Шударга ёс ба үндсэн хуулийн цэц

Юуны түрүүнд, энд хөндсөн сэдэв нь худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг шийдэж буй иргэний хэргийн, Засаг даргын захирамж хууль зөрчсөнийг тогтоох захиргааны хэргийн, малын хулгайн хэргийг шүүж байгаа эрүүгийн хэргийн шүүхийн тухай асуудал биш гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байна. Харин бид нийгэмд шударга ёс ялах уу, авлигачид ялах уу, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш үү, эсхүл ордны хуйвалдаанаар авлигачдын хэргийг хэрэгсэхгүй болгосон албан тушаалтнууд илүү эрхтэй юү гэсэн маргааныг дэнслэх Үндсэн хуулийн шүүхийн түүхэн шийдвэртэй холбоотой асуудлыг хөндөж байна.

Тийм ээ, тэд манай орон, ард түмний түүх, хувь заяанд нөлөөлж, улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд гүн ул мөрөө үлдээх онцгой шийдвэрийг тун удахгүй гаргана. Энэ шийдвэр авлигад дөрлүүлсэн бидний хувьд яг л ардчиллын өлгий Америкт боолчлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг таслан зогсоосонтой адил түүхэн ач холбогдолтой юм.

НЭГ. Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01-р сарын 10-ны өдрийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуульд нийцэх эсэх тухай маргааныг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хянан шийдвэрлэж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.

Үндсэн хууль зөрчсөн хэмээн буруушаагдсан тэр хууль нь юу билээ? Үндсэндээ 3 зүйлтэйгээс 2 зүйл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосон бүх авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах зохицуулалтыг агуулсан хууль. Эцсийн дүндээ Эрүүгийн хуулийн зорилго юу билээ? Гэмт халдлагаас хүний эрх, эрх чөлөө, олон нийтийн эрх ашгийг хамгаалах гэдгийг сануулъя.

Та бүхэн санаж байгаа бол манай яруу алдарт авлигачдыг ял завшуулах ажиллагаа УИХ-ын чуулганы танхимд 2017 оны 5-р сард явагдаж Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг өөрчилсөн байдаг. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолох уг буруу зохицуулалтын дагуу хэргийг мөрдөн шалгаж, нааш, цааш буцаасаар хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаж ял завших боломжийг бүрдүүлсэн. Тэд илрээд удаагүй, шалгагдаж байсан 10 гаруй авлигын хэргийг ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгож чадсан. Уул нь хөөн хэлэлцэх хугацаа нь үйлдсэн хэрэгтээ шалгагдаж байгаа авлигачдыг ял завшуулахад биш, тодорхой хугацаа өнгөрсний дараа нийгмийн аюулын шинж чанар нь арилсан, тухайн этгээдийг гэсгээн цээрлүүлэх зайлшгүй шаардлагагүй болсон тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай ойлголт. Авлигачдын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан уу, тэднийг гэсгээн цээрлүүлэхгүй байх шалтгаан байсан уу? Үгүй шүү дээ. Энэ бол эрх зүйт төртэй, ардчилсан улсуудын хаанаас нь ч хайгаад олохооргүй, эрх зүйн онол, Үндсэн хууль, Эрүүгийн хуулийн зорилт, шударга ёсны зарчмыг зөрчсөн хуйвалдаан, ноцтой гэмт үйлдэл байсан!

Харин 2020 оны 01-р сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэ алдааг засаж, хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор болж, өмнө нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах эрх зүйн орчин бүрдсэн юм.

Гэтэл уг хуулийг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслээр Үндсэн хуулийн цэцэд өгчээ. Хууль зүйн шинжлэх ухааны Ex post factо law хэмээх хууль буцаан хэрэглэх ухагдахуун, зарчмыг эрүүгийн эрх зүйн хүрээнд уул шугамандаа 1-рт үйлдэл, эс үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцох замаар өмнө үйлдсэн үйлдэл, эс үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг, 2-рт оногдуулах ял, хүлээлгэх хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх үед үйлчилж байсан ял, хариуцлагаас хүндрүүлэхийг, 3-рт нотлох баримтыг үнэлэх журмыг өөрчлөх замаар ял оногдуулах боломжийг гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд мөрдөгдөж байсан журмаас илүү нэмэгдүүлэхийг тус тус ойлгож, хориглодог байна. Хуйвалдааны аргаар хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, хэрэгсэхгүй болгосон авлигын хэргүүдийг сэргээн шалгах хуульд дээр дурдсан 3 нөхцөлийн аль нь ч тусгагдаагүй. Тодруулбал, уг хуулиар үйлдэл, эс үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцоогүй, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг өөрчилж, хүндрүүлээгүй, нотлох баримтыг үнэлэх журамд өөрчлөлт оруулаагүй шүү дээ.

