Өнөө жилийг өөдрөгөөр төсөөлсөн Монголбанкны таамагтай эдийн засагчид санал нийлэхгүй байна

Энэ жил эдийн засаг зургаан хувийн өсөлт үзүүлнэ гэсэн өөдрөг таамгийг Монголбанк, Сангийн яамнаас хэлж буй. Гэвч цар тахлын давлагаа дэлхийг нөмөрсөн өнөөдрийн таагүй нөхцөлд эдийн засаг өндөр өсөлт үзүүлэхгүй гэж болгоомжлох эдийн засагч цөөнгүй байна. Тэдний нэг нь эдийн засагч Н.Энхбаяр. Тэрээр “Эдийн засгийн өнөө жилийн өсөлт дөрвөн хувиас илүү гарахгүй байх” гэж тодотгосон бол Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.лакшми “Эдийн засгийн хамгийн том асуудал бол ковид, ковидоос үүдэлтэй хөл хорио болчихоод байна л даа. Манай улсын эдийн засаг түүхий эдийн экспортоосоо шууд хамааралтай. Өнгөрсөн жилийн хавар ковид эхэлж байхад дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ огцом доошилсон тохиолдол бийг мартаж болохгүй. Түүхий эдийн экспортоос гадна гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт маш чухал нөлөө үзүүлдэг. Харамсалтай нь дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалт тааруу болчихлоо. Үүнээс гадна гадны хөрөнгө оруулагчид Монголд итгэж мөнгөө оруулах эсэх нь эргэлзээтэй. Эдийн засгийн өсөлтийг шууд таамаглахад хэцүү. Олон улсын байгууллагууд гэхэд л эдийн засгийн таамгаа ойр ойрхон өөрчлөөд байна шүү дээ. Болгоомжлонгуй хэлэхэд эдийн засаг гурван хувийн өсөлттэй байх болов уу” хэмээн байр сууриа илэрхийллээ. Харин СЭЗИС-ийн багш, эдийн засагч ж.Дэлгэрсайхан “Монголбанк, Сангийн яам цар тахлын халдварыг дотооддоо алдахаас өмнө бүр найман хувийн өсөлт үзүүлнэ гэж өөдрөгөөр таамаглаж байсан удаатай. Цар тахлыг дотооддоо алдсанаас хойших таамгаа яаж гаргахыг хэлж мэдэхгүй юм. Бидний хамгийн том эрсдэл бол цар тахал хэдий болтол үргэлжлэх вэ гэсэн асуулт. Тахлын хөл хорионоос болж эдийн засгийн өсөлтийн боломж хумигдаж байна. Эдийн засгийн өсөлт 4-5 хувьд хэлбэлзэх болов уу” гэсэн юм.

