Манай тамирчдын оролцох тэмцээн цар тахлын улмаас цөөрчээ
- 2021-01-04
- Үнэн
- 0
2021 он Монголын төдийгүй дэлхийн спортынхонд онцгой жил. Учир нь, дэлхий даяар тархсан цар тахлын улмаас хойшлогдсон олимп Японы нийслэл Токио хотноо хөшгөө нээнэ. Энэ бол манай тамирчдын оролцох хамгийн том тэмцээн. Гэхдээ үүнээс өмнө тамирчид олимпын эрхээ авах том даалгавартай. Хэдийгээр коронавирусийн халдвар олон нийтийг айдаст автуулж байгаа ч дэлхийн улс орнуудад тэмцээн уралдаан хэвийн үргэлжилж байна. Халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталж тэмцээн уралдаанаа зохион байгуулж, тамирчид бэлтгэлээ хангасаар. Манай улсын шигшээ багийнхан сүүлийн хоёр сарын хугацаанд бэлтгэлд хамрагдаж чадаагүй. Коронавирусийн халдварыг дотооддоо алдсаны улмаас хатуу хөл хорионд орж, спортын арга хэмжээг бүрэн хориглосон. Бэлтгэл хийх ч боломжгүй тул тамирчид гэртээ хүчний бэлтгэл хийж байгаа гэх. Маргааш хорио тавигдвал Биеийн тамир, спортын улсын хорооноос шигшээ багт данстай тамирчдыг гурван сарын хугацаанд олон улсын “Найрамдал” төвд нэгдсэн бэлтгэлд гаргах төлөвлөгөөтэй ч үүнийг эцсийн байдлаар шийдээгүй аж. Ямартай ч Монголын тамирчдаас жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан түрүүлж хилийн дээс алхах нь. Ингээд Монголын тамирчдыг шинэ онд ямар томоохон тэмцээн уралдаан хүлээж байгааг багцлан сийрүүлье. Товчхондоо цар тахлын улмаас дэлхий даяар зохиогдох ихэнх тэмцээн цуцлагдсан бөгөөд манай тамирчдын оролцох тэмцээн уралдааны тоо харьцангуй цөөрчээ.
ШИЛДЭГ ЖҮДОЧИД ДОХАГ ЗОРИНО
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2021 оны тэмцээний товоо зарласан. Тэгвэл шинэ оны хамгийн анхны тэмцээн энэ сарын 11нд Катарын Доха хотноо эхлэх нь ээ. Гурван өдөр үргэлжлэх уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн шилдэг 32 бөх зодоглоно. Урьдчилсан мэдүүлгээр 68 орны 370 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Амартүвшин, Г.Одбаяр, Ираны бөх Саейд Моллаей, дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар, олон улсын хэмжээний мастер Б.Хорлоодой, Г.Наранцэцэг, Л.Сосорбарам, Б.Ганхайч, Л.Өнөболд, Г.Хэрлэн, Ё.Басхүү, Г.Алтанбагана, Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар нарын 17 жүдоч Дохаг зорихоор болжээ. Үүний дараа хоёрдугаар сард Израйлийн ТельАвив, тавдугаар сард Францын Парис хотод тус тус “Их дуулга” ангиллын тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мөн манай тамирчдын олимпын өмнөх хамгийн том сорил нь зургаадугаар сарын 6-нд Унгарын Будапешт хотноо эхлэх ДАШТ байх юм. Хөл хорионоос шалтгаалан УАШТ тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон.
