Жек Ма сураг тасарчээ
- 2021-01-07
- Дэлхий
- 1
Хятадын цахим худалдааны “Алибаба” платформыг үүсгэн байгуулагч Жек Ма олон нийтийн өмнө гаралгүй хоёр сар болжээ. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сарын 24-нд Шанхайн бизнес форумд оролцсон юм. Түүнийг Хятадын эрх баригчид дуудаж, байцаалт авч байгаа болов уу гэсэн таамаглалыг барууны хэвлэлүүд дэвшүүлжээ. Жек Ма бол Засгийн газрын шахалтад өртсөн Хятадын анхны магнат биш. “Анбанг” даатгалын компанийг үүсгэн байгуулсан У Сяохуйг залилан хийж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутган 2018 онд баривчилжээ.
Түүнд 18 жилийн хорих ял оноосон байдаг. Мөн үл хөдлөх хөрөнгийн магнат Рен Чжичианг Хятадын эрх баригчдын бодлогыг шүүмжилсэн эссэ бичиж, Ши Жиньпинийг алиалагч гэж нэрлээд удалгүй алга болжээ. Зургаан сарын дараа түүнд авлигын хэргээр 18 жилийн хорих ял оноосон тухай мэдээлэл гарчээ. “Алибаба” группийн хэвлэлийн төлөөлөгч Жек Магийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Жек Ма өнгөрсөн оны санхүүгийн жилд 71.9 тэрбум ам.долларын орлого олсон технологийн аварга компаниа 1999 онд байгуулжээ.
БЭЭЖИНГИЙН БҮТЭЭСЭН ДҮР БАЙСАН УУ
Компаниа амжилттай удирдаж байсан түүнийг Бээжингийн эрх баригчид орчин үеийн, имижтэй хятад бизнес эрхлэгчийн дүр бүтээхийг зөвшөөрсөн гэж зарим шинжээч үздэг. Дараа үеийн худалдаа, технологийн дүрмийг бичихийг эрэлхийлсэн “Made in China 2025”, “China Standards 2035” зэрэг албан ёсны бодлогыг Жек Ма сурталчилж байлаа. Хятадын эдийн засаг хурдсаж, геополитикийн тэргүүлэх байр суурь эзэлж байгаа энэ үед Бээжин системтэй санхүүгийн эрсдэлээс эмээх болсон. Дэлхийн үл хөдлөх хөрөнгө, санхүү, шоу-бизнесийн магнатуудтай уулздаг Жек Маг эх орондоо халдашгүй эрхтэй гэж олон хүн боддог. Тэрбээр KFC Хятадад салбараа нээхэд ажилд ороогүй цорын ганц өргөдөл гаргагч байсан зэргээр сэтгэл хөдөлгөсөн түүхүүд ярьж залуусыг байлдан дагуулсан билээ. Англи хэлний багш байсан Жек Ма Хятадын хамгийн баян хүн болсон. Гэхдээ түүнийг Хятадын дээд удирдагчид Ши Жиньпинтэй нэгэн цаг үед зэрэгцэн гарч ирснийг дурдах хэрэгтэй. Жек Ма БНХАУ-ын албан бус Элчин сайд байсан. Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампыг тангаргаа өргөсний дараахан буюу 2017 оны нэгдүгээр сард уулзаж, АНУ-д нэг сая ажлын байр гаргахаа амласан. Мөн рок концертын тайзнаа Майкл Жексон шиг хувцастай гарч, кунфу кинонд тоглох зэргээр олны анхаарлын төвд байв. Бээжингийн Санхүү, эдийн засгийн их сургуулийн профессор Хан Фулинг “Weibo” хуудастаа “Ма санхүүгийн мэдлэггүй ч ихэмсэг нэгэн байсан” гэж бичжээ.
Жек Ма “Алибаба”-гийн захирлын албан тушаалаа орхин буяны үйлс эрхлэхээ мэдэгдсэн. Цар тахлын үеэр түүний байгуулсан сангаас АНУ руу нэг сая маск илгээж, “Хүнд хэцүү цаг үед америкчуудтай хамт байна” гэсэн байдаг. Мөн Хятадын боловсрол, Африкийн бизнес эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлжээ. Магадгүй Магийн буяны төслүүд Засгийн газрын хатуу бодлогыг алдахад хүргэсэн байж болох юм.
Тэрбээр, өнгөрсөн есдүгээр сард хэлсэн үгэндээ эрсдэл, сорилт тулгарсан үед Хятадын төрд хувийн хэвшлүүд хэрхэн туслах тухай шинэ удирдамжийг сурталчилсан байна. Энэ нь “Huawei”, “Tencent”, “TikTok” зэрэг Хятадын технологийн компаниудыг Засгийн газраас хараат бус гэсэн ойлголтыг харуулсан хүчин чармайлт юм. Мэдээллийн технологийн судалгааны “Marbridge Consulting” компанийг үүсгэн байгуулагч Марк Наткин “Бээжингийн Засгийн газар дотоодын компаниуддаа зохицуулалт хийж, лицензийг нь баталдаг” гэжээ.
Жек Ма “Alipay”-г нэвтрүүлэх үед Хятадад гуравдагч этгээдийн төлбөр тооцооны үйлчилгээний талаар тодорхой зохицуулалт байгаагүй учир санхүүгийн эрсдэлд орох нь тодорхой байсан. Тэрбээр “Хэрэв хэн нэгэн шоронд орох шаардлагатай бол тэр нь би байна” гэж ажилтнуудаа зоригжуулжээ. Одоо Жек Ма энэ үгэндээ харамсаж байж магадгүй. Сураг тасраад хоёр сар болсон тэрбумтны талаарх таамаг улам бүр нэмэгдэж байна. Тэр Хятадын удирдлагад таалагдахаа больсон бололтой. Шанхайн форумын үеэр Засгийн газрын төлөөлөгчтөй зэрэгцэн зогсож байгаад үндэсний зохицуулагчдыг шүүмжилсэн нь БНХАУ-ын даргын уурыг хүргэсэн үү. Шанхай хотноо болсон банк санхүүгийн том зөвлөгөөн дээр Хятад улсын хоёрдугаар баян Ван Ци Шань “Хятадын банк санхүүгийн тогтолцоо аз сорьсон, эрсдэлтэй буруу зөрүү зам мөрөөр явж болохгүй” хэмээв. Гэтэл түүний араас Хятадын тэргүүн баян Жек Ма “Хятадын банк санхүүгийн тогтолцоо тийм эрүүл саруул гэж үү. Ломбардын сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй байна” гэсэн айхтар мэдэгдэл хийж, дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн. Бээжин Жек Магаас гадна группийн бусад захирлыг дуудан байцааж, “Ant Group”-ийн IPO-г зогсоожээ. Дэлхийн хэмжээний энэ төслийн эхний үеийн хөрөнгө оруулалтад зориулж хоёр их наяд юань хуримтлуулсан байв. “Алибаба”-гийн гол өрсөлдөгч “TenCent” компанид монополийн эсрэг мөрдөн байцаалт явуулсан байна. Түүгээр ч зогсохгүй компанийн сайт дах Магийн гэрэл зургийг “Алибаба”-гийн гүйцэтгэх захирлаар сольжээ. Өдгөө Хятадад Жек Маг санхүүгийн салбарын том луйварчин хэмээн харлуулах том кампанит ажил эхэлсэн гэж ажиглагчид таамаглаж байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (1)
(59.153.112.198)
хэцүү ч юм даа цаг үетэйгээ зохицож амьдрах л хэрэгтэй дээ