Л.Амар: Банкууд өмнөхөөсөө илүү хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байна

Коронавирусийн халдвар дотоодод тархаж, хатуу хөл хорио үргэлжилж байгаа энэ үед бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, компаниудын хувьд том сорилттой нүүр тулж байна. Үүнийг дагаад иргэдийн цалин орлого хумигдаж хямралын давлагаа бий боллоо. Тэгвэл эдийн засгийн тулгуур баганы нэг банкны салбарт ямар хүндрэл үүссэн, хямралыг даван туулахад Засгийн газар, бизнес эрхлэгчид, банкууд хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амартай ярилцлаа.


-Сүүлд буюу энэ оны гуравдугаар улирлын тайлангаар банкны салбарын нийт зээлийн 40 хувь асуудалтай болсон тухай дурдсан байсан. Зээлийн чанар муудах нь нийт эдийн засагт хүндрэл гүнзгийрч байгааг илтгэдэг. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Нийт 100 төгрөгийн зээл байлаа гэхэд 18 нь ямар нэг асуудалтай зээл байна. Өөрөөр хэлбэл, чанаргүй, хугацаа хэтэрсэн гэх мэт зээлүүд энэ ангилалд хамаарч, эргэн төлөлт дээр асуудал үүссэн гэсэн үг. Харин 22 төгрөг дээр нь цар тахлын нөлөөнд автсан. Бас л төлөгдөхгүй байна гэсэн үг л дээ. Эдгээр тоо олон нийтэд танилцуулсан гуравдугаар улирлын тайланд бий. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн есдүгээр сарын 30-наас өмнөх үеийн тоо юм. Үүнээс хойш арваннэгдүгээр сард хөл хорио чангарсныг бид бүхэн мэднэ. Энэ хугацаанд нөлөөллийн хэмжээ маш ихээр нэмэгдсэн байгаа. Хөл хорио хэсэг суларсан хэдий ч энэ сараас үргэлжлүүлээд дахин чангарууллаа. Иймэрхүү нөхцөл байдал банкны салбарт хүчтэй цохилт авчирч, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байна. Төв банкны мөчлөг сөрсөн бодлогын хүрээнд эдийн засаг сэргэж байхад банкны салбарыг чадавхжуулах, бэхжүүлэх ажлыг нэлээн сайн хийсний хүчинд банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр гүйцэтгэх чадвар зэрэг нь өндөр хувьтай байна. Гэхдээ огцом өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлаас харахад 2021 онд бид том сорилтын өмнө нүүр тулах нь гарцаагүй юм. Гуравдугаар улирлаас хойш шинээр 2.2 их наяд төгрөг буюу нийт зээлийн 13 хувийг ковидын нөлөөнд өртөж хойшлуулсан. Ингэхээр дээрх 40 хувь дээр нэмэгдэж, нийт зээлийн 53 хувь нь ямар нэг асуудалтай болоод байна.

-Нэг хэсэг зээлийн хүү, хугацаатай хадгаламжийн хүүг тэглэх асуудал хөндөгдсөн. Үүнд банкны салбарынхан “Ямар ч боломжгүй” гэсэн тодорхой ганц хариулт хэлж байгаа. Хамгийн гол нь ажлын байрыг хамгаалах чиглэлд хүч бололцоогоо дайчлах ёстойг онцолсон. Эдгээр гарц шийдлүүдийн тухай дэлгэрүүлэхгүй юү?

-Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр нөлөө бодит сектор дээр шууд очиж байна. Хүмүүс гадуур явахгүй, бараа үйлчилгээ авахгүй болохоор эдийн засаг зогсонги байдалд орчихож байгаа юм. Бодит эдийн засаг муудаад ирэхээр компани, иргэдийн орлого мууддаг. Орлого муудахаар зээлийн эргэн төлөлт муудна. Зээлийн эргэн төлөлт муудахад банкууд хүндэрч, буцаад зээл гаргахаа больдог. Буцаад бодит эдийн засгаа дэмжиж чадахаа болиод ужгирсан хямрал руу орох юм. Энэ нь нийгмийн хямрал руу түлхдэг. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл, ядуурал руу түлхэх юм. Тэгэхээр ажилгүйдлээс хамгаалах шаардлагатай байна.