ЧӨЛӨӨТИЙНХӨН ДӨРӨВДҮГЭЭР САРД ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНТЭЙ
Чөлөөт бөхийн тамирчдын хувьд амсхийх завгүй жил байх учиртай. Одоогоор чөлөөт бөхөөс хоёрхон тамирчин эрхээ авсан. 5-6 эрх авахаар төлөвлөсөн чөлөөтийнхөн эхний дайралтаа дөрөвдүгээр сард хийнэ. Чөлөөт бөхийн олимпын эрхийн тэмцээн Хятадад бус Казахстаны АлмаАты хотод дөрөвдүгээр сарын 9-нд эхэлнэ. Залгуулаад шууд ААШТ болох хуваарьтай. Алма-Атыгаас хоосон хоцрогсод тавдугаар сард Болгарын Софи хотод сүүлчийн боломжоо ашиглах гарц бий. Мэдээж энэ жилийн хамгийн том тэмцээн нь олимп байх болно. Олимпын наадмын чөлөөт бөхийн төрлийн тэмцээн наймдугаар сарын 1-нд эхлэх хуваарьтай ажээ. Хөл хорионы улмаас чөлөөт бөхийн тамирчид нэгдсэн бэлтгэлд гараагүй байна.
Ц.ХОСБАЯР: БОЛОМЖТОЙ БОЛ ТЭМЦЭЭН АЛГАСАХГҮЙ ОРОЛЦМООР БАЙНА
Токиогийн олимпод өндөр амжилт үзүүлэх магадлалтай төрлийн тоонд хүндийг өргөлтийн спортыг зүй ёсоор нэрлэх болсон. Учир нь, сүүлийн жилүүдэд туйванчдын нүүр царай болсон М.Анхцэцэг олны анхааралд буй. Түүнийг олимпоос медаль авна гэж олон хүн найдаж байгаа. Тэгвэл хүндийг өргөлтийн тамирчдыг олимпоос наана хоёр том тэмцээн хүлээж байгаа ажээ. Тодруулбал, Солонгосын Сөүл хотод Зүүн Азийн бүсийн хүрэл цувралд оролцохоор төлөвлөсөн байна. Энэ нь олимпын эрхийн оноо олгох нэг цуврал тэмцээн юм. Үүний дараа Узбекстаны Ташкент хотод Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Дээрх хоёр тэмцээн хоёулаа дөрөвдүгээр сард болох бөгөөд манай туйванчдын олимпын эрхийн онооны чухал тэмцээн юм. Энэ талаар хүндийг өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяраас тодруулахад “Манайхан бэлтгэлээ гэр гэртээ л хийж байна. Ямар ч байсан бэлтгэлийн төлөвлөгөөг тасалдуулахгүйг хичээж бага багаар хийж байгаа. Манайхан хоёр том тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. БНСУ, Узбекстанд болох хоёр тэмцээн хойшилбол асуудал хүндэрнэ. Бид Сөүлд Зүүн Азийн аваргад оролцоод тэндээсээ шууд Узбекийг зорих төлөвлөгөөтэй. Тэгэхгүй бол хил хаалттай учир Монголдоо ирээд буцахаар хоцрох магадлалтай. Тиймээс Сөүлд хамтарсан бэлтгэл хийж байгаад шууд Ташкентыг зоримоор байгаа юм. БТСУХ-ноос тамирчдыг “Найрамдал”-д гаргах тухай ярьж байна. Үнэндээ 160 гаруй тамирчин нэг дор бэлтгэл хийх хэцүү. Санаагаар болдог бол спортын төрлүүдээ тус тусад нь хөдөө гаргачихвал амар байна. Ингэхдээ бүр өндөрлөг газрыг сонгож бэлтгэл хиймээр байгаа юм. Харамсалтай нь, тийм боломж хомс байх шиг. Манай хүндийнхэнд энэ жил онцлогтой. Олимптой, давхар ДАШТ болно. Тэгэхээр бэлтгэл сайтай бол нэг жилд хоёр том тэмцээнээс медаль хүртэх түүхэн боломж байна” гэв.
МЭРГЭН БУУЧИД ОЛИМП ХҮРТЭЛ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХГҮЙ
Буудлагын шигшээ багийнхны хувьд эрхийн тэмцээн дууссан. Манай улсаас гурван эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин Токиод онч мэргэнээ сорино. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо өрсөлдөх бол бусад нь анх удаа оролцох юм. Буудлагаар эрэгтэй гар бууны төрөлд анх удаа монгол тамирчин олимпод өрсөлдөнө. Мэргэн буучид тус тусын гэртээ бэлтгэлээ базааж байгаа бөгөөд олимп болтол ямар нэгэн тэмцээнд оролцох төлөвлөгөө гараагүй аж.
