Л.Оюун-Эрдэнэ л юм байна

Оюу толгойн асуудлаар “Рио Тинто”-тай хэлэлцээр хийх ажлыг гардаж буй Л.Оюун-Эрдэнэ рүү хийж буй дайралт сүүлийн өдрүүдэд идэвхижлээ. Уг нь "Оюу толгой" төслийн асуудал бол улстөржиж огт болохгүй, ямар ч нам, бүлэглэлийн эрх ашгаас хамаагүй дээр, зөвхөн Монголын төлөө байх ёстой. Тэр утгаараа улсын эрх ашгийг дээш нь тавьсан л бол Л.Оюун-Эрдэнэ байтугай ямар ч чөтгөрийг ч дэмжих учиртай юм.

Ер нь "Оюу толгой" төсөл бол монголчуудын хувьд маш нууцлаг байлаа. Бид энэ төслийн зардал, худалдан авалтыг огт мэдэхгүй өнөөдрийг хүртэл бүтэн арав гаруй жил явж ирсэн. Ямар ч байсан “Оюу толгой" төслийн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны Дубайн гэрээ маш муу, Монголд ашиггүй” гэж ярьсаар л байсан. Гэхдээ юу ч хийж чадаагүй.

Тодорхой яривал, энэ хооронд Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”-тай Оюу толгойн өгөөжийн талаар ямар ч хэлэлцээр хийж байгаагүй. Тэгвэл сүүлийн нэг жилд юу юу болж өнгөрсөн бэ. Монгол Улс ФАТФ, Европын холбооны хар, саарал жагсаалтад багтчихсан амаргүй үе шүү дээ. Үнэнийг хэлэхэд, энэ мэттэй холбоотойгоор Монголын талаарх мэдээлэл олон улсад сайнгүй байсан. Ийм цаг үед “Рио Тинто”, хэмээх том тоглогчтой “хэлэлцэх” амархан биш.

 

Харин Л.Оюун-Эрдэнэ Оюу толгойн төслийн хэлэлцээрийн ажлын хэсгийг ахалсан жил гаруйн хугацаанд монголчууд бид юу алдаж байснаа мэдэж авсан. Бас Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто”-тай хэлэлцээрийн ширээний ард суугаад эхэлсэн. “Дубайн гэрээг цуцлах шаардлагатай” гэдгийг тэдний нүд рүү харж байгаад хэлчихсэн. “Туркойз хилл ресурс”-ын хувьцаа эзэмшигчидтэй хамтарсан тоглолт хийсэн.

 

 

 

Үр дүн гарсан. “Рио Тинто”-гийн захирал солигдсон. Энэ бас л манайд хэрэгтэй “өөрчлөлт” болсон. Арбитр дээр манай Засгийн газар топ таван хуулийн фирмийн нэгтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, арбитрын шүүх дээр “Рио Тинто”-тай адилхан зэрэглэлтэйгээр маргаан хийж чадаж байна. Үүнээс гадна “Оюу толгой” компанийн ТУЗ-д шинэ “салхи”, дуу хоолой оруулж, Чикагогийн Их сургуулийн Бүүт Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, Болгар дахь Америкийн Их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй, АНУ-ын Нью-Йорк хотод “Номура Секюритийз Интэрнэшнл” компанийн Хөрөнгө оруулалтын банкинд дэд ерөнхийлөгч, мөн “Жэй Пи Морган Секюритийз”, “Саусгоби Сэндс,” “Саусгоби Ресурс” зэрэг компаниудад ажиллаж байсан Э.Баясгалан, Нью-Йоркийн Стернийн Бизнесийн сургууль, Хонконгийн ШУТИС-ийн олон улсын санхүүгийн магистр, Монгол Улсын ШУТИС-ийн уул уурхайн инженерийн бакалавр зэрэгтэй, Канадын хойд хэсэгт байрлах цайрын гүний уурхайд техникийн туслах, маршейдэр, Монголдоо алтны уурхай, зэсийн порфир, вольфрам, бал чулуу, алтны хайгуулын чиглэлээр ажиллаж, коксжих нүүрсний уурхайн бүтээн байгуулалт болон уул уурхайн хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх компанид техникийн болон ахлах удирдлагын албан тушаалд ажиллаж байсан туршлагатай З.Ган-Очир нарыг оруулж ирсэн, Энэ үйл явцыг нийтлэлч Б.Болор-Эрдэнийн “Гудамжинд гарч ах нартай үзээд 60-аад оныхныг түрж, 80-аад оны анхны сайд болсон. ЗГХЭГ-т шинэ орон тоо үүсгэж, манай улсын топ хуульчийн нэгийг багтаа татаад “Рио Тинто”-тай тулж байна. Суманд жижүүр хийж байсан гэж ичгүүрлээд байгаа.

