хотын оршин суугчид 2022 оны эцэс гэхэд гялгар уут хэрэглэхийг хориглох юм.
Түүнчлэн хөтөлбөрт 2025 оны эцэс гэхэд нэг удаагийн дагалдах хэрэгсэл, полимер бүхий эрүүл ахуйн бүтээгдэхүүн, 0.025 ммээс нимгэн гялгар уут үйлдвэрлэх, худалдахыг хориглохоор тусгажээ. Мөн БНХАУ-ын зочид буудлууд шүдний сойз, сам зэрэг нэг удаагийн хуванцар хэрэгслийг ашиглахаа больж, Бээжин, Шанхай, Гуандун, Жиангсу, Жэжян болон бусад том хотын шуудангийн үйлчилгээнд задардаггүй хуванцараар хийсэн сав баглаа боодол хэрэглэхгүй аж. Энэ туршлагыг 2025 он гэхэд улс орон даяар нэвтрүүлж, полимер савлагааны хэрэглээг 30 хувиар бууруулахаар төлөвлөж байна. Тус улсад борлуулалтаараа тэргүүлдэг хүнс, ундаа үйлдвэрлэлийн салбарт хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг багасгах юм. Хятадад зарим ресторанууд картон, цаасан сав, боодол хэрэглэдэг. БНХАУ 1980-аад оноос хойш ахуйн хатуу хог хаягдлыг түүхий эдийн эх үүсвэр болгон импортлох болсон.
Импортын хэмжээ 1990-ээд онд жилд ойролцоогоор нэг сая тонн байсан бол 2017 онд 44 сая тоннд хүрсэн байна. Чухамдаа БНХАУ хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр болон хувирчээ. Албан ёсны мэдээгээр 2015 онд Хятад улс дэлхийн хуванцар хог хаягдлын 70 гаруй хувийг, хаягдал цаасны 37 орчим хувийг хүлээн авчээ.
БНХАУын хог хаягдлын гол нийлүүлэгчид нь Европын орнууд болон АНУ байв. Хаягдал боловсруулах үйлдвэрүүд нь улс орны гол ажил олгогчид болсон ч байгаль орчинд хор хөнөөлтэй тул эрх баригчид яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Улмаар 2017 оноос хог хаягдлын импортоо хязгаарлаж эхэлсэн. Ялангуяа хатуу хог хаягдал, хуванцар импортлохоо бүрмөсөн зогсоохоор шийдсэн байна. ХЯТАДЫН “НОГООН” ТУРШЛАГА Хятадын Гуандун, Хайнань, Шэньси, Шаньдун зэрэг 20 гаруй муж задралд ордоггүй хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хугацаанаас нь өмнө хязгаарлаж, “Ногоон” туршлага нэвтрүүлж байна. Жишээлбэл, Шанхай хотод энэ оны эцэс гэхэд нийтийн хоол, зочид буудлын бизнес, цахим худалдааны зориулалттай нэг удаагийн полимер бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, ашиглахыг хоригложээ. Бээжин хотод нэг удаагийн савх, халбага, хутга, сэрээ хэрэглэхийг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хориглосон. Нийслэлийн оршин суугчид “Би хүрээлэн буй орчноо хамгаалж, нэг удаагийн хэрэгсэл хэрэглэхгүй” гэсэн уриалгад нэгджээ. Шинэ хоригийг нэвтрүүлэхээс өмнө Засгийн газрын агентлагууд, төрийн өмчит компанийн ажилтнууд энэ мэт кампанит ажилд нэгдэж байсан юм. Гэхдээ барууны мэргэжилтнүүд Хятадад задардаггүй хуванцар бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг онцолжээ. Энэ нь цахим худалдааны өсөлттэй холбоотой юм. Цар тахлын үед онлайн худалдаа нэмэгдсэн. Эх сурвалжид бичсэнээр 2016 онд шуурхай хүргэлтийн үйлчилгээнд 15 тэрбум орчим сав, баглаа боодлын уут хэрэглэсэн бол энэ үзүүлэлт өнгөрсөн онд хоёр дахин нэмэгджээ.
Нэмж дурдахад, “Грийнпис”-ийн шинжээчид “Дахин задардаг хуванцар нь температур, чийгшлийн тодорхой параметрүүдийг шаарддаг. Өөрөөр хэлбэл, ялгах, дахин боловсруулах, холбогдох дэд бүтэц хэрэгтэй” гэж дүгнэсэн юм. “South China Morning Post” сонины тооцоолсноор 2025 он гэхэд дэлхийн хуванцар хог хаягдлын дөрөвний нэг орчим хувийг БНХАУ эзэлнэ.
Хятадын сэргээгдэх нөөцийн үндэсний ассоциацийн мэдээлснээр өнгөрсөн онд БНХАУ-д үйлдвэрлэсэн 63 сая тонн хог хаягдлын гуравны нэгийг л дахин боловсруулсан байна. Хятадын ихэнх хот суурин газрын хог хаягдал хэт төвлөрсөн эсвэл байгаль орчны дүрэм журамд нийцдэггүй аж. Үүнтэй холбогдуулан хог хаягдлыг ангилах, боловсруулах асуудал хурцаар тавигдаж байна. БНХАУын томоохон хотуудад үүнийг тусад нь цуглуулах аргыг нэвтрүүлсэн бөгөөд буруу ангилсан тохиолдолд торгууль тавьдаг ажээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)