Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал: Шүүгчдийн улс, шүүгчдийн төр байгуулах ажиллагаа

МУИС-ийн профессор. Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн зочин судлаач. Хоккайдо Их Сургуульд доктор хамгаалсан. 2008-2009 онд Стэнфордын Их Сургууль, 2009-2011 онд Австрийн Шинжлэх Ухааны Академи, 2012-2013 онд Принстоны Тэргүүлэх Судалгааны Хүрээлэнд (Institute for Advanced Study) зочин судлаачаар ажиллаж байсан.

Мөнгө зарцуулах эрх мэдлийг бүх компанийн захирлууд эдэлдэг. Дүрэм зохиох эрх мэдлийг бүх компанийн Удирдах зөвлөл эдэлдэг. Шоронд хийх эрх мэдлийг төрөөс өөр хэн ч эдэлдэггүй. Зөвхөн энэ эрх мэдэл компанийг төр болгодог. Харин шоронд хийх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлдэг. “Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал” нэрийн дор Шүүхийн тухай хууль хэмээх төсөл энэ эрх мэдлийг Монгол Улс, Монголын төрөөс хураан авч, хөндлөнгийн этгээдэд шилжүүлэх үйл явцыг УИХ-ын түвшинд өрнүүлээд, хэвлэл мэдээллээр зөвтгөх, тархи угаах, дарамтлах шахах өргөн кампанит ажиллагаа өрдөж байх шиг. Монгол Улсын иргэн танд,  ялангуяа уг төслийг хууль болгохоор хэлэлцэж буй УИХ-ын гишүүн танд асуудлын мөн чанарыг ойлгоход тань нэмэр болох үүднээс эл нийтлэлийг тэрлэв. Болгооно уу!

Яагаад шүүгчдийн улс, шүүгчдийн төр гэж?

Яг одоо Монгол Улсад улсын дотор, гэхдээ дээр нь, улс байгуулах, төрийн гадна, гэхдээ дээр нь, төр байгуулах төсөл явагдаж байна. Төслийн нэр “Монгол Улсын шүүх”. Гэвч энэ нь Монгол Улсын шүүх гэхээсээ “Монгол Улсыг шүүх” шүүх гэвэл оновчтой. Зорилго нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах явдал. “Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал” гэдэг нь үндсэндээ шүүгчдийг улс төр, эдийн засгийн хувьд бүрэн тусгаар тогтнуулан тэднийг бүрэн тусгаар тогтносон шүүгчдийн улс болгон, Монгол Улсын шүүх эрх мэдлийг тэдний онц эрх мэдэл болгон өгөх үйл ажиллагаа. Яагаад улс, яагаад төр гэж?

Учир нь төсөл ёсоор Монгол Улсын нэрийн өмнөөс шүүх шүүгчид өөрсдөө өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг.  Өөрсдөө өөрсдийгөө удирдан засагладаг, өөрсдөдөө үйлчилдэг улс төрийн нийгэмлэг болж хувирах юм. Монгол Улсад хэн шүүгч болохыг зөвхөн шүүгчид мэднэ.  Шүүгчид өөрсдөө өөрсдийгөө сонгох, томилох, хянах, чөлөөлөх, огцруулах болно. Шүүгчид өөрсдөө өөрсдийгөө удирдах, засаглах болно. Тэд өөрсдийн дундаас өөрсдөө сонгож байгуулсан өөрсдөө өөрсдийгөө удирдан засаглах шүүгчдийн зөвлөл, ШЕЗ, Мэргэшлийн хороо, Шүүхийн сахилгын хороо зэрэг төрийн цогц байгууллагатай байна. Эдгээр нь “Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах,” шүүгчдийн “өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх,” шүүгчдийн “эрх ашгийг нь хамгаалах” зорилго үүрэгтэй юм. Өөрсдөө өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг, өөрсдөө өөрсдийгөө удирдан засагладаг, өөрсдөө өөрсдөдөө үйлчилдэг улс төрийн нийгэмлэгийг л улс үндэстэн, түүнийг засагладаг байгууламжийг төр гэдэг. Улс төрийн нийгэмлэг (political community) гэж онцлохын учир нь улс төр гэгч нь аливаа нийгэмлэгийг удирдах засаглах эрх мэдэл, түүний хуваарилалтын асуудал бөгөөд түүнд оролцож байгаа бүх этгээдийг улс төрийн этгээд гэх. Дээр нэрлэсэн шүүгчдийн засаглалын бүх байгууллагыг шүүгчид өөрсдөө дундаасаа хөндлөнгийн этгээдийн оролцоогүйгээр сонгон байгуулах учир шүүгчид бүрэн утгаараа улс төрийн бие даасан нийгэмлэг болж байгаа юм.  Чухам ийм учраас “Монгол Улсын шүүх” нэртэй энэ нийгэмлэг буюу хүмүүсийн бүлэглэл тусдаа улс болж байгаа бөгөөд, түүний засаглах байгууламж нь төр болж байгаа юм.

Нэгэнт энэ улс төрийн нийгэмлэг нь Монгол Улсын газар нутаг дээр, Монгол Улсын хуулийн дор оршиж, Монголын татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэх учир үүнийг бие даасан тусгаар тогтносон улс гэхээсээ илүү нам, давхраа, анги, каст, эсвэл ястан, үндэстэн гэж нэрлэж болно. Гэхдээ нам гишүүнчлэлтэй байсан ч тэр нь нээлттэй, өөрийн удирдах байгууллагатай ч намын гишүүн намын гишүүн учраас төрийн эрх мэдэл барьдаггүй, хашдаггүй. Тэд төрийн эрх мэдэл барих, хашихын тулд ард түмнээр сонгогдох ёстой. Хэдийгээр Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 14.1.3-д “намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж хуульчилсан ч улс төрийн нам өөрөө өөртөө үйлчилдэг нийгэмлэг огт биш. Байх ч ёсгүй. Нийгмийн давхраа, анги нээлттэй дээр, тэдэнд өөрсдийн хуульчлагдсан онцгой статус, өөрсдийн хуульчлагдсан удирдах засаглах байгууллага, тогтолцоо байдаггүйн дээр төрийн эрх мэдэл анги, давхрааны онц эрх огт бус. Төслийн 10 дугаар бүлэг ёсоор шүүгчдэд олгох онцгой давуу эрх, статус, зэрэг дэв, ямба, ажиллах орчин, цалин хөлс, амралт, эрүүл мэнд, тэтгэвэр, гэр бүлийн гишүүдийн нийгмийн баталгаа халамж, даатгал, сургалт боловсрол зэргийг зэрвэс уншсан хэн бүхэнд шүүгчид тусгай, онцгой давуу эрх, ямба эдлэх статуст бүлэг буюу каст болох нь илэрхий харагдана.

Гэхдээ кастын хувьд хаалттай нийгэмлэг, онцгой статус, ажил мэргэжлийн шинжтэй боловч тэдэнд хуульчлагдсан өөрсдийн удирдан засаглах байгууламж байдаггүй. Орчин үеийн, түүний дотор ардчилсан нийгэмд каст орших ёсгүй. Чухам ийм учраас Монголын шүүгчдийн улс төрийн нийгэмлэгийг бие даасан буюу тусгаар тогтносон улс, тэдний өөрсдөө өөрсдийгөө удирдах засаглах байгууламжийг төр гэх нь илүү оновчтой юм. Тэдний онцгой статусыг тусдаа иргэншил гэж үзэх нь илүү оновчтой байгаа юм. Юу ч гэж нэрлэсэн төсөл ёсоор шүүгчид өөрсдөө өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг, тиймээс хаалттай гишүүнчлэл-иргэншилтэй, тусдаа онцгой эрх, статустай, өөрсдөө өөрсдийгөө удирдан засагладаг, өөрсдөө өөрсдөдөө үйлчлэх бие даасан улс төрийн нийгэмлэг төдийгүй өөрсдийн цогц “төрийн” тогтолцоотой байх аж. Тиймээс төсөл Монгол Улсын дотор бие даасан шүүгчдийн улсыг байгуулж, түүний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хуульчлахын дээр, түүнийг нь хамгаалах төрийнх нь байгууллагыг байгуулан Монголын Улсын талаас аливаа нөлөө, оролцоог устгах, арилгахын дээр Шүүгчдийн улсыг оршин тогтнох таатай нөхцлөөр хангах бүтцийг бүрдүүлэх, түүний эдийн засгийн баталгааг бүрдүүлэх явц. Монгол Улс буюу Монголын ард түмэн ч, тэдний Үндсэн хуулийнхаа дагуу сонгон байгуулсан байгууллагууд болох УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар ч ямар нэг утга учиртай оролцоогүй байх болно.

 

Яаж эсвэл хэрхэн?

 

Шүүгчдийн эрх барих дээд байгууллага нь Шүүгчдийн Зөвлөл  хэмээх шүүгчдийн сонгуульт байгууллага.  Энэ байгуулллага нь “Шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх” (20.1) байгууллага учир шүүгчдийн эрх барих дээд байгууллага, тэдний парламент нь. Шүүгчдийн Зөвлөл нь “анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонх, Улсын дээд шүүхийн шүүгчдээс бүрдсэн” байх ёстой.  “Шүүгчдийн зөвлөлийн хуралдаанд оролцох анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тоог тухайн шүүхийн шүүгчийн тоонд хувь тэнцүүлсэн байдлаар шүүх бүрээс төлөөлөл оролцохоор тогтоох” (20.1.) аж.

УДШ 24 шүүгчтэй ба “анхан ба давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонхи” гэдгийг анхан ба давж заалдах шатны шүүхийн шүүгчид Шүүгчдийн Зөвлөлийн олонх байх ёстой гэдэг утгаар уншвал, энэ зөвлөл  нь дор хаяхад 49 гишүүнтэй байна.  Харин “анхан ба давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонхи” гэдгийг эдгээр шатны шүүхэд ажиллаж байгаа шүүгчдийн олонх гэвэл Шүүгчдийн Зөвлөл  нь нийт 300-гаад буюу Монгол Улсын нийт шүүгчийн бараг тэн хагасаас бүрэлдэх аж. Мөн хоёрдугаар заалт дахь “тухайн шүүх” гэдгийг аймаг, сум дундын гэх мэт нутаг дэвсгэрийн утгаар ойлговол Шүүгчдийн Зөвлөл  нь орон даяар нийт 79 шүүхийг бүгдийг оролцуулах ба харин “тухайн шүүх” гэдгийг анхан ба давж заалдах шатны гэж уншвал эдгээр шатны шүүгчид нь Шүүгчдийн Зөвлөлийн олонхийг бүрдүүлэх бөгөөд тэр нь доод зах нь 25 “төлөөлөгч” гэсэн үг. Тиймээс Шүүгчдийн Зөвлөл  нь нэг бол 300 гаруй эсвэл 49 орчим төлөөлөгчдөөс бүрдэх аж. Нэгэнт хоёр жил тутамд төлөөлөгчдийг сонгох ба мөн ээлжит бус хуралдаан байх учир 49 орчим нь зөв уншилт мэт. Тиймээс энэ байгууллагын 24 төлөөлөгч нь албан тушаалаараа, 25 орчим нь шүүгчдийн өөрсдийн “ардчилсан сонгуулиар” сонгогдсон төлөөлөгчид байх ёстой. Өөрөөр хэлбэл, Шүүгчдийн Зөвлөл  нь шүүгч хүн амын сонгон байгуулсан тэдний төлөөллийн байгууллага. Чухам энэ 50 орчим шүүгчээс бүрдсэн байгууллага нь Монгол Улсын “шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлнэ” “Монгол Улсын шүүхийг” байгуулна. Тиймээс хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд байхгүй ч Шүүгчдийн Зөвлөл  нь Шүүгчдийн улсын төрийн эрх барих дээд байгууллагын дээр Монгол Улсын шүүх эрх мэдлийн дээд байгууллага.

