Тэтгэврийн зээлийг тэглэх хууль зээлгүй ахмадуудад үйлчлэх өдөр ойртсоор байна

УИХ одоогоос жилийн өмнө тэтгэврийн зээлтэй ахмад настнуудынхаа зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг баталж, 229 мянган ахмадыг өрийн дарамтаас гаргасан. Ахмадууд төдийгүй тэдний ар гэрийнхэн нь сэтгэл хангалуун байсан нь мэдээж. Харин тэтгэврийн зээл авдаггүй, авсан зээлээ төлж дууссан 191 мянга 600 ахмад сэтгэл дундуур үлдсэн. Гэхдээ эдгээр ахмад настан дээрх хуулийн гадуур үлдсэн гэж ойлгож болохгүй.

Учир нь, Ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийн дараагийн алхам болох зээлгүй ахмадуудад сард нэг сая төгрөгийн ваучер олгох ажил хүлээгдэж байна. Тэтгэврийн зээлгүй, зээлтэй ч төлж дууссан байсан ахмадуудад 2021 оны тавдугаар сард нэг сая төгрөгийн ваучер олгохоор амласан амлалтаа мартаагүй, биелүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ оны босгон дээр мэдэгдсэн. Гэхдээ нэг сая төгрөгийн ваучер бус бэлэн мөнгөөр олгоно гэдгийг тодотгосон нь ахмадуудыг баярлуулсан нь лавтай. Тэрбээр хэлсэн үгэндээ “Хоёр жилийн өмнө Салхитын мөнгөний ордыг төрд буцаан авч, 420 гаруй мянган ахмадынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд тэтгэврийн зээлгүй ахмадууддаа нэг сая төгрөгийг 2021 оны тавдугаар сардаа багтаан бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байна. Зорилтоо амжилттай хэрэгжүүлэх болно. Энэ бол баялгийн өгөөжийг иргэддээ тэгш шударга хуваарилах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг хэрэгжүүлсэн үйл хэрэг байсан” гэсэн нь олон нийтийн чихэнд хүрээд байна. Энэ зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд тэрбээр холбогдох албаныхантай ч уулзаад амжсан.

Хангалуун амьдралтай иргэд зээл авдаггүй нь тодорхой. Тэгвэл тодорхой хугацааны тэтгэвэр барьцаалсан зээл аваад гар дээрээ нэг ч төгрөг авахгүйгээр амьжиргаагаа авч явна гэдэг мэдээж хүнд. Тиймээс Засгийн чгазар өнгөрсөн хугацаанд ахмад настнуудын тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж ирсэн. Үүний хажуугаар зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа ахмадуудаа төрөөс харж үзэх зорилгоор ҮАБЗ-өөс гаргасан шийдвэрийг дэмжиж, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулсан нь нүдээ олсон шийдвэр болсон юм.

Хуулийг хэрэгжүүлэх явцад Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 421 мянган ахмад настны зээлийг хоёр хэлбэрээр чөлөөлөхөөр болсон. Эхний ээлжид арилжааны банкнаас зээл авсан ахмадуудын зээлийг төрөөс нэг удаа тэглэсэн. Ингэхдээ зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй ахмадын зээлийг 100 хувь чөлөөлсөн. Энэ чөлөөлөлтөд зээлтэй ахмадын 90.8 хувь буюу 207 мянган зээлдэгчийг хамруулсан юм. Харин зээлтэй 22 мянган ахмадын зургаан сая төгрөгийн зээлийг нь төрөөс чөлөөлж үлдсэнийг зээлдэгч өөрөө төлсөн. Тэтгэврийн зээл тэглэх энэхүү арга хэмжээнд нийт 229 мянган ахмад настанг хамруулж, 763 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөнд ахмадууд өнөөдрийг хүртэл баяртай байна.

Харин хуулийг батлах үеэр тэтгэврийн зээлгүй иргэдийг хуульд хамруулах ёстой гэсэн байр суурь нийгэмд давамгайлсан учир олон нийтийн санаа бодлыг хууль тогтоогчид хүлээн авч, зээл аваагүй 191 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, үүнийг 2021 оны тавдугаар сараас мөнгөжүүлэх боломжтой болно гэж тусгасан билээ. Ингэж Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг ахмад настнуудыг хуулийн үйлчлэлд бүрэн хамруулсан юм. Тиймээс тэтгэврийн зээлгүй ахмад настнууд сая төгрөгийн эрхийн бичиг буюу ваучераа хэзээ олгох бол гэсэн хүлээлттэйгээр өдийг хүрсэн бол тун удахгүй нэг сая төгрөгийг гар дээр нь олгох сайхан мэдээг УИХ-ын дарга дуулгаад байна.