ХОЁР. Эрүүгийн эрх зүйн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журам нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахтай шууд хамаатай ойлголт биш. Тухайлбал, Германд 1979 оноос өмнө хүний амь нас хөнөөсөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 30 жил байсан боловч дэлхийн II дайны үеийн цэргийн гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох шаардлагыг харгалзан 1979 онд Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй болсон. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй болгосон хуулиа буцааж хэрэглэж буй нь тодорхой байна. Норвеги Улс 2014 онд Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулан хүн амины хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил байсныг хүчингүй болгосон бөгөөд цагдаагийн байгууллага нь удаан хугацаанд илрээгүй байсан хэргүүдийг сэргээн шалгаж эхэлсэн байна.

Мөн Их Британид 2003 онд батлагдан 2005 оноос хэрэгжиж байгаа Criminal Justice Act буюу Эрүүгийн шударга ёсны тухай хуулиар уг хууль батлагдахаас өмнө шүүхээс хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан хүн амины болон зарим онц ноцтой гэмт хэргийг үйлдсэнийг нотлох үндэслэл бүхий баримт шинээр олдсон бол уг хэргийг сэргээн шалгаж, дахин шүүх эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн нь бий.

Герман, Норвеги, Их Британи бол эрх зүйн онол өндөр хөгжсөн, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайн бүрдүүлсэн хэмээн үнэлэгддэг улсууд шүү дээ. Канад, Их Британи зэрэг зарим улсын эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэргээс бусад гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүйг ч анхаарч үзэхэд гэмгүй. Өөрөөр хэлбэл, тэдгээр улсад хөнгөн гэмт хэргээс бусад гэмт хэргийг хичнээн цаг хугацаа өнгөрснөөс үл хамааран заавал шалгаж тогтоодог гэсэн үг.

ГУРАВ. Манай Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг буцаан хэрэглэхийг хориглохдоо дараах байдлаар тусгасан: “Үйлдэл, эс үйлдэхүйг i) гэмт хэрэгт шинээр тооцсон, ii) оногдуулах ялыг хүндрүүлсэн, iii) гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” Дээрх тохиолдлуудад хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гэх ямар нэг зохицуулалт алга. Тодруулбал, 2020 оны 01-р сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар ямар нэг үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцоогүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан байсан авлигын гэмт хэргүүд тоо ёсоор хэвээрээ байна. Тэгвэл оногдуулах ялыг хүндрүүлсэн үү? Үгүй. Мөн л хэвээрээ байна. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль мөн шүү гэж мэтгэвэл бас л үгүй гэж хариулна. Учир нь Эрүүгийн хуулийн уг заалтад андуурахын аргагүйгээр “гэмт хэрэг үйлдсэн этгээд” гэж маш тодорхой хуульчилсан байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд гэж хэн билээ? Тэр бол гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон гэмт хэрэгтэн. Манай Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж тодорхой хуульчилсан шүү дээ. Гэм буруугийн талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, манай нэгдэн орсон олон улсын гэрээ, Эрүүгийн хуульд маш тодорхой бичсэн тул цааш нь нуршиж бичээд хэрэггүй гэж үзлээ. Бас нэг зүйл нэмж хэлэхэд Эрүүгийн хуулийн хамгийн гол зарчмын нэг нь “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэдэг зарчим” гэдгийг эрхэм хуульчид маань маш сайн мэднэ. Товчхондоо бол Эрүүгийн хуулийг үг, үсэггүй дагаж мөрдөх учиртай. Үгүй бол гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болзошгүй юм.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн этгээдэд хамааралтай “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт хөөн хэлэлцэх хугацаанд хамаагүй болохыг дээрх баримт, жишээнээс тодорхой харж болж байна.