Нэгэнт УДШ бүрэн бүрэлдэхүүнээрээ Шүүгчдийн Зөвлөлийн гол цөм болох тул Шүүгчдийн Зөвлөл  нь хэрэг дээрээ УДШ гэсэн үг. УДШ хамгийн их эрх мэдэлтэй, нэр хүндтэй шүүгчдээс бүрэлдэх төдийгүй, зохион байгуулалтай учир Шүүгчдийн Зөвлөлийг ноёрхох нь ойлгомжтой. Үнэндээ сонгогдсон гишүүд нь УДШ-ийн дагуул, гар хөл, дайчлагдсан хүч, УДШ-ийн шийдвэрийг нийт шүүгчдийн шийдвэр болгон харуулах өнгөлөн далдлалт байх болно. Тиймээс Шүүгчдийн Зөвлөл УДШ-ийн хувилсан дүр, дээл-жанч нь болох нь ойлгомжтой. УДШ-ийн шүүгчид УДШ-ийн жанчаа өмсөж хяналтын шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж, Шүүгчдийн Зөвлөлийн жанчаа өмсч Монгол Улсын бүх шүүгчдийг засаглах ёстой гэсэн үг.

Шүүгчдийн Зөвлөл  буюу УДШ ба түүний дагуулууд нь ШЕЗ, Шүүхийн Сахилгын Хороо (ШСХ), Мэргэшлийн Хороо (МХ) хэмээх өөрийн байнгын хороо, албадыг мөн сонгон байгуулж тэдгээрээрээ дамжуулан “Монгол Улсын шүүхийг” өөрсдийн дотроос өөрсдөө байгуулна. Учир нь УДШ-ШЗ нь ШЕЗ-ийн 10 гишүүний тав, түүний дотор орон тооны  таван гишүүний гуравыг, түүний дотор ШЕЗ-ийн даргыг, ШСХ-ны есөн гишүүний дөрвөн, түүний дотор орон тооны гурван гишүүний нэг буюу даргыг, МХ-ны есөн гишүүний зургааг түүний дотор даргыг нь “шүүгчид дотроосоо нэр дэвшүүлж, нууц санал хураалтаар сонгон” байгуулна. ШЕЗ-ийн “бүрэлдэхүүнд орох таван шүүгчийг бүх шатны шүүхийн төлөөллийг хангах” (78.2.) ба МХ-ны “зургаан гишүүн нь Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүхийн шүүгч байх” (87.4.) учир энэ хоёр байгууллага нь үндсэндээ УДШ-ийн гүйцэтгэх гар хөл байх болно.

Үнэндээ ШЕЗ, ШСХ болон МХ нь УДШ-ШЗ-ийн гүйцэтгэх гар хөл байхаас аргагүй. УДШ-ШЗ нь эдгээр гар хөлүүдээ огцруулах эрх мэдлийг ч хэрэгжүүлнэ. Учир нь ШЗ нь эдгээр байгууллагуудад сонгосон гишүүд, дарга нараа хугацаанаас нь өмнө эгүүлэн татах (20.2.3, 103.6) онцгой эрх мэдлийг хэрэгжүүлэх ёстой. ШЕЗ, ШСХ, МХ нь шүүгчдийн төлөөллийн байгууллагууд. Тэднийг УДШ-ШЗ бие даасан байдал, эрх ашгаа хамгаалуулахын тулд итгэж, найдаж, даалгаж сонгох болно. Эдгээр байгууллагад сонгогдох шүүгчид сонгогдохын тулд сонгогчдодоо ил, далд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, ам, тангаргаа өгөх нь ойлгомжтой. УДШ-ШЗ-ийн хувьд эдгээр байгууллагууд нь тэдний байнгын хороод нь гэж хэлж болно. ШЕЗ, ШСХ, МХ нь УДШ-ШЗ-д тайлагнах учир УДШ-ШЗ-ийн өмнө хариуцлага хүлээнэ. Нөгөө талаар ШЕЗ, ШСХ, МХ-ны гишүүд нь “дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” ажиллах төдийгүй ШСХ-ны 3 гишүүн нь шүүгчийн үндсэн ажил нь шүүгч, МХ-ны 6 гишүүний үндсэн ажил нь шүүгч хэвээр байх учир эдгээр байгууллага нь УДШ-ШЗ-д хариуцлага хүлээхээс өөр аргагүй.

Хуулийн төсөл хариуцлагагүйг дархалсан тогтолцоог тэр чигээр нь хадгалахын дээр, уг тогтолцооны эзнийг нь л солихын хамт, шинэ эзнийг нь улам хүчирхэг болгоод зогсохгүй, Монгол улсын шүүх эрх мэдлийг хураан авч шинэ эзэнд өгч байна.

ШЗ-ийг шүүхийн парламент гэвэл, УДШ нь уг парламентын байнгын эрх баригч олонх, ШЕЗ нь Шүүхийн Засгийн Газар, МХ нь шүүгчдийн хүний нөөц-иргэншил-хаалга-хилийн алба, харин ШСХ нь шүүгчдийн сахилга-цагдаа-хамгаалалтын алба гэж хэлж болно. Эдгээр байгууллагуудын үндсэн зорилго нь “шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах,” “шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх” явдал. Үндсэн хууль ч ШЕЗ нь шүүх, шүүгчдийн “эрх ашгийг нь хамгаалах…шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж хуульчилж. Шүүгчдэд нөлөөлж болзошгүй тиймээс “шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг” буюу тэдний тусгаар тогтнолд заналхийлэх гол дайсан нь Монгол Улс, Монголын төр. Тиймээс эдгээр байгууллагууд бүгд Монгол Улс, Монголын төрийн болзошгүй нөлөөлөл, өнгөлзлөгө, халдлагын эсрэг шүүхийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах албад төдийгүй, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах шүүгчдийн сонгуульт, төлөөллийн, улстөрийн  байгууллага, түүний төлөө тэмцэх албад.

Монгол Улсын шүүгчдийг томилох, чөлөөлөх эрх мэдлийг шүүгчдийн эрх ашгийг хамгаалах, шүүгчдийн улстөрийн төлөөллийн байгууллага болох ШЕЗ хэрэгжүүлнэ. Үндсэн хууль ёсоор (51.2.) Монгол улсын Ерөнхийлөгч шүүгчийг томилох эрх мэдэл хэрэгжүүлэх ёстой ч Төсөл ёсоор уг эрх мэдэл томилох эрх мэдэл биш харин 14 хоногийн дотор ёсчлох (37.1.) үүрэг болж хувирна. Ерөнхийлөгч ШЕЗ-ийн санал болгосон этгээдийг “томилохоос татгалзсан” тохиолдолд шийдвэрээ ШЕЗ-д “албан ёсоор мэдэгдэх” бөгөөд ШЕЗ “Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан шалтгаан тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгоно”. Өөрөөр хэлбэл Монголын сонгогчдын олонхоороо сонгосон Монгол улсын “төрийн тэргүүн” ШЕЗ-д шийдвэрээ тайлбарлах бөгөөд, ШЕЗ уг шийдвэрийг хянан үзэж, хүчингүй болгох төдийгүй, түүнд тушаал буулгаж, Монгол улсын Ерөнхийлөгч нь уг тушаалыг биелүүлнэ гэсэн үг. Шүүгчийг томилох эрх мэдлийн хувьд ШЕЗ нь Монгол улсын Ерөнхийлөгчийг засаглана гэсэн үг. Тиймээс ШЕЗ шүүгчдийг “шилэх”, “олох” төдийгүй томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллага.

Үндсэн хууль Ерөнхийлөгчид ч, ШЕЗ-д ч шүүгчийг чөлөөлөх эрх мэдлийг олгоогүй боловч Төсөл ёсоор (41.2) мөн л ШЕЗ “шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож чөлөөлнө”. Техникийн буюу хэллэгийн хувьд Ерөнхийлөгч чөлөөлөх боловч хэрэг дээрээ Ерөнхийлөгч ШЕЗ-ийн шийдвэрийг л ёсчлох үүрэг гүйцэтгэнэ. “Шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан”, “ажил хэргийн чадвар, мэргэшлийн төвшингийн хувьд шүүгчийн албан тушаалд тэнцэхгүй тухай Мэргэшлийн хорооны дүгнэлт гарсан” зэрэг үндэслэлээр ШЕЗ нь шүүгчийг чөлөөлөх санал хэмээх шийдвэрээ Ерөнхийлөгчид өгч Ерөнхийлөгч уг даалгаврыг ёсчлон биелүүлэх ёстой юм. Энэ нь Үндсэн хуулийн 51.4-т заасан “хүсэлтээр нь чөлөөлөх” эрх мэдлийг хэрэгжүүлэх этгээд нь ШЕЗ байх бөгөөд шүүгч чөлөөлөгдөх хүсэлтээ ШЕЗ-д гаргах ёстой гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаярын яриад байгаа “Шүүгчдийг томилохдоо чөлөөлөгдөх өргөдлийг нь бичүүлж авдаг, үгэнд нь орохгүй бол огноогүй өргөдлийг нь гаргаж ирж, огноо тавьж байгаад явуулчихдаг” эрх мэдэл, практикийг ШЕЗ эдлэх болно. Мөн ШЕЗ нь МХ-оороо “тэнцэхгүй” хэмээх дүгнэлтийг хэзээ ч гаргуулж болно. Нэгэнт МХ-ны “зургаан гишүүн нь Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүхийн шүүгч байх (87.3) бөгөөд тэдгээрийг Шүүгчдийн зөвлөлөөс сонгох” бa ШЕЗ нь “Мэргэшлийн хорооны үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах” ба “Хорооны даргыг…томилох, чөлөөлөх” (74.1.4.) учир онолын хувьд ШЕЗ нь МХ-оороо хүссэн “дүгнэлтээ” гаргуулах боломжтой. Мэдээж “шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдaл,” шүүгчдийн “эрх ашгийг нь хамгаалах” хэрэгт үнэнч бус шүүгчид нь ШЗ, ШЕЗ, ШСХ, МХ-ны хувьд урвагч байх нь ойлгомжтой.

Тиймээс шүүгчдийг чөлөөлөх эрх мэдлийг ШЕЗ хэрэгжүүлнэ. Уг нь Үндсэн хууль ёсоор (49.4.) ШЕЗ нь “гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох…үүргийг биелүүлэх” ёстой авч, Төсөл ёсоор ШЕЗ нь шилж олох бус харин томилох, чөлөөлөх байгууллага. Харин ШЕЗ-ийн шүүгчийг “шилж олох үүргийг” үндсэндээ МХ буюу үндсэндээ УДШ гүйцэтгэнэ.

ШЕЗ нь шүүгчдийн байгууллага, шүүгчдийн төлөөллийн байгууллага. Үндсэн хуулийн 49.5-д зааснаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно”. “Шүүгчид дотроосоо сонгох” эрх мэдлийг ШЗ хэрэгжүүлж, таван шүүгчийг “бүх шатны бүх шатны шүүхийн төлөөллийг ханган” сонгож, өөрсдийн тусгаар тогтнол, эрх ашгаа хамгаалах хэргийг итгэн даатгах ёстой. Мэдээж 5 шүүгч сонгогчдодоо тайлагнахын дээр, сонгогчид нь тэднийг хугацаанаас нь өмнө ШЗ-ийн төлөөлөгчдийн “олонхийн саналаар эгүүлэн татах” (85.3.) онцгой эрхтэй. Тиймээс 5 шүүгч гишүүн нь сонгогчдодоо үнэнчээр зүтгэхээс өөр аргагүй.

Үндсэн хууль үлдсэн “таван гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж томилохooр” заасан боловч Төсөл “бусад гишүүд нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан…Монгол Улсын иргэн байна” хэмээн гишүүнийг зөвхөн хуульч, эрх зүйч нарын онц эрх болгон өмчилж Үндсэн хуулийн “нээлттэй” гэснийг хүчингүй болгож хаалттай болгож. Тиймээс Төсөл нээлттэйг хаалттай болгон Үндсэн хуулийг заалтыг халж байна гэсэн үг. Эрх зүйн боловсролын гэрчилгээгүй Монгол Улсын иргэн эл асуудлаар иргэний эрхгүй гэсэн үг. Эрх зүйн боловсролын гэрчилгээ иргэний үнэмлэх-паспорт, иргэншил, иргэний эрхийг халах нь энэ. Төслөөр 5 хуульч, эрх зүйчийн 3-ыг нь УИХ-ын ХЗБХ, нэгийг нь ХЗ-н сайд, нэгийг нь Ерөнхийлөгч томилох ёстой. ХЗБХ-ны гишүүд ба ХЗ-н сайд нь шүүгч байсан эрхмүүд биш юм гэхэд эрх зүйч, хуульчид байх нь ойлгомжтой. Тиймээс эрх зүйн боловсролгүй л бол Монгол Улсын УИХ-ын гишүүд ч энэ асуудлаар эрх эдлэхгүй гэсэн үг. Чухам тиймээс шүүгчид тусдаа иргэншилтэй, тусдаа орших тусгаар улс. Харин эрх зүйчид, хуульчид нь Шүүгчдийн улсын “ногоон карт” эзэмшигчид гэж болно.

