Виллем Тоонен: Монголчуудын байлдан дагуулал төв азийн хотуудыг сүйрүүлээгүй

“Төв, Дундад Азийн гол мөрнийг дагасан соёл иргэншил XIII зууны эхэн үеийн монголчуудын довтолгооны шууд үр дүнд мөхсөн” гэх таамаглалыг Английн судлаачид няцаалаа. Арал тэнгисийн сав газар нь тус бүс нутгаар урсдаг томоохон голуудыг дагасан газар тариалан, суурин соёлын нэгэн голомт байжээ. Харин бүс нутгийн уналт нь монголчуудын довтолгоонтой давхацдаг. Линкольны их сургуулийн эрдэмтэд гол мөрний динамик, тэр үеийн усжуулалтын системийг судалсан байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтаас болж гол мөрний урсац багасаж газар тариалан эрхлэх боломжгүй болсон. Улмаар тариачид урьд өмнө цэцэглэн хөгжиж байсан хотуудыг орхин оджээ. Линкольны их сургуулийн профессор Марк Маклин “Төв болон Дундад Азид цэцэглэн хөгжиж байсан хотуудыг устгагч нь Чингис хаан биш, цаг уурын өөрчлөлт байсан.

 

Гол мөрнүүд ширгэхэд соёл иргэншил ч даган мөхжээ. Нийтийн тооллын VII-VIII зуунд Арабын довтолгооны дараа Төв Азийн тариачид чийглэг таатай уур амьсгалын нөлөөгөөр богино хугацаанд сэргэн хөгжсөн. Харин монголчуудын довтолгооны дараа удаан үргэлжилсэн ган гачиг болж, усжуулалтад суурилсан хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлсөн” гэжээ.

 

 

Тэрбээр одоогийн Казахстаны өмнөд хэсэгт орших Сырдарья, Арыс голын бэлчир дэх Отрарын баянбүрдийн археологийн дурсгалт газар, усалгааны сувгийг судалсан аж. Отрар нь Торгоны замын худалдааны төв байсан бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан хот юм. Отрарчууд усалгааны сувгийг хэзээ орхисныг тогтоохын тулд Арыс голын динамикийг судалжээ. Голдрилын элэгдэл, эвдрэлийн үе усжуулалтын системээс татгалзсан X-XIV зуунтай давхцаж байгаа юм. Тиймээс монголчуудын довтолгооноос илүүтэй голын урсгал татарсан нь хот суурины сүйрэлд нөлөөлсөн байна. Судалгаанаас үзэхэд, Чингис хааны байлдан дагууллын эхэн үед Төв Ази хуурай уур амьсгалтай байжээ. Харин 1211-1225 онд Монголын эзэнт гүрэн газар нутгаа эрчимтэй тэлэх үед Монголд тогтмол хур тунадас, бага температур бүхий ер бусын зөөлөн уур амьсгалтай байв.

Амстердамын Врижийн их сургуулийн доктор Виллем Тоонен “Памир, Тянь-Шань нуруунаас баруун хойш урсаж, Арал тэнгист цутгадаг Амударья, Сырдарья мөрний сав газрын хотууд дундад зууны сүүл үе хүртэл цэцэглэн хөгжиж байсныг археологичид нотолдог. Чингис хаан 1219 онд Отрар хотыг байлдан дагуулж, сүйрүүлсэн гэдэг нь өрөөсгөл таамаглал.

Түүхийн хуудаснаас үзэхэд, маш хуурай уур амьсгалаас чийглэг агаарт шилжсэн уур амьсгалын өөрчлөлт болжээ. Гэхдээ энэ нь хамгийн гол эсвэл цорын ганц хүчин зүйл биш юм. Чингис хаан уур амьсгалын өөрчлөлтийн давуу талыг ашиглан, салангид овог аймгуудыг нэгтгэн, хөрш зэргэлдээ улс орнуудыг эзлэн авч чадсан” гэж тайлбарлажээ.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)