Дундаж давхаргын ЖО

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден энэ сарын 20-нд тангараг өргөснөөр үүрэгт ажилдаа орно. Тэрбээр хувийн амьдралдаа тохиолдсон сорилт, эмгэнэлт явдлуудыг тэвчээртэй даван туулсан нэгэн юм. Түүний гэр бүл 1972 онд автомашины осолд орж, эхнэр Нелиа Байден, нэг настай охин Наомигаа алджээ. Байден хамгийн ядуу сенатор байсан бөгөөд хөвгүүдээ их сургуульд сургахын тулд зээл авсан удаатай. Харин одоо түүний зорилго бол зөрчилдөж хуваагдсан Америкийг нэгтгэх юм.

 

ДЕЛАВЕРЫН ЯДУУ СЕНАТОР

 

Жозеф Робинетт Байден Пеннсильванийн Скрантон хотод англи-ирландын католик шашинтны гэр бүлд 1942 оны арваннэгдүгээр сарын 20-нд мэндэлжээ. Байдены гэр бүл АНУ-ын дундаж давхаргын төлөөлөл байв. Эцэг Жозеф Байден нь автомашин борлуулагч байсан бөгөөд хүүгээ Сенатын гишүүн болсны дараа үл хөдлөх хөрөнгийн бизнес хийх болжээ. Тэрбээр удмынхаа тухай “Миний өвөө Пеннсильванийн зүүн хойд хэсэгт орших нүүрсний уурхайд өдөрт 12 цаг ажилладаг байсан” хэмээн дурссан байдаг. Жо Вилмингтон дахь Гэгээн Еленагийн сургууль, Делаверын Клэймонт дахь Арчмер академид боловсрол эзэмшсэн байна. Делаверын их сургуулийг 1965 онд улс төрийн шинжлэх ухааны бакалавр, 1968 онд хуулийн сургууль төгсчээ. Жо дунджаас доогуур үнэлгээтэй, сургуульдаа төдийлөн танигдаагүй оюутан байв. Их сургуульд сурч байхдаа Байден анхны эхнэр Нелиатайгаа танилцжээ. Бүсгүйн эцэг эхэд католик шашинтай, гялалзах зүйлгүй оюутан залуу таалагдаагүй аж. Гэвч Нелиа хайр сэтгэлээ сонгож Байдентай гэрлэж гурван хүүхэдтэй болов. Байден 1969 онд Делавер муж улсад хуульчийн карьераа эхлүүлж, 1972 онд “Байден энд Уолш” өмгөөллийн товчоогоо байгуулжээ. Байден өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа Бүгд найрамдах намд талтай байсан ч Ерөнхийлөгч Ричард Никсоныг үзэн ядах болсноор үзэл бодлоо өөрчилжээ. Охин Наомиг мэндэлсний дараа Байден эхнэрээ АНУ-ын тэргүүн хатагтай болгоно гэж амлажээ. Харамсалтай нь Нелиад сенаторын гэргий, цаашлаад Нэгдсэн улсын тэргүүн хатагтай болох хувь дутсан юм. Нелиа нөхрөө Сенатын гишүүн болсон анхны Зул сарын баярын гацуур авахаар хүүхдүүдтэйгээ явж байгаад осолджээ. Тэрбээр бяцхан Наоми охинтойгоо 1972 оны арванхоёрдугаар сарын 18-нд харамсалтайгаар нас барж, Хантер, Бо нар хүнд шархдав. Энэ талаар Байден “Сенатын гишүүний тангараг өргөхийн өмнөх өдөр эхнэр, охиноо алдсан. Бурхан надад аймшигтай бэлэг барьсан” гэжээ. Жозеф Байден 30 настайдаа АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу сенатор болов. Жо сонгуулийн сурталчилгаанд зориулах мөнгөгүй байсан бөгөөд эгч Валери нь сайн дураараа төв штабыг удирдаж, гэр бүлийн бусад гишүүн товхимол, ухуулах хуудас тараасан гэдэг. Сэтгэл санаагаар унасан Жозеф Байден хүнд гэмтэл авсан хөвгүүдээ эмнэлэгт сахиж байхдаа улстөрчийн замналаа дуусгахаар шийджээ. Гэхдээ эгчийнхээ ятгалгаар энэ бодлоо орхисон гэдэг.