ШЕЗ шийдвэрээ санал хураалтаар гаргах ба ШЕЗ-ийн даргыг сонгохдоо “нууц санал хураалтаар гишүүд дотроосоо олонхийн саналаар сонгох” (78.4.) учир олонхоороо шийдвэрээ гаргах мэт. Гэхдээ “шүүгчээр томилуулах” эсэх шийдвэрийг “илээр санал хураан, шийдвэрлэх” (36.1) учир шүүгчийг томилох, чөлөөлөх шийдвэрээ илээр санал хураан шийдвэрлэх аж. Мэдээж ШЕЗ-ийн даргыг орон тооны гишүүдийн дундаас сонгох, сонгохдоо нууцаар санал хурааж байгаа нь гишүүдийг гаднын буюу Монголын улстөрийн нөлөөнөөс хамгаалж, ингэснээрээ ШЕЗ-ийн дарга ямагт шүүгч байх боломжийг хангаж байгаа хэрэг. Харин бусад, ялангуяа шүүгчийг томилох (чөлөөлөх) шийдвэрийг гаргахдаа илээр санал хурааж байгаа нь дор хаяхад шүүгч гишүүдээ урвах эсэхийг хянаж байгаа хэрэг. Нэгэнт шүүгч гишүүд “урвах” боломжгүй тэд ШЕЗ-ийн 50 хувь тул ШЕЗ-ийн шийдвэрийг байнга шүүгчид гаргана гэсэн үг.

Мөн Үндсэн хууль 10 гишүүнтэй ШЕЗ байгуулсан боловч төсөлөөр тавыг нь орон тооны бус болгон цомхтгож, гурван шүүгч, хоёр эрхзүйч, хуульчийг орон тооны болгосноор ШЕЗ-д шүүгчид ямагт шийдвэрлэх, олонх болох тогтолцоог бүрдүүлсэн аж. Тиймээс ШЕЗ нь шүүгчдийн байгууллага, шүүгчдийн төлөөллийн байгууллага, шүүгчдийн хараат бус байдал тэдний эрх ашгийг хамгаалах байгууллага байх болно. Чухам энэ байгууллага Монгол улсыг шүүх шүүгчдийг томилох, чөлөөлөх эрх мэдлийг хэрэгжүүлэх онц эрхийг эдэлнэ. ШЕЗ-ийг байгуулахад Монгол улс, Монголын ард түмэн огт оролцоогүйн дээр УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийн оролцоо ч ёс төдий байна гэсэн үг. Мөн шүүгч бус 2 гишүүний нэг нь ХЗБХ-ых, нөгөө нь ХЗ-н сайдын томилсон этгээд байх ёстой. Харин Монголын сонгогчдын 50-иас дээш хувийн саналаар сонгогддог Ерөнхийлөгч нь хэний ч санал авалгүйгээр томилогдсон, мэдээж шүүгч, хуульч, эсвэл эрхзүйч байх нь ойлгомжтой Хууль зүйн сайдаас ч дор оролцоотой байх ёстой. Монголын ард түмний сонголт, Монголын ардчилал Шүүгчдийн улсад огт хамаагүй. Үр дүнд нь хэн шүүгч болохыг, хэн Монгол улсын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхийг зөвхөн шүүгчид мэднэ. Тиймээс шүүгчид өөрсдөө өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг хаалттай клуб, нийгэмлэг болж байгаа юм. Мэдээж энэ ертөнц дэх хамгийн хаалттай клуб, нийгэмлэг бол иргэншил.

Үндсэн хуулиар “шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо” байгуулахаар хуульчилсан. Үндсэн хууль ШСХ-г хэрхэн байгуулах, хэдэн гишүүнтэй, ямар хугацаатай байх, тэдгээр гишүүд нь хэн байх асуудлыг Монгол улсын иргэдэд нээлттэй үлдээсэн. Ямар ч байсан ШЕЗ-ийнх шиг “шүүгчид дотроосоо сонгох” гэж хуульчлаагүй. Чухам ингэж хуульчлаагүй нь ШСХ-нд шүүгчид оролцох албагүй гэсэн үг. Ялангуяа гурван шүүгч, гурван эрх зүйч, хуульч, гурван иргэдийн төлөөлөл гэсэн саналыг няцааж нээлттэй үлдээсэн нь шүүгч, эрх зүйч, хуульчдын давамгайлсан байгууллага байх ёсгүй гэж үзсэний баталгаа гэж үзэж болно. 

Гэвч төсөл уг байгууллагыг мөн л “шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах,” “шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх”, шүүгчдийн “эрх ашгийг нь хамгаалах” алба, шүүгчдийн төлөөллийн байгууллага болгон хувиргаж. ШСХ нь есөн гишүүнтэй байх ба зөвхөн гурав нь орон тооны бусад нь орон тооны бус байх болно. ШСХ-ны  дөрвөн гишүүн нь шүүгч байх бөгөөд “Шүүгчдийн зөвлөлөөс дөрвөн шүүгчийг нийтээрээ, чөлөөтэй, шууд, тэгш сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, олонхийн саналаар сонгоно” (100.5.). Мэдээж шүүгчдийн эрх ашгийг тууштай хамгаалагчид болохоо харуулсан, эсвэл дор хаяхад тууштай хамгаалах амлалт, тангараг өгсөн шүүгчид сонгогдох нь ойлгомжтой. Мөн ШСХ-ны орон тооны гурван гишүүний нэг нь л шүүгч байх ёстой учир гурван шүүгч гишүүдийн үндсэн ажил нь шүүгч байх болно. “Сахилгын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд зөвхөн нэг удаа сонгогдож, томилогдох” (100.8.) учир орон тооны гишүүн нь ч 4 жилийн дараа эргээд шүүгчдийн эгнээндээ шилжих ёстой. Тиймээс эдгээр дөрвөн шүүгч шүүгчийн эгнээндээ хэвээрээ үлдэхийг хүсэх л бол шүүгчдийн эрх ашгийг хамгаалах хэрэгт үнэнчээр зүтгэхээс өөр аргагүй. Тиймээс дөрвөн жилийн сонгуульт хугацаа нь тэдний хувьд шүүгчдийг гадны халдлага, өнгөлзлөгөөс батлах хамгаалах цэргийн алба л гэсэн үг. Мөн эдгээр шүүгчид өөрсдийг нь итгэж сонгосон сонгогчид, ШЗ-ийн өмнө ажлаа тайлагнахын (101.1.9) дээр, ШЗ буюу сонгогчид нь тэднийг “хугацаанаас нь өмнө олонхийн саналаар эгүүлэн татах” (20.2.3, 103.6.) онц эрхийг ч мөн эдлэх юм. Чухам ийм шүүгчид олонх нь болсон Сахилгын хороо шүүгчдэд хариуцлага тооцох ёстой аж.

Төсөл үлдсэн таван гишүүнийг “хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажиллагааны туршлагатай, эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульч, эрдэмтэн байна” хэмээн мөн л шүүгч, эрх зүйч, хуульчдын онц эрх болгон мөн л Монгол улсын иргэншлийг эрх зүйн боловсролын гэрчилгээгээр халсан. Гурван иргэдийн төлөөлөл байх санаа арчигдсан нь ойлгомжтой.  ХЗБХ 3-ыг, ХЗ-н сайд нэгийг, Ерөнхийлөгч нэгийг нь томилох ба ХЗБХ-ны томилсон нэг, ХЗ-н сайдын нэг гишүүн орон тооны гишүүд байх юм. Мөн л эрх зүйн боловсролгүй Монгол улсын УИХ-ын гишүүд ч энэ асуудлаар эрх эдлэхгүй. Мөн л Монголын ард түмний олонхын сонгосон Ерөнхийлөгч хэний ч сонгоогүй ХЗ-н сайдаас ч дор эрхтэй байх ёстой. Монголын ард түмний сонголт, Монголын ардчилал Шүүгчдийн улсад мөн л огт хамаагүй. ШСХ-ны даргыг мөн орон тооны гишүүдийн дотроос нийт гишүүдийн олонхын саналаар сонгох учир тус хорооны дарга нь мөн л шүүгч байх нь ойлгомжтой.

ШСХ нь таваас доошгүй гишүүнтэй хуралдаж (109.2), “гомдол, мэдээлэл, сахилгын хэргийг дангаар болон хамтын зарчмаар хянан хэлэлцэж, шийдвэрээ олонхийн саналаар гаргах” (100.12) ба гаргахдаа мөн л “ил санал хурааж, олонхийн саналаар” шийдвэрлэх (110.2.) тул шүүгч дөрвөн гишүүн шүүгчдийн эсрэг, сонгогчдынхоо эсрэг, шүүгчдийн эрх ашгийн эсрэг санал өгөх боломжгүй гэсэн үг. Мөн “гишүүдийн санал тэнцвэл (шүүгчид үүсгэсэн сахилгын хэрэг болон сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан) захирамж хэвээр үлдэх” ба “гишүүн санал өгөхөөс татгалзах, түдгэлзэх эрхгүй”. Нэгэнт шүүгчдийн санал хуваагдахгүй нөхцөлд мэдээж олон талын эрээвэр хураавар эрх ашгийг төлөөлсөн хуульч, эрх зүйчдийн санал хуваагдах нь ойлгомжтой. Мөн ШСХ-ны гишүүд нь (102.1.2.) “гомдол, мэдээллийн дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, үүсгэхээс татгалзах” онцгой эрхтэй. Тиймээс ШСХ нь Монголын Улсын бус Шүүгчдийн улсын эрх ашгийг хамгаалах, шүүгчдэд хариуцлага тооцож, сахилгажуулах гэхээсээ илүү шүүгчдийг хамгаалж, Монгол улсыг сахилгажуулах алба гэх нь оновчтой.

Мэдээж Төсөл шүүгчийг томилох асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийг үгүйсгэх төдийгүй, шүүгчийг чөлөөлөх асуудлаар Үндсэн хуулийн бус эрх мэдлийг ШЕЗ-д олгож байгаа нь ойлгомжтой. Мэдээж Үндсэн хуулиар УДШ ба ШЕЗ тус тусдаа байгууллага, төдийгүй Үндсэн хуульд ШЗ гэдэг байгууллага байхгүй. Гэвч Төсөл УДШ-д ШЗ гэдэг халхавч, жанч, байгууллага байгуулан өгч түүгээр дамжуулан ШЕЗ-ийг УДШ-ийн гүйцэтгэх алба, гар хөл болгон хувиргаж. Чухам энэ зохион байгуулалтын үр дүнд УДШ хяналтын шатны шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ба Монгол улсын шүүхийг бүрэн дүүрэн засаглах эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлсэн төдийгүй Монгол улсын шүүгчдийг өөрийн бүрэн эрхт төр засагтай, тусгаар тогтносон улстөрийн нийгэмлэг, улсын доторх улс болгон хувиргаж. 

Мэдээж УДШ-ШЗ-ШЕЗ-ийн онц эрхэндээ авч байгаа эрх мэдлүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байсан эрх мэдлүүд. Тиймээс Төсөл уг эрх мэдлүүдийг Ерөнхийлөгчөөс хураан авч байгаа хэрэг. Гэвч энэ нь Ерөнхийлөгчөөс уг эрх мэдлүүдийг хураан авч байгаа хэрэг төдий бус. Харин Монгол Улсаас, Монголын төрөөс уг эрх мэдлүүдийг хураан авч Шүүгчдийн улс, тэдний төрийн бүрэн эрхэд шилжүүлэн авч байгаа хэрэг гэж үзэх нь зохистой. Учир нь шүүгчдийг томилох, чөлөөлөх, огцруулах, шүүхийн удирдлага, захиргаа, зохион байгуулалт зөвхөн шүүгчдийн хэрэг, УДШ-ийн мэдлийн асуудал. Монголын сонгогчид, Монголын сонгогчдын сонгож байгуулсан төрийн байгууллагууд ямар ч оролцоогүй байх болно. Хэн шүүгч байхыг, хэрхэн шүүхийг зөвхөн шүүгчид, түүний дотор УДШ-ийн шүүгчид мэднэ. Тиймээс Монгол улсын, Монголын төрийн гэх ямар ч үндэслэл байхгүй. Тиймээс ч “Монгол улсын Шүүхийн тухай” хууль хэмээх Төслийг Монгол улсын хууль гэхээсээ илүү Монгол улс, Монголын төр шүүх эрх мэдлээсээ татгалзаж, уг бүрэн эрхээ хөндлөнгийн тусгаар тогтносон этгээдэд шилжүүлэн өгч байгаа, эрх мэдлийг шилжүүлэн өгөх гэрээ гэж үзэх нь илүү зохистой.