МАРАФОНЧДЫН ТЭМЦЭЭН ГУРАВДУГААР САРД ЭХЭЛНЭ
Манай улсын хөнгөн атлетикийн тамирчдыг олимпод марафон гүйлтийнхэн төлөөлдөг уламжлалтай. Одоогоор олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяагийн эрх баталгаажсан. Хөнгөний тамирчдын олимпын эрхийн тэмцээн гуравдугаар сард эхэлж, тавдугаар сард дуусна. Тамирчид хөл хорионы улмаас боломж бололцоогоороо хотод бэлтгэл хийж байгааг шигшээ багийн дасгалжуулагч О.Оюунтуяа хэллээ. Түүний хэлснээр боломж гарвал марафоны тамирчид олимпын эрхийн тэмцээн болтол Өмнөговийг зорьж, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Марафончид дахин хоёр эрх нэмэх зорилготой ажээ.
БОКСЫН ТАМИРЧДАД ГАНЦХАН БОЛОМЖ БИЙ
Манай ширэн бээлийтнүүднээс олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг л ганцаараа олимпын эрх авсан. Уг нь 1988, 1992, 2008, 2012, 2016 оны олимпоос алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монголын топ дөрвийн нэг учраас спорт сонирхогчид боксчдоос ихийг хүлээж буй. Тэгвэл боксын тамирчдад ердөө ганцхан боломж байна. Тус тэмцээн нь гуравдугаар сард аж. Өөр тэмцээний мэдээлэл ирээгүй. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл бэлтгэлд гарч чадаагүй байна. Энэ нь хөл хориотой холбоотой. Улсын онцгой комиссоос тамирчдыг бэлтгэл хийлгэхийг хориглосон нь тэдний амжилтад сөргөөр нөлөөлж магадгүйг дасгалжуулагчид ярьж байгаа юм.
3Х3-ЫНХАН АВСТРИД ЭРХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ
Сагсан бөмбөгийн 3Ч3 төрлийн олимпын эрх олгох эрэгтэй багийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сард Австрид зохион байгуулахаар болсон. Тус тэмцээнд оролцох Монголын эрэгтэй баг чансааг тэргүүлж, “А” хэсгийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд Польш, Бразил, Турк, Чехийн шигшээтэй нэг хэсэгт багтжээ. Тэд олимпын эрхийн тэмцээний хамгийн эхний тоглолтыг хийнэ. Эрэгтэйчүүд бэлтгэл сайтай байгаад хамгийн сүүлд шинэ оны өмнөхөн дэлхийн шилдэг 12 багийн тэмцээнд өрсөлдөж 10 дугаар байрт шалгарч, Э.Дөлгөөн шилдэг дөрвийн нэг болсон билээ. Харин эмэгтэйчүүд эрхээ хэдийнэ авсан бөгөөд хөл хорионы нөхцөл байдалд тохируулан бэлтгэлээ хийж байгаа гэнэ.
ПАРАГИЙНХАН ТАВАН ЭРХТЭЙ
Монголын паралимпийн тамирчид буудлага, таэквондо, пауэрлифтинг, байт харвааны төрөлд нийт таван эрх авчээ. Одоогоор гуравдугаар сард Дубайд хөнгөн атлетикийн паралимпийн эрх олгох тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй аж. Парагаас жүдо, хөнгөн атлетикийн төрөлд эрхээ нэмэгдүүлэх боломжтойг Монголын паралимпийн хорооноос мэдээлэв. Паражүдогийн 66 кг-ын жинд манай тамирчин чансаагаар зургаадугаарт эрэмбэлэгдэж байгаа аж.
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)