Л.Оюун-Эрдэнээс өөр том хүрээнд хөдөлж байгаа улстөрч одоо Монголд алга л даа” гэж маш товчоор тодорхойлсон. Угаасаа энэ бүхэн бодитой л болж өнгөрсөн үнэн. Үнэнийг яалт ч үгүй. Тэгээд ч Я.Оюун-Эрдэнэ хэн бэ гэдгээ 2016 оноос хойш нэлээн сайн харуулчихсан. Олон халуун сэдвийг “нугалсан” улстөрч гэдгийг бид мэднэ. Тэгэхээр олон түүх ярих хэрэггүй гэсэн үг. Ер нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг шазруун, айхавтар зуудаг нөхөр. Хууль зүйн сайд Х.Нямбаатар түүний талаар “Манай хүн өөрөөсөө хоёр дээд ангийн нэг хүүхдэд хусуулчихлаа. Тэгээд яасан гээч. Гэртээ гүйж очиж хувцсаа сольж ирээд, гэрийнх нь гадаа бүтэн 24 цаг хүлээж байгаа юм. Гартаа тоосго барьчихсан. Нөгөөх гарч ирдэггүй. Тийм л шазруун нөхөр шүү дээ. Ийм хүнийг гэгээн гэх үү, ямар гэх үү. Одоо ч гэсэн янз бүрийн тэмцэл дунд энэ чанар нь харагддаг л юм” гэж хэвлэлд ярьсан нь үнэний ортой дог. Дээрээс нь тэр ингэж тоглох суурьтай гэдгийг судлаач Д.Ганхуяг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны нэг нийтлэлдээ тодорхойлсон байдаг юм. Тэрээр “Алсын бодлогыг зөвхөн системийн онол, системийн арга зүйгээр л хийж болно. Энэн дээрээ тулаад ирэхээр манай улстөрчид дэндүү өрөвдмөөр. 

 

 

 

Системийн хямрал боллоо гээд аль 1998 оноос тасралтгүй үглээд байхад 2018-2019 онд дөнгөж “ойлгож” байгааг манай төр засгийн удирдагчдын мэдлэг боловсролын арчаагүй байдлаар л тайлбарлаж болно. Манай улстөрчид системийн онол байтугай нэг жилээс цааш харж чаддаггүй. Оюуны багтаамж нь цаанаасаа тийм юм. Одоо байгаа улстөрчдийн дунд системийн онол мэддэг цорын ганц хүн нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг би баталгаатай хэлж чадна.

Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050"-ийг хийж УИХ-аар батлуулсан. Гэтэл түүнийг “400 сая жуулчнаас” болж бүгдээрээ хараав. Хэн ч юуг үндэслэн ийм тоо гаргасан, бусад салбартай хэр уялдсан, өөр ямар ямар салбарыг хөгжүүлэх гэж байгаа зэрэг амин чухал асуудлуудыг огт асуусангүй. Учир нь тэд “Алсын хараа-50”-ыг огт уншаагүй. Энд би “Алсын хараа”-ны сайн, муу сайхан муухайг огт яриагүй. Харин аль ч улс оронд ийм хэтийн бодлогын баримт бичиг нэн хэрэгтэй гэдгийг л хэлж байна. Гэтэл энэ боловсролтой залуугаа тагнаж чагнаж, үүнийг хэллээ гэж улс төрийн дарамт шахалт үзүүлж, шахаж хавчих нь үнэхээр утгагүй бөгөөд явцгүй. Зоригтой, боловсролтой цөөхөн залуусаа ингэж ад үзэж хавчаад байвал эрх баригчдын “намаа шинэчлэнэ” гэсэн лоозонгоор бөгсөө арчиж болно” гэсэн. Тийм л дээ, одоогийн улстөрчдийн дунд системийн онол мэддэг, бас том хөдөлж байгаа ганц хүн нь Л.Оюун-Эрдэнэ л болоод байна.

 

Ж.САМДАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)