 

“ИРГЭДИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХАЛАМЖИЙГ ОЛГОХОД ЯМАР НЭГ ТӨВӨГ СААД УЧРАХГҮЙ”

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн хүрээнд дөрвөн төрлийн тэтгэврийн зээлийг чөлөөлсөн. Тухайлбал, өндөр настны тэтгэвэр авч байгаа иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол, ахмад настан болоогүй ч хөдөлмөрийн чадамжаа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан иргэдийн зээлийг тэглэсэн. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгодог тэжээгчээ алдсаны тэтгэмжээ барьцаалан зээл авсан бол, Цэргийн тэтгэмжийн хуулийн дагуу ахмад настан болоогүй ч улсад 25 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан иргэдийн зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг төрөөс нэг удаа тэглэж өгсөн юм.

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх хөрөнгийг улсын төсвөөс бус Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бий болгосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043-2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаар ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх боломжтой болсон юм.

 

 

“Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас таван жилийн хугацаатай, 725 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанканд байршуулсан байна. Тус бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй болсон гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын даргатай уулзах үеэрээ мэдэгдсэн юм.

 

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛГҮЙ ИРГЭДЭД НЭГ САЯ ТӨГРӨГ ОЛГОХ АЖЛЫГ ТАВДУГААР САРЫН 21-НЭЭС ЭХЛҮҮЛНЭ

Төрийн өмч иргэндээ хүрч байгаагийн тод жишээ нь, Салхитын ордыг төрийн мэдэлд авч, эдийн засгийн эргэлтэд оруулан иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэсэн явдал боллоо. Энэ ажлыг Засгийн газрын захиалгаар “Эрдэнэс силвер ресурс” компани хэрэгжүүлж байгаа бөгөөд удахгүй тэтгэврийн зээлгүй иргэддээ нэг сая төгрөгийн ваучер олгох ажлыг цаг тухайд нь зохион байгуулахаар ажиллаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр дуулгасан юм. Үүнээс гадна тус компани Овоот хярын ордын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр эзэмшиж, хайгуул хийснээр алтны нөөцийг 53.1 тонноор нэмэгдүүлсэн гэдэг таатай мэдээллийг ч тэрбээр өгсөн. Энэ нь иргэдэд сая төгрөг олгох зорилтод чухал түлхэц болох нь мэдээж. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210 мянган иргэнд тус бүр нэг сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-нээс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг хуулийн дагуу явуулж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр онцолсон юм.

Өнгөрсөн оны өдийд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталж байх үед улс оронд цар тахал тархаж, хүнд хэцүү цаг үе ирнэ гэдгийг хэн ч төсөөлөөгүй байсан. Тэгвэл уг хууль өнөөгийн хүнд хэцүү цагт ч цөөнгүй айл өрхөд нэмэр болсоор байгаа юм. Цар тахлыг дотооддоо алдсан энэ цаг үед цөөнгүй ахмад настан тэтгэврээ зээлэнд хураалгалгүй гар дээрээ авч, ахуй амьжиргаандаа зарцуулсаар байгаа аж. Учир нь, дээрх хуулиар тэтгэвэр барьцаалсан зээлийг зургаа хүртэлх сарын хугацаатайгаар, жилд нэг удаа олгодог болсонтой холбоотой. Зарим нь өмнөх зээлээ төлсөн учир дахин зээл авахгүйг хичээж байгаа сурагтай. Ямартай ч Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль хэрэгжсэн нэг жилийн хугацаандаа үүргээ гүйцэтгэсээр ирлээ. Цаашид тэтгэврийн зээлгүй олон мянган иргэнд нэг сая төгрөг олгохоор тусгасан тус хуулийн заалт үйлчлэх өдөр ойртсоор байна.

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Togoo (66.181.189.119)

    2021-02-17

    Тэтгэвэрийн зээлийг боломжтой хүмүүс авдаг байхаа. Би тэтгэвэртэй хүн. Тэтгэвэрээ барьцаалаад зээл авчихвал хоосон хонох аюул тулгарах учир аймшиг...