Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох санал
- 2021-01-08
- Нийтлэл
- 0
Цахилгаан дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гарсантай холбогдож цахилгаан станцуудын хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх олон хувилбарын санал яригдаж байна. Энэ тулгамдсан асуудалд олны анхаарал төвлөрч байгааг олзуурхаж өөрийн ярьж бичдэг саналаа илэрхийлэе.
Эрчим хүчний одоо ба ирээдүйн хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр хангах бодлогоор энэ асуудалд хандах хэрэгтэй. Тодорхой төслүүдийн хувьд:
1.Сэлэнгэ мөрний цутгалан Эгийн гол, Шүрэнгийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлвэл зөв.Нэгийг нь барьж ашиглаж эхлээд дараа нь хоёр дахийг барих. Олон талын чухал ач холбогдолтой:
-Оргил хэрэгцээтэй цагуудад усан станцын хүчийг ашиглаж дулааны станцуудыг жигд ачаалалтай ажиллуулдаг болж, осол гарах эрсдэл багасна.
- Оргил хэрэгцээг хангах горимоор ажиллуулдаг дулааны станцын үйлдвэрлэсэн цахилгааны илүүдлийг гадаадад үнэ төлбөргүй урсгахаа болино.
- Хамгийн чухал нь цахилгаан эрчим хүчээр ОХУ-аас хамааралгүй болох бөгөөд Шинэ станц барих зардлын ихээхэн хэсгийг импортлож байгаа цахилгааны төлбөрийн хэмнэлтээр нөхнө. ОХУ-д цахилгааны импортоор төлөх өрийн үлдэгдэл 6 тэрбум төгрөг болоод байгаа гэж саяхан мэдээлж байсан.
Сэлэнгэ мөрөн дээр станц барихыг ОХУ-ын бизнесийнхэн эсэргүүцдэг гэсэн. Байгаль нуурын усны түвшин багасна гэсэн шалтгаанаар Сэлэнгэ мөрөнд станц барихад саад хийж байгаа бол байгаль экологийн ч байгаа, эрх зүйн талаар ч зөвшөөрөх ямарч үндэслэлгүй, зөвхөн Монголыг эрхшээл, хамааралдаа байлгах, эдийн засаг бизнесийн ашиг сонирхолын дарамт юм. Ийм бэрхшээл байдаг бол манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөрсдийн шугамаар ОХУ-ын төр засгийн удирдагч нарт хандаж саад болохгүй байхыг шийдүүлэх хэрэгтэй. Сэлэнгэ мөрөнд цутгадаг голуудын нэгэн дээр станц барьж усны санг дүүргэх богино хугацаанд Сэлэнгэ мөрний урсацад Байгаль нуурын усны түвшинд нөлөөлөх өөрчлөлт гарахгүйг мэрэгжлийн эрдэмтэд төдийгүй, жаахан ухаалаг хүн хэлээд өгнө.
2. Тавантолгойн нүүрсний уурхай дээр барих цахилгаан станцыг хоёр дугаарт шийдэх хэрэгтэй.
-Оюутолгойн уурхай болон говийн аймгууд, тэдгээрийн нутагт байгаа, бий болох үйлдвэрүүдийн хэрэгцээг харьцангуй хямд өртөгтэй цахилгаанаар ойрын зайгаас хангаж, төвийн бүсийн цахилгаан станцуудын хэт ачаалалыг багасгана.
- Хамгийн чухал нь станц барих зардлыг цахилгааны гол хэрэглэгч Оюутолгойн уурхайгаас авах төлбөрөөр богино хугацаанд нөхөх, БНХАУ-аас өндөр үнээр цахилгаан импортлож байгааг зогсооно.
3. Баруун аймгуудад жижиг голууд дээр усан цахилгаан станц барьж тэр чиглэлээрх цахилгааны импортыг зогсоохоор төлөвлөн хэрэгжүүлж эхэлж байгааг дэмжиж байна.
Импортыг багасгах, Орлого ашгаараа өртөг зардлаа нөхөх үр ашигтай станцууд баригдах төслүүд учраас хэрэгжүүлэхэд нь гаднаас зээл авах боломжтой.
Ерөнхий сайд асан Думаагийн Содном
2020 – 12 – 22
Сэтгэгдэл (0)