Эдийн засагчдын хувьд өнөө жилийн ганц найдвар уул уурхайн салбар, тэр дундаа коксжих нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт түүхий эдийн экспорт гэж ам нийлүүлж байна. Нүүрсний зах зээл ямархуу өнгөтэй байхыг “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалаас тодруулахад “Хятадын эдийн засаг энэ жил өсөлттэй гарах учраас коксжих нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна. Австралиас нүүрс авахгүй байгаа. Энэ утгаараа Монголын коксжих нүүрсний эрэлт, үнэ боломжийн байна. Хоёрдугаарт, эрчим хүчний нүүрсний эрэлт өсөж байгаа. Энэ түр зуурын өсөлт байх магадлалтай ч бидний хувьд боломж. Боломжийг аль болох бүрэн дүүрэн ашиглаж чадвал нүүрсний экспорт мэдээж эдийн засагт гол үүргээ 2021 онд ч гүйцэтгэнэ. Нүүрсний зах зээлийн эрсдэлийг бас тооцох хэрэгтэй. Хятадад эрэлт өндөр байхад Австралиас авахаа зогсоосон ч Монголоос олигтой авахгүй байна. Шалтгаан нь ковидын хяналт шалтгалт. Хэрэв ийм байдлаар цааш үргэлжилбэл эрэлт өслөө ч бид олигтой нүүрс гаргаж чадахгүй байх эрсдэлтэй. Тэгэхээр хоёр улсын хоорондын гадаад худалдааны харилцаа их чухал байна. Оросын хувьд ирэх жилүүдэд коксжих нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх мэдээлэл давтамжтай сонсогдож байгаа. Гэхдээ 2020 онд тэдний нийлүүлэлт бас л буурсан дүнтэй гарсан. Хятад Австралиас аваагүй, Монголоос багахан авсан. Дээр нь Оросоос буурсан дүнтэй авсан. Дотоодын уурхайнуудынхаа хүчин чадлыг шавхаж ажиллаж, зарим томоохон компанид үнээ хэт өсгөхгүй байх талаар чиглэл өгсөн зэрэг мэдээ бий. Тэгсэн хэрнээ сүүлийн сард гаднаас нүүрс бараг авсангүй. Бидний хувьд цорын ганц том хэрэглэгч БНХАУ-ыг сайн ойлгож, хамтарч ажиллах хэрэгтэй. Болж өгвөл нийлүүлэлтийн хэмжээгээ жил, улирлаар нь багцаагаар тохиролцож сурах л чухал байна” гэлээ.

Эдийн засагч Н.Энхбаяраас “Монголын Засгийн газар яг ямар шийдэл хэрэгжүүлбэл энэ оныг эрсдэл багатай давах вэ” гэж тодруулахад “Вакцин, хөл хорио гэх мэт байгаа бүх боломжоо дайчлаад вирусээ дарж авах нь л номер нэг асуудал. Европын олон сая хүнтэй улс орнууд хөл хорио тогтоочихлоо. Манайд тэднээс ялгарах нэг онцлог бий. Хүн ам сийрэг гэсэн давуу талтай. Бидний хувьд багшралдаж шамбааралдсан асуудал нийслэлийн тав, зургаахан дүүрэгт л хамаатай. Гарч явж ажил төрөл хийж байгаа нь 500-хан мянга. Энэ хэсгийнхээ хөдөлгөөнийг хянахад асуудал байхгүй. 500-хан мянган хүний байршлыг мэдэх боломж гар утас шүү дээ. Жишээ нь, Энхсаран сувилал дээр халдвар илэрлээ гэхэд тухайн хугацаанд тэр орчим ямар дугаартай утаснууд холбогдож байв гээд хайхад л шийдчих асуудал. Тэр дэлгүүрт орсон хүн очиж шинжилгээ өгөөрэй гэж араас нь хөөх шаардлагагүй. Тэгэхээр халдварыг барих ганц арга бол хурд ба технологи. Технологи дээрээ суурилаад математик загвараар бодож олох асуудал шүү дээ. Засгийн газар санаачилгыг гартаа авч, Мэдээллийн технологийн газар, их дээд сургуулийн эрдэмтдэдээ үүрэг өгөөд ажиллахад халдварын тархалтыг бууруулах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл тэд шийдлийг нь гаргаж ирж, УОК-т үүрэг өгч ажиллах хэрэгтэй. Түүнээс биш өнөөдрийнх шиг УОК дангаараа зүтгээд асуудлыг шийдэж чадахгүй” гэсэн хариу өгсөн юм. Түүний онцолсон дараагийн шийдэл бол төсөв. Сум бүрд барих соёлын төв, хөшөө,музейн бүтээн байгуулалт гэх мэт үр ашиггүй зардлуудаа хугацаа алдахгүй танах эрэлт хоолой дээр тулсан асуудал болсныг Н.Энхбаяраас гадна олон эдийн засагч онцолж буй.

Н.ЭНХБАЯР: МАНАЙ ГАНЦ НАЙДЛАГА КОКСЖИХ НҮҮРС Л БАЙНА

Эдийн засагч Н.Энхбаяртай энэ оны дэлхийн болон Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэе.