 

Эхнэрээ нас барснаас хойш гурван жилийн дараа Байден Жилл хэмээх англи хэлний багштай сохор болзоогоор танилцжээ. Энэ эмэгтэй Байденыг амьдралд дахин хөл тавихад тусалсан юм. Тэд 1980 онд охинтой болжээ. Жо хөвгүүдээ Вашингтонд Сенатын уулзалтад оролцохдоо үргэлж дагуулж явдаг байлаа. Түүний хүү Бо алдартай хуульч байсан бөгөөд Делаверын Ерөнхий прокурор байв. Гэвч Бо 46 насандаа тархины хорт хавдраар нас барсан нь Байденд хүнд цохилт болсон юм. Жирийн америк гэр бүлээс гаралтай түүнийг “Дундаж давхаргын Жо” гэж хочилдог байв.

 

ЭСРЭГ ДҮРЭЭС ГАРСАН НАЙРСАГ ЭР

Асар их золиосоор улстөрд хөл тавьсан Жозеф Байден 1978, 1984, 1990, 1996, 2002, 2008 онд сенатораар улиран сонгогдсон юм. Тэрбээр Сенатын танхимд 36 жил ажиллахдаа Шүүх болон Гадаад харилцааны хорооны гишүүн байв. АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэж, үй олноор хөнөөх зэвсэг, терроризм, хүйтэн дайны дараах Европ, Ойрхи Дорнод, Азийн асуудлаар мэргэшжээ. 1979, 1988 онд сенатч Жо Байден Зөвлөлтийн удирдлагын урилгаар Москвад хоёр удаа айлчилсан байна. Тэр үеэр түүнийг Алексей Косыгин, Андрей Громыко нар хүлээн авч уулзаж тэд зэвсэг хураах асуудлаар санал солилцож ярилцсан байдаг.Байден 1987 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан ч эцсийн мөчид нэр дэвшигчдийн жагсаалтад багтаж чадсангүй. Түүнийг нэлээд хүчтэй нэр дэвшигч гэж үзэж байсан ч Их Британийн Хөдөлмөрийн намын лидер Нил Киннокийн илтгэлээс “будаа идсэнд” Америкчууд дургүйцэн “Сонгогчдыг хуурах хэрэггүй” хэмээсэн нь Жо Байденд том сургамж болжээ. Тэрбээр 2008 онд хоёр дахиа нэр дэвшсэн ч намын анд Барак Обамад найр тавьж, өрсөлдөөнөөс гарчээ. Обама ялалт байгуулж Жо Байден АНУ-ын дэд ерөнхийлөгч боллоо. Гэхдээ хорвоо Байденд хатуурхсаар л. Хүү Бо нь тархины хорт хавдраар нас барж, Жо 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан ч сэтгэлийн гүн хямралд орж нэрээ татжээ. Харин 2020 оны оролдлогоороо Байден Цагаан ордны түүхэн дэх хамгийн хөгшин Ерөнхийлөгч болсон юм. Түүнээс өмнө энэ “цол” -ыг Дональд Трамп эзэмшиж байжээ. Ташрамд хэлэхэд, Байдены нас америкчуудын дунд хүчтэй маргаан дагуулсан. Зарим сонгогч түүнийг “Байден хэтэрхий хөгшин тул ой тогтоолт нь муудаж цаашид үүргээ гүйцэтгэж чадахгүй болно” хэмээж байлаа. Энэ таамаглалыг батлах мэт Байден ач охиноо нас барсан хүүтэйгээ андуурч будилсан байдаг. Эвгүй байдал үүгээр дууссангүй. Тэрбээр Америкт шинэ коронавирусээр нас барсан хүний тоог алдаж хэлсний дараа Дональд Трамп өрсөлдөгчөө “Нойрмог Жо” гэж хочилсон бол зарим сэтгүүлч “Байденизм” гэсэн нэр томьёог гаргаж ирэв. Кампанит ажлын үеэр Жо Байдены хамгийн гол асуудал, улс төрийн карьерыг нь сүйрүүлэх аюул 50 настай хүү Хантер нь болжээ. Тэр улстөрч эцгийнхээ толгойны өвчин байв. Хантер мансууруулах бодис хэрэглэсэн, насанд хүрээгүйчүүдтэй дотно харилцаа тогтоосон зэрэг улс төрийн дуулианы төвд байсан. “Нью-Йорк Пост” сонинд Украины эрчим хүчний “Бурисма” компани, Хятадын “Chi­na Energy Co” корпорацтай хууль бус гэрээ байгуулсан тухай нийтлэл гарчээ. Гэсэн хэдий ч эдгээр шүүмжлэл Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад саад болоогүй юм. Ардчилсан намынхан залуу нэр дэвшигчдээс илүү туршлагатай улстөрчийг сонгосон нь гайхмаар зүйл биш. Сенатад ажиллах эхний жилүүдэд Байден хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулж байжээ. Тэр ч байтугай хамгийн ирээдүйтэй улстөрчийн жагсаалтад багтав. Гэхдээ Жо Байден цаг үргэлж энхийн цагаан тагтаа байсангүй. Улс төрийн карьерынхаа эхэн үед тэрбээр сургуулиудад арьс өнгөөр ангилан суралцуулах санаачилгыг дэмжиж байжээ. Өдгөө ч түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж цоллодог. Байден 1990-ээд онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэж, тэднийг цэргийн алба хаахыг хориглосон хуулиудыг удаа дараа сурталчилж байжээ.