ДӨРӨВ. Нөгөө талаас, хуулийн эрэмбэ, хүчин чадал, хууль хэрэглээний зарим асуудлыг зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай байна. Учир нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нь Эрүүгийн хуулийн заалт. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль ч мөн адил Эрүүгийн хуулийн бүрэлдэхүүн, түүний нэг хэсэг. Ялгаагүй хууль тогтоогчоос баталсан хуулиуд. Өөрөөр хэлбэл, нэг хуулийн хэм хэмжээ, зохицуулалтуудын зөрчлийн асуудал энд хөндөгдөж байгааг анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр, зохион байгуулалттайгаар хэрэгсэхгүй болгосон авлигын хэргүүдийг сэргээн шалгах зорилготой сүүлд баталсан хууль нь өмнөх хуулийн заалттай зөрчилдөөд зогсохгүй гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж, улмаар “дам байдлаар” Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх замаар авлигачдыг ял завшуулсан үйлдлийг яах вэ, хэрхэн үзэх үү? Авлигачдыг ял завшуулсан тэр хууль Үндсэн хуульд заасан шударга ёс, эрх, тэгш байдал, хууль дээдлэх зарчмууд болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах заалтуудыг зөрчөөгүй гэж үзэх хэрэг үү? Авлигын улмаас хохирсон мянга мянган иргэдийн эрх хаана байна, тэднийг хэн хамгаалах вэ? Авлигачдад хандаж буй энэ мэт хандлага, хуулийн зохицуулалт нь Үндсэн хуульд заасан тэгш байдлын зарчимд нийцэж байгаа хэрэг үү? Ер нь эдгээрийн аль нь шударга ёсонд илүү нийцсэн үйлдэл вэ? Авлигачдыг ял завшуулсан үйлдэл нь нийгэмд аюултай юу, авлигын хэргүүдийг сэргээн шалгаж буй үйлдэл нь нийгэмд аюултай юу? Аль нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл вэ? Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн хуулийг Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмын хүрээнд заавал дагаж мөрдөх учиртай байсан юм бол ялгаагүй хууль тогтоогчийн баталсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль уг зарчмын хаана нь нуугдчихав? Манай улс 2005 онд нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид “оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэх” үүрэг хүлээсэн. Авлигачдын захиалгаар хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд өөрчлөлт оруулах замаар олон арван хэргийг хэрэгсэхгүй болгосныг Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх хэрэг үү?

Дахиад хэлье, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нь Үндсэн хуульд хуульчлан тусгасан зарчим биш, харин Эрүүгийн хуульд заасан зарчим. Харин шударга ёсны зарчим бол Үндсэн хуульд тусгайлан заасан, төрийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим гэдгийг анхаарахгүй орхиж боломгүй юм. Үндсэн хуулийн цэц ч төрийн эрх мэдлийн нэгэн салаа мөчрийн хувьд төрийн үйл ажиллагаанд баримтлах шударга ёсны зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөх учиртай.

ТАВ. Энэ дашрамд өөрийн байр суурийг дахин дурдахад, авлигачид албан тушаалаа ашиглан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан ял завшихыг оролдсон 2017 оны 05-р сарын гутамшигт үйлдлийг таслан зогсоосон Эрүүгийн хуулийн 2020 оны 01-р сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг дэмжиж байгаа болно. Эрх зүй, шударга ёс, ёс суртахууны хувьд бид Монголын олон мянган иргэдийн боломжийг хулгайлсан авлигачдын толгойг илсэн ямар ч хууль, бодлогыг эрс эсэргүүцэж, парламентын түүхэнд дахин тийм шившигт явдал гаргуулахгүй байхад онцгой анхаарах ёстой гэж үзэж байна. Эцэст нь, монголчууд бид эрх зүйт төр, ардчилсан төр улсыг цогцлоон байгуулах зорилт тавьсан сүүлийн 30 жилийн түүхэнд анх удаа ардчиллын дайсан авлигачдыг ял завшуулах нь шударга уу, эсхүл гаргасан алдаагаа засаж, залруулан хариуцлага тооцох нь шударга уу гэдгийг дэнслэх гэж байна. Үндсэн хуулийн цэцийн гаргах шийдвэр жирийн нэг хэрэг биш, амаргүй бөгөөд хожим сургамжтай түүх болж үлдэнэ. Дэнсэлж буй маргаан нь манай Үндсэн хуульд цагаан дээр хараар бичигдсэн төрийн үйл ажиллагаанд баримтлах шударга ёсны зарчим, Үндсэн хуульд тусгагдаагүй боловч үзэл санаа нь оршсоор буй, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх Эрүүгийн хуулийн зарчимтай холбоотой. Эдгээр зарчмууд бүгд чухал, тэдгээрийг хамгаалах нь төрийн эрх мэдлийн нэгэн салаа мөчрийн хувьд Үндсэн хуулийн цэцийн үүрэг мөн. Гэвч өгөгдсөн нөхцөл байдлыг тал талаас нь дэнсэлж, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх нь Үндсэн хуулийн цэцийн үүрэг хойно ямар нэг шийдвэр гаргаж таарна.