-Манайх шиг хөгжиж байгаа зах зээлүүдэд дэлхийн эдийн засаг том нөлөөтэй. дэлхийн эдийн засгийн өсөлт өнөө жил ямархуу байх бол, олон улсын байгууллагуудын таван хувь гэсэн таамаг доошлох эрсдэл үүсчихэв үү?

-Он гараад дэлхий нийтийн халдварын тархалт идэвхжиж 84 саяд хүрчихлээ. ОУВС гэх мэт байгууллагууд өнгөрсөн онд гаргасан таамгаа бууруулахуйц нөхцөл үүслээ л дээ. ОУВС энэ сарын сүүлээр таамгаа шинэчилнэ. Тав гэсэн тооноос нэлээд доошлох байх. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2021онд 4.5 хавьцаа болж буух болов уу.

-Цар тахал багагүй хугацаанд үргэлжлэхээр байна уу?

-Европын улс орнууд цар тахлын гуравдугаар давлагаа руу түрүүчээсээ орж байна. Их Британи, Франц гэх мэт хэд хэдэн улс хөл хорио тогтоочихсон. Вакцинжуулалт эхэлж байгаа боловч тухайн улс орны хүн амынх нь дор хаяж 40 50 хувь хүрч байж эрсдэл нь багасдаг. Жишээ нь, Америкт эхнийхээ вакциныг хийлгэчихээд долоо хоночихоод халдвар авсан тохиолдол их гарсан. ОХУ гэхэд л долоо, наймдугаар сард хүн амынхаа 60, 70 хувийг вакцинжуулж хүчирнэ гээд мэдэгдчихсэн. Хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж буй Хойд Америк, Европ аль аль нь хүндрэлтэй байгаа. Харин Азийн улс орнуудын нөхцөл байдал харьцангуй сайн байна. Хятадын эдийн засаг найман хувь өснө гэсэн найдлага бий. Энэтхэг, Вьетнамын эдийн засаг ч бас тэр хавьцаа өсөх таамаг бий. Гэхдээ Энэтхэг тэвдэж байгаа, вакцинжуулалтаа дөнгөж эхлэх гэж байна.

-Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засагт хэр нөлөөлөх дүр зурагтай байна вэ?

-Дэлхийн эдийн засаг гээд аваад үзвэл Ази, Европ, Хойд Америк гэсэн гурван төв бий. Хоёрт нь аялал жуулчлал, худалдаа тасалдалтай хэвээр байх нь тодорхой болчихсон. Үүнийг дагаад хөрөнгө оруулалт огцом багасах эрсдэл байгаа. Гангийн болон өнгөт металлын эрэлт хэрэгцээ төдийлөн сайн өсөхгүй. Ингээд харахаар гангийн үйлдвэрлэл тийм ч их өсөхгүй болов уу. Хятадын саяхны судалгаан дээр гангийн үйлдвэрлэлээ бууруулах төсөөлөл гаргасан байна лээ. Товчхондоо энэ бүх шалтгааныг тоймлоод харвал Хятадын эдийн засаг наймаас дээш гарах нь юу л бол.

-Та түрүүн оны эхний хагаст болох гол гол үйл явдлуудаас дэлхийн эдийн засаг яах нь хамаарна гэж ярьсан даа. Яг ямар үйл явдлуудыг онцолж байна вэ?

-Нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно. Хоёрдугаар сарын 10-ны орчим Конгресст АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ирэх дөрвөн жилд баримтлах гадаад, дотоод бодлогын асуудлаар үндсэн бодлогоо танилцуулна. Гуравдугаар сард багтаж Хятадын хоёр их хурал болно. Дөрөвдүгээр сард НАТО-гийн уулзалттай. Тав, зургадугаар сард их долоогийн уулзалт өрнөнө. G-7-гийн энэ жилийн уулзалтыг зохион байгуулагч нь Их Британи. Их Британийн Ерөнхий сайд сарын өмнө Австрали, Өмнөд Солонгос, Энэтхэгийн төрийн тэргүүн нарыг их долоогийн уулзалтад урьсан. Өөрөөр хэлбэл, их долоо дээр нэмэх нь гурав гэсэн форматтай хурал болно. Яагаад энэ гурвыг урих болов гэдэг нь өөрөө сонирхол татахаар том асуудал. Өнгөрсөн аравдугаар сард Токиод дөрвөлийн уулзалт гэж болсон. Тодруулж хэлбэл АНУ, Австрали, Энэтхэг, Японы Гадаад хэргийн сайд нар уулзсан юм. Тэр уулзалтын үеэр Энэтхэг, Номхон далайн бодлого гэдэг асуудлыг голчилж ярьсан. Тухайн үед Хятадын Гадаад хэргийн сайд “Хятад Номхон далай гэж ярьдаг болохоос Энэтхэг, Номхон далайн бодлого гэж байж таарахгүй” гээд Австралийн эсрэг хориг тавьчихсан. Жо Байден Хятад, Оросын эсрэг хатуу бодлогыг хэвээр үргэлжлүүлнэ гэсэн таамгийг судлаачид онцолж байгаа. Хоёрдугаар сард Конгресс асуудлыг хэлэлцэх үеэр Байдены бодлого тодорхой болно.

-хятад, америкийн худалдааны дайн өргөжинө гэсэн таамаг дээр та ямар байр суурь хэлэх вэ?

-Дөнгөж сая өнгөрсөн долоо хоногт гэхэд л Нью-Йоркийн Хөрөнгийн бирж Хятадын гурван том компанийг жагсаалтаасаа хасна гэчихлээ. Хятадын хувьд хориг арга хэмжээ авна гэсэн хариу өгсөн. Худалдааны дайн үргэлжлээд өргөжөөд явж байгаагийн илрэл л дээ. Шилжилтийн Засгийн газрын үед ийм хариу арга хэмжээ авч байгаа юм чинь Жо Байден бодлогоо хэрэгжүүлээд эхлэхээр Орос, Хятадын эсрэг илүү хатуу арга хэмжээ үргэлжилж таарах байх. Тэгэхээр ирэх онд дэлхийн эдийн засгийн гадаад худалдааны таатай нөхцөл бас л ажиглагдахгүй гэсэн үг. Нэг талаас ковид, нөгөө талаас улс хоорондын геополитикийн зөрчилдөөн, худалдааны маргаантай байдал гээд дэлхийн эдийн засгийг доош нь чангаах хүчин зүйл маш их байна.

-Сая таны дурдсан эрсдэлүүд хөгжиж байгаа орнуудад яаж буух бол?

-Дэлхий нийт ингэчихээр хөгжиж байгаа орнууд өрөнд орж төлбөрийн чадваргүй болно. Ийм байдалд орсон улс орнууд олон улсын байгууллагуудаас тусламж хүсч таарна. Өнгөрсөн оны аравдугаар сард Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Блүүмбэргт ярилцлага өгөхдөө “Дэлхийн банк, Валютын сан бол зөвхөн донор орнуудаас бүрдүүлсэн мөнгөөр л хөгжлийн бодлого, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Дэлхийн банк мөнгө хэвлэдэг газар биш” гэчихсэн. Өөрөөр хэлбэл, манайх шиг хөгжиж байгаа улс орнууд их хэмжээгээр мөнгө хүссэн байлаа ч хүсэлт бүрийг хэрэгжүүлэх боломж олон улсын байгууллагуудад байхгүй гэсэн үг. Тэгэхээр хөгжиж буй улс орнууд өндөр хөгжилтэй орнуудаас зээл мөнгө хүсч дарамт нэмэхээс өөр гарц харагдахгүй байна. Товчхондоо манайх шиг улсуудын эдийн засгийг дэмжих эх үүсвэр улам багасна.

