Хүүхдийн төлөө санг сэргээх асуудлаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
- 2021-01-21
- Эдийн засаг
- 0
Монгол Улсын нийт хүн амын 36.8 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд тэдний 35.0 хувь нь өсвөр насны хүүхдүүд. Тэдэнд чиглэсэн хөгжлийн үйлчилгээ, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин хангалтгүй байгаа нь тэднийг гэмт хэрэг зөрчил үйлдэх, гэмт хэрэгт холбогдох, гэрч хохирогч болох, цахим донтолт, цахим орчинд хүчирхийлэлд өртөх шалтгааны нэг болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 02 дугаар тогтоол, 2019 оны 01 дүгээр тогтоолоор “Хүүхдийн төлөө санг сэргээх асуудлаар хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт танилцуулах”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд нарт үүрэг болгосон.
Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах талаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах Хүүхдийн эрхийн тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр дэмжигдлээ.
Тус хууль батлагдсанаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэх юм гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)