 

Үзэл санаа ба онол

 

Чухам яагаад Монгол Улс, Монголын төр бүрэн эрхээ хөндлөнгийн этгээдэд шилжүүлэн өгөх болов? Ямар учир шалтгаан, үндэслэлээр? Монгол дайнд ялагдаж, дайсанд эзлэгдэж, байлдан дагуулагчид Монгол Улсыг шүүх эрх мэдлээ бууж өгөхийг шаардсан хэрэг үү? Мэдээж энэ үйл явц Монголд өрнөж байгаа эрх мэдлийн дайны үр дүн гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтойн адил, хэн ялагдаж хэн байлдан дагуулж буйг ч ажиглагчид гадарлаж буй байх. Гэхдээ миний зорилго Монголын энэ бус. Харин илүү үзэл санаа онол, практикийн хувьд юу болж буйг харах явдал.

Төсөл нь “шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах” үзэл санаа, үнэт зүйлс, зорилгын бүтээл. Шүүх, шүүгчийн бие даасан байдал (judicial independence) гэдэг нь үндсэн хуульт ардчилсан төр улсын тогтолцооны үед хуулийн засаглалын үзэл санаатай хамт үүссэн бөгөөд ардчиллын нэгэн адил олны санаа бодлыг ихээхэн татдаг ч онолын (conceptually) хувьд ч, зарчмын (normative) хувьд ч маргаантай төдийгүй практикийн хувьд боломжгүй, зохисгүй үзэл санаа. Онолын хувьд шүүх ба шүүгчдийн бие даасан байдал гэдэгт юуг ойлгох талаар, зарчмын хувьд ямар төрлийн бие даасан байдал хэрэгтэй вэ гэдэг нь маргаантай. Шүүхийн бие даасан байдал эсвэл хараат бус байдалтай холбоотой хэний бие даасан байдал, хэнээс, юунаас, яагаад, юуны төлөө хараат бус байх ёстой вэ зэрэг асуултууд тавигддаг.

УИХ шүүгчийн томилгоонд оролцвол шүүгч УИХ-ын гар хөл болно. УИХ томилсон шүүгчдээ хамгаална. Энэ нь шүүхийг бие даалгах үзэл санааг устгана.

Мэдээж шүүхийн бие даасан байдал өөрөө үнэт зүйлс, хүрэх зорилго огт биш. Харин зорилгод хүрэх хэрэгсэл. Шүүхийн эцсийн зорилго аливаа хэрэг, маргааныг хуулийн дагуу, шударгаар, хэлтгийгүй шүүх явдал. Чухам үүний тулд, энэ зорилгод хүрэхийн тулд шүүхийн бие даасан байх ёстой гэдэг. Гэвч шүүхийн бие даасан байдал уг зорилгод хүргэх боломжгүй гэдэг ноцтой үндэслэгээ бий. Учир нь шүүх үйл ажиллагаа нь өмнө бичигдсэн хуулийг хэрэглэх төдий үйлдэл биш. Хууль ихэвчлэн тодорхойгүй төдийгүй хуулийн аливаа заалтыг олон утгаар тайлбарлах боломжтой. Тиймээс шүүх үйл ажиллагаа нь нэгэнт бичигдсэн хуулийг тайлбарлах, хууль эсгэх үйлдэл болох. Тиймээс шүүгчийн бүрэн бие даасан байдал нь шүүгчид хэрэг маргааныг хуулийн дагуу шийдвэрлэх боломж олгож байгаа хэрэг төдий бус харин түүнд өөрийн үзэмжээр хууль эсгэх эрхийг олгож байгаа хэрэг. Тиймээс шүүх, шүүгчийн бие даасан байдал нь хуулийн засаглалын (rule of law) ч, ардчиллын ч, эрх мэдлүүдийг салгах (separation of powers) ч үзэл санаанд харш. Учир нь хуулийн засаглалыг шүүгчийн засаглал орлох. Мөн ардчиллын үзэл санаагаар хууль ард түмний хүсэл зориг болохоос шүүгчийн хүсэл зориг бус. Эрх мэдлийг салгах үзэл санаагаар шүүгч бус, шүүх бус харин хууль тогтоогч, парламент л хууль эсгэх ёстой. Тиймээс шүүхийн, шүүгчийн бүрэн бие даасан байдал нь хуулийн засаглалд ч, ардчилалд ч, эрх мэдлийг салгах зарчимд ч халтай гэж үздэг. Гэтэл шүүхийн бие даасан байдал гэдэг ойлголт нь өөрөө хуулийн засаглал, ардчилал, эрх мэдлийг салгах үзэл санааны бүтээгдэхүүн. 

Тэр ч байтугай шүүхийн бие даасан байдал нь аливаа хэрэг маргааныг хуулийн дагуу шударга, чигчээр шүүхэд шаардлагатай ч биш, хангалттай ч биш, харин ч эсрэгээр уг эрхэм зорилгыг эвдэх, нураах аюултай гэдэг өөр нэг ноцтой үндэслэгээ бий. Учир нь шүүгчдэд аливаа хэрэг, маргааныг чөлөөтэй шийдэх эрх чөлөөг олгох нь тэд хуулийн дагуу шударга, чигчээр шийднэ гэсэн баталгаа огт биш. Харин ч эсрэгээр хэрэг, маргааныг шүүгчид өөрсдийн үнэт зүйлс, үзэмж, сонирхлын дагуу шийтгэх эрх чөлөө гэсэн үг. Түүний оронд хэрэг, маргааныг хуулийн дагуу бусаар шийдсэн тохиолдолд тулгарч болох хариу шийтгэл байх нь шүүгчдийг хэргийг хуулийн дагуу шийдэхэд хүргэдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл учирч болзошгүй шийтгэлээс зайлсхийхийн тулд шүүгч хуулийн дагуу шүүхээс өөр аргагүй болдог гэсэн үг. Чухам эдгээр учир шалтгааны улмаас 1 ) зүй ёсны зохист нөлөөг, зүй бус, зохисгүй нөлөөнөөс ялгаж салгах, 2) шүүхийн бие даасан байдлыг, шүүхийн хариуцлагатай байдалтай (judicial accountability) уялдуулах ёстой гэж үздэг. 

 

Түүх ба практик

 

Практикийн хувьд шүүхийн бие даасан байдал гэж юу болохыг түүхээс харъя. Шүүх, шүүгчийн бие даасан байдал гэдэг нь үндсэн хуульт байгуулал, хуулийн засаглал, төлөөллийн (ардчилсан) засаглал үүссэнтэй холбоотой 17 дугаар зуунд бий болсон үзэл санаа. Түүнээс өмнө Европын хувьд ихэвчлэн хаад нь төрийн эзний (sovereign) хувьд хууль тогтоогч, гүйцэтгэгч, шүүгч байсан. Бүх эрх мэдэл хуваагдашгүй, нэгдмэл, нэг этгээдэд төвлөрдөг байв. Үүний эсрэг язгууртнууд, хөрөнгөтнүүд тэмцэж өөрсдийн төлөөллийн байгууллагыг бий болгож хууль тогтоох замаар хааны эрхийг хязгаарлах болсон нь парламентыг бий болгож хаанаас хууль тогтоох эрх мэдлийг салгаж бие даасан хууль тогтоох эрх мэдэл (legislative power), түүнийг хэрэгжүүлэх байгууллага парламентыг бий болгосон.

Парламентын улмаар хуулийн зорилго хааны эрх мэдлийг хязгаарлах, хураан авах явдал байсан ч хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх нь хаан, хааны шүүгчдийн эрх мэдэлд байв. Тиймээс хаан, хааны шүүгчид парламентын тогтоосон хуулийг өөрсдийн зорилго, үзэмжээр тайлбарлаж, хэрэглэж хэрэг дээрээ парламентын тогтоосон хуулийг шүүгчид засварлах болсон. Тиймээс парламент шүүгчдийг хаанаас хараат бус болгохын төлөө тэмцэж, шүүхийн бие даасан байдал хэмээх үзэл санааг дэвшүүлсэн. Тэмцлийн үр дүнд шүүгчдийг  үүргээ “сайн биелүүлж байгаа нөхцөлд л ажиллуулах, үгүй бол огцруулах эрхийг Английн парламент 1701 онд гартаа авсан.

Ингэснээр хаан шүүгчийг тавих ч, парламент түүнийг авч хаях эрх мэдэлтэй болсон. Ийнхүү шүүгчийг зөвхөн хаан тавьж, парламент огцруулдаг болсон нь шүүгчийг хоёр тулгууртай төдийгүй хоёр талаас тэлээ болгож тэгснээр шүүгч харьцангуй бие даасан байдалтай болсон. Шүүгч хоёр эзний хараанд орсон. Нэгэнт нэг ч этгээд хоёр эзэнд зэрэг зүтгэх боломжгүй учир, тал алдахгүйн тулд шүүгч хуульд үйлчлэх ёстой гэдэг логик хуулийн засаглалын үзэл санааг бэхжүүлж өгсөн. Томилох эрх мэдэл, огцруулах эрх мэдэл хоёр харилцан бие биенээ бүрэн үгүйсгэдэг тэнцүү эрх мэдэл учир томилогдсон шүүгч алба ажлаа алдаж, нэр нүүрээ барж, амьдралаа завхруулахыг хүсэхгүй л бол нэгдүгээрт аль нэг талд, ялангуяа томилогчийн талд үйлчилж, хэлтгий шүүлт хийхгүй төдийгүй, хоёрдугаарт,  эрх мэдлээ урвуулан ашиглаж шүүхийн нэр нүүрийг хөсөрдүүлж томилсон ч, огцруулах ч этгээдийн уур хилэнгийн бай болохыг хүсэхгүй нь ойлгомжтой. Тиймээс шүүгч ажилтай, нэр нүүртэй байя л гэвэл ажлаа сайн хийхээс өөр аргагүй гэсэн тогтолцоо. Нэгэнт хаан шүүгчийг томилох учир, үүргээ боломжийн хэрэгжүүлж байгаа шүүгчийг огцруулах нь парламентын ашиг сонирхолд нийцэхгүй. Парламент огцрууллаа ч хаан өөр хэн нэгнийг томилох л болно. Шүүгч ч ажил албан тушаалаа алдахгүйн тулд хааны болон хөндлөнгийн бусад нөлөөнд, ялангуяа парламентын дургүйцлийг хүргэх нөлөөнд автахгүй байх нь ойлгомжтой. Нөгөө талд парламент хаан шиг нэг хүн, нэг санаа бодол, шийдвэр биш. Парламент олон хүн, олон үзэл бодол, мөн дотроо нэг тал бус. Түүний дотор олонх, цөөнх бий. Түүний дотор хааны талын нам ч бий. Парламентын олонх шүүгчид нөлөөлбөл, цөөнх харанга дэлдэх л болно. Эцсийн эцэст парламентыг ард түмэн сонгоно. Тиймээс парламент хариуцлагатай байх ёстой. Чухам энэ зохион байгуулалт, тогтолцоо шүүхийн бие даасан байдал гэдэг ойлголт, практик болж тогтсон юм.

