Шинэ оны босгон дээр “мэндэлсэн” хуулиуд
- 2021-01-06
- Үнэн
- 0
УИХ-ын чуулганы 2020 оны сүүлчийн хуралдаанаар хэд хэдэн хууль шинээр “мэндлэв”. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан найм дахь удаагийн парламент хөл хорионы дэглэм тогтоосон нөхцөлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, коронавирусийн цар тахалтай тэмцэх хууль, тогтоолуудыг батлан гаргаснаар шинэ онтой золгосон юм. Тухайлбал, оны өмнөхөн Түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийг баталсан.
Мөн татвар төлөгчдийг татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр боллоо. Коронавирусийн цар тахалтай тэмцэх бие даасан хуулийн хугацааг дахин зургаан сараар сунгаж, цар тахлаас иргэдийнхээ амьжиргаа, эдийн засгаа хамгаалахад чиглэсэн олон чухал шийдвэр гаргасан юм. Нэг үгээр хэлбэл, энэ парламент хүнд хэцүү нөхцөл байдалд цар тахлаас улс, иргэн, эдийн засгаа хамгаалж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, үйлдвэрлэл бизнес, эдийн засгийг дэмжих бодлого хэрэгжүүлж, олон хууль тогтоомжийг батлаад байна. Энэхүү бодлогоо 2021 онд ч тууштай үргэлжлүүлнэ гэдгээ УИХ-ын дарга шинэ оны босгон дээр хэлсэн үгэндээ тодотгож байв. Уг бодлогын үргэлжлэл нь УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн оны өмнө өргөн барьсан макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалж, бодит эдийн засагт оролцогчдын санхүүгийн чадамжийг хамгаалах, ажил олгогч баялаг бүтээгчдийг төрөөс “COVID-19”-ийн хүнд сорилтын үед дэмжих, Төв банканд хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засагт дайчлан оруулах зорилго бүхий нэг их наяд төгрөгийн Эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн тухай тогтоол юм. Тус тогтоолоор цар тахлын дараах үед ч хүү багатай зээлээр жижиг, дунд бизнесийг дэмжих багц асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгийг онцолж буй.
Энэ удаагийн парламент цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор чуулганы нэгдсэн хуралдааныг 100 хувь цахимаар явуулж байгаагаараа онцлогтой. УИХ-ын гишүүдийн хувьд чуулган, байнгын хорооны хуралдаануудад байгаа газраасаа цахимаар оролцож байгаа ч аливаа асуудалд ул суурьтай хандаж, байр сууриа илэрхийлэн, хууль санаачлагчаас асууж, тодруулсны үндсэнд хууль, тогтоомжуудыг баталж байгаа билээ. Энэ утгаараа өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зайлшгүй өөрчлөх, шинэчлэх шаардлагатай хуулиудыг цахим хуралдаанаар цаг алдалгүй баталж байгаа юм. Үүний нэг нь оны өмнөхөн баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юм. Түүнчлэн УИХ-ын тухай, УИХын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн Аудитын тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай зэрэг 10 орчим суурь хуулийг шинэчлэн батлав. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” хэмээн заасан. Үүний дагуу “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг ч батлаад байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон. Эдгээртэй нийцүүлэн экспортыг дэмжих, эдийн засгийн загварыг төлөвшүүлэх, эдийн засгийн хөгжлийн бие даасан бүтэцтэй болох, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг батлах Ажлын хэсэг зорилтоо биелүүлснийг мөн дуулгав. Тэрбээр “Эдийн засгийн хувьсгалыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан ирэх онд хэрэгжүүлэх зорилтыг тавилаа” гэж оны сүүлчийн хуралдаанд хэлсэн үгэндээ онцолсон юм. Ийнхүү УИХ-аас шинэ оны босгон дээр батлан гаргасан зарим хуулийн онцлох заалтаас тоймлон хүргэе.