-Ирэх жилийн зун гэхэд дэлхийд ковидын тархалт буурна гэсэн өөдрөг таамаг хэр бодитой бол?

-Вирусийн халдварын тархалтын нөхцөл байдал 2021 онд дуусахгүй. Дэлхий даяар 2022 онд л эрсдэл багаслаа гэж ярих боломж гарна. Өөрөөр хэлбэл, ирэх жил л дэлхийн худалдаа эдийн засаг, аялал жуулчлал сэргэх тухай асуудал яригдах болов уу.

-Хятадын эдийн засаг дажгүй юм чинь бид алзахгүй гэсэн тайлбарыг Сангийн яам, Монгол банк тавьсаар ирсэн. одоо ч тийм тайлбар хэлэх байх. Бидэнд ийм найдлага бий юу?

-Нийт эдийн засагт түгээмэл ойлгодог алдаа энэ л дээ. Хятадын эдийн засаг найм болчихоор манайх дагаад өсөх боломж гарна гэж харах аргагүй. Нэгдүгээрт, шууд хамаарлыг нь судалсан судалгаа байхгүй. Хоёрдугаарт, Хятадын эдийн засагт энэ жил ажиглагдах өсөлт шууд утгаараа манай эдийн засагт нөлөөлнө гэдэг өрөөсгөл дүгнэлт. Хятадын өсөлтийн дийлэнх нь эдийн засгийнх нь том төвүүд болох Шанхай, Гуанжоуд хамаарна. Манайтай ойролцоо зах зээл гэвэл Ганьсу, Өвөр Монголын раойн гэдгийг бүгд мэднэ. Тэнд айхтар өндөр өсөлт ажиглагдахгүй. Хил залгаа хэсэгт маань ажиглагдах өсөлтөөс Монголд оногдож байгаа боломж нь маш өчүүхэн. Бидний нийлүүлэх юм өнөө л хэдэн түүхий эд маань. Зэс Хятадын эдийн засагтай шууд хамааралгүй. Дэлхийн эдийн засгийн цахилгааны хэрэглээ гэх мэтээс хамаарна. Хятадтай хамааралтай боломж гэвэл ерөөсөө л нүүрс, төмрийн хүдэр, газрын тос гурав.

-Тэгвэл нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны үнийн таамаг хэр өөдрөг байна?

-Тийм өөдрөг биш байна. Хамгийн осолтой нь ирэх гуравдугаар сард хуралдах Хятадын хоёр их хурлын үеэр яригдах 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын коммунист намын төв хороо энэ төлөвлөгөөг хэлэлцсэн. Төлөвлөгөөг хэлэлцэх үеэр дотоодын эдийн засгаа онцгойлж дэмжинэ гэчихлээ. Сүүлийн 11, 12 дугаар сарын тоон мэдээллийг харахаар Өвөр Монголын раойнуудын нүүрсний олборлолт нийлүүлэлт эрс нэмэгдэж байна. Австралиас авах байсан нүүрснийхээ орон зайг дотоодын олборлолтоор нөхсөн зураг харагдлаа л даа. Манай ганц найдвар коксжих нүүрс л байна. Харамсалтай нь боломжоо ашиглая гэхээр дэд бүтэц нь бахь байдгаараа.

Сүүлийн хоёр гурван жилийн их сайн амжилтаа харахад л бид урд хөрш рүү 30 сая тонн коксжих нүүрс л гаргасан. Өнөө жил 30 саядаа ч хүрээгүй. Ирэх жил өнөө жилийнхээс нэмэгдэх нөхцөл харагдахгүй байна. Тэгэхээр манай зэс, нүүрсний экспорт таван тэрбум ам.доллароосоо давахгүй. Гэхдээ нөхцөл байдал сайн байвал шүү дээ.

 

Ц.Баасансүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)