Мэдээж энэ бүх тэмцлийн үр дүнд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж гурав хувааж (division of powers), улмаар тэдгээрийг салгах (separation of powers), улмаар эрх мэдлүүдийг харилцан хазаарлалт тэнцвэржүүлэлт (checks and balances) гэдэг үзэл санаа ч хөгжсөн. Чухам эдгээр үзэл санааны хүрээнд л шүүхийн/шүүгчийн бие даасан байдал гэдэг ойлголт утга учиртай юм. Эрх мэдлүүдийг салгах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх үзэл санаанд түүхэн эргэлт гаргасан хувьсгал нь Америкийн тусгаар тогтнолын хувьсгал. Энэ хувьсгал төрийн эзнийг бүрмөсөн халж, хааныг ард түмнээр сольсон. Харин Англид хаан ба язгууртнууд хэвээр үлдсэн ч, хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийг хөрөнгөтнүүд парламентаар дамжуулан хураан авсан төдийгүй хожим Ерөнхий сайд нь шүүгчдийг нэрлэх эрхийг ч авсан. Ингэснээр Англид хэрэг дээрээ төрийн эзэн нь парламент (parliamentary sovereignty) болж, парламент хааныг бүрмөсөн орлон сольж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд нэг этгээдэд буюу парламентад төвлөрсөн. Энэ тогтолцоо нь эрх мэдлийг салгадаг бус харин төвлөрүүлдэг тогтолцоо учир шүүхийн бие даасан байдал гэдэг асуудал өөрөө мөн ярвигтай болж хувирсан. 

Харин АНУ-д төрийн эзнийг ард түмнээр сольсноор бүгд найрамдах улс байгуулах нөхцөл бүрдэж үүний үр дүнд эрх мэдлүүдийг салгах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх үзэл санааг хэрэгжүүлэх түүхэн боломж бүрдсэн. Мэдээж эрх мэдлүүдийг салгах онолыг хэрэгжүүлэхдээ Америкийн бүгд найрамдах улс Английн засаглалын системээс хуулбарласан. Тиймээс ч хааны оронд тусгай сонгуулиар хугацаатай сонгогддог Ерөнхийлөгчийг бий болгож түүнд гүйцэтгэх эрх мэдлийг хуваарилаж, мэдээж мөн тусгай сонгуулиар хугацаатай сонгогддог парламентыг байгуулж, тэр нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлсэн. Шүүх эрх мэдлийг мөн тусгай сонгуулиар хугацаатай сонгогдох байдлаар байгуулах хувилбар байсан. Гэвч Америкийн Үндсэн хуулийг бүтээгчид 1701 оны Английнхтай төстэй тогтолцоог сонгосон.

Ерөнхийлөгч нь шүүгчийг нэрлэж парламентын “дээд” танхим болох Сенат нь зөвшөөрч, дэмжсэн нөхцөлд Ерөнхийлөгч нь томилох бөгөөд, яг Английн адилаар шүүгч нь үүргээ сайн биелүүлж байгаа нөхцөлд л шүүгч байхаар тогтоoсон. Харин үүргээ сайн биелүүлээгүй нөхцөлд Төлөөлөгчдийн танхим шүүгчийг авч хаядаг (impeach) болсон. Төлөөлөгчдийн танхим нь шүүгчийн томилгоонд оролцдоггүйн дээр ард түмнээс зөвхөн хоёр жилийн хугацаагаар сонгогддог. Тиймээс Төлөөлөгчдийн танхим нь ашиг сонирхлын зөрчилгүй төдийгүй, ард түмэнд ойр, тэдний хүсэл зоригийг төлөөлж, тэдний өмнөөс төрийн байгууллага, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох гол байгууллага нь болдог. Төлөөлөгчдийн танхимын гишүүд дахин сонгогдохын тулд сонгогчдодоо үнэнч хариуцлагатай (accountable) байх ёстой.

Нэгэнт Ерөнхийлөгч нэрлэж, Сенат шүүн тунгааж, Ерөнхийлөгч томилох ч, Төлөөлөгчдийн танхим огцруулах эрхтэй болсноор шүүгч нь мөн л Английн адил хоёр тулгууртай, томилох, огцруулах хоёр эрх мэдлийн дунд тэлэгдэн дүүжлэгдсэн. Мэдээж Сенатын шүүлтүүр шүүгчийн шилэлт сонголтыг (selection) сайжруулсан бол Төлөөлөгчдийн танхим огцруулах болсон нь Шүүгчийг Ерөнхийлөгчөөс ч, Сенатаас ч хараат бус болгосон. Томилох эрх, огцруулах эрхийг хоёр өөр тус тусдаа бие даасан этгээд хэрэгжүүлэх учир шүүгч нь мөн л нэг талыг барих, эсвэл эрх мэдлээ урвуулах ашиглах боломжгүй гэж тооцсон хэрэг. Мэдээж огцруулах эрхийг хоёрхон жилээр сонгогддог, тиймээс сонгогчдодоо үнэнч байх ёстой Төлөөлөгчдийн танхимд өгсөн нь шүүгчдийг ард түмний хараа хяналт дор тавьж, хариуцлагатай (accountable) байхгүй бол зайлуулагдах байнгын аюул дор тавьсан хэрэг.  

Чухам энэ зохион байгуулалт өнөөдөр дэлхий дээр байгаа шүүхийн бие даасан байдал гэгчийн хамгийн шилдэг жишээ. Хэний бие даасан байдал? Шүүхийн байгууллагын эсвэл шүүгчийн? Англи, АНУ-ын хувьд шүүхийн бие даасан байдал гэдэг ойлголт нь шүүгчийн бие даасан байдал бөгөөд тэр нь юуны түрүүнд шүүгч томилсон этгээдээсээ хараат бус байх явдал. Чухам энэ тогтолцоог л шүүхийн бие даасан байдал гэж үздэг. Шүүгчийн хараат бус байдлыг хангасан үндсэн гол механизм нь ажил үүргээ хуулийн дагуу сайн биелүүлж, парламентын буюу ард түмний эрс дургүйцлийг төрүүлэхгүйгээр хариуцлагатай ажиллаж байгаа л бол ажлаа хийх явдал. Харин шүүхийн байгууллага, байгууламжийг бие даасан болгоно гэдэг нь уг байгууламжийн удирдлагад эрх мэдлийг төвлөрүүлнэ гэсэн үг. Харин ийм байгууламж нь шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулж, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулна гэж үздэг. Тиймээс шүүхийн болон шүүгчдийн эрх мэдлийн нэгдмэл, төвлөрсөн захирах захирагдах ёсны тогтолцоо байгуулдаггүй.

Шүүгч эрх мэдлээ урвуулан ашиглах хөндлөнгийн нөлөөнөөс ч илүү хортой. Үнэндээ хөндлөнгийн нөлөө шүүхийн шийдвэрийг хэзээ ч гаргадаггүй. Эцсийн эцэст шүүхийн аливаа шийдвэр шүүгчийн шийдвэр. Хөндлөнгийн нөлөө шүүгчийг эрх мэдлээ урвуулан ашиглахад хүргэх түлхэц төдий. Тиймээс Америкийн Үндсэн хуулийг бүтээгчид шүүгч эрх мэдлээ урвуулан ашиглах буюу хээл хахууль авах, авилгалах боломжийг хаах тогтолцоог ч мөн бүтээсэн. Тиймээс хээл хахуульд орох боломжийг хаах зорилгоор 1. хэвийн амьдрах нөхцөлийг хангах цалин олгох, түүнийг нь буулгахгүй байх, 2. давж заалдах, болон хяналтын шатны шүүхүүдээр шүүлтийг нь хянуулах, 3. шүүхийг дүүрэг (district), тойргоор (circuit) байгуулсан явдал. Хэвийн амьдралыг хангахуйц цалин нь шүүгчийг амьдрахын тулд хээл хахуульд орохгүй байлгахад чиглэгдэхийн дээр давж заалдах, болон хяналтын шатны шүүх нь хувь шүүгчийн хэмжээнд хээл хахууль, эрх мэдлээ урвуулан хэрэглэх явдлыг боломжгүй болгоход чиглэгдсэн тогтолцоо. Хахуульдагч бүх шатны шүүхийг авилгалах хэрэгтэй. Мөн шүүхийн мэтгэлцэх систем (adversarial), мөн манайд “иргэдийн төлөөлөгч” гэж нэрлээд ажиглагчийн үүрэг өгчхөөд байгаa угтаа бол гэм буруутай эсэхийг тасалж, хагалдаг жюри (jury) нар нь шүүгчийн эрх мэдлээ урвуулан ашиглах боломжийг багасгадаг. Харин шүүгч өөрөө шүүдэг, тасалдаг, хагалдаг манайх шиг системд (inquisitorial system) шүүгч эрх мэдлээ урвуулан ашиглах боломж ихтэй нь ойлгомжтой.

Мөн шүүхийг дүүрэг, тойргоор байгуулж засаг захиргааны шатлан удирдах тогтолцоонд оруулаагүй нь шатлан захирах, захирагдах ёс нь авилгалын гүүр, тогтолцоо болох боломжийг хаасан хэрэг. Аливаа шатлан захирах тогтолцоо нь эрх мэдлийг системийн хэмжээнд урвуулан ашиглах байдалд хүргэдэг, эрх мэдлийг системээр нь авилгажуулах осолтой тогтолцоо. Харин харилцан хараат бус, бие даасан шүүгч, шүүхийн тогтолцоо нь системээрээ авилгад өртөх магадлал бага гэж үздэг. Мэдээж холбооны шүүхийн тогтолцооноос гадна АНУ-ын 43 муж улсад эрх мэдлүүдийг салгах зарчмыг илүү ардчилсан аргаар хэрэгжүүлж, шүүх эрх мэдлийг тусдаа сонгуулиар ард олон, сонгогчид хугацаатай сонгох замаар байгуулах хувилбарыг тогтоосон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Тиймээс шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн хараат бус байдал гэдэг хоёр тусдаа ойлголт гэхээсээ илүү нэг ойлголт. Уг ойлголт нь шүүх хэмээх байгууллагын бие даасан байдал гэхээсээ илүү шүүгчийн томилсон этгээдээс хараат бус байх, мөн хөндлөнгийн зүй бус, зохисгүй нөлөөллөөс хараат бус байх явдал. Шүүгч хараат бус бол шүүх, шүүлт бие даасан байна гэсэн санаа. Шүүхийн бие даасан байдал гэдэг нь ямар нэг шүүхийн нэртэй байгууламжаар хамгаалагдсан, халхлагдсан байдал огт бус. Хэрвээ тийм байгууламж үүсгэвэл, шүүх, шүүгчид тухайн байгууллагаас хараат болж хувирах. Тиймээс ч шүүхийг дүүрэг, тойргоор зохион байгуулж, шүүхийг, шүүгчийг бус харин шүүлтийг нь хянах давж заалдах, болон хяналтын шатны шүүхийг бий болгосон. Шүүгчид захирах, захирагдах ёсны тогтолцоонд байх ёсгүй. Тиймээс АНУ-ын Шүүхийн захиргааны алба (Administrative Office of the United States Court) нь шүүхийн захиргаа-үйлчилгээний алба. Энэ албанд шүүгчийг шилэх, сонгох, нэрлэх, томилох, огцруулахад оролцох эрх мэдэл байхгүй. Түүний зорилго шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах, бүрдүүлэх явдал. Шүүхийг, шүүгчдийг захирдаг алба огт бус.

Мөн шүүгчийн хараат бус байдал гэдэг нь шүүгчийн бүрэн дүүрэн хараат бус байдал огт бус.

Эсрэгээр ард түмэн, ардчилсан байгууламжийн байнгын хараа, хяналт, буруу үйлдэл хийвэл байнгын огцруулагдаж аюул дор байх ёс. Бүрэн дүүрэн хариуцлагатай байх ёс. Тэр хариуцлагыг харин томилсон этгээд бус харин парламент, ялангуяа томилгоонд оролцоогүй, тиймээс ашиг сонирхлын зөрчилгүй, улмаар ард олон, сонгогчдод хамгийн ойр байдаг “доод” танхим гэж нэрлэгддэг тэдгээр танхимууд хэрэгжүүлдэг. Чухам ийм хариуцлага тооцох хөндлөнгийн механизм оршин байж л шүүгчийг хариуцлагатай байлгаж, олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх. Тиймээс шүүгчид ерөөс бие даасан, эсвэл хараат бус байх ёсгүй. Тэд ард түмэн, түүний ардчилсан байгууламж, ялангуяа түүний илэрхийлэл, биелэл, төлөөлөл болох парламентын өмнө хариуцлага хүлээдэг, хүлээх ч ёстой. Үгүй бол ардчилал ч, хуулийн засаглал ч, эрх мэдлийг хуваах зарчим ч утга учиргүй болох.