Бодит эдийн засаг хямарчихаад байна. Санхүүгийн салбар бодит эдийн засаг руу зээл гаргаж чадахгүй байна. Нэгдүгээрт, болгоомжилж байна. Хоёрдугаарт, энэ үед улсын бүртгэл нь ажиллахгүй болохоор зээл гаргаж чадахгүй байлаа. Дээрээс нь бараа, үйлчилгээ нь борлуулагдахгүй, гацчихсан учир зээлийн эрэлт буураад ирдэг. Ийм нөхцөл байдалд ямар дүр зураг харагдах вэ гэхээр бизнес эрхлэгчид хамгийн эхэнд цалингийн зардлаа хэмнэхэд анхаардаг. Татвар бол хойшлуулаад төлж болж байна. Зээлээ бас хойшлуулаад төлчихөөр байна. Тэгэхээр шууд гарч байгаа зардал нь түрээс, цалин юм. Түрээс дээр засгаас дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авлаа. Одоо үлдсэн нь буюу цалингийн хэсэг байгаа юм. Цалин бол сар болгон гардаг зардал. Компаниудын зүгээс ихэнхдээ цалингүй чөлөө өгөөд явуулж байгаа. Халсан гэсэн тушаал гараагүй боловч үнэндээ тухайн хүн нь цалингүй, орлогогүй болчихож байгаа юм. Энэ нь давхар хохиролтой. Нийгмийн даатгалаас очоод ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй. Тэгсэн мөртлөө цалин орлогогүй. Мөн ирээдүй нь тодорхойгүй. Тухайн компанид дахиж ажиллах уу, үгүй юү. Компани хэвийн байдалдаа орж чадах уу. Ийм нөхцөл байдал үүсч байгаа учир нийт хүн амын гуравны нэг нь ядууралд автсан байна. Үүнээс гадна ядуурал руу халтирч ороход амархан хэсэг байдаг. Энэ бүхнээс харахад одоо бол ажлын байрыг хадгалах нь хамгийн чухал.

Ажлын байрыг хадгалах талаас Засгийн газруудаас авч байгаа сайн туршлагууд бий. Жишээ нь, Герман байна. Засгийн газар гуравны нэг, ажил олгогч нь гуравны нэг цалинг нь гаргах зэргээр яг хүндрэлийн үед ажиллагсдыг дэмжиж байна. Манайд төсөв санхүү талаас хүндрэлтэй байна. 2000 оны эхээр манай улсад голланд өвчний шинж тэмдэг илэрч төсвийн орлого гэнэт ихэссэнтэй холбоотойгоор зарлагаа тэлээд явсан. Ийм үйл явц сүүлийн 20 жил явж ирлээ. Эдийн засаг сайн байх үед төсөв алдагдалтай явсаар байгаад одоо эдийн засаг унах үед буцаагаад эдийн засгаа дэмжих хангалттай нөөц хөрөнгө хуримтлуулаагүй байна. Нөөц хөрөнгөгүй, төсөв нь мөнгө муутай ийм нөхцөлд авч болох хамгийн эвтэй арга хэмжээ бол Засгийн газрын баталгаа буюу ажлын байраа хадгалж байгаа жижиг дунд бизнес эрхлэгч, компаниудад маш хөнгөлөлттэй санхүүжилт олгох явдал юм. Энэ нь Монголын нөхцөлд яагаад тохиромжтой арга хэрэгсэл вэ гэхээр банкуудын чөлөөт эх үүсвэр харьцангуй өндөр байна. Одоо бол 7 орчим их наяд төгрөгийн чөлөөт эх үүсвэр байна. Зах зээл рүү оруулж болохоор хангалттай их нөөц бололцоо байна гэсэн үг. Банкууд өөрсдөө зээл гаргаж чадахгүй байгаа энэ үед нь төр засгаас нь баталгаа гаргаад ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдэд зориулаад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах юм бол зээлийн эргэн төлөлт ч дараа нь сайн байдаг. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүдийг хамгийн хүнд үед нь тусалж чадсан учир цагаа олсон бодит дэмжлэг байдаг.