Иймд хэрэг болж юуны магад хэмээн шударга ёсыг тогтоох зорилгоор Германы нэрт хуульч Густав Радбрухын 1946 онд боловсруулсан Радбрухын номлол /Radbruch formula/-ыг тус улсын Үндсэн хуулийн шүүх, Эрүүгийн хэргийн Дээд шүүхээс хэрэглэж ирсэн жишээг Та бүхэнд сануулъя. Дэлхийн 2-р дайны дараа цэргийн гэмт хэрэгтнүүдийг баривчилж, шүүхээр хэргийг нь шийдвэрлэх үеэр тэд бидний үйлдэл бол тухайн цаг үед үйлчилж байсан төрийн хуульд нийцсэн, хууль ёсны үйлдэл байсан хэмээн өөрснийгөө өмгөөлжээ. Гэтэл үнэн хэрэгтээ хууль ёсны дагуу гэж өмгөөлсөн тэдний үйлдэл нь хүн төрөлхтөний түүхэнд ховор тохиолдох хөнөөлт гэмт хэрэг гэдэг нь бүгдэд илэрхий байв. Иймд шударга ёсыг тогтоох үүднээс Эрүүгийн шинэ хуулийг буцаан хэрэглэж, нацистын гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэсэн юм. Хууль бүр хууль биш юм гэдгийг эндээс харж болно. Хуулийн цаана, түүнээс илүү хүчин чадалтай шударга ёсны, улс орон, ард түмний эрх ашгийг хамгаалах ардчилсан ёсны зарчмууд бий. Авлигачид, дарангуйлагчид, алуурчид хуулиар засаглаж байсныг бид мартаж болохгүй юм!

Дээрх явдал манай авлигачид бидний үйлдсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр прокурор, шүүхээс хэрэгсэхгүй болгосон, бид одоо хуулийн дагуу гэм буруугүй болсон хэмээн өөрийгөө өмгөөлж буйтай адил байна. Үүнийг шударга ёсны эсрэг “хууль ёсоор” үйлдсэн хулгай, дээрэм гэж хэлж болно.

Тэртээ 1857 онд Ерөнхий шүүгч Рожер Танейгийн тэргүүлсэн АНУ-ын Дээд шүүх Dred Scott v Sandford хэргийг шийдвэрлэхдээ Конгресс боолчлолыг хориглох хууль батлан мөрдүүлэх эрхгүй, Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө Африк гаралтай Америкчуудад хамаагүй гэсэн шившигтэй шийдвэрийг гаргаж байв. Бас тэд эрх чөлөөтэй Африк гаралтай иргэдийг хулгайлан худалдахыг хориглосон умардын муж улсуудын хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн хүчингүй болгож байлаа. Тухайн цагтаа боолын эзэд ялсан, баярласан, бахадсан боловч хожим тэднийг түүх гутамшигт, шившигт үйлдэлд нь ялласан юм. Эрхэм хуульчид аа, Та бид ёс суртахуун, шударга ёсыг үнэгүйдүүлж, иргэдийг үгүйрүүлж, нийгмийг үндсээр нь ганхуулж байгаа авлигын гэмт хэргүүдэд Монголы төр хариуцлага тооцож чадах эсэхийг шийдвэрлэх салаа замын уулзвар дээр зогсож байна. Хэн нь ялах вэ? Шударга ёс уу, авлигачид уу? Амьдралд Та бидний гаргасан шийдвэр болгон зөв байдаггүй. Гэхдээ алдаагаа засах боломж үргэлж байдаг нь бурханы хишиг юм даа. Эрх зүйт төр бол авлигачдыг хамгаалдаг биш, ард түмнийг хамгаалдаг, шударга төр юм гэдгийг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр харуулна гэдэгт итгэж, найдаж байна. Үр хүүхэд, хойч үедээ ямар нийгэм, түүх, өв үлдээх нь гагцхүү Та бидний сонголт, шийдвэрээс шалтгаална.

Хуульч Дэмбэрэлцэрэнгийн МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)