Сарлаг дүрсэлсэн мөнгөн товруу
- 2021-01-08
- Өөр өнцөг
- 0
Ноён уул нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумын заагт оршино. Уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужиртын аманд 230 орчим Хүннү булш бий. Дурсгалт газрын ихэнх нь Хүннүгийн язгууртны үүдэвчтэй булшнууд юм. Мөн жирийн иргэдийн цагариган дараастай булш болон том булшны дагуул булшнууд бий. Ноён уулын дурсгалт газрыг 1912 онд санамсаргүй байдлаар илрүүлсэн бөгөөд Оросын Шинжлэх ухааны нийгэмлэгийн томилсон “Монгол Төвөдийн экспедиц” 1924 онд анхны малтлагыг хийжээ.
Тус экспедиц дурсгалт газарт үүдэвчтэй зургаан булшийг малтан судалжээ. Үүнээс Сүжигтийн амны зургаадугаар булшнаас түүхийн маш ховор олдворуудыг малтан гаргасны нэг Сарлаг дүрсэлсэн мөнгөн товруу сарлаг дүрсэлсэн мөнгөн хөөмөл юм. Уг хөөмлийг Эрмитажийн улсын музейд хадгалж байна. Булшны зүүн хонгилоос олдсон уг дурсгалыг морины тоноглол бололтой гэж үздэг. Лийр хэлбэртэй энэхүү товруу нь 16 сантиметр урт аж. Хүннүгийн дурсгалуудад ан амьтан, сарлагийн дүрслэл олонтаа тохиолдог. Гэхдээ Евразийн нүүдэлчдийн урлагт үүнтэй дүйцэхүйц бүтээл ховор гэж судлаачид дүгнэдэг. Модны дор зогсож буй сарлаг нь сүсэг бишрэлийн өргөн утгыг агуулдаг. Зарим судлаач гадаад хэлбэрт нь үндэслэн энэхүү олдворыг хятад урчууд урласан гэж үздэг.
Хэлбэр нь эртний ба дундад зууны үеийн Хятадын домог, уран сайхны дүрслэл болох хулуутай адил. Даосизмд хулуу нь мөнх насны үрлийг хадгалдаг сав, урт удаан наслахын бэлгэдэл юм. Ноён уулын шавар хөрс нь ус шүүрүүлдэггүй чанартай учраас шарилд хийсэн бүх эд зүйл сайн хадгалагдан үлджээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)