Монголбанкны зүгээс жижиг, дунд бизнесүүдийг дэмжих чиглэлээр дахин санхүүжилтийг олгож байна. Дахин санхүүжилт гэдэг нь өмнөх өндөр зардалтай зээлийг хямдруулах боломжийг олгож өгч байгаа хэлбэр. Тэгвэл шинээр зээлийн хэрэгцээ өндөр байгаа, бэлэн мөнгөний дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд шинэ зээл олгох тал дээр одоо Засгийн газрын дэмжлэг шаардлагатай гэж харж байна. Азийн хөгжлийн банкны судалгаа гарсан байсан. Үүнд бичил бизнес эрхлэгчдэд хамгийн их хэрэгцээ шаардлага өндөртэй зүйл юу байна гэвэл яг эргэлтийн хөрөнгө гэсэн байна. Тэгэхээр хамгийн их ажлын байрыг бий болгодог энэ салбарт Засгийн газрын дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

-Хатуу хөл хорионы үед банкууд ямар ч төрлийн зээлийг олгохгүй байгаа юу. Тухайлбал, хүнсний салбар хэвийн ажиллаж байгаа. Тэдний зээлийн хэрэгцээг хэрхэн хангах вэ?

-Эхний хөл хорионы үед улсын бүртгэл ажиллахгүй байсан учир барьцаатай зээлүүд гарахгүй байсан. Харин барьцаагүй зээлүүд гарч байсан. Хөл хорио суларсан саяхны хэд хоногт зээл шинээр олголтууд эрчимжиж байсан. Харамсалтай нь буцаад хөл хорионд орчихсон. Одоо улсын бүртгэл цагийн хязгаартай ажиллаж байгаа. Тэгэхээр зээл олголт бага хэмжээгээр үргэлжлэх боломж байгаа.

-Засгийн газраас ажлын байраа хадгалж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчид, компаниудад зээл олгоход баталгаа гаргах асуудлыг хөндлөө. Тэгвэл банкуудын хувьд бизнесийг дэмжихэд ямар санаачилга гаргаж байна вэ. Хатуу хөл хорионы үед зээлийн эрэлтгүй байна. Гэхдээ коронавирусийн халдварыг хяналтад оруулж, хумьж, улмаар даван гарах болно. Энэ үед сульдсан олон бизнес эрхлэгчийг хэрхэн дэмжих вэ?

-Банкууд санаачилгаараа хамгийн их хүндэрч байгаа салбаруудын зээлдэгчдийн зээлийг хойшлуулж өгөх, хугацаа хоцроосон торгууль, нэмэгдүүлсэн хүү зэргээс нь чөлөөлж байгаа. Аль болох дэмжлэгт хамруулах чиглэлээр банкууд ажиллаж байна.Хөл хорио буцаад сулраад эдийн засгийг дэмжих үед банкны салбар ямар дэмжлэг үзүүлж чадах вэ гэхээр зээл олголтоо л нэмэгдүүлж чадна. Юуны өмнө Монголбанкнаас жижиг, дунд бизнесүүдэд 300 сая төгрөг, экспортын чиглэлийн компаниудад нэг тэрбум төгрөг хүртэлх зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр олгох боломжийг олгож байна. Жилийн 10.5 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай.

2021 оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн зээл дээр ийм дэмжлэг үзүүлэх боломжтой байна. Ер нь банкны салбар илүү урт хугацаатай, илүү хөнгөлөлттэй зээл олгох, хүү бууруулахад эрчимтэй ажиллаж байна. Жишээ нь, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор олон улсын Уур амьсгалын ногоон сангаас хөнгөлөлттэй эх үүсвэрийг татан оролцуулах боломж нээгдэж байна. Энэ мэтээр санхүүжилтийн бүх л бололцоог эрэлхийлж байгаа.

Ялангуяа, сүүлийн үед хүүгийн түвшин харьцангуй доошилж ирж байна. Ийм үед өмнөхөөсөө илүү хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Г.БАT

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)