Шүүхийн бие даасан байдал өөрөө үнэт зүйл, зорилго огт биш. Харин үнэт зүйл, зорилгод хүрэх арга зам. Шүүхийн зорилго, үнэт зүйл нь хууль ёсны тэгш шүүлт. Хууль ёсны тэгш шүүлт нь шүүгч хуулийг өөрийн хувийн итгэл үнэмшил, үнэт зүйлс, үнэлэмжийн үүднээс чөлөөтэй тайлбарлах явдал биш. Шүүгчийн шүүлт ард түмний, нийгмийн, парламентын үнэт зүйлс, итгэл үнэмшил, үнэлэмжийг тусгасан, шингээсэн байх ёстой. Чухам тиймээс шүүхийн бүх шийдвэрүүд жишиг болдог ч, тэдний зарим нь түүхэн жишиг хууль болдог. Учир нь тэд ард түмний үнэт зүйлс, үнэлэмж, ёс суртахууны хувьсал, хувьсгалыг тусгаж байдаг. Эцэст нь шүүх өөрөө шинжлэх ухаан биш. Мэдээж шинжлэх ухааны судлагдахуун. Хууль хэний ч ойлгох дүрэм. Чухам хэн хүн ойлгох ёстой учир хууль дүрэм байдаг юм. Тиймээс хууль ба хууль бусыг зөв ба бурууг хүн болгон ялгахтай адил хэн ч ялгах. Чухам тийм ч учир шүүгч заавал эрх зүйн боловсролтой эсвэл хуульч байх ёстой гэсэн заалт АНУ-ын Үндсэн хуульд ч байхгүй.

 

Монголын асуудал, төслийн луйвар

 

 Монголын шүүхийн хамгийн гол асуудал 1. Шүүгчийн томилох эрх мэдэл, ба огцруулах эрх мэдлийг салгаагүй явдал. Чухам шүүгчийг томилох эрх мэдэл, огцруулах эрх мэдлийг салгалт нь өөрөө шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн хариуцлагатай байж хуулийн дагуу шүүлтээ явуулахын үндсэн суурь тулгуур нь. Чухамдаа энэ салгалт л шүүхийг шүүх болгосон юм. Хэдийгээр Үндсэн хууль Ерөнхийлөгчид шүүгчийг авч хаях (чөлөөлөх) эрх мэдэл өгөөгүй ч энэ эрх мэдлийг Монголын эрх зүйн мэргэд болон парламент нь Ерөнхийлөгчид өгсөн. Чухам тиймээс Ц.Элбэгдорж Монгол Улсын шүүхийг 409 шүүгчтэй нь нэг мөчид чөлөөлж, үнэнчээр үйлчлэхээ андгайлсан 397-оос нь Н.Энхбаярын яриад байгаа өргөдлийг бичүүлж аваад тавьж чадаж байгаа юм. Эцсийн эцэст энэ нь Монголын эрх зүйн эрдэмтэн, мэргэдийн мэдлэгийн уран бүтээл. Мэдлэгийн энэ төвшин энэ Төсөлд ч мөн хэвээр хадгалагдаж үлдсэн мэт. Гэхдээ бусдын зүйлийг хуурах, мэхлэх, төөрөгдүүлэх замаар эзнийх нь зөвшөөрөлтэйгөөр авах үйл ажиллагааг луйвар гэдэг. Төслийн зарим заалтын цэц ончийг харахад мэдэхгүйн зовлон гэхээсээ илүү мэдсэн санаатай үйл ажиллагаа биш биз гэсэн хар өөрийн эрхгүй төрөхөөр байгаа. Юу ч гэсэн шүүгчийг нэрийн хувьд Ерөнхийлөгч томилох, чөлөөлөх мэт ч нидэр дээрээ УДШ-ШЕЗ шүүгчийг томилно ч, чөлөөлнө ч. УДШ-ШЗ-ШЕЗ өргөдлөө ч бичүүлж авна, мөн МХ-оороо тэнцэхгүй дүгнэлтийг ч гаргуулах болно.

Чухам шүүгчийг томилох эрх мэдэл, ба огцруулах эрх мэдлийг салгаагүй учир 2.  Шүүгчдийн ардчилсан хариуцлагын тогтолцоо бүр мөсөн устсан. “Элбэгдорж” нь чөлөөлөхгүй, эсвэл ижил захтай шүүгч нөхөр нь гэмт хэрэгтэн болгож шүүхийн тогтоол уншихгүй л бол шүүгчид хэн ч хариуцлага тооцох боломжгүй тогтолцоог бүрдүүлсэн. Шүүгчийн форм зөвхөн ялтны формоор л солигдож байж ховхрох дарх болсон. Нэгэнт томилох, огцруулах эрх нэгэн этгээдийн гарт төвлөрсөн учир шүүх түүний шүүх болсон. Харин тэр этгээд нь Монголын ард түмэн байгаагүй. Чухам тиймээс шүүхийн шийдвэр тун хариуцлагатай байж, эзний шүүлтээр гарч, шүүгчид эзний нүдээр хуулийг уншиж, хэрэглэж, тайлбарлаж байгаа юм. Чухам Элбэгдоржид томилох төдийгүй огцруулах эрх мэдэл нь байсан учир шүүгч  ч, шүүх ч Элбэгдорж байсан юм. Энэ нь огцруулах аюул хэчнээн хүчтэйг дахин дахин нотлон харуулж, 1701 онд Английн парламент уг эрхийг авахдаа, эсвэл АНУ-ын Үндсэн хуулийг бүтээгчид уг эрхийг Төлөөлөгчдийн танхимд өгөхдөө хэчнээн оновчтой байж вэ гэдгийг дахин дахин нотлон харуулж байгаа юм. Тиймээс энэ нь Монголын тогтолцоо хэчнээн урвууг мөн дахин дахин нотлон харуулж байгаа юм.

Тогтолцоо урвуу, буруу. Гэхдээ тогтолцоо бүхнийг шийдэхгүй. Хүний, боловсон хүчний хүчин зүйл бий. Мэдээж аль ч улс оронд шүүгчийг шилж сонгохдоо хувь хүнийх нь зан чанар, үнэт зүйлс, ёс суртахууныг нь заавал хардаг. Энэ шалгуураар харвал Монгол улсын 409 шүүгчээс 12 нь л шүүгч байх зан чанар, үнэт зүйлс, ёс суртахууны шалгуурт тэнцсэн мэт. Үлдсэн 397 нь Монголын эрх зүйн боловсролын дүр төрх, Монголын шүүгчдийн зан чанар, үнэт зүйлс, ёс суртахууны үнэн нүүр царай. Мэдээж түүнээс хойш Элбэгдоржийн ШЕЗ шүүгчийг “шилж сонгосон”. Ямар шүүгч шилэгдэж, сонгогдсон нь ойлгомжтой. Чухам ийм зан чанар, үнэт зүйлс, ёс суртахуунтай учир тэд эзэндээ үнэнчээр зүтгэх төдийгүй, мөн өөрсдөдөө “үнэнчээр” зүтгэж шүүх эрх мэдлийг хөрөнгөжих, хөлжих хэрэгсэл буюу тонон дээрэмдэх хэрэгсэл болгосон хэрэг. Чухам тийм ч учир тэд дансандаа сая сая доллар хадгалж болж байгаа юм. Чухам хариуцлагын тогтолцоог устгасан учир ШЕЗ-ийн дарга нь “Шүүгч нар яагаад дансандаа сая доллартой байж болдоггүй юм” гэж хээв нэг мэтгэлцэж байгаа юм. Жинд жингэр хуцах огт хамаагүй! Учир нь жингийн цулбуур, ташуурыг жингэр биш жинчин хөтлөх. Монголын ард түмэнд, Монголын ардчилсан байгууламжид тэр цулбуур нь ч, ташуур нь ч байхгүй учир тэд жингэр. Шүүгчдийн цулбуур, ташуурыг Элбэгдорж ба түүний компани эвхээд авчихсанд оршино. Өөрөөр хэлбэл Монголын ард түмэнд, тэдний төлөөллийн байгууллагад шүүгчдэд хариуцлага тооцох механизм байхгүй. Чухам тиймээс л “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж” гэгч шийдэлд хүрсэн хэрэг. Зүйтэй биш ч, УИХ нь бүхлээрээ авилгад өртчихсөн үед аргагүйдсэн шийдэл байсан мэт.

Гэтэл Төсөл хариуцлагагүйг дархалсан тогтолцоог тэр чигээр нь хадгалахын дээр, уг тогтолцооны эзнийг нь л солихын хамт, шинэ эзнийг нь улам хүчирхэг болгоод зогсохгүй, Монгол улсын шүүх эрх мэдлийг хураан авч шинэ эзэнд өгч байгаа юм. Үндсэн хууль ШСХ гэдэг байгууллага байгуулахаар хуульчилсан боловч, Төсөл уг байгууллагыг УДШ-ШЗ гар хөл болгосон төдийгүй, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах, шүүгчдийн сонгуульт, төлөөллийн байгууллага болгон хувиргаж. Төслийнхөөр бол шүүгчид өөрсдөө өөрсдийгөө шүүх, шийтгэх шударга, үнэнч, зарчимч шүүгчдийг сонгох ёстой аж. Харин тэр шүүгчид нь үнэт зүйлс, зан чанар, ёс суртахуунаараа Монголын шүүхийг өндөрт өргөж ирсэн Элбэгдоржийн шүүгчид. Нэгэнт ШСХ-г УДШ-ШЗ сонгон байгуулж, эгүүлэн татаж, өмнөө тайлагнуулж, хариуцлага тооцох учир, Ерөнхийлөгчийг халж шүүгчийг томилох, чөлөөлөх эрхийг ШЕЗ хэмээх гар хөлөөрөө дамжуулан авсан УДШ-ШЗ мөн л шүүгчийг сахилгажуулах эрх мэдлийг гартаа авч байгаа хэрэг. Монгол улсын шүүхийн шинэ эзэн нь УДШ-ШЗ. Үндсэндээ Элбэгдоржийн шүүгчид Монголын төрөөс тусгаарлаж өөрөө өөртөө Шүүгчдийн тусгаар улс болон хувирч байгаа нь энэ. Үр дүнд өмнө нь Монгол Улсын шүүгчид ядахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө морь, нохой мэт зүтгэдэг байсан бол, одоо зөвхөн өөрөө өөртөө морь нохой мэт зүтгэдэг болох юм. Тэднийг Монгол Улсын өмнө хариуцлага хүлээлгэх нэг ч учиг, нэг ч гүүр, нэг ч гох дэгээ байхгүй байх болно.

3. Засаг захиргааны нэгжийг дагуулан шатлан захирах, захирагдах ёсоор байгуулсан шүүхийн тогтолцоо ба “шүүгчийг шилж олох”, томилуулах хэргийг эрхлэх төдийгүй, тэдний цалин хөлс, зэрэг дэв, томилолтыг мэдэх, үндсэндээ шүүх, шүүгчдийг захирах алба болон хувирсан ШЕЗ хэмээх байгууллага Монголын шүүхийн өөр нэг асуудал. Мэдээж эхнийх нь өмнөх дэглэмээс өвлөгдсөн тогтолцоо, сүүлийнх нь өрнөдийн, ялангуяа АНУ-ын Шүүхийн захиргааны албаны жишгийг Монголчлон хуулбарласан хувилбар. Үр дүнд нь Монгол улсын Ерөнхийлөгч 1701 оноос өмнөх Англи ба Европын хаад шиг болсон хэрэг. Чухам энэ тогтолцооны буянаар Элбэгдорж 397 шүүгчийн өргөдлийг авч чадаж байгаа юм. УДШ “дарга”-тай шүүхээр Элбэгдорж онолын хувьд бүх шүүхийн шүүлтийг гаргах эрх мэдлийг эдлэж байсан бол, ШЕЗ-өөр бүх шүүгчдийн амь амьдралыг цагдаж байсан хэрэг. Тиймээс Монгол улсын шүүхэд Н.Алтанхуягийн яриад байгаа хонгил үүссэн бус харин Монгол улсын шүүх өөрөө хонгил байсан юм. Төсөл энэ тогтолцоог хэвээр нь хадгалах төдийгүй, Ерөнхийлөгч хэмээх эзнийг ШЕЗ-өөр халж, гэхдээ ШЕЗ-ийг ШЗ-ээр дамжуулан УДШ-ийн мэдэлд өгч байгаа юм. Үндсэндээ УДШ ба ШЕЗ хоёр үгсэн хуйвалдаж эзнээ зайлуулж эрх мэдлийг өөрсдийн гарт авч байна гэж хэлж болох. Үндсэндээ УДШ нь ШЗ гэдэг “халхавч компани” (shell company) байгуулж, түүгээрээ дамжуулан ШЕЗ, ШСХ болон МХ гэгчийг өөрийн гар хөл болгож, тэднээрээ дамжуулан Монгол улсын шүүх, шүүгчтэй холбоотой бүх эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлж байгаа хэрэг. Хязгааргүй эрх мэдэл хязгааргүй авилгажих гэж энэ мэт.   

