Био хэвлэгч хувьсал авчирлаа

Дэлхийд жилд 120 мянган хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэдэг. Үүний дийлэнх хувийг бөөр шилжүүлэн суулгах мэс засал эзэлдэг байна. Зарим тохиолдолд амьд донороос эрхтнийг нь шилжүүлэн суулгадаг ч үлдсэн хувьд нь гэнэтийн осолд орсон, зүрхний шигдээс болсон, эсвэл цус харваж нас барсан нэгний эрхтнийг шилжүүлэн суулгадаг.

Шинжлэх ухааны ололт дэвшлийн ачаар энэ төрлийн мэс засал хөгжсөн ч тохирох донор олдохгүй, эсвэл гэнэтийн осол эндэгдлээр өнгөрсөн хүний эрхтнийг шилжүүлэхэд цаг хугацаа алдах зэргээс болоод олон сая хүн эрүүл эрхтэн хүлээж байхдаа нас барж байна. Тиймээс биологийн инженерүүд хүний яс, гар, чих болон тулгуур эсийн тусламжтайгаар ургуулсан мөгөөрс, мөн тусгай полимер загваруудын бүрэн хуулбарыг хэвлэх боломжтой 3D био хэвлэгч бүтээж, амжилттай туршжээ.

 

Гурван хэмжээст био хэвлэгч нь хүний эд эрхтний виртуал загварыг гаргаж, гидрогель ашиглан эд эсийг давхарлан хэвлэдэг. Ясыг гарган авахдаа титан нунтаг ашигладаг байна. Био хэвлэгчээр хүний элэг, зүрх, давсаг, чих, мөгөөрсөн эдийг “үйлдвэрлэх” боломжтой.

 

3D хэвлэгч ашиглан бүтээсэн эрхтнүүдийг амжилттай суулгасан жишээ ч бий. 2025 он гэхэд 3D хэвлэх технологийг ашиглан элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ. Захиалгад бүрэн нийцэх донор эрхтэнг бүтээдэг нь био хэвлэгчийн давуу тал юм. Мөн “хэвлэмэл” суулгацууд нь хүний жинхэнэ эрхтэн, эд эсүүдтэй ижил үзүүлэлттэй байдаг аж. “Nature Biotechnology” сэтгүүлд “Эд эс, эрхтэнийг хэвлэдэг энэ техник нь маш чухал бөгөөд өвчтнүүддээ зориулж “сэлбэг”-эрхтэнүүдийг бэлдэх боломж олгох технологи бүтээхэд маш чухал алхам боллоо. Одоо бид хүний бүрэн бүтэн эд эрхтэн хэвлэх боломжтой. Цаашид энэ технологи нь хүний биед шилжүүлэн суулгахад тохиромжтой эд эс, эрхтэн хэвлэхэд бидэнд тусална” гэжээ.

Тулгуур эсвэл бүрэн боловсорсон эсээс эрхтэн ургуулахад учирч буй гол саад бэрхшээлийн нэг нь тэдгээрийг зөвхөн нимгэн давхаргаар хэвлэх боломжтойд байгаа аж. Эрдэмтдийн ярьснаар, эсийн давхаргын зузаан нь 200 микрометр давсан тохиолдолд тэжээллэг бодис болон хүчилтөрөгч судасгүйгээр ийм гүнд нэвтэрч чаддаггүй учир эд эс үхэж эхэлдэг байна. Эрдэмтэд эсийн давхаргыг хооронд нь бага зэргийн зурвас гэрэлтэй байхаар өрөх боломжтой тусгай полимерыг гарган авч, энэ асуудлыг шийдсэнээр яс, булчин эсвэл мөгөөрс нь тэжээллэг бодис, хүчилтөрөгчийн дутагдалгүйгээр ургах боломжтой болжээ. Эрхтнийг “хэвлэсний” дараа эрдэмтэд хулгана, түүгээр барахгүй хүний биед суулгадаг бөгөөд судсууд нь аажмаар ургаж, харин полимер нь задарч алга болдог байна. Эцсийн дүндээ бэлдцийн оронд зохих гурван хэмжээст хэлбэр болон эсийн бүхий л төрөлд шаардлагатай бүрэн бүтэн эрхтэн бий болдог аж. Биологичид үзүүлэнгийн хувиар тулгуур эс ашиглан хүний доод эрүүний ясыг ургуулж, мөн чихний бүрэн бүтэн дэлбэнг “хэвлэжээ”. Одоогоор энэ технологийг анагаах ухаанд хэрэглэхэд бэлэн биш байгаа бөгөөд клиникийн туршилтаар шалгах ёстой гэнэ.

Нидерландын эрдэмтэд 3D хэвлэгч ашиглан бүтээсэн гавлыг амжилттай шилжүүлэн суулгажээ. Гавлын 3D дүрсийг гаргасны дараа хэвлэсэн байна. Өвчтөн гурван сарын дараа ердийн амьдралдаа эргэн орсон бол Бээжингийн эмч нар 12 настай хүүд “хэвлэсэн” нуруу шилжүүлэн суулгажээ. Хүү нуруу нугасны хорт хавдартай байсан юм. Эмч нар түүний биед таарсан нурууг 3D титан нунтгаар хийсэн суулгацаар сольсон байна.

 

Шведийн Гётеборг хотын Сальгренийн академи болон Чалмерсийн техникийн их сургуулийн эрдэмтэд 3D принтерээр хэвлэсэн хүний мөгөөрсний эсийг хулгануудад амжилттай шилжүүлэн суулгажээ. “Хүний мөгөөрсний эсийг анх удаа хэвлэж, амьд организмд шилжүүлэн суулгаад, уг эсийг өсгөж чадлаа” гэж Чалмерсийн техникийн их сургуулийн Хими ба биологийн инженерчлэлийн тэнхмийн биополимерийн технологийн профессор Пол Гатенхолм онцоллоо. Судлаачид хүний мөгөөрсийг тусгай гидрогель ашиглан био хэвлэгч дээр хэвлэж, дараа нь хулгануудад шилжүүлэн суулгасан байна. Уг гидрогелийг наноцеллюлоз болон хүний мөгөөрсний үндсэн дээр бий болгохын тулд “Cellink” 3D принтерийг ашиглажээ. Мөгөөрсний эд эсийг шилжүүлэн суулгаснаас хоёр сарын дараа мөгөөрс бий болж, түүний дээр судас гарч ирсэн байна. “60 хоногийн дараа уг гидрогель мөгөөрстэй төстэй болж эхэлсэн.

Мөн үүдэл эсүүдийг нэмснээр мөгөөрсний эсийг өсгөж чадсан” гэж Сальгренийн академийн багш, гоо сайхны мэс заслын тасгийн зөвлөх Ларс Кёлби ярилаа. Гэхдээ эрдэмтэд өөрсдийн хийсэн туршилтыг “Био принтерээр хэвлэсэн хүний эрхтнийг гаргаж авахаар зорьсон нэгэн бяцхан алхам” гэж тодорхойллоо. “Бидний хийсэн зүйл бол био принтерээр хэвлэсэн эсүүдийг ирээдүйн өвчтнүүдэд шилжүүлэн суулгахын тулд хийсэн нэг л алхам юм. Хувьсал авчрах үйлдэл хийхийн тулд бага багаар урагшлах хэрэгтэй. Бидний хийсэн туршилтын үр дүн бол хувьсгал биш харин хувьслын нэг хэсэг” хэмээн П.Гатенхолм дүгнэн хэлэв. Шведийн эрдэмтдийн хийсэн судалгааны дүн “Plastic and Reconstructive Surgery Global Open” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)