 

Мөн 2004 онд АНУ Ирак руу довтлоход Байден Ерөнхийлөгч Жорж Бушийн шийдвэрийг дэмжсэн цорын ганц ардчилагч байв. Гэхдээ Байден хэсэг хугацааны дараа Африк гаралтай америкчуудын эрхийг хамгаалж, ижил хүйстэн хосуудтай биечлэн уулзаж, Иракаас цэргээ гаргахыг идэвхтэй дэмжсэний ачаар өдгөө Вашингтонд түүнд дургүй хүн үгүй болжээ. Америкийн улс төрийн хүрээнийхэн Байденыг тууштай, өрөвч сэтгэлтэй, Трампын яг эсрэг дүр гэж үздэг. Мөн тэрбээр хамтран зүтгэгчидтэйгээ амархан ойлголцдог нэгэн. Тэрбээр Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүдтэй найрсаг харилцаатай бөгөөд зарим нь “Байден Ерөнхийлөгч болбол хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлжээ.

 

ШИНЭ ЗУУНЫ ТЭРГҮҮН ХАТАГТАЙ

Байдены гэр бүл Цагаан ордон руу нүүхэд хэдхэн хоног үлдээд байна. Шинэ тэргүүн хатагтай Доктор Жилл Байдены сэргэлэн цовоо байдалд америкчууд дуртай. “USA Today” сонинд “Жилл Байден АНУ-ын түүхэн дэх анхны профессор тэргүүн хатагтай болж байна” гэж онцолжээ. Англи хэлний багш, 69 настай Жилл Байден энгийн гэрийн эзэгтэй байхыг эрхэмлэдэг. Тэрбээр улс төрийн ертөнцөд туршлагатай эзэгтэй. Дэд ерөнхийлөгчийн арын албыг найман жил хариуцахдаа Мишель Обама тэргүүтэй Ардчилсан намын лидер хатагтай нартай дотно нөхөрлөжээ. Энэ үед Жилл Хойд Виржиниагийн их сургуульд багшилж байв. Мишель Обама Жиллийг “Сайхан сэтгэлтэй, энэрэнгүй, нөхөрлөлдөө үнэнч эмэгтэй. Тэр үнэхээр гайхалтай тэргүүн хатагтай болно” хэмээгээд “хайрт найз” минь хэмээн дотночилжээ. Жилл нөхрөө дэд ерөнхийлөгч байхад ажилласан шигээ үргэлжлүүлэн багшлахаа мэдэгдсэн. Энэ бол Цагаан ордны эзэгтэй нарын 231 жилийн түүхэнд Ерөнхийлөгчийн эхнэр мэргэжлийн карьер, цалинтай ажлаа үргэлжлүүлэн хийсэн анхны тохиолдол. АНУ-ын Ерөнхийлөгч нарын намтраар мэргэшсэн Охайогийн их сургуулийн профессор Кэтрин Желлисон түүнийг “XXI зууны тэргүүн хатагтай” гэж тодорхойлжээ. Өмнө нь тэргүүн хатагтай асан Элеонора Рузвельт ажлаа үргэлжлүүлэхийг хүссэн ч улс төрийн үүрэг, Цагаан ордны төлөвлөгөөнүүдээс болж бүтэлгүйтжээ. Жилл Байден багшлахаас гадна цэргийн алба хаагчдын гэр бүлд зориулсан нийгмийн халамжийн сан, хорт хавдрын эсрэг хүмүүнлэгийн аянаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Жилл нөхрөө бүх талаар дэмждэг байв. Жог дэд ерөнхийлөгчөөр ажиллаж хугацаанд бага орлоготой гэр бүлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг баталгаажуулах хууль тогтоомжийг хамтран боловсруулжээ.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)