 

Төслөөс хүлээх үр дүн

 

Төслийн шийдэл Төслийн тавьсан “шүүхийн бие даасан байдал” гэдгийг “шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёс” гэж ойлгоод, түүнийг нь ШЗ, ШЕЗ, ШСХ, МХ зэрэг шүүхийн нэртэй байгууллагуудын тогтолцооны бие даасан байдал гэдэг утгаар ойлговол Төсөл энэ зорилгоо бүрэн дүүрэн биелүүлнэ. Харин “шүүхийн бие даасан байдал” гэдгийг шүүхийн бие даасан шийдвэр, хууль ёсны тэгш шүүлт гаргах гэж ойлговол энэ зорилт огт биелэхгүй. “Шүүгчийн хараат бус байдал” гэдгийг бүх шүүгчдийн нийгэмлэгийн Монголын улстөр, ард түмэн, төрийн байгууллагаас хараат бус байх явдал гэж ойлговол Төсөл зорилгодоо мөн хүрнэ. Харин “шүүгчийн хараат бус байдал” гэгчийг аливаа шүүгчийн бие даан шийдвэр гаргах боломж гэж үзвэл энэ зорилт огт биелэгдэхгүй. Шүүхийн нэртэй байгууллагуудын тогтолцооны хувьд эдгээр байгууллагууд нь Монголын ард түмэн, Монгол улс, Монголын төрийн байгууллагуудаас огт хамааралгүй болж бүрэн тусгаар тогтносон байгууламж болно. Шүүгчид өөрсдөө өөрсдийн дундаас өөрсдийнхөө төлөө өөрөө удирдах ёсны байгууллагуудаа байгуулна, өөрсдийнхөө өмнө хариуцлага хүлээнэ. Тиймээс бүрэн тусгаар тогтноно. Үүний улмаас Монгол улсын шүүх өөрөө өөртөө үйлчилдэг байгууламж болж хувирна. Нэгэнт өөрөө өөртөө үйлчилдэг байгууламж болон хувирч байгаа учир Монгол улсын шүүхийн шийдвэрүүд энэхүү өөрөө өөртөө үйлчлэх зорилгод захирагдах болно. Шүүгчдийн нийгэмлэгийн хувьд уг нийгэмлэг нь нэгэнт өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлэдэг, тусдаа иргэншилтэй хаалттай нийгэмлэг болон хувирч байгаа учир Монгол улсаас тусдаа улстөрийн нийгэмлэг байх болно. Тэдний “өөрөө удирдах ёсны” байгууллагууд нь тэдний төлөө зүтгэнэ, тэд “өөрөө удирдах ёсны” байгууллагууддаа захирагдах болно. Үр дүнд нь Монгол улсын шүүх Монголын ард түмэн, Монгол Улс, Монголын төр, Монголын улс төрийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй.

Шүүхийн “өөрөө удирдах ёсны” хэмээх байгууллагууд нь бүгд сонгуулийн замаар байгуулагдах учир Монгол Улсын шүүгчдийн нийгэмлэг нь бүхэлдээ улстөрийн нийгэмлэг болж хувирна. Монгол улсын иргэд дотроо улс төрийн нам, эвсэл болон эрх мэдлийн төлөө тэмцэлдээд байгаа шиг тэд мөн улс төрийн нам, эвсэл болон эрх мэдлийн төлөө тэмцэлдэх болно. Мэдээж хамгийн хүчирхэг нам Элбэгдоржийн нам байх болно. Монгол улсын иргэд Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, Монголчуудын хөгжил цэцэглэлт, хангалуун амьдралын төлөө зүтгэнэ гэдэг шиг тэд мөн л шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн чинээлэг хангалуун амьдралын төлөө зүтгэх болно. Тиймээс бүх шүүгчид шүүгчдийн хангалуун амьдралын төлөө зүтгэж, бүх шүүх тэдний төлөө шүүх болно. Тиймээс Монгол Улсын хувьд шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлын тухай мөрөөдөх хэрэггүй. Тиймээс Төсөл шүүгчдийг Монголын ард түмнээс, Монгол улсаас, Монголын төрийн эрх мэдлүүдийн хяналтаас бүрэн гаргах төдийгүй шүүх, шүүгчдийг бие даасан тал болгоно. Нэгэнт тэд Монгол үлсын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх учир тэд Монголын ард түмнийг, Монгол Улсыг, Монголын улстөрчдийг өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс сүрдүүлэн дарамталж тонох (extortion) дэглэм болно. Энэ Төсөл ч өөрөө тийм үйл ажиллагаа. 

Хуулийн төсөл шүүгчийн хараат бус байдлыг бий болгож шүүх хууль ёсны тэгш шүүлт хийх боломжийг бүүрдүүлэх бус харин бүх шүүгчдийг шүүхийн дээдсийн хараат болгоно.

Одоо Төслийн байгуулж байгаа албад нь дэвшүүлсэн зорилгодоо үйлчлэх эсэхийг харья. ШЕЗ, ШСХ ба МХ нь шударга шүүгчдийг бүрдүүлэх явдал мэт. Мэдээж энэ бол Монгол улсын, Монголын ард түмний хүсэж байгаа зорилт. Гэвч ШЕЗ, ШСХ ба МХ энэ зорилгод хэзээ ч үйлчлэхгүй, үүнийг хэзээ ч биелүүлэхгүй. Аливаа нийгэмлэг өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлэвэл юуны түрүүнд өөрийнхөө төлөө зүтгэх, өөртэйгөө адилыг л үйлдвэрлэх. Ялангуяа нөхөн үйлдвэрлэгчид нь тухайн нийгэмлэгээс сонгогдсон этгээдүүд байвал энэ дүрэм улам бүр үнэн байх болно. Аливаа нийгэмлэг хэн нэгнийг сонгохдоо тавьдаг тэргүүн шалгуур нь тухайн этгээд өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах уу, үгүй юу гэдэг асуудал. Тиймээс сонгууль үргэлж сонгогчдын эрх ашгийн төлөө зүтгэх, үйлчлэх этгээдийг гаргах үйл явц. Улмаар тэр сонгогдсон этгээдүүд нь хэзээ ч тэр нийгэмлэгээ орхих боломжгүй бол, нийгэмлэгийн хувь заяа тэдний хувь заяа гэсэн үг. Тиймээс сонгогдсон этгээдүүд өөрсдийнхөө төлөө нийгэмлэгтээ зүтгэнэ. Мэдээж урваж болох. Сонгогдсон этгээдүүдэд нийгэмлэгээ орхих боломж нээгдвэл урвах боломж нээгдэх. Тийм боломж байхгүй бол урвах боломж байхгүй. Дээрээс нь сонгогчид нь Монголын шүүгчид шиг өндөр зохион байгуулалттай 600-гаад хүн төдийгүй, огцруулах, эгүүлэн татах эрхтэй УДШ-ШЗ байгууллагатай бол урвах боломж хомс. Тиймээс энэ албад шүүгчдийн төлөө, түүний дотор шүүгчдийн байнгын олонх болох УДШ ба түүний дагуулуудын төлөө үнэнчээр зүтгэх болно. Тиймээс эдгээр алба Монгол Улсын шүүхийг одоо байгаа бүрэлдэхүүнд нь үнэнч байх этгээдүүдээр бүрдүүлэх болно.

Төсөл шүүгчийн хараат бус байдлыг бий болгож шүүх хууль ёсны тэгш шүүлт хийх боломжийг бүрдүүлэх бус харин бүх шүүгчдийг шүүхийн дээдсийн хараат болгоно. УДШ-ШЗ-ШЕЗ нь бүх шүүгчдийг “атгасан”, дайчилсан хүчирхэг байгууламж болно. ШЗ-ийн “эрх барих олонх” УДШ байх болно. УДШ зохион байгуулалттай, хүчирхэг, нэр, нөлөөтэй бүлэг. Шүүгчдийн дунд тэдэнтэй өрсөлдөх өөр ямар ч нам-бүлэглэл байхгүй. ШЗ-д сонгогдон ирэх бусад шүүгчид нь доороос, энд тэндээс, хөдөө орон нутгаас ирнэ. Тиймээс УДШ нь ШЕЗ, ШСХ, болон МХ-г байгуулах, хянах болно. ШЕЗ, МХ-оор дамжуулан шүүгчдийг томилох, чөлөөлөх эрх мэдлийг тэд гартаа авах бол, ШСХ нь тэрсүү үзэлтэй шүүгчдийг сахилгажуулах тэдний зэвсэг байх болно. Үндсэндээ УДШ Монгол Улсын шүүх эрх мэдлийг “эзлэн” авч байгаа хэрэг. Ингэснээр УДШ хяналтын шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлэхийн дээр бүх шүүгчдийг томилох, чөлөөлөх, огцруулах, сахилгажуулах эрх мэдлийг бүрэн гартаа авна. Мэдээж авилгын үндсэн эх сурвалж энд байх болно. Энэ байгууллага эдүгээ Монголын шүүхийг хянаж байгаа шүүгчид тэдний бүлэглэлийн зэвсэг болно. Энэ байгууллагын тусламжтайгаар тэр бүлэглэл Монгол улсын шүүх, шүүгчдийг захиран засаглах төдийгүй Монголын шүүхэд өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэж бүрэн дүүрэн эзлэх болно. Энэ байгууллага тэдний эрх ашиг сонирхлын эсрэг дуугарсан бүх шүүгчдийн амыг хамхих, төдийгүй эгнээнээсээ шахан гаргах ч болно. Монгол Улсын шүүх уг бүлэглэлийн эрх мэдэл болж хувирна. МХ нь энэ байгууллагын үнэнч гар хөл, бууны нохой байх болно. ШСХ нь хэзээ ч шүүгчдийг авилга, эрх мэдлээ урвуулан ашиглалтаас цэвэрлэх байгууллага байхгүй. Мэдээж ШСХ сахилгажуулах байгууллага байх болно. Харин энэ байгууллага Монголын ард түмний, Монгол Улсын, Монголын төрийн төлөө шүүгчдийг сахилгажуулах бус харин шүүгчдийн эрх ашгийн төлөө, ШЕЗ-ийг хянаж байгаа бүлэглэлийн төлөө, шүүгчдийг ч, Монгол улсыг ч сахилгажуулах алба байх болно. Тиймээс шүүхийн авилга арилгаж, чигч шударга шүүх хэзээ ч байгуулагдахгүй. Монгол Улсын дээр улс, Монголын төрийн дээр төр байгуулагдаж Монгол Улс, Монголын төр үндсэн эрх мэдлээ түүнд алдах болно.   

 

Зүйтэй шийдэл

 

Монгол Улс улс, Монголын төр төр хэвээр үлдэе гэвэл энэ Төслийг таслан зогсоох ёстой. Монгол улс, Монголын төр хууль ёсны тэгш шүүлттэй шүүхтэй больё гэвэл мэдээжийн, шалгарсан, шилдэг шийдэл шүүгчийг томилох, огцруулах эрх мэдлийг салгаж, хариуцлагын тогтолцоо бий болгох явдал. Монгол улсын Ерөнхийлөгч шүүгчийг томилох ёстой. Ерөнхийлөгч уг эрх мэдлийг хэнтэй ч хуваалцах ёсгүй. Мөн энэ эрх мэдэлд хэн ч хөндлөнгөөс, түүний дотор ард түмний сонгоогүй, тиймээс ард түмний өмнө хариуцлага хүлээхгүй харин шүүгчдийн сонгосон, тиймээс шүүгчдийн өмнө хариуцлага хүлээх ШЕЗ оролцож Ерөнхийлөгчийн сонголтыг хязгаарлах, түүгээр тайлбар тавиулах, тайлагнуулах, түүний шийдвэрийг хянах, түүнд тушаах ёсгүй. Ерөнхийлөгч хэн нэгэнд тайлагнах ёстой бол тэр нь түүний сонгогчид. Хэн хэнийг итгэж сонгоно тэр түүнээс хариуцлага нэхнэ. Хэн хэнээс сонгогдоно, тэр түүний өмнө тайлагнана. Энэ бол ардчилсан зарчим. Ерөнхийлөгчийн сонголтыг хэн нэгэн шүүх ёстой бол түүнтэй ижил Монголын ард түмнээс сонгогдсон байгууллага байх ёстой. Тэр байгууллага нь УИХ. Гэвч УИХ энэ асуудалд огт оролцох ёсгүй. Энэ бол эрх мэдлийг салгах зарчим. УИХ шүүгчийн томилгоонд оролцвол шүүгч УИХ-ын гар хөл болно, шүүх УИХ-ын хуульчид болно. УИХ томилсон шүүгчдээ хамгаалах болно. Энэ нь шүүхийг бие даалгах үзэл санааг устгана. 