ОРОН НУТАГ БИЕ ДААЖ ХӨГЖИХ БОЛОЛЦООГ БҮРДҮҮЛЭВ
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн УИХ хэдхэн хоногийн өмнө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. “Бага Үндсэн хууль” гэж нэрлэгддэг тус хуулиар засаг захиргааны томоохон шинэчлэл хийх суурь үндэс, эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Уг хуулийн хамгийн гол өөрчлөлт нь орон нутгийн шат шатны нэгжүүдийн чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхой болгосон явдал юм. Өөрөөр хэлбэл, орон нутгийн эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Тодруулбал, санхүү, төсөв, боловсон хүчний эрх мэдлийг өгч, байгаль орчин, газрын талаарх зэрэг орон нутгийн томоохон чиг үүргийг нь тодорхой болгож өглөө. Ингэснээр орон нутаг цаашид бие дааж хөгжих бүрэн бололцоо бүрдсэн гэж үзжээ. Харин аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сум хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих чиглэл давамгайлсан чиг үүрэгтэй нэгж байх зарчмыг тусгажээ. ИТХ-ыг улс төрөөс ангид байлгах зорилгоор үйл ажиллагаагаа намын бүлгээр бус Байнгын болон Түр хороо, Ажлын баг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулжээ. Сумын ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулсан байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ийнхүү баталснаар дагалдах 300 орчим хуульд өөрчлөлт оруулах нүсэр ажил эхэлж байгаа аж. Ялангуяа Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг тусгайлан гаргах юм. Хуулийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлнэ.
МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙГ ЦАХИМААР ОЛГОНО
Оны өмнөх өдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг батлав. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ирэх зургаадугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Ингэснээр Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, Визийн төв ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг зохицуулалтыг хуулийн хүрээнд хийх юм. Үүнээс гадна визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, олон улсын хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулахаар шинээр тусгасан юм. Тухайлбал, Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэн, албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн ажлын долоо хоногт холбогдох байгууллагад бүртгүүлдэг байсан зохицуулалтыг хүчингүй болгосон байна. Мөн гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт цахимаар бүртгүүлэхээр зохицуулжээ.
АТГ-ЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙД САНАЛ БОЛГОЖ, УИХ БАТАЛНА
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан оны өмнөхөн батлаад байна. Хуулийг баталснаар АТГ-ын даргыг Ерөнхийлөгч бус Ерөнхий сайд санал болгоно. Санал болгосон нэр дэвшигчийн талаар УИХ нээлттэй сонсгол явуулж, зургаан жилийн хугацаатай томилдог боллоо. Харин дэд даргыг АТГын дарга нь санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байхаар зохицуулав. Өмнө нь АТГ-ын дарга болон дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосноор УИХ томилдог байсан юм. Ийнхүү шинэ хуулиар дээрх зохицуулалтыг хийж өөрчлөв.
КОРОНАВИРУСИЙН ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ БИЕ ДААСАН ХУУЛИЙН ХУГАЦААГ ЗУРГААН САРААР СУНГАВ
УИХ-аас коронавирусийн цар тахалтай тэмцэх бие даасан хуулийн хугацааг дахин зургаан сараар сунгаж, баталлаа. Коронавируст халдвар /COVID19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг ийнхүү сунгаснаар “COVID19”-ийн цар тахалтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харгалзан зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох УИХ, Засгийн газар, Улсын онцгой комиссын үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхой болох юм. Мөн цар тахлын үед гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг буцаан гаргах хугацаа, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн тохиолдол, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой зохицуулалтыг тус хуулийн хүрээнд хийх юм. Мөн өдрийн хуралдаанаар коронавирусийн цар тахалтай тэмцэх хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нэг өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийг баталсан юм. Тус хуулиар цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй аж ахуйн нэгжийг алданги, торгуулиас чөлөөлөхөөр болж байна. Тухайлбал, 2020 оны арваннэг, арванхоёрдугаар сард нийгмийн даатгалын тайлангаа үнэн зөвөөр мэдүүлсэн ч төлөөгүй байгаа бол алданги, торгуулиас чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ. Мөн цар тахлын нөхцөл байдлаас үүдэн үйл ажиллагаа нь доголдсон эсэхээр аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах нь зохисгүй хэмээн үзсэн тул бүх байгууллагыг хамруулахаар болоод байна.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)