Харин шүүгч байж болох этгээдийг хайж олоход тус болох зорилгоор Монголын Хуульчдын Холбоо боломжит хуульчдыг Америкийн Хуульчдын Холбоо (American Bar Association) шиг “онц бэлтгэгдсэн”, “сайн бэлтгэгдсэн”, “дунд бэлтгэгдсэн” гэх мэтээр эрэмбэлсэн жагсаалт гаргаад тэндээс Ерөнхийлөгч сонгож томилж болно. Хуульчдаас шалгалт энэ тэр авах ёстой МХ гэдэг шиг байгууллага байх ёстой бол тэр нь хуульчдын байгууллага байх ёстой. Түүнд шүүгчдийн бүрэлдэхүүн давамгайлан, тэр ч байтугай УДШ, давж заалдах шатны шүүхийн шүүгчид нь давамгайлж оролцох ёсгүй. Ганц нэг шүүгчийг туршлагынх нь үүднээс урьж оролцуулах эсэх нь хуульчдын асуудал. Шүүгчид өөрсдөө өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэх ёсгүй. Шүүх төрийн эрх мэдэл. Шүүгч төрийн албан тушаал. Мэргэжил ч биш, мэргэшил ч биш. Хэн шүүгч байхыг нэг бол ард түмэн, эсвэл ард түмний сонгосон этгээд мэдэх ёстой. Энэ ардчилсан төрийн зарчим.

Шүүгчийг огцруулах эрхийг зөвхөн УИХ хэрэгжүүлэх ёстой. Тиймээс УИХ шүүгчийн томилгоонд огт оролцох ёсгүй. Ерөнхийлөгч үл зохих этгээдийг шүүгчээр томилбол УИХ тэр даруй огцруулж болно. Шүүгчийг чөлөөлөх, огцруулах эрх мэдлийг Ерөнхийлөгч ямар ч хэлбэрээр хэрэгжүүлэх ёсгүй. Шүүгч чөлөөлөгдөхийг хүсвэл, өөрөө зарлаад, өргөдөл бичиг шаардлагатай бол түүнийгээ УИХ-д өгч болно. Шаардлагатай гэж үзвэл УИХ өөртөө ШСХ  шиг байгууллагатай байж болно. Шаардлагатай гэж үзвэл УИХ тэр хороондоо 2-оос дээшгүй эрх зүйчийг оруулж болно. Шаардлагатай гэвэл ШСХ хоёр хүртэл шүүгчийг тухай бүрд нь томилж, холбогдох хэрэгт шинжилгээ, үнэлгээ хийлгэж, санал бодлыг нь авч болно. Монгол улсын шүүх шүүгчдийн “өмч,” мэдлийн ажил хэрэг, бизнес биш. Монгол улсын шүүх Монголын төрийн эрх мэдэл, Монгол улсын эрх мэдэл. Шүүгчийг огцруулах эрх мэдэл төрийн эрх мэдэл. Тиймээс шүүгчдийг огцруулах эрх мэдлийг нэг бол Монголын ард түмэн (хэрвээ шүүгчийг сонгосон бол), үгүй бол Монголын ард түмний сонгож байгуулсан этгээд л хэрэгжүүлэх ёстой. Энэ нь шүүхийн алба дотроо сахилгын болон ёс зүйн хариуцлага тооцох механизмгүй байх ёстой гэсэн үг биш. Аливаа төрийн албанд төрийн албаны нийтлэг ёс зүйн хэв хэмжээ мөрдөгдөх ёстой. Иргэд дараа дараагийн шатны шүүх, УИХ-ын гишүүд, УИХ-д гомдлоо гаргах эрх нээлттэй байх ёстой.

Шүүгчийг захирах захирагдах ёсны харилцаанд оруулах, шүүгчдийг төвлөрөн захирах байгууллага байх ёсгүй. Шүүхийг засаг захиргааны нэгжээс салгаж, дүүргийн тогтолцоо бий болгох хэрэгтэй. Дүүргүүдийг тойрог болгож тойргийн давж заалдах шатны шүүх, улмаар УДШ буюу хяналтын шүүх байх ёстой. Давж заалдах болон хяналтын шатны шүүх зөвхөн шүүхийн шийдвэрийг л хянах ёстой. Шүүгчид шүүгчдээ захирах ёсгүй. Үүнтэй холбоотойгоор ШЕЗ гэгч байгууллага нь шүүхийн захиргааны алба бөгөөд нь АНУ-ын Шүүхийн захиргааны алба шиг албаны хуулбар мөн бол энэ алба зөвхөн захиргаа-үйлчилгээ, техникийн, нарийн бичгийн, туслахын алба байх ёстой. Энэ албанд нэг ч шүүгч ажиллах ёсгүй. Энэ албаны хэнийг ч хэн ч сонгуулиар сонгох ёсгүй. Энэ алба шүүгчийг олох, шилэх, томилох үйл ажиллагаанд огтхон ч оролцох ёсгүй. Энэ алба шүүгчийн “эрх ашгийг нь хамгаалах” байгууллага байх ёсгүй. Төрийн албанд төрийн албаны тусгай эрх ашиг гэж байх ёсгүй. Төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч ямар ч этгээдэд төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгчийн (тусгай) тусгай эрх ашиг гэж байх ёсгүй. Төр гэдэг үзэл санаанд, ардчилал гэдэг үзэл санаанд харш юм. Мөн “шүүхийг бие даан ажиллах нөхцөл” гэдгийг шүүхийн бие даасан байдал гэж ойлгож байгаа бол тийм зүйл байх ёсгүй, энэ алба тийм үүрэг огт хүлээх ёсгүй. Тиймээс ШЕЗ гэж бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл оролцсон, шүүгчдээс сонгогддог байгууллага байх ёсгүй. Энэ албыг бий болгохын тулд Ерөнхийлөгч ч, УИХ ч, ХЗ сайд ч хэн нэгнийг сонгон шалгаруулж томилох ёсгүй. Төрийн захиргаа-үйлчилгээний алба, түүний түшмэл-ажилтнуудыг сонгодоггүй юм. Зөвхөн төрийн эрх барьж шийдвэр гаргагчдын сонгодог бөгөөд хэрвээ уг төр ардчилсан бол сонгох этгээд нь ард түмэн л байх ёстой. Мөн ШЗ гэж байгууллага байх ёсгүй. Тийм байгууллага байгуулж болохгүй. Үндсэн хуульд ч байхгүй. Төрийн аливаа эрх мэдлийн эх сурвалж нь төрийн эзэн. Хэрвээ уг улс ардчилсан бус бол төрийнх нь эзэн нь хаан. Түүнээс эрх мэдэл ургаж байх ёстой. Хэрвээ уг улс ардчилсан бол төрийнх нь эзэн нь ард түмэн. Түүнээс төрийн эрх мэдэл ургаж байх ёстой. Тиймээс Монгол Улсын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийг шүүгчид өөрсдийн дотроос өөрсдөө сонгон байгуулсан байгууллага байгуулах ч ёсгүй, удирах ч ёсгүй. Үүнийг зөвхөн Монголын нийт сонгогчид, эсвэл тэдний сонгож, эрх мэдлийг олгосон байгууллагууд хэрэгжүүлэх ёстой. Шүүхийн захиргаа-үйлчилгээний алба нь цэвэр захиргаа-үйлчилгээний туслах алба байх ёстой. УИХ-ын тамгын газар УИХ-ыг удирддаггүй, захирдаггүй, УИХ-ын тамгын газрын ажилтнуудыг сонгодоггүй, УИХ-ын тамгын газрын дарга УИХ-ыг захирч удирддаггүй. Төрийн дотор төрийн байгууллагын эрх ашгийг хамгаалах байгууллага гэж байдаггүй, байх ёсгүй. Тиймээс Үндсэн хуулийн 49.5 дугаар заалтыг халах ёстой.

Ер нь ажил үүргээ хариуцлагатай сайн биелүүлж л байгаа бол шүүгч үргэлжлүүлэн ажиллах ёстой. Гэхдээ шүүхэд авилгал газар авсан, эрх баригчдад ч, шүүхэд ч итгэх ард түмний итгэл эвдэрсэн өнөөгийн нөхцөлд аль ч шатны шүүгчдийг хугацаагүй томилох нь зүйгүй, зохисгүй, оновчгүй. Энэ нь авилгыг зөвтгөж, оршин байгаа авилгажсан бүрэлдэхүүн, авилгажсан тогтолцоог шагнаж, авилгыг хууль болгосонтой адил зүйл. Тиймээс шүүгчдийг тодорхой хугацаагаар томилох хэрэгтэй. Гэхдээ томилгоот хугацаанд шүүгч ажил үүргээ сайн биелүүлээгүй, эрх мэдлээ урвуулан ашигласан нөхцөлд УИХ түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах ёстой.

Анхан, болон давж заалдах шатны шүүхэд сонгуулийн системийг ч нэвтрүүлэхийн хамт, аливаа анх тавигдаж байгаа шүүгчид туршилт сорилтын хугацаа байх ёстой. Сонгууль, туршилтын хугацаа ажил үүргээ хууль ёсны дагуу хариуцлагатай сайн биелүүлж байгаа хэн бүхний хувьд урамшуулах, итгэл даалгах үйл явц. Үнэндээ шүүхийг дорвитой шинэчилж, төрд, шүүхэд ард түмний итгэх итгэлийг бий болгох хүсэл зориг бий бол дор хаяж анхан шатны шүүхийн шүүгчдийг ард түмнээр сонгуулдаг болох хэрэгтэй. Шүүгч заавал хуульч байх албагүй ч, хуульчийн эрх авсан этгээд шүүгчид нэр дэвших нь зүйтэй. Шүүгчдийг улстөрчид томилж байгаа нөхцөлд шүүгчид улстөрөөс ангид бус, улстөрчид авилгад автсан нөхцөлд шүүгчид авилгаас ангид бус. Нөгөө талаар нэг сонгогдсон улс төрч 409 шүүгчийг нэг гарын үсгээр халж, 397 нөгөө гарын үсгээр томилж болж байхад ард түмэн яагаад сонгож болохгүй гэж. Ард сонговол шүүхэд ард түмний нөлөө тусна. Хэзээ ч нэг эрх мэдэлтний шүүх Элбэгдоржийн шүүх-хонгил шиг улс орныг торлохгүй. Шүүх шүүхийн тогтолцоо бүхэлдээ авилгын тогтолцоо болохгүй.

Төдий хэрээр эрх баригчдын өмнө бөхөлздөг бус хууль, шударга ёсны талд зогсож чадах шударга шүүгчид бий болно. Ард түмэн шүүгчийг сонгох нь шүүгчийн ард түмний өмнө шууд хариуцлага хүлээхэд хүргэх төдийгүй, ард түмний шүүхэд итгэх итгэл нэмэгдүүлнэ. Мөн эрх баригчдыг шийдвэртэй шүүж чадах шүүгчдийг ч төрүүлнэ. Ерөнхийлөгчийн томилж, парламентын огцруулдаг шүүгчид оршин байгаа тогтолцоо, эрх барих байгууламжийн талд үйлчилдэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Эрх барих байгууламжийн эрх ашиг тэр бүр ард түмний эрх ашигтай нийцдэггүйг ч хэн бүхэн мэдэх. “Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал” нэрийн дор хэлэцэгдэж буй Монгол Улсын шүүхийн тухай хууль Төслийн мөн чанарын зарим гол утга учрыг танд хэлэв. Яах ёстойг ч сануулав. Хэрхэн шийдэх нь УИХ-ын гишүүн таных.

Доктор Л.МӨНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)